Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

Э.Билгүүн, Б.Мөнхбат нарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Г.Давааренчин

                                  Шүүгчид                                       Ц.Амаржаргал                                  

                                                                                       Д.Буянжаргал

                            Оролцогчид

                            Прокурор                                     Т.Нансалмаа

                            Хохирогчийн өмгөөлөгч              М.Гансүх

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн г овогт Баттогтохын Мөнхбат, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн нарт холбогдох эрүүгийн 1831002400039 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 6, аав ээж ах дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Баянхаан 2 дугаар хэсэг 079 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Харчинг овогт Баттогтохын Мөнхбат /РД: МЮ02282613/

Монгол Улсын иргэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 12-р ангийн сурагч, ам бүл 3, ээж ах нарын хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг 3 дугаар хэсэг 009  тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн /РД:МЮ02241713/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайхантай Писи тоглоомын асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Билгүүн нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Орхонсайханыг өөрийн найз Б.Мөнхбатыг “боолоо” гэх шалтгаанаар эрүүн тус газар нь гараараа цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Анхан шатны шүүх Э.Билгүүн, Б.Мөнхбат нарт холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харчинг овогт Баттогтохын Мөнхбат, Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүн нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Харчинг овогт Баттогтохын Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүнээс 572.073 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3 дугаар хэсэг 167 тоотод оршин суух Боржигон овогт Ганхуягийн Орхонсайханд /МЮ97042113/ олгож, 6.860.805 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэсайханы Билгүүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Э.Билгүүнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 06 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Билгүүн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

7. Ялтан Э.Билгүүн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Ялтан Э.Билгүүнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй..гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 02-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Б.Мөнхбат, Э.Билгүүн нар нь 2019 оны 10 сарын 17-ны орой 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Г.Орхонсайхантай маргалдан улмаар Б.Мөнхбат нь Г.Орхонсайханы нүүрэн тус газар цохиж зүүн дээд зовхины няцарсан шарх, хоншоор ясны зүүн хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Э.Билгүүн нь Г.Орхонсайханы эрүүн тус газар нь цохиж, өшиглөж эрүүний баруун доод булангийн зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 03 сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 132 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Орхонсайханы шүүх хуралдааны шатанд Продент шүдний эмнэлэгт үзүүлж оношилгоо хийлгэсэн эмчилгээний төлбөрийг мэдээллийг нотлох баримт болгон ирүүлсэн ба шүдэнд сувгийн эмчилгээ хийх, имплант шүд суулгах, шүдний гажиг заслын эмчилгээ хийх нийт 6.440.000 төгрөгийн баримт ирүүлсэн, хохирогчид учирсан эдгээр шүдний эмчилгээ, шүд солих, гажиг заслын эмчилгээнүүд нь эрүү болон хоншоор ясны хугарлын улмаас эмчлэгдэж байгаа эсэх, уг гэмт үйлдлийн улмаас шүд хугарч гэмтсэн эсэхийг нарийвчлан шинжээч томилж тогтоолгох нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Сэлэнгэ аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 04 сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд гаргасан 24 дугаартай магадлалаар шүүхийн шатанд шинжээч томилох замаар шүүгчийн захирамжид дурьдсан шинжилгээг хийлгүүлэх боломжтой гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасан.

Гэтэл анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлээгүй, улмаар 2020 оны 06 сарын 02-ны өдөр хэргийг дахин хянан хэлэлцэж, хохирогч Г.Орхонсайханы нэхэмжилсэн шүдний гажиг заслын аппарат зүүх, имплант 2 шүд хийх, шүдний сувгийн эмчилгээ хийх нийт 6.440.000 төгрөг нь түүний гэмтэлгүй холбоогүй, шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтэл, эмчилгээний талаар дурьдаагүй хэмээн шууд зааж, бусад хоол хүнсний зардал зэрэг 420.805 төгрөг, нийт 6.860.805 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гэм хорын зардлыг нэхэмжлэх эрхийг бүдүүлгээр хязгаарласан тул давж заалдах шатны үүнийг анхааран үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, эсвэл хохирогчийн зүгээс дээрх нэхэмжлэлийг цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх замаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүх дээр хэрэг шилжин ирсний дараа буюу шүүхийн шатанд гаргаж өгөөд байгаа баримт нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан баримт юм. Нэмэлтээр гаргасан хугацаанд энэ баримтаа өгөөд нэмэлтээр гаргасан дүгнэлтэд тусгуулах боломжтой. Цаг хугацааны хувьд шүдтэй холбоотой баримтад хохирогчийн нэр биш өөр хүний нэр бичигдсэн бөгөөд анхан шатны шүүх энэ нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Билгүүн, Б.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д засан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Мөнхбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Билгүүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Э.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э.Билгүүн, Б.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн 1931003930022 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №132 дугаартай Хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №24 дугаартай магадлалаар ...шаардлагатай тохиолдолд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг хянан шийдвэрлэх боломжтой... гэсэн дүгнэлт хийж  дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцаажээ.

Хохирогч  Г.Орхонсайхан нь шүүхийн шатанд “Продент” шүдний эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны “Эмчилгээний төлбөрийн мэдээлэл”  гэсэн баримтыг хавтаст хэрэгт хавсаргаж 6.440.000 төгрөг шинээр нэхэмжилсэн бөгөөд тухайн үед түүний нэрийг Ганхуяг Оргилсайхан гэж буруу бичсэн болох нь уг баримтанд авагдсан МЮ97042113 гэсэн хохирогчийн регистрийн дугаараар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн

1-д “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана.”

2-д “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана...” гэж,

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн

19.1.Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.

19.2.Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно...гэж,

мөн хуулийн  20 дугаар зүйлийн  20.1.”Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ.”

20 дугаар зүйлийн  20.2. “Дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно...” гэж нэмэлт болон дахин шинжилгээ хийх хуулийн үндэслэлүүдийг  тодорхой заажээ.

Хохирогчийн шүүхэд гаргасан “Продент” шүдний эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны “Эмчилгээний төлбөрийн мэдээлэл”  нь түүний эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой  болох нь тухайн баримтанд бичигдсэн регистрийн дугаараар тогтоогдож байх тул анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгээр ямар шинжилгээ хийлгэх шаардлагатай болохыг тогтоож нэмэлт шинжилгээ хийлгэх тохиолдолд талуудын хүсэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно....,

“....1.2.шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн;... гэж зааснаар, давтан шинжилгээ хийлгэх тохиолдолд мөн хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д ...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана... гэж заасны дагуу  шийдвэрлэх боломжтой.  

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1,1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Э.Билгүүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                                 Г.ДАВААРЕНЧИН

 

                              ШҮҮГЧИД                                 Ц.АМАРЖАРГАЛ

 

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ