| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0197/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/322 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/322
2025 01 28 2025/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
улсын яллагч М.Ариунцэцэг,
хохирогч З.Ж,
шүүгдэгч А.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** овогт А-н Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403 00238 3848 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “*********” ХХК-д туслах ажилтан ажлтай, ам бүл 9, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ***** гудамжны **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,
***** овогт А-тын Ө /регистрийн дугаар: *********/.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2403 00238 3848 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-13-р хуудас/,
Хохирогч З.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Гэрч Ж.О-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Гэрч Н.Э-лын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
Гэрч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Гэрч О.А-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5428 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 134 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-65-р хуудас/,
Хөрөнгө Эстимейт үнэлгээний ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үнэлгээний хураангуй тайлан /хх-ийн 136-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-88-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч М.Ариунцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгч А.Ө нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шөнийн 05 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн **** дүгээр хорооны нутаг дэвсгэр ***** тоот хашааны ойролцоо байрлуулсан ****УНА улсын дугаартай Киа 5 загварын тээврийн хэрэгсэл өнхөрч хохирогч З.Жы өмчлөлийн монгол гэрийг мөргөж улмаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.
Шүүгдэгч А.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч З.Жы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 19-ний орой гэртээ 18 цагийн үед ирээд хоол ундаа идэж уугаад ганцаараа амрахаар гэрийнхээ ертөнцийн зүгээр зүүн талд байрлах орон дээр 20 цаг өнгөрөөд унтаж амрахаар хэвтсэн юм, би шөнөдөө нэг удаа сэрж бие засдаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн үүрийн 03 цагийн орчим сэрээд гэртээ бие засчихаад буцаад хэвтсэн тэгээд хэсэг унтсан байсан цагийн санахгүй байна гэнэт “сүр” гэх чимээ гарах шиг болсон хэсэг ухаан алдсан, нэг сэрэхэд “ахаа яасан бэ гээд хажуу айлын банди байсан нэрийг нь мэдэхгүй одоо санахад Ө гэх хүүхэд байсан. Тэр хүүхэд анх намайг сэргэхэд миний хажууд байсан өөр хүн байгаагүй тэр хүүхэд удалгүй намайг өргөөд гэрлүүгээ явж байхад нь ээж нь бололтой эмэгтэй хүн өөдөөс ирээд хамт намайг өргөөд гэртээ оруулсан... Тэгээд удалгүй түргэн ирээд намайг авч яваад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн... 100,000,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгө бол гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон ажилгүй болсны улмаас нэхэмжилж байгаа төлбөр...” гэх мэдүүлэг,
Гэрч Ж.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...гэртээ ирэхэд манай гэр юу ч үгүй эвдэрч сүйрсэн байсан гэрт аав байхгүй байсан... Б надад хандаад Ө гэж эргүү юм шөнө гэртээ ирээд машинаа байрлуулаад тавьсан юм байна. Тэгсэн нөгөө машин нь өөрөө өнхөрөөд танай гэрийг мөргөсөн юм байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ амарч байхад манай нөхөр гадаа чимээ гарлаа гэж хэлсэн. Тэгээд хүү Өг гараад хараадах гэж хэлсэн... Ө гэрээс гараад байшингийн урдуур харчлаа ямар нэгэн юм алга гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаагаад гар хойшоо хараач машин тэрэг чинь хойно байгаа биздээ гэж хэлсэн. Тэгээд Ө гэрээс гараад байшингийн хойно үзсэн бололтой орж ирэхдээ ааваа машин доод айл руу өнхрөөд орчихсон байна гэж хэлээд ороод ирсэн... тэгээд буцаж гараад доод айлын Ж ахыг хөтлөөд гэрт орж ирсэн тэр үед Ж гэх хүний зүүн талын чих нь урагдсан байдалтай байсан цус гараагүй байсан. Тэгээд би 103 эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, удалгүй эмнэлэг ирээд гэмтлийн эмнэлэг орсон...
...гэрлээ засууллаа гээд тэр орой Ө машинаа бариад 00-01 цагийн хооронд гэртээ орж ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...****УНА гэх автомашин...-ыг хадам ээж, Ө хоёр нэг газарт цуг ажилладаг тухайн ажлын газрын хүнээс зээлээр авсан гэж байсан... тухайн автомашины төлбөр тооцоог Ө өөрөө цалингаасаа төлдөг...” гэх мэдүүлэг,
Гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... ****УНА гэх автомашиныг манай эхнэрийн ажлын газрын хүнээс 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар болж өдрийн 40,000 төгрөгийн цалингаа суутгуулж байхаар тохиролцоод авсан... 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр... Ө тухайн авто машины гэрэл чийдэнг засуулж тавьлаа гэж байсан. Хамгийн сүүлд Ө тухайн ****УНА улсын дугаартай автомашиныг хашаандаа байрлуулж тавьсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... тухайн ****УНА улсын дугаартай авто машиныг Ө жолоодож замын хөдөлгөөнд оролцдог... Би гэртээ ороод Ө байхгүй болохоор ээжээс хаана байгаа талаар асуухад Ө автомашины гэрэл чийдэнг засуулж байгаад одоо гэртээ ирж байна гэж хэлсэн. Хэдэн цагт машин байрлуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
М.А-ийн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... манай үйлдвэрт бэлтгэгчээр ажилладаг Ө гэх залуу ээж Э-ын хамт миний нэр дээр байдаг киа моторс үйлдвэрийн киа-5 маркийн авто машиныг хувь зээлээр авахаар болоод 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ хийж өдөр өдөр нь төлбөр хийж байхаар тохиролцсон. ****УНА улсын дугаартай автомашин одоогоор Төрийн банкны нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5428 дугаартай “З.Жы биед гавлын зүүн суурийн хөндий, суурь яс хүртэл үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн хацрын нум, хацар ясны дээд хэсэг, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн хоншоорын хөндийн урд, гадна хана, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн чихний язарсан шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал, хацарт зулгаралт” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:
А.Өгийн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* тоот хашаан дотор жолоодон байрлуулсан ****УНА улсын дугаартай Киа 5 загварын тээврийн хэрэгсэл өнхөрч, мөн хорооны **** тоотод байрлах хохирогч З.Жы монгол гэрийг мөргөж, улмаар гэрт унтаж байсан З.Жы биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах” гэмт хэргийн шинж нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаарддаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлсон байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох”-ыг дараах тохиолдолд олгохоор заасан. Үүнд “тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий насанд хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” байхыг шаардсан.
Өөрөөр хэлбэл, жолооч болоход Замын хөдөлгөөний дүрэм, шаардагдах мэргэжлийн сургалтанд хамрагдах, сургалтад хамрагдсаны үндсэн дээр шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгохоор Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14, 15 дугаар зүйлд зохилцуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтанд хамрагдан тэнцэж байгаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд болох нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст бэхжүүлэгдсэн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэтэл шүүгдэгч А.Ө нь тээврийн жолоодох эрхгүй байтлаа М.Алтантөгсөөс ****УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг төлөлтийг хэсэг хэсгээр хуваан төлөх нөхцөлтэйгөөр авч, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж, Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, ********* тоот өөрийн амьдрах хашаанд байрлуулжээ.
2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...уг зам тээврийн осол нь Баянзүрх дүүргийн **** дүгээр хороо, **** тоот хашаа... зам тээврийн осол гарсан газар уул дээр газрын гадаргуй өгсүүр, уруу байрлалтай, шороо, хуурай, үзэгдэх орчин чөлөөтэй...” гэж тусгаж, гэрэл зургаар бэхжүүлсэн. /хх-ийн 12-р хуудас/
Дээрх үйл баримт, хууль, дүрмээс үзэхэд шүүгдэгч А.Өыг тээврийн хэрэгслийг жолоодох, түүнийг байрлуулах, зогсоох, замын хөдөлгөөнд оролцуулах аливаа үйлдэл хийх эрхгүй гэж үзэхийн зэрэгцээ тэрээр тухайн үйлдлийг хийх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, үүсэх хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой” атлаа хийсэн үйлдэл гэж үзлээ.
Тодруулбал, шүүгдэгч А.Ө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж байсан атлаа мөн хугацаанаас хойш жолоодох эрх авалгүйгээр дахин тээврийн хэрэгсэл жолоодохоор ****УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, замын хөдөлгөөнд оролцуулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэйг ухамсарлаж, үүсэх үр дагаврыг мэдэж байсан байна.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч А.Өгийн ****УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан газар нь уул дээр газрын гадаргуй өгсүүр, уруу байрлалтай газар байх ба тэрээр тээврийн хэрэгслийг жолоодох, байршуулахдаа бусдад аюул учруулахгүй байх нөхцлийг хангаагүй нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтанд хамрагдаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох шалгалт өгч, үнэмлэх аваагүйгээс шалтгаант холбоо үүссэж, тээврийн хэрэгсэл нь уулын уруу өнхөрч хохирогч З.Жы монгол гэрийг мөргөж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах нөхцлийг бүрдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, А.Ө нь ****УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох, байршуулах үйлдэл хийсний улмаас тээврийн хэрэгсэл уулын уруу өнхөрч, хохирогч З.Жы биед хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” гэх шинжийг хангасан гэж үзэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон тул А.Өг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүйн улмаас гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.
Хохирогч З.Ж нь 100,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хавтаст хэрэгт бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдсон 2,094,248 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Өгаас гаргуулж, харин З.Жы 100,000,000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин хохирогч З.Ж нь сэтгэл санаа, цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа болон хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Өгаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,
“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.
Хохирогч З.Жы гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 1,038,000 төгрөгийг шүүгдэгч А.Өгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ө нь хохирол, иргэний нэхэмжлэлийг төлөх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хүсэлт гаргаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар торгох ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Ө нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцон эрүүгийн хариуцлагын талаар “... тусгайлан санал гаргаагүй...” болно.
Шүүгдэгч А.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
А.Өы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Өы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас нэмэгдэл болон торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт А-ын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр /2/ жилийн хугацаагаар хасаж, дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Өд оногдуулсан торгох ялыг нэг (1) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Өгаас 2,094,248 төгрөгийг гаргуулан хохирогч З.Жд, 1,038,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хохирогч З.Ж нь сэтгэл санаа болон цаашид энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн баримтаа, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд А.Өгаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР