Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 502

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.М даргалж, шүүгч Ч.Ц, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Э-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулах үндсэн, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д- нь Ц.Э-т 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг зээлдүүлсэн. Ц.Э-ээс зээлсэн 6 000 000 төгрөгөө өгөхийг шаардаж байсан боловч өгөөгүй ба 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Э-тэй цуг нотариатаар орж зээлсэн 6 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэвч Ц.Э- нь энэ хугацаанд 500 000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Ц.Э-ээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Ц.Э- нь иргэн О.Д-гаас 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 6 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь өгч чадаагүй. Тийм учраас зээлсэн мөнгөндөө тааруулж Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараатай лангууг худалдах саналыг О.Д-д тавьсан ба тэрээр хүлээн зөвшөөрч барааг худалдаж авсан. Ойролцоогоор 6 600 000 төгрөгийн барааг зарж борлуулаад 3 400 000 төгрөгийн барааг Ц.Э-т буцаан өгсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Анх лангууны эзэмшлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сард багтаан О.Д-гийн нэр дээр хийлгэнэ гэж тохиролцсон. 2016 оны 4 дүгээр сард О.Д- нь би Солонгос улс руу суралцахаар явах болсон гээд лангуугаа буцааж авах талаар ярьсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ огт үүнийг дурдахгүй байгаа нь Ц.Э-ээс дахин мөнгө авах санаа байна гэж ойлгож байна. 2015 оны 6 дугаар сард лангуу хүлээлгэн өгснөөр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн лангуу хүлээлцсэн актад төлбөр тооцоо дууссан гэж бичсэн байдаг. Тиймээс Ц.Э- нь О.Д-гаас зээлсэн зээлээ бүрэн төлж дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...2015 оны 6 дугаар сард Мөнгөн завьяа дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг О.Д-д худалдсан бөгөөд О.Д- тухайн барааг зарж борлуулан зээлсэн мөнгөө гаргуулж авахаар тохиролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нь БНСУ-д суралцахаар явах болсон гээд лангууг 3 400 000 төгрөгийн бараатай буцаан өгсөн. О.Д- нь лангуунд байсан 10 000 000 төгрөгийн бараанаас 3 400 000 төгрөгийн барааг буцаан өгч, үлдэгдэл 6 600 000 төгрөгийн барааг зарж мөнгийг нь өөртөө авсан. Хэрэв дээрх барааны мөнгийг зээлийн гэрээний төлбөрт тооцохгүй гэж үзвэл О.Д- нь тухайн мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн барааны үнэ 6 600 000 төгрөгийг О.Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтад маргахгүй ч уг гэрээг 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, Зээлийн гэрээг 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Хэрэв зээлийн гэрээний үүргийг Мөнгөн эдлэл худалдах худалдан авах гэрээний үүргээр дуусгавар болгосон бол дараа нь ингэж Зээлийн гэрээ байгуулахгүй байсан. Мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнд ...лангууны гэрээг 2016 оны 1 дүгээр сард шилжүүлэн өгөхөөр тохиролцов гэсэн нь гэрээг хэрэгжээгүй, гэрээний дагуу харилцан солилцсон зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-ээс 5 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Д-д олгож, 6 600 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 8 000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 102 950 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч О.Д-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарт хууль зүйн хувьд үнэлэлт дүгнэлт өгөөгүйн улмаас хариуцагчийн эрх ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Э- нь О.Д-гаас 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаанд нь буцаан төлж чадаагүй байдаг. Иймээс хариуцагч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй тул зохигчид “Мөнгөн завьяа” дэлгүүрт байрлах 10 000 000 төгрөгийн бараа бүхий лангууг нэхэмжлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцож 10 000 000 төгрөгийн бараатай лангууг 2015 оны 6 дугаар сард О.Д-д хүлээлгэн өгсөн. Улмаар талууд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн эдлэлийг хүлээлгэн өгсөн болохоо баримтжуулсан. Мөн тус баримтдаа талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог дуусгавар болгож байгаа талаар дурддаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь талуудын хооронд тус зээлийн харилцаа болон мөнгөн эдлэл худалдах талаар тохиролцож байснаас өөр тохиролцоо байгаагүй талаараа хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хянавал хэсэгт “гэрч Г.О-ийн мэдүүлэг нь талуудын хооронд ямар харилцаа үүссэн, хэн ямар үүрэг хүлээсэн болохыг  нотлоогүй, түүнчлэн мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас төлөгдөх мөнгөн төлбөрийн үүргийг мөнгөн эдлэлээр сольж, харилцан тооцоо нийлсэн гэх агуулга тусгагдаагүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь төлбөр тооцоо дууссан гэх агуулгыг өөр тооцооных гэж няцаагаагүй, өөр төлбөр тооцоо байсан гэж маргаагүй,  мөн талууд мөнгөн эдлэлийг шилжүүлэн өгч зээлийн мөнгийг харилцан тооцож дуусгавар болгохоор болсон тул төлбөр тооцоо дууссан гэж бичсэн. Гэтэл хэргийн бодит нөхцөл байдалтай авцалдахгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн О.Д- нь өөрөө “Мөнгөн завьяа” дэлгүүрт байрлах мөнгөн эдлэлээс 3 400 000 төгрөгийн үнэ бүхий барааг буцаан хүлээлгэж өгөх үедээ гараар бичсэн баримт нь хэрэгт авагдсан. Гэтэл шүүх түүнийг тогтоолгох нь ач холбогдолгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч О.Д- нь хариуцагч Ц.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./хэргийн 1, 62-63 дугаар тал/

 

Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Ц.Э-т нэхэмжлэгч О.Д- нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн нь мөнгө хүлээлцсэн баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/

Талууд зээлийн гэрээгээр 6 000 000 төгрөг зээлж, хариуцагч 500 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний үүргийг мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээний үүргээр сольсон гэж маргажээ.

 

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Ц.Э- “Мөнгөн завьяа” дэлгүүрт байрлах мөнгөн эдлэлийн лангуунд байгаа 10 000 000 төгрөгийн барааг О.Д-д шилжүүлж худалдсан нь үнэн болно. Лангууны гэрээг 2016 оны 01 сард шилжүүлэн өгөхөөр тохиролцов. Төлбөр тооцоо дууссан болно гэж бичин талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх ба уг мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээний төлбөрт дээрх зээлийн гэрээний үүргийг тооцсон гэх агуулга харагдахгүй байгаа талаар шүүх дүгнэсэн нь Ирэгний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцжээ. /хэргийн 71, 209- 212 дугаар тал/

 

Дээрх мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсаныг харьцуулан үзвэл зээлийн гэрээний төлбөр худалдах худалах авах гэрээний төлбөрт тооцогдож дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2015 оны 4, 5 дугаар сард шилжүүлсэн мөнгийг мөн оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцаан төлүүлэхээр тохиролцож, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулахдаа хуурч мэхэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч талаас дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргаагүй болно.

 

Мөн гэрч Г.О нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад гэрчээр асуугдсан байх ба уг мэдүүлэг нь талуудын хооронд ямар харилцаа үүссэн, хэн ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг нотлоогүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна./хэргийн 97-101 дүгээр тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ц.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д-д олгож, мөнгөн эдлэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 600 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.М

 

                           ШҮҮГЧИД                                 Ч.Ц

 

                                                                              С.Э