| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/0438/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/589 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Ганбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/589
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000079 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шигтгээ” авто угаалгын газарт насанд хүрээгүй хохирогч ***ыг архи уусангүй хэмээн уурлан түүний айфоне-8 плас загварын гар утсыг шидэж, 335.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүү хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шитгээ нэртэй авто угаалгад манай ангийн найз *** ажилдаг учраас уулзах гээд 17 цагийн үед очсон, тэгээд 20 цагийн орчимд Ууганзаяа бас ирсэн тэгээд бид нар юм яриад сууж байх үед найз гаднаас танихгүй 170 см нуруутай, хар өнгийн куртиктэй, ногоон өнгийн өмдтэй, бор өнгийн гуталтай залуу ганцаараа Тайга нэртэй архи барьж орж ирээд ганцаараа уугаад байсан. Тэгээд өөрийгөө өмнө нь энэ угаалгад өмнө ажиллаж байсан гээд байсан. Тэгээд архи уулгах гэхээр нь уухгүй гэсэн тэгтэл гарч яваад Эдэн нэртэй архи, дарс хоёр авч орж ирээд дарснаас уу гээд Ууганзаяа бид хоёр руу уурлаад дарснаас уулгасан. Тэгээд цэрэгт байсан гээд юм яриад агсраад байсан, тэгээд өөрийнхөө айфоне-8 плас маркийн гар утсыг авто угаалгын дотор байсан буйдан дээрээс аваад өгөөч гэхэд шууд л гар утсыг минь аваад ямар нэгэн шалтгаангүй хана руу аваад савсан, би утсаа автал дэлгэц хагараад доод хэсгээрээ дэлгэц нь бүлтрээд гараад ирсэн байсан. Тэгээд уг угаалгаас гараад араар нь тойроод явах гэж байхад тэр согтуу залуу араас гарч ирээд миний үснээс татаад чирээд би газар унасан, тэгээд хүн ирээд салгасан. Тэгээд би зугтаагаад ханын материалын 64 дүгээр байрны гадна байхад араас ирээд намайг бас цохих гээд байсан, би утсаар гэрийнхээ дуудсан, тэгээд тэр залуу зугтаасан, тэгээд манай гэрийнхэн ирээд тэр залууг хайж байгаад ханы материалын эцсийн автобусны буудлын ойролцоо дэлгүүр дотор байхыг нь харсан ба уг дэлгүүрийн гадна очиход тэр танихгүй залуу намайг хараад шууд шалтгаангүй миний нүүр рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод би газар унасан, намайг унасан байх үед миний нүүр рүү буюу баруун хацар хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, тэгээд үснээс унасан байхад чирсэн тэгээд цагдаа ирсэн намайг дахиж нэмж цохиж зодоогүй. Гар утсаа хувь хүнээс 350.000 төгрөгөөр авч байсан уг үнээрээ үнэлнэ. ...би сэтгэцэд учирсан хохирол тогтоолгож нэхэмжлэхгүй ...надад гар утасны үнэлгээ болон үнэлгээ хийлгэсэн хөлсөнд 355.000 төгрөг, толгойн зураг авхуулсан 139.000 шилжүүлсэн 1.000 төгрөг шилжүүлснийг нэхэмжлэхгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 10, 12/,
Насанд хүрээгүй гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найз ***ын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шигтгээ” нэртэй авто угаалгад ажилладаг найз Б.***тэй уулзаад байж байхад 2025 оны 01 дүгээр сарын 01-ний 21 цагийн үед гаднаас 170 орчим өндөртэй туранхайвтар биетэй хар өнгийн куртиктэй, юүдэнтэй цамцтай, хар ногоон өнгийн өмдтэй залуу ганцаараа орж ирээд бид нартай юм ярихгүй ганцаараа Тайга нэртэй архи аяганд хийгээд бид нар уухгүй гэсэн чинь гарч яваад дарс, Эдэн нэртэй архи авч ирээд *** бид хоёрыг уу гэхээр нь уухгүй гэхэд тэр танихгүй залуу *** руу уух гэж байсан архи цацсан, тэгээд гэнэт босож ирээд агсам тавиад цэрэгт байсан талаараа яриад байсан, тэгээд би авто угаалгын жижиг амралтын өрөөнөөс гарахад ***ын айфоне-8 плас маркийн гар утсыг хагалчихлаа гэж хэлсэн ба утасны дэлгэц нь хагараад доод хэсгээрээ дэлгэж саваад нь цүлхийгээд хагарсан байсан. Манай найз *** уурлаад уг авто угаалгаас гараад явах гэхэд араас дагаж гарч ирээд манай найз ***ыг үсдээд араас нь үснээс нь татаад чирсэн, тэгээд нэг танихгүй хүн ирээд салгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний орой манай том эгчийн охин болох *** залгаад энд нэг согтуу хүн намайг зодоод байна гэж дуудахаар нь би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэс дээр яваад очсон. Тэгтэл манай дүү намайг зодсон эрэгтэй хүн зугтаагаад яваад өгсөн гэхээр нь би нөхрийн хамтаар хайсан. Тэгээд ханын материалын нэг дэлгүүр дотор явж байхад нь үл таних хөр өнгийн куртик өмссөн 19-20 орчим насны буржгар үстэй эрэгтэй хүүхэд байсан ба манай дүү энэ намайг зодсон хүн мөн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,
Яллагдагчаар ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа, уг тогтоол, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...би юу болсноо сайн санахгүй байна, ямар ч байсан хүний гар утас аваад саваад хагалснаа санаж байна би архи ер нь уудаггүй бусдын гар утсыг эвдсэн болон согтуу байх үедээ бусдад гар хүрсэн асуудал гаргасандаа маш их харамсаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 60/,
Гэмт хэргийн таларх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 31-32/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35, 37-41/ зэрэг болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шигтгээ” авто угаалгын газарт насанд хүрээгүй хохирогч ***ыг архи уусангүй хэмээн уурлан түүний айфоне-8 плас загварын гар утсыг шидэж, 335.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгө устгах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хохирогч ***ын гар утсыг шидэн, устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирогч учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР