Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/50

 

Г.Бүдрагчаад холбогдох  

 эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                           Д.Буянжаргал

                                 Шүүгчид                                       Г.Давааренчин

                                                                                       Б.Эрдэнэхишиг

                               

                                  Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Дэлгэрсайхан /онлайн/

                                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Даваахүү /онлайн/      

                                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч, шүүгдэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овогт Гүнрэгийн Бүдрагчаад холбогдох эрүүгийн 2033000320020 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд 1982 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Цагаан-Овоо 3 дугаар баг, ногоон байрны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Галт овогт Гүнрэгийн Бүдрагчаа /РД: ИО82050514/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Бүдрагчаа нь 2020 оны 03 дугаар сарын 18-наас 2020 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ архины шилээр иргэн *******ийн нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, шилэнцэрийн гадагшлалт гэмтэл учруулсны улмаас ******* нь зүүн нүдний алимыг авах мэс засал хийлгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Г.Бүдрагчаад холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31  дугаартай шийтгэх тогтоолоор:

“1.Шүүгдэгч Галт овогт Гүнрэгийн Бүдрагчааг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бүдрагчааг 02/хоёр/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Бүдрагчаад оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Шүүгдэгч   Г.Бүдрагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 5.Иргэний    хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бүдрагчаа хохирогч *******ид эмчилгээний зардал болон бусад зардалд 3 100 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай...

10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй...гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...******* миний бие  гомдол гаргах эрхийнхээ хүрээнд тус шүүхийн 31 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Хүн алдсан алдаа дутагдал гэмт үйлдлээ шударгаар хүлээх хэрэгтэй юм.

Гэвч шүүгдэгч Г.Бүдрагчаа нь мэдүүлгээ үнэн зөв өгөлгүй өөрийгөө хамгаалж хохирогч ******* гуай манайхаар орж гарахгүй яасан юм бэ энд унтаад яв гэх зэргээр худал мэдүүлсэн. Мөн эхнэр Б.Уянга нь 2020 оны 3 сарын 18-нд Сэлэнгэ аймагт групп сунгалтаар явсан байсан. Гэвч хариуцлагатай  жижүүр байсан гэж худал мэдүүлэг өгсөн. Гэр оронтой авгай хүүхэдтэй хүнийг юу гэж тэгэх билээ. Тэгээд ч энэ хүн өөрөө архи авчирч гэрт уучхаад мөн согтуу ирчхээд дараа нь тавьтаргүйтэж амгалан тайван байдал алдагдуулан эрүүл мэндэд хохирол учруулж ирсэнд гомдолтой байна.

2. Хүний гол эрхтэн болох нүдийг минь гэмтээж сохолж ирснээс эрүүл нэг нүдний хараанд нөлөөлж бүрхэг өдөр юу ч  харахгүй болоод байна. Тэгэхээр шүүх эмчийн дүгнэлтэд дурдсанаар нэг нүд хараагүй болсон хөдөлмөрийн чадвар 65% алдагдалтай гэж тогтоосон, хэдий ч цаашид эрүүл нүдний хараанд хэрхэн нөлөөлж болох эсэх талаар тогтоогоогүй нь учир дутагдалтай гарсан дүгнэлт гэж үзэж буй тул дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. ...Тиймээс дахин давтан дүгнэлт гаргуулахыг хүсч байна. Хүлээн авна уу?

3. Хохирогч миний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэмт хэрэгтэн маань өөрөө надад сар болгон 1.000.000 төгрөг өгч эмчлүүлж өрөөсөн нүдний чинь харааг тогтворжуулна гэж ярьдаг байсан. Энэ хүний амлалт найдвартай биш тул 20.000.000 төгрөг өгчих сайн хувийн эмнэлэгт эмчлүүлье гэснээс үүдэлтэй юм. Хэн ч мөрөө харж орчинтойгоо харьцах нүдтэйгээ байхыг хүснэ биз дээ. Гэтэл санаачилга их бага хэмжээгээр гаргаагүйд нь гомдолтой.

4. Өндөр настан хүний хувьд тэтгэвэр 350.000 төгрөг хаанаа юунд ч хүрч очихгүй юм. Тийм учир миний бие тодорхой орлого олж амьдрал ахуйдаа зарцуулж байсан. Энэ орлого гэвэл Баруунбүрэн сумын Бүрэнбумбат ХХК Бүрэн Сэлэнгэ ХХК-ын тайлан тооцоог улирал, жилийн эцэст гаргаж өгч улиралд 200.000 төгрөг жилийн эцэст 450.000 төгрөг авч ажиллаж байсан. Гэтэл ажиллаж байсан энэ нөхцөл орлого нүдний энэ гэмтлээс болж бүрэн зогссон. Ингэж надад давхар давхар гэм хохирол амсууллаа. Одоо мөн хэдэн малынхаа ашиг шимийг авч маллах чадвараа бүрэн алдаж ирснээс хэдэн үхэр малаа хүнээр маллуулж маллагаа хариулгын хөлс гэж 50.000 төгрөг өгөх болсон. Энэ мэт давхар хохирол амсч явна.

5. Би хань ижлээ алдаад удаагүй. Энэ хүний учруулсан гэмтлийн үр дагавар, хор уршгаас болж хүний асаргаа шаардлагатай болоод байна. Эмчийн хяналтад Улаанбаатар хот буюу аймгийн нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн нүдний эмчийн хяналтад эмчлэгдэх ёстой тул хол газар байнга хүнтэй явахгүй бол ганцаар явах боломжгүй байгаа. Иймд нөхөн төлбөр буюу асаргааны зардалд сар бүр дунджаар халамжийн хуулийн шинэчлэлтийг үндэслэн олгуулж өгнө үү. Мөн шүүгдэгчийн анхны санал болох 20.000.000 төгрөгийг сар сард нь олгох үндэслэл байвал шийдвэрлэж өгөхийг тус тус хүсч байна. Гомдлыг маань хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: “...хохирогч ******* нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасантай танилцаад шүүгдэгч Г.Бүдрагчаа түүний өмгөөлөгч бид энэхүү тайлбарыг гаргаж байна.

1.Хохирогч нь шүүгдэгчийг мэдүүлгээ үнэн зөв өгөөгүй, буруугаа хүлээн зөвшөөрөөгүй худал мэдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин ч хохирогчийн эмч нарт хэлсэн үйл баримтыг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгээр түүний биед учруулсан гэмтлийг хэн учруулсан нь эргэлзээтэй байдал үүсгэхээр байгаа хэдий ч шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй, өөрийнх нь үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан гэж хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Хохирогч нь эмнэлэгт үзүүлж өвчний түүх нээлгэхдээ хоёр хүүхэд зодолдоод дундуур нь орж салгах гэж байгаад цохиулчихлаа гэж хэлж байсан нь хавтаст хэргийн 89-90 талд байгаа гэрч С.Билгүүн, 87-р талд байгаа гэрч ******* нарын мэдүүлгээр нотлон тогтоогддог. Гэтэл Г.Бүдрагчаатай хамт архи уусан түүний хүү нь Г.Бүдрагчааг согтуурхаад байсан, би зодоон цохион болох байх гэж бодоод хэвтээд өгсөн, хараагүй гэсэн утга бүхий мэдүүлэг өгсөн хохирогчийн эмч нарт хэлсэн байдлаас зөрүүтэй байгаатай холбоотойгоор эргэлзээ төрөхөд хүрч байна.

Гэсэн хэдий ч Г.Бүдрагчаа нь өөрөө юу ч санахгүй байгаа ч гэсэн хохирогч, насанд хүрээгүй гэрч нарт итгээд өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж хүлээн зөвшөөрсөөр байхад түүнийг буруугаа ойлгохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

2.Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нь хохирогчийн өвчний түүх, шинжилгээ, оношилгоо болон өөрийнх нь биед хийсэн үзлэг зэрэгт тулгуурлан шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгаа тул дүгнэлтийг давтан гаргах шаардлагагүй гэж үзэж байна.

3.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг боловч шүүгдэгч нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирогчид эмчилгээний зардлыг гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээд сар бүр 1,000,000 төгрөгийг төлж эмчилгээний асуудал дээр анхаарч, эмчилгээг тогтмол хийлгэж байхаар харилцан тохиролцох саналыг хохирогчид тавьж гэрээний нөхцлийг танилцуулсан боловч хохирогч нь уг мөнгийг бөөнөөр нь авна гээд гэрээ байгуулах саналыг хүлээн аваагүй байдаг. Ийм болохоор шүүгдэгчийг хохирогчийн эрүүл мэндийн асуудал дээр огт анхаараагүй гэж үзэх үндэслэлгүй.  Хохирогч хэргийг анхан шатны шүүхээр шийдэгдэхээс өмнө болон анхан шатны шүүх хурлын явцад ч тэтгэврээс гадна олдог байсан орлогоо нотлох баримтаар нотолж нэхэмжлэл гаргаагүй давж заалдах гомдолдоо тусгасан байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь одоогийн байдлаар хорих ялыг биеэр эдэлж байгаа учир эмчилгээний зардал, асаргааны зардлыг сар бүр олгох боломжгүй юм.

Эрүүгийн хэргийн холбогдогч ялтан этгээдийн бусдад учруулсан гэм хорын хохирлыг ар гэр нь нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, ийм боломж ч байхгүй тул давж заалдсан гомдлыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүү хуралдаанд гарган тайлбартаа: ... шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Бүдрагчаагийн өмгөөлөгч Д.Даваахүү би эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс Г.Бүдрагчааг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр маргаангүй хэдий ч түүнд оногдуулсан ялыг дор дурьдсан үндэслэл шалтгаанаар хүндэдсэн гэж үзэж байгаа болно. Үүнд:

1. Хохирогчийн эмнэлэгт үзүүлж өвчний түүх нээлгэхдээ хоёр хүүхэд зодолдоод дундуур нь орж салгах гэж байгаад цохиулчихлаа гэж хэлж байсан нь хавтаст хэргийн 89-90 талд байгаа гэрч С.Билгүүн, 87-р талд байгаа гэрч ******* нарын мэдүүлгээр нотлон тогтоогддог бөгөөд түүний энэ мэдүүлгээр хохирогчийн биед үүссэн гэмтлийг Г.Бүдрагчаа учруулсан уу. өөрийнх нь хүү Г.Бүдрагчааг цохих гэж байгаад учруулсан уу гэдэг нь эргэлзээтэй байдаг. Ингэж эргэлзэх шалтгаан нь гэрч *******гийн хавтаст хэргийн 70-71 талд байгаа согтуурхаад байсан, би зодоон цохион болох байх гэж бодоод хэвтээд өгсөн, хараагүй унтаж байсан гэсэн утга бүхий мэдүүлэг нь хохирогчийн эмч нарт хэлсэн байдлаас зөрүүтэй байгаатай холбоотой юм. Шүүгдэгч нь тухайн өдөр болсон үйл баримтыг өөрөө мэдэхгүй байгаа хэдий ч уг хэрэг гарах үед хохирогч болон хохирогчийн хүү, ач нараас өөр гадны хөндлөнгийн гэрч байгаагүй болохоор гэрч нарыг худлаа мэдүүлээгүй байх би цохичихсон юм байна гэж үзэж гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй байдаг. Шүүгдэгч Г.Бүдрагчаа нь 2019 онд тархинд цус харвасан хүнд өвчний улмаас мэс засалд орсон бөгөөд энэ нөхцөл байдлаас шалтгаалж амархан согтдог, согтсон үедээ болж өнгөрсөн үйл баримтыг санадаггүй хэдий ч уг гэмт хэргийг өөрийгөө үйлдсэн гэж үзэж гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй хүлээн зөвшөөрдөг тул шүүх энэ байдалд үнэлэлт өгч хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна.

2. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг боловч шүүгдэгч нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө хохирогчид эмчилгээний зардлыг гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлээд сар бүр 1,000,000 төгрөгийг төлж эмчилгээний асуудалд дээр анхаарч, эмчилгээг хийлгэж байхаар харилцан тохиролцох саналыг хохирогчид тавьж гэрээний нөхцлийг танилцуулсан боловч хохирогч нь уг мөнгийг бөөнөөр нь авна гээд гэрээ байгуулах саналыг хүлээн аваагүй байдаг. Ийм болохоор шүүгдэгчийн хохирогчийн эрүүл мэндийн асуудал дээр огт анхаараагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг мэс засалд орох, эмчилгээ хийлгэхэд нь эмчилгээний зардлыг гаргаж өгсөн, иргэнийн нэхэмжлэлтэй холбоотой нотлон тогтоогдсон зардлыг үл маргах журмаар гаргаж өгсөн байгаа нь ч түүнийг гэм буруугаа ойлгож байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна.

Иймд уг хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр огт маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал биеийн эрүүл мэнд зэрэгт үнэлэлт өгч түүнд Эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг үндэслэн хуульд зааснаас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч ******* шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ...Давж заалдах гомдол гаргасантай танилцаад тайлбар гаргах нь:

            1.Шүүх шүүгдэгч Г.Бүдрагчаа нь гэм буруутай гэдгийг  нотлох баримтанд тулгуурлан үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж болно. Харин байцаалтын шатанд яллагдагчийн гэм буруутай үйлдлийн эцэст хохирогч хохирсон болохыг тогтоох явцдаа хохирогчид учруулсан гэмтлийн улмаас цаашид учирч болох үр дагавар уршгийг дүгнэлт тодорхой тогтоох байсан гэж үзсэн, бодлоо ирлэрхийлсэн. Энэ маань өөрийн биед үлдэж хоцорсон зовиур шаналгаа  харааны доголдолд үүсч буй үндэслэлд тулгуурлан байгаа болно.

            2.Гэм буруугаа ойлгохгүй байгаа гэсэн үндэслэл дан ганц хохирогчид учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрснөөр хязгаарлах зүйл биш гэж үзнэ. Өөрөөр хэлбэл миний үйлдлээс болж хохирогч давхар давхар хохирол үүсч шаналж яваа гэдгийг энэ зэргийн боловсролтой хүн ойлгох байтал хөгшин хүн хүүхэд хоёрыг хуурахад амархан ч өөрийн санал тавьж хийсэн гэрээ болох 20.000.000 төгрөг эмчилгээ хийлгэх зардлыг сар сард 1.000.000 төгрөг өгөхөөр хийсэн хэлцлээ хууль ёсны болгох болов уу гэтэл татгалзаж анхан шатны шүүх хурал эхлүүлсэн. Татгалзлаа миний буруу болгож илэрхийлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            3.Энэ шүүгдэгч ухамсараараа нэг нүдийг нь ч гэлээ мөрөө харах хараатай болгох ёстой гэсэн сэтгэхүй ухамсард дүүрэн хандаагүйд нь гомдож байна.

            4.Би анх шүүгдэгчид оногдуулах ялыг амьдралыг нь бодож хөнгөрүүлэх үүднээс анхны мэдүүлгээ өгсөн. Тэр байдлыг өмгөөлөгч нь буруу ашиглаж байх шиг байна. Миний хүүхдүүд зөв хүмүүжилтэй, хүнд гар хүрэх хүн биш. Шүүгдэгчийн овилогогүй байдлаас болж би хохирсон нь үнэн.

            5.Хохирогч би тэтгэврийн орлогоос гадна эзэмшсэн мэргэжил мэргэшлээрээ нэмэлт орлого олдог байсан. Одоо энэ орлого хаагдаж түүгээр үл барам харааны бэрхшээлд орсноор эмнэлэгт явж үзүүлэх болон хоол цайгаа хийж чадахгүй хүний асрамжид ороод байна. Энэ талаар гомдолдоо дурдсан болно.

            6.Ер нь тэтгэврийн 350.000 төгрөг эмчилгээнд хүрэлцэхгүй гэдэг нь та бүхэнд ойлгомжтой байхаа. Тэгээд ч шүүгдэгчийн хууль бус үйлдлээс үүсгэсэн гэмтэл хор уршигт зарцуулах тэтгэмж биш билээ. Иймд шүүгдэгч эмчилгээнд хэдэн төгрөг гаргаад өгчихөөс зайлсхийж байгаа нь гэм буруугаа ойлгохгүй байгаагийн нэг хэлбэр тул ялыг нь хөнгөлөх үндэслэлгүй гэж үзнэ. Хэрэв өөрийнхөө бурууг ухамсарлаж харах хараатай байлгахыг хүсэж байгаа бол эмчилгээнд минь зориулж тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлбэл ялыг хөнгөлөхөд татгалзахгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлын тухайд Сэлэнгэ аймаг дахь Сайхан сумын сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 31 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Бүдрагчаад Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хугацаатай хорих ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Хохирогчийн гаргасан гомдлын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс болж иргэн *******ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3914 дугаартай шинжээчийн дүгнэлт байна. Уг шинжээчийн дүгнэлттэй танилцахад шинжээч нь хэргийн нөхцөл байдал болон хохирогчийн биед биечлэн хийсэн үзлэг, түүнд хийсэн мэс ажилбар, амбулаторийн карт, өвчтөний түүх зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтээр эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хохирогчийн нэг нүдний хараагүй байдал нөгөө нүдэнд нөлөөлөх эсэхт цаашид дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн улмаас *******ид учирсан шууд үр дагавар буюу эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн шалгаж тогтоосон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

...Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хүнд гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулсан, цаашид эмчилгээний зардал нэмж гарахыг үгүйсгэхгүй. Шийтгэх тогтоолын 5 дугаар заалтаар цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. Хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах зардлаа бүрэн нэхэмжлэх нь шийтгэх тогтоолд дурдсан тул түүний хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зүйл байхгүй. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч, хохирогч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Бүдрагчаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэсэн байна.

Хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын дагуу Г.Бүдрагчаад   холбогдох эрүүгийн 2033000320020 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Г.Бүдрагчаа нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 26-28/, гэрч ******* /хх-ийн 29-30/, насанд хүрээгүй гэрч О.Хонгорзулын /хх-ийн 65-66/, ******* /хх-ийн 67-68/, гэрч *******гийн /хх-ийн 70-71/, Ц.Болормаагийн /хх-ийн 77/, ******* /хх-ийн 79/, ******* /хх-ийн 80/, /хх-ийн 83/, /хх-ийн 85/, *******ийн /хх-ийн 87/, /хх-ийн 89-90/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3914 тоот дүгнэлт /хх-ийн 16-17/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-14/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлгэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-11/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, харин хохирогчийн зүгээс өөрт нь учирсан дээрх гэмтэл нь нөгөө нүдний хараанд нөлөөлөх эсэх талаар дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Бүдрагчаагийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, шилэнцрийн гадагшлалт гэмтэл тогтоогдсон ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар ...цаашид нэг нүд хараагүй болсон. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа... талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсныг үгүйсгэсэн болон хохирогч *******ийн эрүүл нүдний харааны чадвар буурсан эсэх, энэ нь дээрх гэмтлээс нөлөөлсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн зүгээс ийм баримт ирүүлээгүй тул дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан, гэм буруугаа хүлээсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ял оногдуулахдаа  баримтлах эсэх нь  анхан шатны шүүхийн хуулиар тогтоосон эрх хэмжээний асуудал бөгөөд тухайн зүйл, хэсгийг баримтлаагүй үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой заасан байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн хохирогч ******* сар бүр эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг эсхүл 20.000.000 төгрөг гаргуулах талаар хүсэлт гаргаж байгаа боловч яг хэдийд ямар эмчилгээ хийлгэх эсэх, энэ нь ямар төлбөртэй байдаг талаар холбогдох байгууллагаас гаргасан  баримтуудаа шүүхэд ирүүлээгүйн улмаас анхан шатны шүүх цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Харин 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэв.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулан, шүүгдэгч Г.Бүдрагчаа, түүний өмгөөлөгч Д.Даваахүү, хохирогч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад

“5. 3.100.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж гэсний дараа 20.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж” гэж оруулан бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч *******, шүүгдэгч Г.Бүдрагчаа, түүний өмгөөлөгч Д.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.     

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                           Б.ЭРДЭНЭХИШИГ