| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/268 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/268
2025 01 23 2025/ШЦТ/268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
прокурор Б.Оюунцэцэг,
шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч М.Цэндпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Ц-ийн Сд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2402000000431 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт ***** дүүргийн **** дүгээр хороо, ******* гудамжны **** дүгээр байрны **** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
****** овогт Ц-йн С /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “... Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид ТХААГ”/ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна”, 5.7 дахь хэсэгт “суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно” гэснийг зөрчиж, өөртөө 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/А3-2842, Э.Саруулбилэгт 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/А3-0946, Д.Цд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/А3-0822, С.О-т 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/А3-3709 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан авсан, мөн бусад этгээдийг худалдан авах ажиллагааны А-3 сургалтанд зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Чад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкин дахь түүний эзэмшдэг ******** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн ******** тоот дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 10 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөгийг шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Сг хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2400000000431 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар /хх-ийн 10-18-р хуудас/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 22, 23-р хуудас/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 24-28-р хуудас/,
Гэрч Ц.Б-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 82, 83-р хуудас/,
Гэрч А.О-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 85, 86-р хуудас/,
Гэрч Д.Ц-гийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 151, 152-р хуудас/,
Гэрч С.О-гийн мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 154, 155-р хуудас/,
Прокурорын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2202007160050/161 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 105-109-р хуудас/,
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202007160050/302 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 128-132-р хуудас/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан С.Ч-ын мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 137, 138-р хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн www.tender.gov.mn цахим сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 139-142-р хуудас/,
Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 148, 149-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Б.Оюунцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч Ц.С нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэг “худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг,
Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалын хавсралтын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “... Засгийн газрын худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид ТХААГ”/ суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна”, 5.7 дахь хэсэгт “суурь мэдлэг олгох цахим сургалт нь http:/surgalt.tender.gov.mn/ хаягаар зохион байгуулагдана”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын асуудал хариуцсан нэгж /цаашид “Сангийн яам” гэх/ худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах сургалтын байгууллагатай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсны үндсэн дээр худалдан авах ажиллагааны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулна”, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтооно” гэснийг зөрчиж, өөртөө 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/А3-2842, Э.Саруулбилэгт 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/А3-0946, Д.Цд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/А3-0822, С.О-т 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/А3-3709 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан авсан, мөн бусад этгээдийг худалдан авах ажиллагааны А-3 сургалтанд зохих журмын дагуу хамруулалгүй, шалгалтыг авхуулалгүй, тэнцүүлж гэрчилгээ олгуулах ашиг сонирхлын үүднээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Чад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Хаан банкин дахь түүний эзэмшдэг ******** дугаартай данс руу өөрийн эзэмшлийн ******** тоот дансаар дамжуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 10 удаагийн гүйлгээгээр 2,300,000 төгрөгийг шилжүүлж үргэлжилсэн үйлдлээр хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.Цэндпүрэв нар гэм буруугийн талаар маргахгүй гэх дүгнэлт, тайлбарыг гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтын хуулбар,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн www.tender.gov.mn цахим сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл,
Ц.Сгийн ********, ******** тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч Ц.Б-ын “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа. Энэ журамд Сангийн яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог юм. Мөн цахимаар сургалтыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол Сангийн яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.О, С.Ч гэж хоёр хүн авдаг юм. Сангийн сайдын тушаалаар бол сургалтын төлбөрийн талаар тусгайлан тогтоосон дүн байхгүй. Харин сургалтыг зохион байгуулахад гарах зардалд үндэслэн сургалтын төлбөрийг санамж бичиг байгуулсан байгууллага өөрөө тогтоодог. Миний мэдэж байгаагаар нэг хүнээс сургалтын төлбөр 90,000-110,000 төгрөгийн төлбөр авдаг, төлбөрийг байгууллагын дансаар авдаг байх гэж бодож байна. Тэгээд шалгалттай холбоотой бол ямар нэгэн төлбөр авдаггүй. Цахим систем дээр бүртгэл хөтөлж байгаа учраас ямар этгээд хэзээ, хаана болсон шалгалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гаргах боломжтой, мөн үүнийг дагаад сургалт зохион байгуулсан сургалтын байгууллага гараад ирнэ. Миний мэдэж байгаагаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн байхгүй…” гэх мэдүүлэг,
Гэрч А.О-лын “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм... Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2020 онд байгуулагдахдаа Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Тэгээд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn системийн сургалт цэсний сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессыг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан... сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Ц-ийн “...Улсын 3 дугаар эмнэлэгт ажиллахад заавал А-3 сертификаттай байх ёстой гэсэн юм. Тэгээд 2021 онд Улаанбаатар хотод тухайн үед Ковид байсан тул цахимаар бүртгүүлж, шалгалтад хамрагдаж сертификат авсан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан цахим сургалтад хамрагдсан, тэгээд шалгалтад бас цахимаар орсон. Манай сургалтын албанаас хамрагдах шаардлагатай хүмүүсийн нэрсийг өгч бүртгүүлж байсан. Надад гэрчилгээнээс өөр баримт байхгүй байна. Би гэрчилгээ олгох шалгалтыг цахим хэлбэрээр өгсөн. Эхний сургалтын төлбөрийг байгууллагаас гаргасан боловч уг шалгалтыг өгөөд тэнцээгүй юм. Тэгээд дараагийнх нь өөрсдөө сургалтын төлбөрөө төлж байсан. Ямар дансанд мөнгийг шилжүүлж байсан болохыг сайн санахгүй байна... Эхний сургалтын төлбөрөө энэ хүн рүү шилжүүлээрэй гэж байсан юм... тэгээд шалгалтдаа ороод гэрчилгээгээ аваарай гэж байсан. Миний хувьд Ч гэж хүнийг таньж мэдэхгүй, тухай үед С гэдэг хүнтэй холбогдоод тэгээд сургалтын төлбөр гэж ойлгоод л мөнгийг шилжүүлсэн юм…” гэх мэдүүлэг,
Гэрч С.О-гийн “...Би С гэдэг хүнийг таньж мэдэхгүй, тухайн үед танихгүй хүнтэй л ярьж байсан. Интернэтээс л нэг дугаар авч ярьж байсан юм. Тэгээд удахгүй сертификат нь гарчихлаа л гэж байсан. Хэн хэрхэн яаж гаргаж өгсөн болохыг мэдэхгүй байна. Надад хэлэхдээ А-3 сертификат гаргахад шаардлагатай сургалтын мөнгө л гэж хэлж байсан. Би уг нь хамрагдана гэж бодож төлбөр мөнгө өгсөн боловч хамрагдаагүй, тухайн үед танхимаар сурч чадахгүй байсан юм. Тухайн үед тэр үед онлайнаар сурч болдог гэж байсан. Тэгээд би сургалтанд суух гээд нэлээн хэдэн сар хөөцөлдсөн юм. Тэгж байтал гэрчилгээ гарчихсан…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан С.Ч-ын “...АЗ гэрчилгээтэй холбоотой л мөнгөн гүйлгээнүүд хийсэн байх аа. Миний Ц.Сгээс бусад хүмүүсийг танихгүй... С утсаар ярих эсвэл ирж уулзаад ийм ийм хүмүүс шалгалт өгч байгаа шүү гэх мэтээр хэлчихдэг байсан юм. Тухайн үед нэрийг нь мэдэж авчихдаг боловч тэмдэглэж авдаггүй байсан юм. Би өөрийн ажлын байран дээрээ байхад л гүйлгээнүүдийг хийсэн болов уу, манай ажил нь Баянзүрх дүүргийн хуучин хөдөө аж ахуйн яамны байранд байрладаг буюу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар юм…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ц.С нь хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол” гэж хахууль өгөх гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх Суурь мэдлэг олгох сургалтанд хамрагдах, тэнцсэн иргэнд А-3 гэрчилгээ олгох харилцааг Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаал болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар А-3 гэрчилгээ олгохдоо төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан иргэнээс шалгалт авч, тэнцсэн иргэнд олгохын зэрэгцээ Сангийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар тушаалаар “суурь мэдлэг олгох цахим сургалтыг үнэ төлбөргүй, харин сургалтын байгууллага сургалтын төлбөрийг сургалт зохион байгуулахад холбогдон гарах зардлыг нөхөх хэмжээгээр тогтоохоор заасан байна.
Гэтэл Ц.С нь А-3 сургалтанд зохих журмын дагуу хамрагдаагүй, шалгалт өгөлгүйгээр өөртөө 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/А3-2842, Э.С-т 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/А3-0946, Д.Ц-д 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/А3-0822, С.О-т 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/А3-3709 дугаартай гэрчилгээнүүдийг гаргуулан авсан нь өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт, түүний чиг үүрэг нь “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээг дэмжих, сургалт хариуцан гүйцэтгэх, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцах”-аар зааж, энэхүү албан тушаалыг С.Ч нь хэрэгжүүлж байхдаа Ц.Сгийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/А3-2842, Э.С-гийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/А3-0946, Д.Цгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2022/А3-0822, С.Оийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/А3-3709 дугаартай гэрчилгээнүүдийг олгох ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.С нь дээрх дугаар бүхий гэрчилгээнүүдийг шударгаар авах боломжгүй, түүнийг хялбар дөт аргаар гаргуулах зорилгоор 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд өөрийн ******** тоот дансаар С.Чын ******** тоот данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлж, түүгээр гүйцэдүүлсэн нь С.Чын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгөх гэмт хэргийн шинжийг хангасан, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.С нь бусдад төлөх төлбөргүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Ц.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.С эрүүгийн хариуцлагын талаар “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.Сгийн Б.Цэндпүрэв эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэргийн материалд авагдсан баримтыг судлаад үзэхэд шүүгдэгч нь ам бүл 5, байнгын тогтмол орлоготой, барилгын туслан гүйцэтгэгчээр ажилдаг болох нь тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгчийн тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжээр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бас байгаа гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд туслалцаа үзүүлж, түргэн шуурхай явуулахад ямар нэгэн саад учруулаагүй зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ…” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Ц-ийн Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сг нийтийн албанд ажиллах эрхийг гурав /3/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Сд оногдуулсан торгох ялыг зургаа (6) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд оногдуулсан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн материалын хамт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР