2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

 

2025       01          23                                    2025/ШЦТ/267

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Э.Ундармаа,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ****** овогт Ц-ийн Мд холбогдох эрүүгийн 2406000003614 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ***** оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ***** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, ***** дунд сургуулийн газар зүйн багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт **** аймгийн ***** сумын *** дүгээр баг, ***** гэх нэршилтэй газарт оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, ***** хотхоны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            ***** овогт Ц-ийн М /регистрийн дугаар: ******/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ****** хотхоны **** байрны урд автомашины зам дагуу гудамжинд байсан Э.Бийн эзэмшлийн “Ай фоне 13 промакс” загварын гээгдэл гар утсыг хувьдаа завшиж, 2,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.М-ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406000003614 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө би өөрийнхөө амьдарч буй гэртээ буюу Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ***** хотхоны ***** байрны урд талд автомашины зам дагуу таксинаас буусан. Тэр үедээ өөрийнхөө гар утсаа алдсан гэдгээ мэдээгүй гэртээ орж ирсэн бөгөөд гэртээ орж ирчхээд өөрийнхөө эд зүйлийг шалгахад байхгүй байгааг мэдсэн. Улмаар хаана алдсанаа мэдэхгүй байсан учраас байрны гадна талынхаа хяналтын камерыг шүүж үзэхэд таксинаас бууж ирээд гэртээ орж байгаа нь бичигдсэн байсан бөгөөд намайг буусны дараа ойролцоогоор 5 орчим минутын дараа миний гар утсыг газраас аваад цаашаа явж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Бээс “ай фоне 13 промакс” загварын гар утас хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17, 18-р хуудас/,

2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эд зүйлд үзлэг хийж, “...тухайн утасны гэрийг авч сим карт орох хэсгийг шалгахад дотроо ямар нэгэн сим карт байхгүй, утасны кодыг нээж үзэхэд код нэхэх бөгөөд хохирогчийн гар утас нь өмнө нь кодгүй байсан бөгөөд утсыг завшсан гэх иргэн Ц.Мэс кодыг асуухад 122012 гэж хэлэхэд хийж үзэхэд нээгдэв. Улмаар зураг хэсэг рүү оруулахад дотор нь recently deleted гэх устгагдсан зурагны хавтас руу оруулахад өнөөдөр устгагдсан... Settings хэсэгт ороход ******* гэх хаяг орсон байх ********* гэсэн хаягийг оруулсан...” зэргийг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13-р хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч Э.Бийн гар утасны зах зээлийн үнэлгээг 2,025,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-42-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-57-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Э.Ундармаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Ц.М нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ***** хотхоны ***** байрны урд автомашины зам дагуу гудамжинд байсан Э.Бийн эзэмшлийн “Ай фоне 13 промакс” загварын гээгдэл гар утсыг хувьдаа завшиж, 2,025,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Ц.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “... үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүй...” тогтоогдлоо.

 

Тодруулах нь, гээгдсэн, санамсаргүй олдсон эд хөрөнгийг олсон хүн хариуцан хамгаалж, эзнийг нь олтол хуульд заасны дагуу хариуцах, эзэнд нь өгөх үүрэг хүлээдэг. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүйгээр түүнийг завшиж, бусдад эд хөрөнгийн хохирол учруулдгаар уг гэмт хэргийн  нийгмийн хор аюул тодорхойлогдог ба гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өөрийн өмч хөрөнгө мэт захиран зарцуулах эрхтэй болсон үйлдлийн шинжийг эргэлзээгүйгээр шалгаж тогтоосон байх учиртай билээ.

 

Улсын яллагчийн шинжлэн судалж, гэм буруутай тооцуулах дүгнэлтийн үндэслэл болгосон хохирогч Э.Бийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтууд нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, ***** хотхоны **** байрны урд автомашины зам дагуу гудамжинд Э.Б “Ай фоне 13 промакс” гар утсаа гээгдүүлсэн, түүнийг Ц.М авсан үйл баримтыг нотлосон байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “завших” шинж, тэрхүү үйлдлийг нотлоогүй байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 116 дугаар зүйл “Гээгдэд эд хөрөнгө”-ийг тодорхойлж, мөн зүйлийн 116.1 “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлүүгээ харих замд зам дээр нэгэн утас хэвтэж байсан. Гар утсыг аваад гэртээ орсон бөгөөд шөнө болсон учраас шууд амарсан, өнөөдөр 15 цагийн орчимд сэрээд… гэртээ байж байсан чинь хаалга тогшсон бөгөөд хаалга онгойлгоход гар утаснаасаа миний явж байсан талаарх хяналтын камерт үлдсэн бичлэгийг зогсоож харуулаад мөн үү гэхэд мөн гэдгээ хэлэхэд надаас гар утсаа асуусан, би гар утсыг гаргаж ирээд түүнд өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү явна гэхэд нь би хувцасаа өмсөж гараад цагдаагийн хэлтэс дээр ирсэн…” гэж мэдүүлсэн.

 

Дуудлага мэдээллийн 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуудаст “********* дугаарын утаснаас Э.Бээс “гар утсаа алдсан” гэх дуудлага мэдээллийг 2024 оны 10 сарын 05-ны өдрийн 20 цаг 57 минут 23 секунтэд өгсөн”-ийг бэхжүүлж, мөн хугацаанд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбаярт хүлээлгэн өгч материалжуулан шалгасан талаарх баримт /хх-ийн 7-р хуудас/,

 

Хохирогч Э.Бээс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 57 минутанд “ай фоне 13 промакс” загварын гар утас хүлээн авсан, тэрхүү гар утсыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 58 минутанд хүлээлгэн өгч, тус тус  тэмдэглэлийг мөрдөгч үйлджээ /хх-ийн 17, 18-р хуудас/.

 

Шүүгдэгчийн Ц.-ийн мэдүүлэг, дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Бээс гар хураан авсан тэмдэглэл зэргээс үзэхэд шүүгдэгч Ц.М нь хохирогч Э.Бийн гар утсаа гээгдүүлсэн тухайн өдөрт нь гар утсыг буцаан шилжүүлэн өгсний дараа хохирогч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

Энэ үйл баримтаас дүгнэхэд Ц.М нь хохирогч Э.Бийн гар утсыг шунахай сэдэлтээр, ашиг олох зорилгоор захиран зарцуулах, эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилго агуулаагүй, хохирогч Э.Бт гар утсыг шилжүүлж өгсөн нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд даруй хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл Ц.М нь боломжит богино хугацаа болох даруй гэх хугацаанд хохирогч Э.Б нь гээгдүүлсэн гар утсыг авсан Ц.М-ийг олж, очин түүнээс гар утсаа авахаар шаардлага тавьсны дагуу Ц.М хүлээлгэн өгсөн нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхээс өмнө болсон нь Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан үүргээ Ц.М-ийг биелээгүй гэж үзэхгүй юм.

 

Нөгөөтэйгүүр, хохирогч Э.Бээс гар утсыг хураан авч, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийлгэж, 2,025,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хүний... эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар” биш байх бөгөөд гар утасны зах зээлийн үнэлгээг тодорхойлноос бус Ц.М гар утсыг шамшигдуулах, худалдан борлуулах, захиран зарцуулснаас үүссэн материаллаг хохирол учирсныг нотлоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос тодорхойлохдоо “...гээгдэл эд хөрөнгө”...-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” байхыг шаардсан нь хэргийн улмаас материаллаг хохирол учирсан эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоох зайлшгүй шаардлагатай.

 

Тодруулбал, Ц.М гар утасны “сим картыг авах, нууц үг хийх, мэдээлэл доторх зургийг устгах, цахим хаяг” хийснээс өөрөөр бодитойгоор эд хөрөнгийг шамшигдуулсан, захиран зарцуулж, материаллаг хохирол хор уршиг учруулаагүй буюу нийгмийн аюулын хэр хэмжээ нь хүний хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.М-ийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Мд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****** овогт Ц-ийн Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Мд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Бээс гар утсыг биет хураан авч, түүнд буцаан хүлээлгэн өгснийг, иргэний нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Төрийн сангийн 100900000707 тоот дансанд Ц.М нь 29,800 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР