| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2022/00679/И |
| Дугаар | 101/ШШ2022/01864 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2022/01864
2022 04 21 101/ШШ2022/01864
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургууль” ТБАГУТҮГ-т холбогдох,
500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2018 оны 12 дугаар сарын 21-ний үед тус сургуулийн дундын сургалтын менежер Ш.О нь Өвөр Монголын Зүүн үзэмчин сургуулиас сургалтад ашиглахаар самбар, проекторуудыг авчрах гээд явах гэтэл санхүүгээс зардлыг одоохондоо гаргах боломжгүй байгаа учир боломжтой хүмүүсээс зээлээд яв гэж захирал хэллээ,туслах боломж байна уу гэхээр нь өөрийнхөө хувийн данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн.
Гэтэл орой нь бичиг баримт бүрдүүлэх юм байна, портер машинтай хүн хэрэгтэй байна гэсэн. Тэгэхэд нь би мөнгө өгсөн учир хариуцах болчихож байгаа юм байх гэж бодоод манай нөхрийн амралттай хугацаанд таарч байвал хамт явж болох байх гээд утасны дугаарыг өгсөн боловч цаг хугацаа нь таарахгүй юм байна гээд яваагүй юм.
Ингээд менежер Ш.О нь бага ангийн багш н.Т, н.М нарын хамт явцгаасан бөгөөд хилээр машиныг нь гаргаагүй гээд том оврын машинаар самбар ачиж ирсэн гэж байсан.
Тухайн үед захирал Д.Э байсан, тэгэхэд тэрээр нягтлан н.О-тэй ярьчихлаа, тээврийн зардалд 500,000 төгрөгийг хувиасаа шилжүүлчих, дараа нь сургуулиас гаргаж өгнө гэхээр нь өөрийнхөө ХААН банкны 0 данснаас нарийн бичгийн хажууд тэр жолоочийн данс руу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мобайлаар мөнгийг шилжүүлсэн.
Захирал Д.Э сонгон шалгаруулалтад материалаа бүрдүүлж чадаагүй гээд дараагийн захирал Б.А томилогдоод сургууль дээр шинээр захирал томилогдсонтой холбоотой маргаантай үед нь энэ асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байсан.
Миний бие өөрийнхөө данснаас гаргасан мөнгөө авах боломж байгааг удаа дараа асууж лавласан боловч одоог хүртэл авч чадаагүй, тэр самбар, проекторыг сургууль ашиглаж байгаа мөртлөө тээврийн зардлын төлбөрийг сургуульд хамаагүй гэсэн утгатай хариултыг захирал, нягтлан өгч байгааг зөвшөөрөхгүй.
Сүүлд Ш.О-тай уулзаж, мөнгөө асуухад тэрээр тээврийн бичиг баримт буруу, дутуу бүрдүүлсэн гээд аудитын төлбөрийг төлсөн, чиний 500,000 төгрөгийг өлж чадахгүй, сургуулиас ав, санхүүгээс чамд гаргаж өгнө гэж хэлсэн. Ш.О нь тухайн үед захирал, нягтлан нар ярилцсан, дараа нь мөнгийг чинь өгнө гэж надад хэлсэн тул би сайхан сэтгэлийнхээ үүднээс тусалж, тэр жолоочид тээврийн зардал 500,000 төгрөгийг шилжүүлсэн юм.
Өмнөх захирал Д.Э энэ асуудлыг мэдэж байсан учир түүнд хүсэлт гаргаж байгаагүй, харин захирал Б.А-т хэлэхэд “буруу бичиг баримт бүрдүүлсэн нь та нарын асуудал, сургуульд хамааралгүй” гэсэн.
Тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг Г.Н миний бие өөрийнхөө 0 данснаас захирал, менежерийн гуйлтаар гаргасан болохоос өөрөө сайн дураар тэр хүнд шилжүүлээгүй юм.
Иймд хариуцагч 00 дугаар сургуулиас 500,000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэв.
Хариуцагч 00 дугаар сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О нь татгалзлын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Өвөр монголын өөртөө засах орны Зүүн үзэмчин хошууны Монгол бага сургуулийн захиргаанаас манай сургуульд хандиваар 13 ухаалаг самбар өгөхөөр болж менежер Ш.О-ыг яваад аваад ир гэж захирал хэлсэн.
Төрийн байгууллагын данс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хаагддаг тул 21-ний өдөр гүйлгээ гаргаж, орлогын 10 хувийн татвар хасаад 2,070,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд бэлэн бусаар буюу Ш.О-ны гэрээ байгуулсан жолооч Э.Б-ын данс руу шилжүүлсэн.
Ш.О-ыг Хятад руу явахаас өмнө мөнгийг жолооч Э.Б-ын дансанд шилжүүлсэн, эдгээр нь тээвэр, шатахуун, гаалийн татварын төлбөр гэсэн. Тэгээд Ш.О яаралтай явах ёстой гэж хэлээд н.М багшийн машинаар н.Т багштай хамт явцгаасан.
Хамт явсан н.М багш нь Хэнтий аймгийнх тул тэд Хэнтий хүртэл түүний машинаар яваад түүнээс цааш хилээр явган гарсан, тэднийг Өвөр монголчууд тосоод ямар ч зардалгүй авахгүйгээр самбарыг хил гаргасан. Ингээд удалгүй тэд хүрч ирсэн.
Тухайн үед нь санхүүгийн баримт үйлдэж, зардлын мөнгийг шилжүүлэн авсан мөртлөө дахиад зардлын мөнгө шаардлагатай болсон гэх боловч санхүүгийн ямар ч баримтгүй байсан. Тээвэрлэлтийн зардлын мөнгө дутсан нь менежер Ш.О-ны өөрийнх нь буруу тооцоолол, хувь хүнтэй холбоотой асуудал болохоос сургуулийн зүгээс холбогдох зардлыг төсвийн дагуу олгосон.
Тэд 13 ширхэг биш, 3 проектор, 5 самбар авчирсан, түүнийг байгууллага орлогодоо бүртгээд 2019 оны балансад тусгасан. Эдгээр самбар нь ашиглалтын шаардлага хангахгүйгээс сургуульд хэрэглэгдэхгүй байж байна.
Ш.О өөрөө 2,000,000 төгрөгийг буруу зарцуулснаас болоод тээврийн зардалд дутсан 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Н багшаас авсан байх тул уг мөнгийг нь сургууль биш, харин менежер Ш.О түүнд төлөх ёстой гэж үзэж байна.
Зардал гаргах талаар захирлын тушаал, санхүүгийн акт, баримт байсан бол сургууль төлж болох байсан. Тухайн цаг хугацаанд Б.А захирал манай сургуульд томилогдсонтой холбоотойгоор Д.Э захирлыг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2019.01.17-ны өдөр гарсан тул тэрээр ажилдаа ирдэггүй байсан. Энэ асуудал нь захирал солигдох зааг үед болсон зүйл байна.
Ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримтгүй мөнгийг би өөрөө дур мэдэн гаргаж өгч чадахгүй, санхүүгийн баримтгүй зардлыг сургууль төлөх боломжгүйгээс гадна сургуулийн санхүү, тооцооны асуудалд сургалтын менежер оролцох ёсгүй. Бэлэн мөнгө хүссэн өргөдлийг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн нягтлан бодогч, захирал хоёр цохолт хийж зөвшөөрснөөр гүйлгээ хийгдэх ёстой.
Нэхэмжлэгч Г.Н өөрөө Б.А захиралд энэ асуудлынхаа талаар хүсэлт гаргаад, санхүүгийн баримт үйлдсэн бол тухайн сарын өр авлагад тооцоод тэр онд нь багтааж түүнд төлөх ёстой байсан, гэтэл ийм зүйл огт болоогүй.
Дээрх самбарын тээвэрлэлтийн зардалд 2,007,000 төгрөг шилжүүлсэн менежер Ш.О-ны бүрдүүлсэн санхүүгийн баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасан анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайлбанд тусгахыг хориглоно гэх заалтыг зөрчсөн гээд Нийслэл дэх төрийн аудитын газраас акт тавьсан. Актаар ӨМӨЗО-ны Үзэмчин хошуунаас ухаалаг самбар тээвэрлэхэд шатахууны зардалгүй, тээврийн хэрэгслийн улсын дугаар тодорхойгүй, гаалийн татвар төлсөн баримтгүй гэж үзсэн.
Иймд Г.Н-ийн бусдад шилжүүлсэн 500,000 төгрөгийг сургууль хариуцахгүй учир түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Н-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, “ХААН банк” ХХК-ийн 0 тоот дансны 2019.01.14-ний өдрийн хуулга /хх-ийн 2-4/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулийн захиралын 2018.12.21-ний өдрийн А/78 дугаар “Зардал гаргах тухай” тушаалын хуулбар, 2018.12.21-ний өдрийн №00290 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2018.12.21-ний өдрийн ачаа тээвэрлэлтийн гэрээний хуулбар, Э.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэл дэх төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актын хуулбар, ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас ухаалаг самбар тээвэрлэх ажлын зардлын төсвийн хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, өр барагдуулах хуваарь, тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022.03.28-ны өдрийн Б/29 дугаар захирамж болон хавсралтын хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургуулиас О.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 14-20, 40-47, 52-54/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс ХААН банк ХХК-иас 0 тоот дансны эзэмшигчтэй холбоотой баримт, уг дансны 2019.01.14-ний өдөр 0 тоот данснаас ямар утгаар 500,000 төгрөгийг шилжүүлсэнтэй холбоотой баримтыг /хх-ийн 48-49/ тус тус бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургууль” ТБАГУТҮГ-т холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн үеийн захирал, менежер, нягтлан бодогч нарын хүсэлтээр тээврийн зардалд 500,000 төгрөгийг шилжүүлсэн тул өөрийн хөрөнгийг буцаан шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч нь 500,000 төгрөгийн тээврийн зардлыг сургуулийн өмнөөс шилжүүлэх шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагчаас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших”-тэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр шаардсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүргийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Үүнээс үзэхэд зохигч талуудын хооронд ямар нэг үүрэг үүссэн эсэх, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан эсэхийг шалгахаар байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч 00 дугаар сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаартай “Зардал гаргах тухай” тушаалаар хамтын ажиллагаатай Өвөр Монголын Өөртөө Засах орны Зүүн үзэмчин хошууны Монгол бага сургуулийн захиргаанаас “Ухаалаг самбар”-ын дэмжлэг үзүүлж байгаатай холбогдуулан тээврийн зардалд зарцуулах 2,230,000 төгрөгийг ажил үйлчилгээний бусдаар гүйцэтгүүлэх зардлаас зарцуулахыг нягтлан бодогч О.О-т зөвшөөрч, зардалтай холбоотой санхүүгийн баримтыг холбогдох журмын дагуу бүрдүүлэхийг нягтлан бодогч, эд хөрөнгө хариуцагч нярав нарт үүрэг болгожээ./хх-ийн 15/
Энэхүү ажлын төсвийг жолоочийн хөлс 1,080,000 төгрөг, түлшний үнэ 750,000 төгрөг, гаалийн татвар 400,000 төгрөг, нийт 2,230,000 төгрөг байх тооцоог сургалтын менежер Ш.О гаргаж, уг төсвийг захирал Д.Э баталсан байна. /хх-ийн 43/
Мөн өдөр тус сургуулийг төлөөлж, сургалтын менежер Ш.О нь 2,230,000 төгрөгийн үнийн дүн бүхий ачаа тээвэрлэлтийн гэрээг Э.Б-тай байгуулсан, сургуулийн зүгээс тээвэрлэлтийн төлбөр утгаар 2,007,000 төгрөгийг Э.Батбаярын Худалдаа хөгжлийн банкны 0 тоот дансанд, хувь хүнээс суутгасан орлогын татвар утгаар 223,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд №00290, №00291 дугаартай төлбөрийн хүсэлт гэх баримтаар шилжүүлжээ. /хх-ийн 16-20/
Дээрх ухаалаг самбар тээвэрлэхэд зориулж түлшний үнэнд 750,000 төгрөг, гаалийн татварт 400,000 төгрөг, нийт 1,15,0000 төгрөг зарцуулсан гэх нотлох баримтгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-т “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэн Нийслэл дэх Төрийн Аудитын газраас 00 дугаар сургуульд төлбөрийн акт тавьсан байна.
Эдгээр баримтаас үзэхэд 00 дугаар сургуульд хамтын ажиллагаатай Өвөр Монголын Өөртөө Засах орны Зүүн үзэмчин хошууны Монгол бага сургуулийн захиргаанаас “Ухаалаг самбар”-ын дэмжлэг үзүүлэхтэй холбоотой самбарыг тээвэрлэн ирэх жолоочийн хөлс 1,080,000 төгрөг, түлшний үнэ 750,000 төгрөг, гаалийн татвар 400,000 төгрөг, нийт 2,230,000 төгрөг байх төсвийн тооцоог сургалтын менежер Ш.О гаргаж, захирлын тушаалаар энэхүү зардлыг гаргахаар шийдвэрлэж, зардал 2,230,000 төгрөгөөс татвар суутгаж хассан дүнгээр 2,007,000 төгрөгийг жолооч Э.Б-т шилжүүлсэн, ийнхүү шилжүүлсэн нь санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуу тул 1,150,000 төгрөгийн төлбөрийн актыг Нийслэл дэх Аудитын газраас тус сургуульд оногдуулсан байна.
Хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч Г.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн ХААН банк ХХК дах 0 тоот данснаас 500,000 төгрөгийг, “00 te zardal” утгаар мөн банкны Ж.Э-ын 5632076918 тоот данс руу шилжүүлжээ./хх-ийн 4,48-50/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч 00 дугаар сургууль нь ухаалаг самбарыг тээвэрлэн ирэх зардалтай холбоотой 2,230,000 төгрөг төсөвлөсөн, ийнхүү зарцуулахдаа санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл дутуугаас 1,150,000 төгрөгийн төлбөрийн актыг сургуульд оногдуулсан болох нь тогтоогдож байна.
Харин тээврийн зардалд 500,000 төгрөгийг нэмж зарцуулах талаар шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгө олж авсан этгээд нь 00 дугаар сургууль гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургууль” ТБАГУТҮГ-аас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Нийслэлийн ерөнхий боловсролын 00 дугаар сургууль” ТБАГУТҮГ-аас 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ