| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/284 |
| Огноо | 2025-01-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/284
2025 01 24 2025/ШЦТ/284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч Н.Ганчимэг,
хохирогч, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Я.Батханд,
хохирогч, шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Б.Балжинням нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт Ч-ын Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ****** овогт А-ын Т нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 03439 3092 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Д-ын ахлагчийн Э-ийн цагдаа дамжаанд сурдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** гудамжны ***** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,
**** овогт А-ын Т /регистрийн дугаар: *******/,
Монгол Улсын иргэн, **** оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэлжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол, **** гудамж **** дугаар байрны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн, *** дугаар хороо, **** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
**** овогт Ч-ын Х /регистрийн дугаар: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Х нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** байрны гадна хүүхдээ өмөөрөн хохирогч А.Ттай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч А.Т нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***** байрны гадна дүүгээ өмөөрөн хохирогч Ч.Хтай маргалдаж, улмаар зодож биед “зүүн нүдний алимны салст, зовхи, хацар, шанаа, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Хг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2406 03439 3092 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогч Ч.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7555 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,
Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7528 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-74-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Н.Ганчимэг шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Ч.Х нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ***** байрны гадна хүүхдээ өмөөрөн хохирогч А.Ттай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь зүүн талын хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгарал, зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
А.Т нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, *** байрны гадна дүүгээ өмөөрөн хохирогч Ч.Хтай маргалдаж, улмаар зодож биед эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч А.Т: “...2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Ч.Хтай маргалдаж эрүүл мэндэдээ хүндэвтэр гэмтэл авсан. Энэ нь миний зорилго, удаан хугацааны амьдралд нөлөөлж байгаа. Би цэргийн хүн болохоор ачаалал даах чадвар муу болсон. Хагалгаа хийсэн болохоор нүд аргаж өвддөг болсон. Надад хагалгаа хийсэн эмч 6 сарын дотор гадны биет суулгасан хэсэг мэдээ орохгүй бол цаашдаа мэдээ ороход хэцүү байх гэж хэлсэн. Цаашид нөхөн сэргээх эмчилгээг цаашид хийлгэх шаардлагатай байх тул энэ эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх хүсэлттэй байгаа...” гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд: “...Манай үйлчлүүлэгчийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч Ч.Хгаас мөрдөн шалгах ажиллагааны явцад уучлалт гуйсан байгаа. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарт сэтгэцэд учирсан хохирол, хор уршигийг тогтоогоогүй байна. Энэ талаар шүүхийн зүгээс анхаарч өгнө үү. А.Т-н хувьд нэхэмжилж байгаа бодит хохирол бол 2.995.850 төгрөг боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол, төлбөр төлөхөө илэрхийлж байгаа гэж байгаа боловч ямар байдлаар илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Мөн одоог хүртэл манай үйлчлэгчээс хүн ёсны үүднээс уучлалт гуйгаагүй байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Х: “...2024 оны 6 дугаар сард үл ойлголцлоос болж миний биед А.Тас үйлдэлтэйгээр хөнгөвтөр гэмтэл авсан. Баримтаар 200.000 гаруй төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжинням: “...Асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломжтой байсан. А.Т нь хуулийн байгууллагад ажиллах гэж байгаа, сурах гэж байгаа хүний хувьд гэмт хэрэг гаргахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан. Хуульчийн хувьд хүүхдийн хажууд танхайрч маргаан гаргасан талаар холбогдох байгууллагад хандаад явах боломжтой байсан хэдий ч маргаан үйлдсэн хүмүүс гэхэд буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул энэ талаар дурдаагүй. Мөн манай үйлчлүүлэгчийн тухайд хохирол, төлбөрөө илэрхийлж байгаа. Гэм буруутай асуудлаар маргах зүйлгүй...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч А.Т, Ч.Х нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** байрны гадна дүү болон хүүхдээ өмөөрч хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож, А.Т-н биед хүндэвтэр, Ч.Хгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь:
Хохирогч А.Т-н “...2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байрны 11 тоот гэртээ байж байхад манай дүү Ч уйлаад орж ирсэн ба яасныг асуутал гадаа хүүхэдтэй тоглож байгаад муудалцсан юм. Уг муудалцсан хүүхдийн ах нь ирж цохисон гэж хэлсэн ба би тэгэхээр нь ахтай нь уулзах гээд гартал гадаа байгаагүй тул уг хүнийг найзаар нь дамжуулж гадаа дуудуулсан ба гарч ирэхдээ ээжтэйгээ хамт гарч ирсэн. Ээж нь гарч ирснээ хэн миний хүүхдийг дуудаад байгаа юм гээд шууд орилоод эхэлсэн ба би ээжтэй нь маргалдаад би ээжид нь “танай хүүхэд чинь манай дүүг зодсон байна” гэж хэлтэл манай хүүхэд тэгдэг юм гэсэн тэгэхээр нь би тэгвэл адилхан тэгнэ гээд хүүхдийг нь гараараа нүүр хэсэг рүү түлхсэн ба нөгөө хүүхдийн ээж, нөхөр лүүгээ залгаад гадаа бид хоёрыг зодчихлоо гэсэн ба тэгээд маргаан болоод байж байтал нөхөр нь гээд нэг хүн ирснээ хэн цохисон юм гэтэл эхнэр нь намайг заатал уг танихгүй эрэгтэй шууд намайг нүүр хэсэг рүү цохисон ба бид хоёр хоорондоо зодолдсон ба зодолдож байгаад салтал намайг ална гээд хөөгөөд дахиад зам дээр зодолдоод салсан ба зам дээр зодоон болсон юм. Намайг нүүр лүү цохихоор нь би буцаагаад цохиод зодоон болсон юм...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Хгийн “... 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гадуур явж байтал оройн 19 цагийн орчим эхнэр М над руу залгасан ба “хүүхдийг чинь зодоод намайг бас зодоод байна, хүрээд ирээч” гэсэн ба би ойрхон явж байсан. Би Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** байранд гэрийнхээ үүдэнд очтол эхнэр хүүхэд болон нэг танихгүй залуу мөн эхнэртэйгээ байсан ба юу болсон бэ гэтэл энэ хүн намайг давж ирээд миний хүүг алгадаад болиоч гээд түлхэхэд эхнэр нь намайг үсдээд цохисон гэж манай эхнэр М надад хэлсэн. Би нөгөө залуугаас чи яаж байгаа юм бэ гэж асуутал “танай хүүхэд манай дүүг зодсон байна” гээд тэгсэн ба би хүүхэд болох Насанбатаас “чи хүүхэд зодсон юм уу” гэж асуутал “би зодоогүй, манай дүүг яагаад зодож байгаа юм бэ гээд гараас нь барьсан” гэж хэлсэн ба тэгээд хэрүүл болоод чи яахаараа миний эхнэр хүүхдийг цохидог юм гээд би уг залууг алгадсан чинь зөрүүлээд намайг цохиод зодоон болоод зодолдож байгаад хашааны гадаа гарч ахиж барилцаж аваад салсан юм. Салаад би гэр лүүгээ орж нүдээ харахад нүд хөхөрсөн байсан ба буцаад гараад иртэл уг залуугийн аав нь гэх хүн ирсэн байсан ба уг хүн шууд над руу дайраад байсан ба манай ээжийг доромжлоод мөн намайг ална гээд байж байтал уг зодолдсон залуу ахиж үсэрч ирээд цохисон. Манай байранд амьдардаг гэсэн тэрнээс танихгүй... нүүр хэсэг рүү цохиод байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх хэмжээний бэртэл аваагүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Ц-ийн “... манай нөхөр нөгөө хүүхдийг гараараа нүүр хэсэг рүү нь түлхээд мангадсан чинь ээж нь манай нөхрийг алгадаад би салгасан. Нөгөө эгч орилоод байснаа нөхөр лүүгээ залгаад хүрээд ир гэсэн ба нөхөр нь гаднаас машинтай орж ирээд машинаасаа буугаад хэн яагаад байгаа юм бэ гэтэл эхнэр нь манай нөхөр Т руу заатал шууд цохиод авсан юм. Тэгээд манай нөхөр, тэр ах хоёр зодолдоод гараад явсан юм. Тэгээд зодолдоод хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Мын “... доороос бацаан минь гараад ир гэж хүн орилсон ба би том хүүхдүүдээ дагуулаад гараад “чи миний хүүхдийг яагаад муухайгаар дуудаж байгаа юм” гэж асуутал “манай дүүг танай хүүхэд зодсон байна” гэж хэлсэн. Би дүүг чинь бол зодоогүй. Танай дүү харин манай хүүхдийг зодсон байна гэж хэлсэн чинь хэрүүл үүсээд... манай хүү Н тиймээ гэж хэлтэл уг залуу манай хүүхдийг алгадсан. Би “чи яагаад миний хүүхдийг цохиж байгаа юм бэ” гээд цээж рүү нь хоёр удаа гараараа түлхсэн чинь гараараа ахиад цохих гээд далайсан. Тэгэхээр нь би зөрүүлээд далайсан чинь эхнэр нь намайг үсдээд цохисон юм. Эхнэр нь тэгж байхад нөхөр нь намайг бариад байсан. Би айгаад нөхөр лүүгээ залгаад “хүүхэд болон намайг зодлоо” гэж хэлсэн чинь манай нөхөр ойрхон байж байгаад хурдан ирсэн юм... манай хүн ирээд уг залуутай муудалцаад асуудал үүсээд би сандраад тухайн үед юу болсныг сайн анзаараагүй. Нүүр лүү нь цохиод байсан юм өөр бусдыг бол санахгүй байна. Хяналтын камертай ажиллахгүй байгаа юм. Уг залуугийн эхнэр нь үсдсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, үзүүлэх шаардлагагүй. Хүүхдийг үзүүлээгүй, үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7528 дугаартай “... А.Т-н биед зүүн талын хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7555 дугаартай “... Ч.Хн биед зүүн нүдний алимны салст, зовхи, хацар, шанаа, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Т, Ч.Х нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, 18/2 байрны гадна дүү болон хүүхдээ өмөөрч хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож, А.Т-н биед хүндэвтэр, Ч.Хгийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Тодруулбал, А.Т, Ч.Х нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн буюу бусдыг цохих үйлдэл хийх нь хүний эрүүл мэндэд хор хөнөөл, сүйтгэл үүсэж болохыг урьдчилан ухамсарлан ойлгож мэдсэн, мэдсээр байж тэд үйлдлээ хэрэгжүүлсэн байна.
Тэдний үйлдлийн улмаас Ч.Хгийн биед хөнгөн зэргийн, А.Т-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Х.Цэвээнсүрэн, Ш.М нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогджээ.
Өөрөөр хэлбэл үйл баримтыг гэрчилсэн гэрч нар шүүгдэгч нарыг гэмт хэрэгт холбогдуулан зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн шүүгдэгч нар харилцан зодолдсон гэх цаг хугацаанд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл гарган, шүүх шинжилгээний байгууллагад үзүүлэн өөрсдийн учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгосон байна.
Иймд Ч.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан,
А.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч Ч.Х нь хохирол нэхэмжлээгүй ба хохирогч А.Т-н хохирлын талаарх баримтуудыг шинжлэн үзэхэд 2,898,850 төгрөг нь нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Хгаас гаргуулж, хохирогч А.Тд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Ч.Х, А.Т нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэх болон сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Хгаас хохирогч А.Т, шүүгдэгч А.Тас хохирогч Ч.Х нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч А.Т энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 3,157,560 төгрөгийг шүүгдэгч Ч.Хгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж, шүүгдэгч А.Т нь хохирогч Ч.Хгийн энэ гэмт хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 196,380 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч А.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Х нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх,
Шүүгдэгч А.Т нь эрүүгийн хариуцлагын талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оноож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг,
Шүүгдэгч А.Т-н өмгөөлөгч Я.Батханд эрүүгийн хариуцлагын талаар “...Манай үйлчлүүлэгчийн тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөр нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд байгаа учраас хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон бөгөөд ар гэрийн байдлын тухайд хоёр хүүхэдтэй, хууль хүчний байгууллагад ажиллахаар ахлагчийн курсэд сурч төгссөн. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зохимжгүй бөгөөд цагдаагийн албан хаагчийг хаана ч бэлэн бай гэх тушаалын дагуу ажилладаг тул 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.Хгийн өмгөөлөгч Н.Балжинням эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирол төлбөртэй холбоотойгоор заавал 5 хоногийн завсарлага авах эсэх нь шүүгдэгчийн эрхийн асуудал байгаа. Мөн хохирол, төлбөр нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Улсын яллагчийн хэлснээр анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзаж 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ч.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Харин шүүгдэгч А.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, хор хохирол болон хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт Ч-рын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч **** овогт А-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч А.Т-г чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Хд оногдуулсан торгох ялыг гурван (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 196,380 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хгаас 2,898,850 төгрөгийг гаргуулан хохирогч А.Тд, 3,157,560 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Хохирогч Ч.Х, А.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Хгаас хохирогч А.Т, шүүгдэгч А.Тас хохирогч Ч.Х нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х, А.Т нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР