| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/261 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/261
2025 01 22 2025/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,
улсын яллагч З.Өлзийхүү,
хэлмэрч Ч.Дэлгэр,
шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Ч.Эрдэмболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ***** овогт О-ийн Эд холбогдох эрүүгийн 2306 03861 2360 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *** дүүргийн ** дугаар хороо, ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух,
Урьд, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 545 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 11 хоногийн баривчлах ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 10 сарын хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 жилийн хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 599 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
***** овогт О-ийн Э /регистрийн дугаар:******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн **** дугаар хороо *** тоот хашаанд байх хохирогч С.Дгийн байшингийн вакум цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, дотуур хувцас, камер зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Эийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306 03861 2360 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/,
Иргэн С.Дгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол /хх-ийн 33 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22 хуудас/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-67 хуудас/,
Хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ц-мын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 150 хуудас/,
Гэрч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 81 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №БЗД2-23-1392 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-37 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №БЗД2-23-1641 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-41 хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45, 59 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-49 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 55-57 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2306 03861 2360 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч З.Өлзийхүү шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч О.Э нь 2023 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн **** дугаар хороо ***** тоот хашаанд байх хохирогч С.Дгийн байшингийн вакум цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, дотуур хувцас, камер зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” дүгнэлтийг,
Шүүгдэгч О.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Шүүгдэгч О.Эийн өмгөөлөгч Ч.Эрдэмболор шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байрь суурьнаас оролцож байгаа...” гэж тус тус гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч О.Э нь 2023 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн **** дугаар хороо ***** тоот хашаанд байх хохирогч С.Дгийн байшингийн вакум цонхны түгжээг эвдэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
С.Дгийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 02:00 цагийн орчим Завхан аймгаас Улаанбаатар хотод ирээд хашааны хаалгаа онгойлгоод тэгэж байж байсан чинь хайрцаг дуугарах шиг болсон. Тэгээд би нохойгоо тоглож байна гэж бодоод хашааны хаалгаа хаахад эхнэр машинтайгаа орж ирсэн. Тэгээд өгсөөд явж байсан чинь 2 цонх онгорхой хулгайч орсон байна гээд очоод харахад цонхны харалдаа 1 том хайрцагтай юм байсан. Хайрцаг нээж үзэхэд камер байсан. Тэгээд цагдаа дуудаад бүрэлдэхүүн ирсэн. Тэгээд хороо хариуцсан цагдаа хамт ирээд үзээд явж байтал улаан малгай байсан. Цагдаа энэ малгайны эзэнг асуухад урд талын хэлгүйгийнх байх чи ороод асуучих гэж хороон цагдаад хэлсэн. Тэгээд тэр малгайг аваад охиноос нь асуухад нэг хүний нэр хэлээд малгайг нь таньж байсан ба ахын малгай байна гэж хэлсэн. Тэгээд бүрэлдэхүүн үзлэг хийгээд эхнэр хайрцагтай байсан камер тоолоход дутаагүй байсан. Гэр дотор байсан 2 камер, гадаа байсан 2 камер унагаад эвдээд тасдчихсан байсан. Тэгээд ажилгаагүй болсон байсан. Тэгээд нөгөөдөр нь хүүхэд хөдөөнөөс ирээд гадаа урд талд байсан камерын хардыг аваад үзэхэд урд айлын өндөр хэлгүй нөхөр буюу гэрийн эзэн нь камерт бичигдсэн байсан. Мөн хулгай орсон өдрийн маргааш нь тэр хэлгүй нөхөр хамт амьдардаг халзан нөхрийг чигчий хуруугаараа муу гэж заагаад байсан. Нөгөөдөр нь камерын бичлэг дээр тэр халзан хамт амьдардаг нөхөр нь бичигдээгүй байсан. Мөн бурханы өрөөний авдарын цоожыг хөшиж онгойлгоод бүгдийг нь ухсан байсан. Гэхдээ эндээс алга болсон зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Я.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Д нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан. Ийм учир би нөхөр Дг төлөөлөн мэдүүлэг өгч байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д-гийн “...Э гэдэг хүний малгай... Тухайн үед хаана юу хийж байсан талаар мэдэхгүй. Тэр өдөр гэрт ирээгүй. Нэг ч уулзаагүй байж байгаад Хан-Уулын цагдаа дээр баригдсан байхад нь нэг уулзсан. Хараад таньж байна. Энэ бичлэг дээр байгаа хүн Э мөн байна. Хорих 461-р ангид хоригдож байгаа. 461-р ангид хоригдож байна өмд авчраад өг гэж мессеж надруу бичсэн байсан...” гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
О.Эийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 18-ны орой би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Д-ийн гэрийн ойролцоо байх байшинд хулгай хийх гэж орох үедээ камер цонх эвдлээд цагдаа нар ирэхээр нь би зугтаачихсан. Тухайн үед ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй. Камер бусад зүйл эвдэлсэн. Би тухайн үед нэлээн согтолттой байсан зарим зүйлийн талаар санахгүй байна... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч О.Э нь хохирогч С.Дгийн гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хохирогчоор С.Д дахин мэдүүлэг өгөхдөө “...100 ширхэг эмэгтэй хүний дотуур хувцас алдагдсан...” гэж мэдүүлэг өгсөн байх боловч тухайн цаг хугацаанд хохирогч С.Дгийн эд хөрөнгийг О.Э хулгайлж авсан нь нотлогдохгүй байна.
Тодруулбал, хэрэг учрал болсон гэх 2023 оны 07 дугаар 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн хохирогч С.Д нь Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** тоот гэртээ ирэх үед О.Эийн үйлдэл таслан зогсоогдож, тэрээр ямар нэгэн эд зүйл, хөрөнгө аваагүй болох нь, хохирогчийн “...2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шөнө 02:00 цагийн орчим Завхан аймгаас Улаанбаатар хотод ирээд хашааны хаалгаа онгойлгоод байж байсан чинь хайрцаг дуугарах шиг болсон. Тэгээд би нохойгоо тоглож байна гэж бодоод... Тэгээд өгсөөд явж байсан чинь 2 цонх онгорхой... очоод харахад цонхны харалдаа 1 том хайрцагтай юм байсан. Хайрцаг нээж үзэхэд камер байсан. Тэгээд цагдаа дуудаад бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг, мөн О.Эийн хохирогчийн гэрт нэвтэрсэн үйлдлийг бэхжүүлсэн камерын бичлэгт үзлэг хийж “... 00 минут 20 секунд сэжигтэй этгээд нь цонхыг түлхэж онгойлгоод дотогш цонхоор орж байгаа дүрс бичигдсэн байна... 02 минут 22 секундэд тус сэжигтэй этгээд явж өнгөрөх бөгөөд биеийн тал хэсэг нь бичигдсэн байна...” гэснийг бэхжүүлсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч О.Э нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авахыг завджээ.
Иймд шүүгдэгч О.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийг улмаас хохирогч С.Дгийн эзэмшлийн камер, цонхны түгжээ, сандал, шат зэрэг эвдэрч гэмтэн нийт 518,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч С.Д нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нас барсан, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Ц хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч О.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч З.Өлзийхүү эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүх шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах..” тухай дүгнэлтийг.
Шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар “... хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.Э нь ганц бие, 44 настай, хорих ял эдэлж байгаа зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 19 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Эийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт О-гийн Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Эийг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.Эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн О.Эийн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 11 сар 19 хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийн цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг малгайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР