Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01911

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01911

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагч Б.О, түүний өмгөөлөгч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие өөрийн эцэг, эхийн тодорхой хэмжээний дэмжлэг, тусламжтайгаар Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг үнийг нь төлж худалдан авч өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч уг байрны хууль ёсны өмчлөгч болсон юм. Миний бие Монгол улсдаа удаан хугацаагаар байгаагүй тул уг орон сууцанд төрсөн С.Батбаярыг өөрийн гэсэн орон сууц байхгүй, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт амьдрах газаргүй байсан болохоор түр хугацаагаар амьдрахыг зөвшөөрч байлгасан. Одоо миний дүү С.Батбаяр нь хариуцагч Б.Отай хамтран амьдрахаа болиод хөдөө амьдарч байгаа, мөн миний бие өндөр настай, архаг хууч өвчтэй эх, эцгээ Улаанбаатар хотод авчирч удаан хугадаагаар эмчилгээ сувилгаа хийлгэж асарч амьдрах шаардлага бий болоод байгаа юм. Гэтэл хариуцагч Б.О нь миний байрыг чөлөөлж өгөхгүй, харин ч өөрийн эх, төрөл садангийн хамт эзэмшин миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд хариуцагч Б.Оы хууль бус эзэмшлээс миний орон сууцыг чөлөөлж, намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.О шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2007 онд нэхэмжлэгч С.Бгийн дүү С.Батбаяртай гэр бүл болж амьдраад 2008 онд том хүү Б.Борохул, 2012 онд бага хүү Б.Эрдэнэ-Очир нарыг төрүүлсэн. Ингээд хоёр хүүгээ төрсний дараа бид 2012 оны 05 дугаар сард Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байрны  тоот байрыг худалдан авсан билээ. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард С.Батбаяр нь эхнэр хоёр хүүгээ хаяж өөр хүүхэнтэй суугаад явсан. 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Батбаяр нь өөрийн хүүхдүүдэд орон сууцны оногдох хувийг өгөхгүй байх зорилгоор орон сууцыг өөрийн төрсөн эгч С.Бгийн нэр дээр шилжүүлсэн. Энэ үл хөдлөх хөрөнгө анхнаасаа С.Бгийн өмч биш, энэ байрыг худалдаж аваагүй. Хариуцагч Б.О би хоёр хүүхдийн хамт өнөөдрийг хүртэл дурдсан орон сууцанд амьдарч байгаа. С.Б нь удаа дараа байр суллаж өг гэж дарамталж байгаа бөгөөд би хүүхдүүдийн хамтаар орох оронгүй болох дээрээ тулаад байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Од холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байршилтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд орон сууцыг бүрэн тавилгатай гэж шаардсан байх боловч шүүх хуралдаанд тавилга, эд хогшлыг нэхэмжлэхгүй гэж шаардлагаа багасгаж байна.

 

Хариуцагч Б.О нь маргаан бүхий орон сууцыг С.Батбаяртай хамтран амьдрах хугацаанд худалдаж авсан, нэхэмжлэгчийн өмчлөлийнх биш гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч С.Б нь Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ /хх-4/.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч С.Бг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба мөн хуулийн 106.3 дахь хэсэгт энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаар нэхэмжлэгч С.Б нь орон сууцны хууль бус эзэмшигчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Хариуцагч Б.О нь уг орон сууцанд нэхэмжлэгч С.Бгийн дүү С.Батбаяр болон хүүхдүүдийн хамт амьдарч байсан бөгөөд ийнхүү хамтран амьдрах хугацаанд худалдаж авсан, С.Батбаяр хүүхдүүддээ орон сууцны оногдох хувийг өгөхгүй байх зорилгоор орон сууцыг төрсөн эгч С.Бгийн нэр дээр шилжүүлсэн гэж маргаж байна.

 

Хариуцагч нь хамтран амьдрагч С.Батбаярт холбогдуулан нэхэмжлэлд дурдсан орон сууцны өөрт болох хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1934 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны дугаар тогтоолоор орон сууцыг Б.О, С.Б нарын дундын өмчид хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ /хх-23-29, 45-49/.

 

Хариуцагч талын хүсэлтээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой баримтыг бүртгэлийн байгууллагаас гаргуулсан бөгөөд нэхэмжлэгч С.Б нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр орон сууцыг С.Батбаяраас шилжүүлэн авч өмчлөгч болсон, үүнтэй хамт С.Батбаярын өмчлөх эрх дуусгавар болсон байна /хх-135-141/.

 

Түүнчлэн гэрч С.Батбаяр, Б.Сүхбаатар нар зохигчдын маргаж буй орон сууцны үнийг Б.Сүхбаатар, С.Б нар төлсөн, гэрчилгээний дагуу өмчлөгч мөн гэж шүүхэд мэдүүлсэн.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хариуцагч нь С.Батбаяртай хамтран амьдрах хугацаандаа эзэмшиж байсан болох нь нотлогдож байх боловч С.Батбаярын өмчлөх эрх дуусгавар болсон, уг орон сууц Б.О, С.Батбаяр нарын дундын өмчид хамаарахгүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, мөн орон сууцны оногдох хувийг хүүхдүүддээ өгөхгүй байх зорилгоор орон сууцыг төрсөн эгч С.Бгийн нэр дээр шилжүүлсэн гэх байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэстэй гэж дүгнэх боломжгүй.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг өөрийн дүү С.Батбаярын хүүхдүүдийг орон байраар хангах үүргийг хуулиар хүлээсэн гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагч нь хүүхдүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс эцэг С.Батбаярт нь холбогдуулан аливаа нэхэмжлэл, шаарлага гаргах эрх нээлттэй юм. Түүнчлэн С.Батбаярын гишүүнчлэлтэй Хэрлэн финанс ХЗХ-ны гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр, мөн өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, СӨХ-ны тодорхойлолт зэргийг хариуцагч шүүхэд гаргасан байх боловч нэгэнт С.Батбаярын орон сууцны өмчлөл дуусгавар болсон байх тул эдгээр баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэх үндэслэлгүй байна /хх-147-153/.

 

Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч Б.Оыг нэхэмжлэлд дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч гэж үзэх баримтгүй байх тул шүүх С.Бгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байр, тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны хариуцагч Б.Оы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА