| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2018/02160/И |
| Дугаар | 101/ШШ2018/02056 |
| Огноо | 2018-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2018/02056
| 2018 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2018/02056 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т холбогдох
1,335,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ү.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2015.12.05 ны өдөр иргэн Г.Т БЗД 26 хороо Энканто таун 307 байр 17 тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн PUREPRO ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар гэрээ бичгээр байгуулсан ба урьчилгаанд 400 000 төгрөг төлсөн үлдэгдэл 4 000 000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон. Улмаар 2015.12.05-ны өдрөөс эхлэн 2017.03.01 ны өдөр хүртэлхи хугацаанд cap бүр 266 000 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 1 335 800 төрөг төлөгдөөгүй байна. Мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна. Бидний тохирсон гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар алдинги төлөхөөр зохицуулсан тул алдангид 250 000 төгрөг нэхэмжилж байна. Иймээс нийт 1585800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь өөртөө болон ээжийндээ 2 төхөөрөмж тавьсан. Төлбөрөө төлсөөр байгаад 1 335 800 төгрөг үлдсэн тул, алданги 250 000 төгрөг, нийт 1 585 800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нийт 2 664 200 төгрөг төлсөн тул алдангийг 1 335 800 төгрөгнөөс 2016.11 сараас эхлэн бодсон. Өдөрт 660 төгрөг, 450 хоног, 297 000 төгрөг боловч багасгаж нэхсэн. Гэхдээ одоо алданги 250 000 төгрөгнөөс татгалзаж байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 1,585,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 250,000 төгрөгнөөс татгалзаж, үндсэн төлбөр 1,335,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Шүүх хариуцагчид 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Мөн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар мэдэгдсэн. Гэвч хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. Гэрээний агуулгыг судлан үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзэхээр байна.
Гэрээгээр 4,400,000 төгрөгний үнэ бүхий ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг худалдаж, худалдан авахаар тохиролцсон байна. Мөн гэрээний төлбөрийг урьдчилгаанд 400,000 төгрөг, үлдэх 4,000,000 төгрөгийг сард бүр 266,600 төгрөгөөр 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 2,664,200 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл үүнээс илүү төлбөр төлсөн талаар тайлбар гаргаагүй тул хариуцагчийн төлсөн төлбөрийг 2,664,200 төгрөг гэж үзлээ. Үүнээс тооцвол худалдах худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь 1,335,800 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Т-с 1,335,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,322.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,322.80 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД