2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/323

 

 

 

 

 

 2025       01          28                                   2025/ШЦТ/323

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Энхбаяр,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ***** овогт Д-ийн Ат холбогдох эрүүгийн 2306 03675 3559 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ***** оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн **** дугаар хороо, ******* дүгээр гудамжны **** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, **** дүүргийн ** дүгээр хороо, **** хотхоны **** дугаар байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,   

            **** овогт Д-гийн А /регистрийн дугаар: ******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Тгийн “Dell 35” загварын нөүтбүүкийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “түр хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч аван 1,552,000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Аыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2306 03675 3559 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БЗД1-23-1343 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Татварын ерөнхий газрын тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, Гаалын ерөнхий газрын тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-71-р хуудас/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Энхбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Д.А нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Тгийн “Dell 35” загварын 1 ширхэг нөүтбүүкийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “түр хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч аван 1,552,000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Тгийн “Dell 35” загварын нөүтбүүкийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “түр хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч аван, бусдад худалдан борлуулж 1,552,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 Хохирогч Ц.Тгийн “...2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр А над руу залгаад “ажлын цаг тулчхаад ажлаа хийх хэрэгтэй болоод 2 хоног нөүтбүүкээ хэрэглүүлээч” гэсэн. А өмнө нь надаас 2, 3 удаа нөүтбүүк аваад хугацаандаа буцаагаад өгдөг байсан тул би итгээд нөүтбүүк өгсөн. Тэр өдрөө би өөр тийшээ явах ажилтай байсан боловч А манайх руу очиж нөүтбүүкээ аваад буцаагаад хүргээд өгье гэсэн учраас орой 18 цагаас 19 цагийн хооронд Атай Прадоксын автобусны буудал дээр уулзаад манай Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** тоот гэр лүү яваад Ат нөүтбүүкээ авч өгөөд бид 2 буцаж таксидаад би **** хотхонд буусан. Тэрнээс хойш холбоо тасраад буцаж холбогдох гэхээр утас нь холбогддоггүй, чатаар холбоо барьдаг байсан. Ярих тоолонд хугацаа дандаа хойшлуулдаг байсан. 6 сарын 10-аас хойш миний нөүтбүүкийг ломбарданд тавьсныг мэдсэн. Надад ломбардад тавьсан гэж хэлсэн ба хаана байдаг ломбард болох мөн ямар шалтгаанаар тавьснаа хэлээгүй...” гэх мэдүүлэг,

Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн БЗД1-23-1343 дугаартай “...Dell G5 5510 загварын нөүтбүүк 1 ширхэг 1,552,000 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч Ц.Тгийн нөүтбүүкийг урьд 2-оос 3 удаа авч, буцаан өгсөн харилцааг ашиглан “түр хэрэглэчхээд өгье” хэмээн авч, улмаар тухайн нөүтбүүкийг бусдад худалдаж, хохирол учруулсан нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч Д.А нь өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд урьд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “түр хэрэглэчхээд өгье” хэмээн хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч, 1,552,000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч Ц.Т “надад гомдол, саналгүй, очих боломжгүй, орон нутагт ажиллаж байгаа” гэх хүсэлт /хх-ийн 85-р хуудас/-ийг гаргасан байх ба хохирогчид нөүтбүүкний үнийг төлсөн талаар шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт баримтыг гаргаж өгсөн, мөн улсын яллагч төлөгдсөн талаар давхар дүгнэлт гаргасан тул шүүгдэгч Д.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Д.Энхбаяр эрүүгийн хариуцлагын талаар: “....Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын талаар “…Хэлэх зүйлгүй…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “... учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас торгох ялыг сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч **** овогт Д-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ат оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР