2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/316

 

 

 

 

 

 

 

 

 

2025       01          28                             2025/ШЦТ/316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ****** овогт С-рын Тд холбогдох эрүүгийн 2208 03729 0197 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хэсэг ******* тоотод оршин суух,

Урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаартай магадлалаар хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/587 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/105 дугаартай шүүгчийн захирамжаар 06 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/1012 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЗ/1404 дугаартай шүүгчийн захирамжаар торгох ялыг 53 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,

****** овогт С-ын Т /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ****** тоотод оршин суух хохирогч М.С-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, монетон ээмэг, мөнгөн бугуйвч бөгжний хослол, эрэгтэй мөнгөн бөгж, жордан пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 769,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр ******* тоотод оршин суух хохирогч Л.Эын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Тг хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2208 03729 0197 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ******* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-19-р хуудас/,

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эд зүйл, барим бичиг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 22-24-р хуудас/,

Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /1-р хх-ийн 29-30, 2-р хх-ийн 30-р хуудас/,

Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /1-р хх-ийн 33-34-р хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0694 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 33-36-р хуудас/,

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 76-79-р хуудас/,

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ******* тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 96-97-р хуудас/,

Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102, 2-р хх-ийн 28-р хуудас/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлагч А.Анхбаярын илтгэх хуудас /1-р хх-ийн 104-р хуудас/,

Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн БЗД3-24-399 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 169-172-р хуудас/,

Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 176-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 120-125-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2208 03729 0197 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч О.Эрхэмбаяр шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч С.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ****** тоотод оршин суух хохирогч М.С-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч байшин дотроос монетон ээмэг, мөнгөн бугуйвч бөгжний хослол, эрэгтэй мөнгөн бөгж, жордан пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 769,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр ***** тоотод оршин суух хохирогч Л.Эын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах…” дүгнэлтийг,

 

Шүүгдэгч С.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,

 

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ц.Мандал шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх байрь суурьнаас оролцож байгаа...” гэж тус тус гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***** тоот хохирогч М.С-н эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалтай байшингийн цонхоор нэвтэрч, 769,000 төгрөгийн үнэ бүхий монетон ээмэг, мөнгөн бугуйвч бөгжний хослол, эрэгтэй мөнгөн бөгж, жордан пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

Мөн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ****** тоот хохирогч Л.Эын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ***** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

М.С-н хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 07 цаг 55 минутанд бага хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан... орой 19 цаг 30 минутын орчимд гэртээ ирэхэд манай том хүү М “та хэд цонхоо хаахгүй яасан юм бэ” гэж хэлэхээр нь гайхаад эд зүйлээ бүртгэж үзэхэд монетон ээмэг, мөнгөн бугуйвч, бөгжтэй хослол, эрэгтэй мөнгөн бөгж, 37 размерын жордангийн хар өнгийн пүүз алга болсон байхаар нь би нөхөртөө хэлээд цагдаад дуудлага өгсөн...

... манайхаас алдагдсан хос монетон ээмэг нь нийт 4,4 грамм жинтэй 585 сорьцтой унждаг, унжуурган дээрээ эрвээхэйний шигтгээтэй байсан. Мөнгөн бугуйвч, мөнгөн бөгжний хослол, эрэгтэй мөнгөн бөгж зэргийн грамм, сорьцийг би мэдэхгүй, 37 размерийн пүүз Жордан 11 брендийн пүүз байсан бөгөөд огт өмсөөгүй сандэй худалдааны төвөөс 2022 оны 10 дугаар сарын сүүлээр 130,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би *** ХХК-д зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Ломбардны нэгдсэн Procridetor мэдээллийн санд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,4 грамтай монетон ээмэг 330,000 төгрөгт барьцаанд тавьсан байна...” гэх мэдүүлэг,

“А” ХХК-нд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,4 грамм монетон ээмэг 1 ширхэгийг 330,000 төгрөгөөр С.Т /регистрийн дугаар: *******/ барьцаанд тавьсан талаарх баримт /1-р хх-25-р хуудас/,  

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 0694 дугаартай “...нийт хохирлын дүн 769,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан,

Хохирогч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн **-р хороо ******* тоотод эхнэр Т.Ш-ийн хамт унтаж байхад шөнө 00 цагийн үед эхнэр гэрт хүн ороод ирсэн байна гээд дуудаж сэрээсэн. Тэгсэн манай унтлагын өрөөний үүдэнд дээгүүрээ шар өнгийн куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай, шар намхан 20 орчим насны залуу байхаар нь бариад авсан чинь тухайн залуу манай эхнэрийн хар өнгийн цүнхийг үүрчихсэн байхаар нь цүнхээ аваад үзсэн чинь дотор нь 5 ширхэг мөнгөн аяга, эхнэр бид хоёрын бичиг баримтууд байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч О.Б-ийн “...Би 2023 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны шилжих шөнө өөрийн эрхэлдэг ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр жижүүрийн ахлах мөрдөгч О хулгайн дуудлага байна, эргүүлийн цагдаа нар ачаалалтай байгаад байна. А та 2 очоод үзээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед цагдаагийн ахлагч цолтой байсан Анхбаяртай тухайн дуудлагын дагуу хэлтсээс 100 метр зайд байрлах дуудлага өгсөн хаяган дээр очтол гэрийнхээ үүдэнд нэг эмэгтэй хүн бид 2-г тосож авсан. Тэгээд хашаанд нь ортол тухайн эмэгтэй түүний нөхөр нь гэх хүн байшингийхаа үүд хэсэгт эрэгтэй хүн суулгасан байдалтай байж байсан. Тэгэхэд энэ хүн гэрээс 5 ширхэг мөнгөн аяга хулгайлах гэж байгаад баригдлаа гэж байсан. Тэгэхээр нь тухайн сэжигтэй этгээдийг хэлтсийн төв байран дээр авч ирсэн. Жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Өөр ямар нэгэн үйл явдал болоогүй...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч С.Т нь хохирогч М.С-н гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан, хохирогч Л.Эын гэрт нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тодруулбал, шүүгдэгч С.Т 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Л.Эын гэрт нэвтрэн орж, эд зүйл авч байх явцад гэрт унтаж, амарч байсан Л.Э сэрж, түүнийг үйлдлийг таслан зогсоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэх шинжийг хангажээ.

 

Шүүгдэгч С.Т хохирогч Л.Эын гэрээс хулгайлах гэмт хэрэг үйлдэхээс өмнөх цаг хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч М.С-н гэрт нэвтрэн орж, 769,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлан авч, эд хөрөнгийг “А” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьсан нь эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас хохирол учирч, гэмт хэрэг төгссөн байна.

 

Харин прокурор 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2208037290197 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор хохирогч М.С-н эд хөрөнгө хулгайд алдсан үйлдэлд шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгосон /1-р хх-ийн 60-62-р хуудас/,

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2306059080911 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор хохирогч Л.Эын эд хөрөнгийг хулгайлах гэж байсныг таслан зогсоосон үйлдэлд шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгосон /1-р хх-ийн 153-154-р хуудас/,

 

Хэргүүдийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор нэгтгэж /1-р хх-ийн 86-87-р хуудас/ 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 689А дугаартай яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч М.С, Л.Э нарын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хамтад, нэг журамласан хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг зүйл хэсэг, заалтад заасан гэмт хэргийг дахин үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх буюу нэг төрлийн хоёр үйлдлийг тус бүрд нь зүйлчлэх шаардлагагүй бөгөөд тухайн гэмт хэрэг төгссөн, завдсанаас үл хамаарч аль хүнд ялтай зүйл, хэсэг, заалтад багтаан зүйлчлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нийцэхээс гадна хуулийн шаардлага хангагдах болно.

 

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч С.Тгийн үйлдсэн 2 удаагийн хулгайлах гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан боловч хоорондоо харилцан хамааралгүй, өөр өөр цаг хугацаа болон орон зайд үйлдэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “давтан” үйлдсэнийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул шүүгдэгч С.Т нь нэр бүхий 2 хохирогчийн эд хөрөнгийг хулгайлсан, завдсан гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.

 

Шүүгдэгч С.Т нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авчээ.

 

Иймд шүүгдэгч С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хүн байнга амьдрах  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Хохирогч М.С-н монетон ээмэг, мөнгөн бугуйвч бөгжний хослол, эрэгтэй мөнгөн бөгж, жордан пүүз зэргийг нийт 769,000 төгрөгөөр үнэлж, хэргийн оролцогч нар хүлээн зөвшөөрч маргаагүй байх ба уг хохирлыг шүүгдэгч С.Тгээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэж, хохирогч Л.Эад хохирол учраагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч О.Эрхэмбаяр эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүх шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” тухай дүгнэлтийг.

 

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагын талаар “... хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Тгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Тгийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28 хүртэл цагдан хоригдсон нийт 216 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***** овогт С-ын Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогт С-ын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Тг хоёр /2/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тгийн цагдан хоригдсон 216 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тгээс 769,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Сд олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Т нь хохирогч Л.Эад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР