Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2021/00117

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 18 өдөр 136/ШШ2021/00117 Д аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, 9 дүгээр баг, Мын 11 дүгээр гудамж, 06 тоотод оршин суух, Х б овогт Цын У /РД:З777777777/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, 3 дугаар багт оршин суух, Х овогт Мийн Б /РД:Б888888888/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Бтой 2003 онд танилцаж, 2004 оны 03 сарын 26 -нд албан ёсоор гэр бүл болж, 8 жил хамт амьдарч 2 хүүтэй болсон. Том хүү 2004 онд төрсөн, бага хүү 2006 онд төрсөн. М.Б нь хамт амьдарч байхдаа ааш зан нь хувирч, 3-4 удаа миний биед гар хүрч зодож, хүнд болон хөнгөвтөр гэмтэл учруулж байсан. Мөн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, 2012 онд гэр бүлээ орхин хаяж явсан. Миний бие одоог хүртэл М.Бтой ямар ч харилцаа холбоо байхгүй, 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж ирсэн. Бидний гэрлэлт цуцлуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хөдөө мал маллаж, байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй, эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ,

Нэхэмжлэгч, хариуцагч нар өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь Д аймагт оршин суудаг, хариуцагч нь хөдөө мал малладаг ба энэ бүс нутагт Хөл хорио тогтоогдсон шийдвэр гарсан зэрэг нөхцөл байдал бий болсон байх тул зохигчид өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эзгүйд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч М.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.У, хариуцагч М.Б нар нь 2003 онд танилцаж, 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Д /17 настай/, 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.З /15 настай/ нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2012 оноос эхлэн тус тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй, нөхцөл байдалгүй болсон гэж тайлбарлажээ.

Мөн нэхэмжлэгч Ц.У нь гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа: Миний биед М.Б гар хүрч хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулж байсан гэжээ.

Мөн гэрлэгчид нь 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь хамтран амьдаргчтай болсон гэжээ.

 

Иймд дээрх нөхцөл шалтгаанд дүгнэлт хийн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй ба 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Д /17 настай/, 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.З /15 настай/ нар нь одоогоор эхийн асрамжид байгаа ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар тэднийг эхийн асрамжид хэвээр үлдээж энэ тухай дурдах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч М.Быг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Боос улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Х б овогт Цын У /РД:З777777777/, Х овогт Мийн Б /РД:Б888888888/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Д /17 настай/, 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.З /15 настай/ нар нь эх Ц.Угийн асрамжид байгаа болохыг дурдсугай.

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 26.6 дахь хэсэгт зааснаар Ц.У нь М.Быг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Золбоод даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.Боос 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ