Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Цэрэндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1989 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй,яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, оосорлогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагдаагийн 2-9 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Замын-Үүд  шилжүүлэн ачих ангид оосорлогч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Нямаагийн Энхтөрд /РД: УП89112515/ холбогдох эрүүгийн 201610010268 тоот хэргийг 2017 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн  орчимд  Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 1 дүгээр багт  байрлах төв талбайн  таксины зогсоол дээр М.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж  түүнийг тонгорч унаган, нэг удаа өшиглөж бие махбодид нь  хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ тэр өдөр 15 цагаас эхлээд л баяр тэмдэглээд орой тараад таксинд сууснаа санаж байгаа юм, тэгээд зогсоол дээр очсон, Мөнхжаргалыг өшиглөж дэвссэнээ санахгүй байгаа юм, гэрчүүд цохисон гэж хэлсэн байна лээ. Мөнхжаргалын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Одоо бидний харьцаа хэвийн байгаа бөгөөд Мөнхжаргал гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг ,

Шүүгдэгч Э.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 23-ны  өдөр Нэгүүн ресторанд  манай байгууллага шинэ жилээ тэмдэглэсэн. Арга хэмжээ тараад би галын байр болон төмөр замын  цэцэрлэг  хоёрын хооронд засмал  зам дээр зогсож байгаад Соёлмаа, Мөнхжаргал нартай таксинд суусан. Тэгээд Соёлмааг Точикийн  байранд буулгачихаад цааш яваад Мөнхжаргал бид 2 төв талбай руу очсон. Талбай дээр ирээд Мөнхжаргал түрүүлж таксинаас буусан, мөн намайг бууж амжаагүй байхад Мөнхжаргал хаалга нээж байгаад намайг өшиглөхөөр нь  би  таксинаас буугаад Мөнхжаргалыг тонгорч унагаагаад нэг удаа өшиглөчихөөд би таксинд суугаад харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/

Хохирогч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн”  2016 оны 12 сарын 23-ны өдөр манай байгууллага шинэ жилийн баяраа Нэгүүн ресторанд орж тэмдэглэсэн. Тэгээд 22 цагийн орчимд  тарсан. Тэгээд галын байрны урд зам дээр  такси барих гээд зогсож байхдаа хамт  ажилладаг  Н.Энхтөртэй маргалдсан.  Тэгээд таксинд суугаад явж байгаад маргалдсан.  Таксинаас буугаад намайг  цохиж унагаад дээрээс нэг удаа дэвссэн.  Тэгээд би  цагдаа руу  очоод  зодуулсан талаараа  ярихад эмнэлэг дээр очоод үзүүл гэж хэлэхээр нь  би гараад  таксинд  сууж эмнэлэг дээр очиж үзүүлтэл зүүн талын эгэм хугарсан  байна гээд  эм өгөөд  татаж боолт  хийж өгсөн. Тухайн үед эмч  гэрээсээ хүн  дууд гэхээр нь  би таксины жолоочид эхнэрийнхээ утасны дугаар,  гэрийн хаягаа зааж өгөөд явуулахад эхнэр С.Намуунцэцэг эмнэлэг дээр ирсэн. Би Энхтөрд зодуулчихаад цагдаагийн хэлтэс дээр очиж гомдлоо гаргачихаад  буцаж талбай орж тэндээсээ  саарал өнгийн  байх Sonata-6 маркийн таксинд суууж эмнэлэг хүргүүлсэн. Энхтөр надад эмчилгээний зардал 200,000 төгрөг өгсөн.  Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 74-75/

Гэрч С.Намуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 12 сарын 23-ны орой 23 цагийн орчимд  миний 88868631 гэсэн дугаар руу 88057398 гэсэн дугаар  буюу  манай нөхөр М.Мөнхжаргалын  утаснаас нэгдсэн эмнэлгийн жижүүр эмч Ганжигүүр  эмч залгаж, танай нөхөр Мөнхжаргал хүлээн авах тасагт байна, эгэм нь хугарсан, хөвөн бинт аваад ир гэж ярьсан. Тэгээд аптек орж хөвөн бинт аваад нэгдсэн  эмнэлгийн хүлээн авах тасагт очиход Мөнхжаргалын зүүн нүд хөхөрсөн, эмч эгэм бооно гээд сууж байсан...Мөнхжаргалаас юу болсон талаар асуухад Энхтөртэй маргалдаж газар унахад Энхтөр миний цээжин тус газар дэвсчихээд явсан гэж хэлсэн. ..би цагдаагийн хэлтэст өргөдөл бичсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч Л.Ундармаагийн шүүхэд өгсөн “  Манай нөхөр Энхтөр нь бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд  2009 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шилжүүлэн ачих ангид  гэрээт ачигчаар ажиллаж байгаад 2014 оны 09 сараас эхлэн  тус байгууллагад оосорлогчоор ажиллах болсон. Зан байдлын хувьд төлөв даруухан, гэр бүлийн хүрээнд болон найз нартайгаа баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тэр үедээ ямар нэгэн ааш авир гаргаж байгаагүй, дуу яриа цөөн,  хүнтэй эелдэг зөөлөн  харьцаатай, хавь ойрын хүмүүстэй найрсаг, хамт олны  хүрээнд нэр хүндтэй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Д.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн” Би 2016 оны 23-ны 22 цаг өнгөрч  байхад Замын-Үүд сум 1 дүгээр баг, төв  зогсоол дээр  өөрийн 03-76 УНА улсын дугаартай Сонатай маркийн  тээврийн хэрэгсэлтэй таксинд  явах гээд зогсож байхад Энхтөр нэг залуутай цагаан өнгийн машинтай ирээд зогссон. Энхтөртэй хамт явж байсан залуу нь түрүүлж буугаад Энхтөрийг буулгахгүй хаалгыг гаднаас нь  дараад  ална шүү гээд  орилоод байсан. Тэгж байгаад  Энхтөр буугаад  миний машины хажууд ирэхэд нөгөө залуу нь араас нь ирээд зууралдсан. Гэтэл Энхтөр уурлаад  тэр залууг тонгорч унагаагаад нэг удаа өшиглөсөн. Тэгээд л Энхтөр миний машинд суугаад гэртээ хүргүүлсэн.  Нөгөө залуу нь яасныг бүү мэд, тэндээ үлдсэн...би тэр залууг танихгүй, биеийн хувьд Энхтөрөөс  өндөр, 30 гарсан насны,  бордуу царайтай, өвдөгнөөс дээш урттай, бараан өнгийн  куртиктэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 74,75/

Гэрч Ч.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн “ Би 22-07 ДГА улсын дугаартай  Соната 6 маркийн саарал өнгийн  тээврийн хэрэгсэлтэй таксинд явдаг юм. 2016 оны 12 сарын 23-ны  шөнө 3 цагийн орчимд  төв талбайн машины зогсоол  дээр хамгийн  эхний эгнээнд  зорчигч хүлээгээд зогсож байтал Цагдаагийн хэлтэс талаас нэг үл таних залуу  миний машины  урд талын суудал дээр суугаад  эмнэлэг явъя гэхээр нь  түүнийг авч явсан.  Явж байхдаа хурд сааруулагч дээр ёо ёо хавирга хугарчихсан юм шиг байна гэж байсан. Түүнийг яаралтай тусламжийн  хүлээн авах дээр хүргэж өгөхөд тэр залуу надад утасны дугаар хэлж өгөөд залгуулаад  манай эхнэр байгаа юм, Голомтын гудамд манай гэр байдаг юм очоод аваад ирээч гэж хэлсэн.  Тэгээд би тэр залууг  эмнэлэг дээр үлдээгээд Голомтын гудамнаас эхнэрийг нь авч, эмийн сан орж винт марла аваад  эмнэлэг дээр  буулгаад явсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 67/

Гэрч Л.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 12 сарын 23-ны орой Нэгүүн  ресторанаас хамгийн  сүүлд шахуу  гараад  эмнэлгийн ойролцоо явж байтал  манай ажлын Н.Энхтөр, М.Мөнхжаргал  нар өөр бас 1-2 хүний хамт Алтанхаргана  цэцэрлэгийн урд  талд  зогсож  байсан. Мөнхжаргал надаас хаачих гэж байгаа юм гэхээр нь харъя гээд хэлээд байж байтал  нэг цайвар өнгийн  жижиг тэрэг  ирээд зогсохоор нь би хойд хаалгаар суухад Энхтөр урд талд, Мөнхжаргал хойд талд хамт суугаад  явсан.  Тэгээд би Точикийн  байранд гэртээ хүргүүлээд буусан ба тэр 2 такситай явсан...маргааш  нь 15 цагийн  орчимд таксинд суусан ба уг таксины жолооч Шинээ гэх залуу байсан ба Шинээ надад хандаж  өчигдөр танай шинэ жил нилээн ширүүн болсон уу гэхэд  би яасан, юу болсон гэж асуухад цагдаагийн тэндээс танай нэг ажилтан  эгэмээ хугалсан  гээд зогсож байхаар нь  би эмнэлэг хүргэж өгсөн  гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 70-71/

Таньж олуулах ажиллагааны явуулсан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 83-85/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн гаргасан 15 тоот дүгнэлт  /хх-ийн 19/

Шүүгдэгч Н.Энхтөр нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Энхтөр нь 2016 оны 12 сарын 23-ны орой 23 цагийн орчимд  Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын 1 дүгээр багт  байрлах төв талбайн  таксины зогсоол дээр М.Мөнхжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдаж түүнийг тонгорч унаган, нэг удаа өшиглөж бие махбодид нь зүүн эгэм ясны дунд 1/3 хэсгийн  зөрүүтэй далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх ба энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн “ ... галын байрны урд зам дээр  такси барих гээд зогсож байхдаа хамт  ажилладаг  Н.Энхтөртэй маргалдсан.  Тэгээд таксинд суугаад явж байгаад маргалдсан.  Таксинаас буугаад намайг  цохиж унагаад дээрээс нэг удаа дэвссэн.  Тэгээд би  цагдаа руу  очоод  зодуулсан талаараа  ярихад эмнэлэг дээр очоод үзүүл гэж хэлэхээр нь  би гараад  таксинд  сууж эмнэлэг дээр очиж үзүүлтэл зүүн талын эгэм хугарсан  байна гээд  эм өгөөд  татаж боолт  хийж өгсөн “ гэсэн мэдүүлэг/хх-ийн 74-75/

гэрч С.Намуунцэцэгийн мөрдөн байцаалтад өсгөн “аптек орж хөвөн бинт аваад нэгдсэн  эмнэлгийн хүлээн авах тасагт очиход Мөнхжаргалын зүүн нүд хөхөрсөн, эмч эгэм бооно гээд сууж байсан...Мөнхжаргалаас юу болсон талаар асуухад Энхтөртэй маргалдаж газар унахад Энхтөр миний цээжин тус газар дэвсчихээд явсан гэж хэлсэн. ..би цагдаагийн хэлтэст өргөдөл бичсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

гэрч Д.Отгонхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн” ... Энхтөр нэг залуутай цагаан өнгийн машинтай ирээд зогссон. Энхтөртэй хамт явж байсан залуу нь түрүүлж буугаад Энхтөрийг буулгахгүй хаалгыг гаднаас нь  дараад  ална шүү гээд  орилоод байсан. Тэгж байгаад  Энхтөр буугаад  миний машины хажууд ирэхэд нөгөө залуу нь араас нь ирээд зууралдсан. Гэтэл Энхтөр уурлаад  тэр залууг тонгорч унагаагаад нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74,75/

гэрч Ч.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...зорчигч хүлээгээд зогсож байтал Цагдаагийн хэлтэс талаас нэг үл таних залуу  миний машины  урд талын суудал дээр суугаад  эмнэлэг явъя гэхээр нь  түүнийг авч явсан.  Явж байхдаа хурд сааруулагч дээр ёо ёо хавирга хугарчихсан юм шиг байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 67/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч  П.Гаваасүрэнгийн “ 1. М.Мөнхжаргалын  биед зүүн эгэм ясны дунд 1/3  хэсгийн зөрүүтэйг далд хугарал, зүүн  нүдний дээд зовхинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо  зүйлийн хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр  үүснэ.

3.Учирсан гэмтлүүдийн  зүүн эгэм ясны дунд 1/3 хэсгийн  зөрүүтэй далд хугарал нь Гэмтлийн зэрэг  тогтоох журамын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэг, ..болно” гэсэн 15 тоот дүгнэлт  /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч М.Мөнхжаргалд эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, /хх-ийн 74-75/, гомдол саналгүй

болохоо мөрдөн байцаалтын шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Энхтөр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т заасан  ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг  зарчмыг баримтлав.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Нямаагийн Энхтөрийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Нямаагийн Энхтөрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Энхтөрд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Н.Энхтөр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Н.Энхтөрд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Энхтөрд урьд авсан бусдын батлан даалтад өөгх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД