| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0128/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/253 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/253
2025 01 22 2025/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч М.Сумъяа,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, **** овогт Б-дын Эод холбогдох эрүүгийн 2406 04578 3413 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** зочид буудалд ажилладаг гэх, ам бүл 1, **** дүүргийн ** дүгээр хороо, ***** дүгээр гудамжны **** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч **** дүүргийн ** дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягтай,
Урьд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7, 91.2.11-т зааснаар 21 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 22 жилийн хугацаагаар тогтоож,
***** овогт Б-дын Э /регистрийн дугаар: ***********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ****** зочид буудлын урд талд хохирогч Б.Уг зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, уруул, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406 04578 3413 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8452 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 43-45-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Сумъяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Б.Э нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *****урд талд хохирогч Б.Уг зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, уруул, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хохирогч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 04 цаг 30 минутын орчим Э-ийн гэрээс гараад “*****” зочид буудал руу орох замд байдаг СU дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд нь явж байхад цагаан өнгийн машинтай хүмүүс “Тэрэлж явах уу” гээд араас орилоод байхаар нь би тэд нарт хандаж “Тэрэлж явдаггүй юм аа” гэж хэлчхээд юу ч бодолгүй урагшаа хараад явж байхад тэр машинтай хүмүүс араас гүйцэж ирээд машин дотроос үл таних махлаг биетэй хар өнгийн фудволктой, хар өнгийн жийнсэн өмдтэй 1 эрэгтэй,... намайг гичий, янхан минь чамайг хэн тоож авч явах юм гээд шууд гараа атгаж байгаад миний зүүн шанаа, толгойны зүүн хэсэгт гараа атгаж байгаад 7 удаа цохисон... Тэр үед хажууд байсан манай найз О бид нарыг салгах гэж дундуур орж ирэхэд намайг зодож байсан залуу О-ийн толгой хэсэгт гараараа цохиод байсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан ба нэг мэдсэн түргэний машин дотор ухаан орсон...” гэх мэдүүлэг,
Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэд нар бид хоёрын араас хөөе гэж дуудсан. Тэр үед У бид хоёр эргээд харсан чинь хамт “Тэрэлж” явах уу гэж асуухаар нь манай найз У хүсэхгүй байна гэж хэлсэн чинь тэд нар явъя л даа гэж хэлсэн ба хариуд нь У та нартай явдаг нь бид хоёр биш гэж хэлчхээд урагшаа хараад явж байсан чинь араас өө муу хоёр гичий, янхан гэх зэргээр хараагаад үлдсэн. Тэр үед бид хоёр эргэж харалгүй шууд явсан. Тэгээд явж байхад “*****” зочид буудлын гадна хаалганы үүдэнд танил эгч болох Ц-эй таараад хамт цааш төв зам руу явж байхад нөгөө цагаан машинтай хүмүүс ард ирчихсэн 35-40 насны хар өнгийн подволктой согтуу эрэгтэй хүн бууж ирээд шилэн стакан шиг бөөрөнхий шил барьчихсан гичий минь чи юу гэнээ гээд найз У руу орилоод байхаар нь би тэр хүнд хандаж “ахаа та яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд тоохгүй манай найз Уг хараагаад байсан ба би цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд цагдаагаа дууд надад хамаагүй, цагдаа нар чинь надад үйлчлэхгүй би зөндөө газар сууж байсан гээд орилоод байсан... Тэгээд эрэгтэй нь манай найзыг бүр гараа атгаж байгаад толгой, нүүр хэсэгт нь маш олон удаа цохисон. Бас миний хоёр шанаа руу гараа атгаж байгаал 4-5 удаа цохисон. Тэгээд хамаг юм дууссаны дараа машин дотроос нэг залуу гарч ирээд найз бид хоёрыг зодсон залууг боль гээд салгаад аваад явсан. Тэд нарыг явсны дараа би цагдаа болон түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 8452 дугаартай “Ц.Угийн биед уруулд шарх, цус хуралт, уруул, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
Б.Э нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***** зочид буудлын урд талд хохирогч Б.Уг зодож, эрүүл мэндэд нь уруулд шарх, цус хуралт, уруул, зүүн завжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ц.У-г “хамт явахгүй гэлээ” гэх зүйлээр шалтаглан түүний биед халдан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Б.Эыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Тодруулбал, шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Ц.У өөрт учирсан гэмтэл, хохиролтой холбоотой баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хавтаст хэрэгт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Ц.У энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд Б.Эоос нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Мөн улсын яллагчаас хохирогч Д.Угийн Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 246,300 төгрөгийг тус санд олгуулахаар гаргасан нэхэмжлэл бүхий баримтыг хавтаст хэргийн 46 дугаар хуудаст бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон эрүүгийн хариуцлагын талаар “... торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Б.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б-дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эод оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.У энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд Б.Эоос нэхэмжлэх, мөн Эрүүл мэндийн даатгалын сан нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Эоос нэхэмжлэх эрхэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР