| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2019/00786/И |
| Дугаар | 129/ШШ2020/00010 |
| Огноо | 2019-12-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 129/ШШ2020/00010
| 129/ШШ2020/00010 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5-р баг, ТОСК-ийн 42-р байр 15 тоотод оршин суух Д овгийн А.Б, Т овгийн Б-н О нарт холбогдох
10.988.291,45 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О, хариуцагч нарын төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч А.Б, Б.О нар нь Төрийн банкны Архангай салбараас 2017 оны 09-р сарын 21-ний өдрийн 550 тоот гэрээгээр 20.000.000 төгрөгийг сарын 2,0 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Б.О нар нь дээрх 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчлийг гаргаж зээлийн гэрээний хугацааг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, зээл төлөхөөс зайлсхийж байгаа тул 2019 оны 09 сарын 24-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 10.701.930,59 төгрөг, үндсэн хүү 265.281,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.079,25 төгрөг, нотариатын зардал 19.000 төгрөг, нийт 10.988.291, 45 төгрөг гаргуулах, 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч нарын төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк 10.988.291,45 төгрөгийг нэхэмжлэхдээ харилцагч нарыг 550 тоот зээлийн гэрээний 6.2.1-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж буй хэдий ч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ одоо ч биелүүлсээр байна. Ноцтой зөрчил гаргасан гэж гэрээг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймаг дахь Төрийн банкны салбар нь хариуцагч А.Б, Б.О нараас 2019 оны 9 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдэл хүүгийн төлбөрт нийт 10.969.261,45 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 19.000 төгрөг, нийт 10.988.291.45 төгрөгийг гаргуулах, мөн 2017 оны 9 сарын 21-ний өдрийн 550 тоот зээлийн болон барьцааны гэрээний барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Төрийн банкнаас А.Б, Б.О нарын авсан зээл нь эргэлтийн хөрөнгийн зээл. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 17-ны өдөр төлөхөөр Төрийн банктай харилцан тохиролцсон. А.Б, Б.О нар Төрийн банкнаас зээлсэн мөнгөөрөө ааруул, цагаан идээ хийгээд бизнесийнхээ орлогоор зээлээ төлнө гэж зээлийн гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн. Гэвч хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй үүргийн зөрчил гаргаж одоогийн байдлаар нийт 472 хоног хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн байна. А.Б, Б.О нар нь зээлийн гэрээний дагуу зээлээ сар бүрийн 17-ны өдөр төлдөггүй бөгөөд зээлээ төлөхдөө 200.000, 300.000 төгрөгөөр зээлийн хүүг төлж, үндсэн зээлээ төлж барагдуулдаггүй. Сар сард нь зээлээ төлж барагдуулбал нэхэмжлэгч талаас хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээг заавал цуцлах шаардлага байхгүй. Гэтэл хариуцагч нар байнга зээл төлөх хугацааг хэтрүүлж байсан учир зээлийн гэрээг цуцалж зээлээ нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Б, Б.Онар нь Төрийн банктай 40 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлж дуусах 40 сарын хугацаа дуусаагүй, зээлээ төлж байгаа учраас банкыг хохироогоогүй гэж үзэхээр байна. Төрийн банкны зүгээс А.Б, Б.О нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээ төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байгаа боловч А.Б, Б.О нь Төрийн банк шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойшхи хугацаанд банкнаас зээлсэн мөнгөө тодорхой хэмжээгээр төлж байсан учраас зээл төлөх үүргээ зөрчөөгүй гэж үзэж болохоор байна. Мөн хэргийн материалтай танилцахад Төрийн банкнаас хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэл хүргүүлсэн гэдэг боловч А.Б, Б.О нар мэдэгдлийг гардаж авсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь мэдэгдэл дээр гарын үсэг зураагүй, 2 өөр өнгийн балаар бичсэн байгаа учраас энэ үйл явдлыг тухайн цаг үед болсон үйл явдал гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл графикийн дагуу зээлээ төлж байгаа. Зээлээ төлөхдөө хоног хугацаа алддаг байж болох ч энэ нь хэлбэрийн төдий зөрчил юм. Хариуцагч нар Төрийн банкинд зээлийн барьцаанд тавьсан хөрөнгөө зарж үрсэн үү, зээлээ төлж барагдуулж чадахгүй нөхцөл байдал үүсч байгаа эсэх, зээлдэгч нар зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдалтай болсон гэдэг үндэслэлээр зээлийн гэрээг Төрийн банкны зүгээс цуцлах боломжтой. Гэтэл А.Б, Б.Онарыг зээлээ хугацаандаа төлөхгүй ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. А.Баярсайхан, Б.Оюунбаяр нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлж байгаа бөгөөд хариуцагч нар эрхэлсэн тодорхой ажилтай болж зээлээ төлж барагдуулах эх үүсвэртэй болсон. Цагаан идээ боловсруулах ажил нь улирлын чанартай ажил учраас өвлийн улиралд эргэлтийн хөрөнгөгүй болох асуудал үүсдэг. А.Б, Б.Онарын зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ төлөх эх үүсвэртэй байхын тулд аль аль нь тодорхой ажил эрхэлж зээлээ төлж байгаагаас нь үзвэл банкны эрх ашгийг хохироосон, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А.Б, Б.О нараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдэл хүүгийн төлбөрт нийт 10.969.291,45 төгрөг, нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 19.000 төгрөг, нийт 10.988.291.45 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч А.Б, Б.О нар нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр Төрийн банкнаас эргэлтийн бараагаа татах зориулалтаар 20.000.000 төгрөгийн зээл авсан нь 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 дугаар зээлийн гэрээгээр тогтоогддог бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээ байгуулагджээ.
Зохигчийн байгуулсан зээлийн гэрээ 2021 оны 01 сарын 21-нд дуусгавар болох байсан бөгөөд Төрийн банк ХХК нь хариуцагч нараас үндсэн зээл 10.701.930,59 төгрөг, хүү 265.281,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2079,25 төгрөг, нийт 10.969.291,45 төгрөг нэхэмжилж буйг зээлийн гэрээгээ цуцалж А.Б, Б.О нарт гэрээгээр шилжүүлсэн мөнгөө буцаан шаардаж байна гэж үзнэ.
Хариуцагч нарын төлөөлөгч Г.Э, А.Б, Б.О нь банкнаас зээлсэн мөнгөө тодорхой хэмжээгээр төлж, зээл төлөх үүргээ зөрчөөгүй, хоног хугацаа алддаг нь хэлбэрийн төдий зөрчил учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.
Зээл олгох гэрээний хавсралт 1-д 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 сарын 21 хүртэл зээл, хүүд сар бүрийн тогтоосон хугацаанд 729.158,15 төгрөг төлөхөөр зохигч тохиролцжээ.
2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 дугаар зээлийн гэрээний 2.2.1-д зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, мөн гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлана гэж заажээ.
Хариуцагч А.Б, Б.О нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг мэдэгдэж тэдэнд 2019 оны 09 сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлж байсан, зээлийн гэрээгээр тохиролцсон хавсралт 1-д заасан хуваарийн дагуу сар бүр төлөх зээлийг хугацаа хэтрүүлж үүргээ зөрчиж байсан нь хариуцагч А.Б-ны зээлийн дансны хуулга, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогддог бөгөөд хариуцагч нарын энэ үйлдлийг гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзаж, зээлээ буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч А.Б, Б.О нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл 10.701.930,59 төгрөг, үндсэн хүү 265.281,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.079,25 төгрөг, нотариатын төлбөр 19.000 төгрөг, нийт 10.988.291.45 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу байгуулагджээ.
Хариуцагч нар 10.988.291,45 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1-р гудамж 50 тоотод байршилтай 30 мкв талбайтай барилга, 457 м2 га газрыг албадан худалдаж, мөн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 дугаар барьцааны гэрээ, фидуцийн гэрээнд заасан хөрөнгүүдийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А.Б, Б.О нараас 10.988.291,45 /арван сая есөн зуун наян найман мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.
2. Хариуцагч нар 10.988.291.45 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйл болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 1-р гудамж 50 тоотод байршилтай 30 мкв талбайтай барилга, 457 м2 га газрыг албадан худалдаж, мөн 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 550 дугаар барьцааны гэрээ, фидуцийн гэрээнд заасан хөрөнгүүдийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйл, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.923 төгрөгөөс 190.762 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Б, Б.О нараас 190.762 төгрөг, орон нутгийн орлогоос 161 төгрөг тус тус гаргуулж Төрийн банк ХХК-д олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА