Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 356

 

Ж.О, Я.П нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Батхуяг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр, Б.Мөнхзаяа, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар магадлалтай, Ж.О, Я.П нарт 1706014830319 дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Я.П, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монголмууд овогт Я-ын П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,  

2.Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Яргай овогт Ж-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.П-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.П-д 2 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О-т 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Я.П-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Си Ди Жи Хүч” ЗГБХ нөхөрлөлийг иргэний хариуцагчаар татсан заалтыг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, “Б” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан 540 дүгээр захирамжийг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.П-ыг 5 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

9 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Я.П-аас 18,435,006 төгрөг, иргэний хариуцагч “Б-” ХХК-иас 18,435,006 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Г-т олгосугай” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Я.П гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Миний хувьд хийсэн хэргээ эхнээсээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байхад давж заалдах шатны шүүх хорих ялыг 5 жил болгон хүндрүүлсэн нь үндэслэлгүй байна. Эхнэр маань бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Анх удаа санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд иргэний хариуцагч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.П- гэмт хэрэг үйлдэхдээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” бааранд барменаар ажиллаж байсан бөгөөд тус баарыг “Б-” ХХК хариуцан ажиллуулж Я.П-тай хөлсөөр ажиллах гэрээ хийгджээ хэмээн дүгнэж, “Б-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан иргэний хариуцагч “Б-” ХХК-иас 18,435,006 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Г-т олгохоор өөрчлөлт оруулсан. Гэтэл “Б-” ХХК нь уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж үзээгүй байхад нь “Ц” уушийн газрыг түрээсэлсэн, үйл ажиллагааг уг хуулийн этгээдийн ашгийн төлөө явуулдаг байсан гэж дүгнэсэн нь буруу байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний хариуцагч “Б-” ХХК-иас 18,435,006 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Г-т олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.П-ыг 5 жил хорих ял шийтгэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогчид хохирол төлөөгүй, хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн хор уршиг арилаагүй зэрэгт дүгнэлт хийлгүй Я.П-д тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хэт хөнгөдсөн тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж оногдуулах нь зүйтэй гэж” дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэснийг, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүх ялыг хүндрүүлэх эрхтэй боловч зөвхөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ёстой. Анхан шатны шүүхээс ялыг оногдуулахдаа шүүгдэгч Я.П-ын хувийн байдал буюу эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус буруутай үйлдэл болон хохирлыг богино хугацаанд төлөх боломжгүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, ялыг эдэлж дууссаны дараагаар хохирол төлбөрийг төлөх боломжит хугацаа зэргийг харгалзан ял оногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Я.П- нь гэмт хэрэг гарах үед өөрийн ажил үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд хохирогч Ч.Г нь насанд хүрээгүй гэрч Б.М-ын “...Би цэнхэр куртиктэй, жижигхэн цүнх үүрчихсэн байсан залууг хүзүүнээс нь татаад өвдгөөрөө 2 удаа өвдөглөөд, доош нь суулгасан чинь тэр залуу босч ирээд над руу дайрсан. Намайг цохих гэж байхад нь хажуу талаас бармен Пүрэвжав орж ирээд цааш нь түлхээд хөл тавьсан чинь сууж байсан ширээнийхээ наад талд толгойгоороо шалан дээр урагшаагаа унасан ...” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Д нь Ж.О-ын “... Ч.Д нь бааран дотор 00-ын хажуу талын ширээн дээр тамхи татаад байсан. Би “энд тамхи татаж болдоггүй” гэхэд Ч.Д миний цамцны захаас татаж, доош нь дараад хоёроос гурван удаа өвдгөөрөө цохисон ...” гэх мэдүүлгээр Тамхины хяналтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, улмаар Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. Өөрөөр хэлбэл Я.П-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бусад нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, 40.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шүүгдэгч Я.П-ыг 5 жил хорих ял шийтгэхээр өөрчилснийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн тайлбарласан байхад давж заалдах  шатны шүүх үйл баримтын шалтгаант холбоог буруу тогтоож, нотлох баримтуудыг дутуу үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглээгүй, харин мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заагдсан бүрэн эрхийн хүрээнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн. Шүүх шүүгдэгч Я.П-д Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заагдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хэргийг санаатайгаар үйлдээгүй, нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа зэргийг харгалзан хуульд заасан эрхийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх болсон үйл явдалд бодит үнэлэлт дүгнэлт өгөлгүй хохирогчийн өмгөөлөгчийн “...ялтан хохирол төлөөгүй нь түүнд оногдуулах ялыг нэмэх үндэслэл болно..” гэсэн утга бүхий гомдлыг хүлээн авсан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шийтгэх тогтоолыг өөрчилсөн нь буруу байна. Я.П-д өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул түүнийг санаатайгаар бусдад учруулсан хохирлыг төлөхгүй байгаа гэх хохирогчийн гомдол үгүйсгэгдэж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг хэрэглэхдээ нотлох баримтыг ноцтойгоор дутуу үнэлсэн нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн байна. “Б-” ХХК-ийг уг гэмт хэрэг гарсан “Ц” уушийн газрыг түрээсэлсэн, баарны үйл ажиллагааг компанийн ашгийн төлөө явуулдаг байсан гэж дүгнэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл “Б-” ХХК нь уг уушийн газарт үйл ажиллагааг явуулж байгаагүй, түрээслүүлэгч нь Батхуяг гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан баримт хэрэгт байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийг зөрчин, компанийг иргэний хариуцагчаар тооцсон нь үндэслэлгүй байна. Хэрвээ “Б-” ХХК-ийг давж заалдах шатны шүүх уг үйлдэлд гэм буруутай гэж үзсэн бол түүнд гэм буруугүй болохоо хамгаалах, өмгөөлөх эрхээр хангаж өгөөгүй байна. “Цагаан шөнө” уушийн газрыг ажиллуулах эрх бүхий этгээд болох “С.Д.Ж” ЗНН нь энэ тухай нотолсон байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийн оролцогч биш этгээдэд эмчилгээний зардлыг хариуцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хүндрүүлсэн, мөн “Б-” ХХК-иас хохирлыг гаргуулах байсан гэсэн асуудал ярьж байна. Анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт ялыг хуульд заасан хэмжээнээс хамгийн доод хэмжээгээр оногдуулсан үндэслэлийг тодорхойлохдоо “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэж дүгнэн хамгийн доод хэмжээний ял оногдуулсан” гэж тодорхойлсон. Харин давж заалдах шатны шүүх хохирол төлөөгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг давж заалдах шатны шүүх хангаагүй гэж байгаатай санал нэг байна. Анхан шатны шүүх хорих ялын доод хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх ялын хэмжээг нэмэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдсан боловч хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдэж байгаад дүгнэлт хийгээгүй. “Б-” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хохирол төлбөр гаргуулж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тул энэ талаар гаргасан өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дугаар талд авагдсан хөдөлмөрийн гэрээний ард ажилд орох анкет байсныг давж заалдах шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд Я.П-д оногдуулсан ялыг хүндрүүлсэн асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэний хариуцагч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Я.П, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Г.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.О, Я.П нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.О нь 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан шөнө” нэртэй уушийн газар хохирогч Ч.Д-тай маргалдан улмаар түүний хамар руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл хохирол учруулсан,

шүүгдэгч Я.П нь мөн уушийн газар ажиллаж байхдаа хохирогч Г.Г-той маргалдан улмаар түүний түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд гэмтэл хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.О, Я.П нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Я.П-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Ж.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт  хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Я.П-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээтэй дүйцүүлэн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлэх эрхтэй боловч энэхүү эрхээ Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд нийцүүлэн хэрэгжүүлнэ.

Гэтэл шүүгдэгч Я.П-ын хорих ялыг хуульд заагдаагүй нөхцөл байдлыг үндэслэн хүндрүүлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч Я.П-, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа, Г.Батбаяр нарын гомдлыг хангаж, магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

Харин давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ганзоригт учирсан хохирлыг шүүгдэгч Я.П-ыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан “Б-” ХХК болон шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.О, Я.П нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шүүгдэгч Ж.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуульд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон байна.   

Иймд иргэний хариуцагч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын гаргасан “давж заалдах шатны шүүхийн иргэний хариуцагчаас хохирол гаргуулсан заалтыг хүчингүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 533 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Ж.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ж.О-т оногдуулсан 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Я.П-т оногдуулсан хорих ялыг хүндрүүлсэн заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН