2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/334

 

 

 

 

 

 

 

 

2025       01          30                                    2025/ШЦТ/334

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Д.Оюунгэрэл,

хохирогч, шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв,

хохирогч, шүүгдэгч О.Тү, түүний өмгөөлөгч А.Гантуяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Тыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Тү нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2406033543440 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, **** оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** их сургуульд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ***** аймгийн ***** сумын *** дугаар баг ***** 1 хэсэг * брак гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            ***** овогт О-ын Тү /регистрийн дугаар: *********/

 

            Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***** их сургуульд суралцдаг, ам бүл 6, эцэг, эх нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ****** хотхоны *** дугаар байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

            ****** овогт П-мын Т /регистрийн дугаар: *******/,   

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч О.Тү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө урьд дотно харилцаатай байсан Б.Бгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дугаар байрны ****** тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан,

            Мөн хохирогч Б.Бг хардаж өөр хүнтэй хамт унтаж байна гэж шалтаглан, хохирогч П.Тыг орон дээр хэвтэж байхад нь түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа нүүр хэсэгт цохих, мөн түүний бэлэг эрхтнийг базах зэргээр зодож, биед төмсөг, хуухнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа нүүр, толгой, цээж хэсэгт удаа дараа цохиж зодон биед хамар ясны хугарал, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, чих хамарсан, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

            Тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бгийн эзэмшлийн Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг газар шидэж, дээрээс нь дэвсэж дахин ашиглах боломжгүй болгон устгасны улмаас хохирогчид 1,744,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч П.Т нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны ****** тоотод хохирогч О.Түтай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт цохиж зодон биед зүүн чамархайн хуйханд шарх, дух, зүүн доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, баруун гарын ядам, чигчий хуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, зүүн эгэм, цээж зүүн сарвуу, дунд, ядам, чигчий хуруу, зүүн дал, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, О.Түыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2406033543440 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 85-р хуудас/,

Хохирогчоор П.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Хохирогчоор О.Түын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7169 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12364 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-24-1423 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-57-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.Оюунгэрэл шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “... Шүүгдэгч О.Тү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө урьд дотно харилцаатай байсан Б.Бгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны ***** тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан,

            Мөн хохирогч Б.Бг хардаж өөр хүнтэй хамт унтаж байна гэж шалтаглан, хохирогч П.Тыг орон дээр хэвтэж байхад нь түүний эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа нүүр хэсэгт цохих, мөн түүний бэлэг эрхтнийг базах зэргээр зодож, биед төмсөг, хуухнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж, гараараа нүүр, толгой, цээж хэсэгт удаа дараа цохиж зодон биед хамар ясны хугарал, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, чих хамарсан, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,

            Тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бгийн эзэмшлийн Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг газар шидэж, дээрээс нь дэвсэж дахин ашиглах боломжгүй болгон устгасны улмаас хохирогчид 1,744,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч П.Т нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоотод хохирогч О.Түтай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт цохиж зодон биед зүүн чамархайн хуйханд шарх, дух, зүүн доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, баруун гарын ядам, чигчий хуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, зүүн эгэм, цээж зүүн сарвуу, дунд, ядам, чигчий хуруу, зүүн дал, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Түыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг, шүүгдэгч П.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч П.Т “...Би 2024 оны 4 дүгээр сараас Бтай үерхэж эхэлсэн. Тухайн үед Бтай хонох гээд гэрт нь хамт очсон. Тэгээд шөнө 3,4 цагийн үед танихгүй хүн хаалга онгойлгоод зогсож байсан. Тэгээд ийм зүйл болсон...” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч П.Тын өмгөөлөгч Б.Одонпүрэв “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй байгаа. Хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс болж ийм хэрэг болсон гэж үзэж байна. Шүүгдэгч О.Тү нь тухайн байранд нэвтэрч ороогүй бол ийм хэрэг болохгүй байсан. Шүүгдэгч О.Түын үйлдлээс болоод П.Т нь биед нь хөнгөн хохирол учруулсан байж болох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хавтаст хэргийн 35 дугаар талд гэрчийн мэдүүлэг авагдсан байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдыг аргагүй хамгаалалтыг хэтрүүлэн хэрэглэсэн. Өөр арга замаар саатуулах боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ажил эрхлээгүй. Хохирол төлбөрийн тухайд эм тан хэргэлсэн бариа засал хийлгэсэн талаарх баримтууд хэрэгт байгаа. Тэр бүхнийг нарийн тооцоогүй. Тухайн үеийн гэмтлээс болоод ажлаасаа гарсан. Ажилгүй байх хугацааны хохирлыг нэхэмжилж байгаа. Эрүүл мэндийн датагалын санд учирсан хохирлыг төлсөн баримтын хувьд авч ирж амжаагүй. Бид хоёр тухтай уулзах боломж олдоогүй байгаа...” гэв.

 

Шүүгдэгч О.Тү “...Би Бтай 2022 оны 11 сараас үерхэж эхэлсэн. Хамтдаа амьдардаг байсан. 2024 оны 5 сард бид хоёр муудаад тусдаа байсан. Тухайн үед би найз нөхдийндөө хонодог байсан. Би Бгаас уучлалт гуйж нийлэх гэж үздэг байсан. Найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчхээд тэр байранд хонохоор очоод тийм зүйл болсон...” гэв.

 

Хохирогч, шүүгдэгч О.Түын өмгөөлөгч А.Гантуяа “...Миний үйлчлүүлэгчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бг өөр хүнтэй унтаж байхад нь уур нь хүрч ийм зүйл хийсэн байгаа. Б Тү нар нь урьд нь хамт амьдарч байсан. Иймд бусдын орон байранд нэвтэрсэн гэдэг зүйл ангийг анхаарч үзнэ үү. Хамтран амьдардаг байхдаа тухайн байранд ордог байсан. Бусад зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Хоёр хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч Бгийн хохирлыг төлсөн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариулагаас чөлөөлж болохоор заасан...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... өчигдөр Т манайд 3 цагийн үед ирээд өглөө эрт ажилтай тул манайд хоноод явахаар болсон бөгөөд үүрээр 05 цагийн үед миний өмнө үерхэж байсан найз залуу болох Тү манай хаалгыг гадаа түлхүүр тавьдаг газраа үлдээсэн байсан түлхүүрээр онгойлгоод орж ирээд Т, Тү хоёр цохилцож авсан. Тэгээд Тыг би явчих гэж хэлээд удалгүй явуулсан бөгөөд Т намайг хэл амаар доромжилж гараараа миний нүүр толгой цээж нуруу гар бараг биеийн бүх хэсэгт гараа зангидаж байгаад цохисон бас миний зүүн гуяны дотор талаас шүдээрээ нэг хазсан тэгээд би зугтаад гарсан...

...Тү манай 2023 оны 10 сард РС молл худалдааны төвөөс авсан Toshiba 55 инчийн зурагтыг газар шидэж дээрээс нь хөлөөрөө дэвсэж өшиглөсний улмаас ямар ч ажилгаагүй болгоод хаячихсан...” гэх мэдүүлэг,

Хохирогчоор П.Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Бтай 2024 оны 4 сард танилцаж үерхэж байгаа бөгөөд үерхэж байхдаа өмнө нь Тү гэх хүнтэй хамтран амьдарч байсан гэж хэлж байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 04-05 цагийн хооронд Б бид хоёрыг хамт унтаж байхад Тү гаднаас орж ирээд шууд над руу чиглэж ирээд миний нүүр хэсэгт цохих гэхээр нь би бултаад түлхсэн чинь дахиж, дайраад миний нүүр хэсэгт 1 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохиход буйдан дээр унасан. Тэгэхээр нь би дээр нь гараад нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Тү миний эрүүний доод хэсэгт эрхий хуруугаараа маажсан. Тэгэхээр нь би гарыг нь цохиулж болиулаад хоёулаа гарч байгаад учраа ольё гэсэн чинь ямар ч болих шинжгүй шууд миний бэлэг эрхтнээс гараараа чанга базаад тавихгүй байсан ба би арай гэж тавиулаад маш их өвдсөн тул тонгойгоод сууж байтал Тү Б руу дайрч газар унагаж байсан би энэ хооронд ариун цэврийн өрөө орчихоод буцаад гараад иртэл Тү Бгийн дээр суучихсан нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж байхаар нь би очоод Түын араас нь татаад босгож ирэхэд миний зүүн шанаа хэсэгт тохойгоороо цохихоор нь би зөрүүлж 1 удаа нүүр хэсэгт нь цохиод баруун мөр хэсэгт нь 1 удаа цохисон. Энэ үед хажуу өрөөг түрээслэдэг Х гэх эгч над руу хандаж, чи явчихаа гэхээр нь би гараад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад... тухайн байранд 50 орчим насны эмэгтэй байсан ба хажуу өрөөний гэх эмэгтэй 20 настай эмэгтэй, 20 орчим насны эрэгтэй нийт 3 хүн байсан. Юу болсон талаар асууж тодруулахад О.Тү гэх эрэгтэй “манай найз охин өөр эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Намайг араар тавьсан. Тэгээд би уурлаад хэрүүл маргаан үүсгэж гэрийн эд зүйлийг эвдэлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7169 дугаартай “...Б.Бн биед хамар ясны хугарал, дух, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн хацар, чих хамарсан, дээд доод уруулын дотор салст, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 12364 дугаартай “...П.Тын биед төмсөг, хуухнагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-24-1423 дугаартай “... Toshiba брэндийн 55 инчийн зурагт 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн зах зээлийн үнэлгээ 1,744,000 төгрөг...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч О.Тү нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар байрны ******* тоотод Б.Б, П.Т нар хамт байсан үйлдэлд “дотно харилцаатай байсан Б.Бг хуурлаа, өөр хүнтэй унтлаа” гэх зүйлээр шалтаглан тэдний биед халдан хохирогч П.Тын биед “төмсөг, хуухнагт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг, хохирогч Б.Бгийн биед “хамар ясны хугарал, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн хацар, чих хамарсан, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, баруун, зүүн бугалга, зүүн гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан,

Тухайн цаг хугацаанд хохирогч Б.Бгийн эзэмшлийн Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг газар шидэж, дээрээс нь дэвсэж дахин ашиглах боломжгүй болгон 1,744,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, эдгээр нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна гэж үзлээ.

Тодруулах нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг Эрүүгийн хуульд тодорхойлсон.

 

Шүүгдэгч О.Тү нь “дотно харилцаатай байсан Б.Бг хуурлаа, өөр хүнтэй унтлаа” гэх зүйлээр шалтаглан хохирогч Б.Б, П.Т нарын биед халдсан, тухайн цаг хугацааны дараа хохирогч Б.Бн Toshiba брэндийн 55 инчийн зурагтыг газар шидэх, дээрээс нь дэвсэж ашиглагдах боломжгүй болгосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн болно.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Б, П.Т нар 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр О.Түын халдсан үйлдлийн улмаас өөрсдийн биед учирсан гэмтэл, хохирлыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчээр дүгнэлт гаргуулахад, тэдний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, мөн Б.Бгийн Toshiba брэндийн 55 инчийн зурагт ашиглах боломжгүй болгосны улмаас 1,744,000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч О.Түын хохирогч нарын биед халдсан, эд хөрөнгийг газар шидэх, дэвсэх үйлдлээс учирчээ.

 

Энэ нь нийгэмд аюултай шинж болох Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, эрх, ашиг сонирхолд бодитой хохирол учирсан, О.Тү нь өөрийн эдгээр хийж буй үйлдэл нь нийгэмд хортой, үйлдлийн шинж чанарыг ухамсарлан ойлгосон байх ба үйлдэл, эс үйлдэхүй хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо бий болжээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Түт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

            О.Түын хохирогчоор өгсөн “...Б.Б гараад явсан. Би уур хүрээд хананд зурагт байсныг гараараа татаад шалан дээр унагаад хөлөөрөө тэвсэж байгаад 00 өрөө ороод байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлгээр нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах, эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж төгсний дараа эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлах шаардлагагүй гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйл буюу хоёр ба түүнээс дээш тооны гэмт хэргүүдийг нэг удаагийн үйлдлээр /нэг амьсгаагаар, нэг цаг үед/ үйлдсэн байх явдал юм.

 

            Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Түыг 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө урьд дотно харилцаатай байсан Б.Бгийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны **** тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзлээ.

 

            Учир нь, хохирогч Б.Бгийн “... үүрээр 05 цагийн үед миний өмнө үерхэж байсан найз залуу болох Тү манай хаалгыг гадаа түлхүүр тавьдаг газраа үлдээсэн байсан түлхүүрээр онгойлгоод орж ирсэн... Түтай 2023 оны 06 сараас 2024 оны 4 сар хүртэл хамтран амьдарсан... 4 сараас хойш хэрүүл үүсээд тусдаа амьдарцгааж эхэлсэн  байсан гэхдээ Тү нь надаас салахгүй холбоо барихыг хичээгээд байдаг байсан ба гэрт болон ажил дээр ирдэг байсан...” гэх, П.Тын хохирогчоор өгсөн “... Бтай 2024 оны 4 сард танилцаж үерхэж байгаа бөгөөд үерхэж байхдаа өмнө нь Тү гэх хүнтэй хамтран амьдарч байсан гэж хэлж байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 04-05 цагийн хооронд Б бид хоёрыг хамт унтаж байхад Тү гаднаас орж ирсэн...” гэх, гэрч Х.Э-ийн “... Юу болсон талаар асууж тодруулахад О.Тү гэх эрэгтэй “манай найз охин өөр эрэгтэй хүнтэй хамт байж байсан. Намайг араар тавьсан... гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, О.Түын хохирогчоор өгсөн “...би 2022 оны 11 сараас эхэлж Б гэх охинтой үерхэж хэлсэн бөгөөд 2023 оны 06 сараас 2024 оны 4 сарын 20 хүртэл Баянзүрх дүүргийн ** дугаар хороо **** тоотод хамт амьдарсан...” гэх мэдүүлгүүдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олсон авсан, мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, эх сурвалжаа зааж нотолсон, ач холбогдолтой байх тул нотлох баримтаар тус тус үнэлэв.

 

            Дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд, Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** дугаар байрны ********* тоотод О.Тү, Б.Б нар нь тодорхой цаг хугацаанд хамт амьдарч байсан, энэхүү байрны өрөөг тодорхой оршин суугч нар хэсэг хэсгээр түрээслэн оршин суудаг байх ба дотогш нэвтрэх, гарах хаалганы түлхүүрийг нийт оршин суугч нарын дунд, бусад этгээдээс нууцалсан газар байршуулж, улмаар тухайн түлхүүрийг хэн аль нь мэддэг, ашигладаг үйл баримт тогтоогдлоо.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн  11/ “… гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ…”; 13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй… орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;” гэж тус тус Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан билээ.

           

            Шүүгдэгч О.Тү, Б.Б нар нь хуулиар тогтоосон насанд хүрсэн, тэд гэр бүлийн харилцаанд сайн дурын үндсэн дээр оролцож, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** дугаар байрны ******** тоотод хамт амьдарч, уг байранд хэн нэгний зөвшөөрлөөр бус нэвтрэх эрхтэй этгээдүүд байсан байна.

 

            Хохирогч Б.Б нь О.Түаас 2024 оны 4 сараас эхлэн тусдаа амьдарсан гэх цаг хугацаанаас эхлэн хэрэг учрал болсон гэх 2024 оны 5 сарын 27-ны өдрийн хооронд 1 сар гаран орчим хугацаа тоологдож, тэрхүү цаг хугацаанд буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, **** дугаар байрны **** тоотыг түрээслэн оршин суугч нараас О.Түыг оруулахыг хязгаарласан, хориглоогүй, дундын түлхүүрийг О.Тү нь мэдэх, түүгээр нэвтрэн орж байсан, орсон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн харилцааны улмаас нэвтрэн орсон гэж үзэв.

 

            Нөгөөтэйгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг…” гэж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг…” гэж тус тус заасан тул Б.Б, О.Тү нарыг хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд байсан гэж үзнэ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинж нь “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан” үйлдлийн шинжээр тодорхойлогдох тул шүүгдэгч О.Түын хувьд гэр бүлийн харилцаа үүсгэн Б.Бгийн хамт түрээслэн оршин сууж байсан орон байрыг “бусдын орон байр” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

           

            Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Т нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө Баянзүрх дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дугаар байрны ******** тоотод хохирогч О.Түтай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газарт цохиж зодон биед зүүн чамархайн хуйханд шарх, дух, зүүн доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, баруун гарын ядам, чигчий хуруунд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын дотор салст, хүзүү, зүүн эгэм, цээж зүүн сарвуу, дунд, ядам, чигчий хуруу, зүүн дал, зүүн бугалга, шуу, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэж үзлээ.

 

Ийнхүү үзэхдээ, хохирогч Б.Бгийн “... Тү гаднаас орж ирээд Т бид хоёрыг хамт унтаж байгааг хараад уурлаад шууд л дайраад эхэлсэн ба тэр хоёр барьцалдаж байгаад бие биенийгээ хэд хэдэн удаа цохилцож байгаад би дундуур нь орж салгаад дахиж тэр хоёр барьцалдаад дахин цохилцсон...” гэсэн мэдүүлэг, П.Тын хохирогчоор өгсөн “... Б бид хоёрыг хамт унтаж байхад Тү гаднаас орж ирээд шууд над руу чиглэж ирээд миний нүүр хэсэгт цохих гэхээр нь би бултаад түлхсэн чинь дахиж, дайраад миний нүүр хэсэгт 1 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь 1 удаа цохиход буйдан дээр унасан. Тэгэхээр нь би дээр нь гараад нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохисон... Тү Бгийн дээр суучихсан нүүр толгой хэсэг рүү нь гараараа цохиж байхаар нь би очоод Түын араас нь татаад босгож ирэхэд миний зүүн шанаа хэсэгт тохойгоороо цохихоор нь би зөрүүлж 1 удаа нүүр хэсэгт нь цохиод баруун мөр хэсэгт нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, О.Түын хохирогчоор өгсөн “...Б.Б өөр эрэгтэй хүнтэй хамт хэвтэж байхаар нь миний уур хүрээд Тын... нүүр хэсэгт цохиод авсан намайг Т хариу эргүүлээд миний нүүр хэсэгт цохиод авсан...” гэсэн мэдүүлгүүдийг үнэлэв.

 

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан өөрийн болон бусад хүмүүсийн “амьд явах, халдашгүй чөлөөтэй байх... болон бусад эрхээ эдлэх”, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах, хөндлөнгийн хэн боловч дур мэдэн халдаж болохгүй туйлын эрхийг хамгаалсан чухал ач холбогдолтой гэмт хэргийн шинжийг үгүйсгэх хуулийн тодорхойлолт.

 

Энэ шинж нь өөрийн бусдын амь биед аюултай хүч хэрэглэсэн халдлага нь амь насыг хохироох, бие махбодид хохирол учруулах зорилгоор халдагч этгээдийн зүгээс явуулж буй аюултай, хууль зөрчсөн, ил буюу далд, нэн даруй хохирол учруулах шинжтэй хүч хэрэглэсэн дотолгоон, үйлдлийн эсрэг хийгдэх үйлдэл юм.

 

Дээрх үнэлсэн нотлох баримтуудаар П.Т нь О.Түыг гаднаас орж ирэн шууд түүний нүүр хэсэгт цохиход нь зөрүүлэн цохисон... мөн О.Тү нь Б.Бгийн дээр суучихсан нүүр толгой хэсэг рүү нь цохих үйлдлийг таслан зогсоох явцад түүний зүүн шанаа хэсэгт цохих үед О.Түын биед тус тус халдаж, О.Түын өөрийн болон бусдын биед халдаж бие үйлдлийг таслан зогсоох явцад хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7115 дугаартай дүгнэлтээр О.Түын биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирол нь О.Түын дээрх довтолгоонуудын эсрэг хийсэн П.Тын үйлдлийн улмаас учирчээ.

 

О.Түын хүний биед халдаж буй үйлдэл нь бодитой, заналхийлсэн, үргэлжилсэн шинжтэй байх ба тэрхүү үйлдэл хийгдэж байх явцад П.Т нь хохирол учруулсан нь өөрийн, бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн үйлдэл болохын зэрэгцээ Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 7115 дугаартай дүгнэлтэд тусгагдсан О.Түын биед “... баруун гарын ядам, чигчий хуруунд зулгаралт,... зүүн сарвуу, дунд, ядам, чигчий хуруу... цус хуралт” бүхий үүссэн гэмтэл зэрэг нь О.Түын өөрийн бусад руу халдсан үйлдлээс үүсч, уг занилхийлэл, довтолгоон нь бодитой хэрэгжиж байсныг давхар нотолсон гэж дүгнэллээ.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Хохирогч Б.Б хавтаст хэргийн 77 дугаар хуудаст /миний бие Түт холбогдох хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт гаргаж, хохирлын талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж, хохирол нэхэмжлээгүй, мөн сэтгэл санааны хохирлыг баримтаар хүлээн зөвшөөрсөн байх боловч түүний сэтгэцэд хор хохирол учирсан гэж үзэх баримт байхгүй байх тул шүүгдэгч О.Түыг хохирогч Б.Бд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Мөн хохирогч П.Т “Адам” эрэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн 105,500 төгрөгийг баримтаар, энэ гэмт хэргийн улмаас “МКС” ХХК-иас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж, “ХХ” ХХК-нд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр агуулахын бэлтгэгчээр томилогдох хоорондох хугацааны цалин 9,600,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас баримтаар нэхэмжилсэн 105,500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.Түаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.

 

Тодруулбал, “МКС” ХХК-иас П.Ттай 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан “харилцан тохиролцож, ажилтны санаачлагаар” гэх үндэслэлээр цуцалсан нь энэ гэмт хэргийн улмаас ажилгүй болсон гэж үзэх боломжгүй байна.  

 

Харин хохирогч Б.Б, П.Т нар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэсэн, сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд О.Түаас нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч П.Тын баримтаар нэхэмжилсэн 105,500 төгрөгийг, Б.Б, П.Т нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 399,444 төгрөгийг тус санд шүүгдэгч О.Тү нь төлсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч “... Шүүгдэгч О.Түт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 902 нэгж буюу 902,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч О.Тү “...Үйлдсэн гэм буруугаа хүлээн  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

            Шүүгдэгч О.Түын өмгөөлөгч А.Гантуяа “...хуульд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч О.Түт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “…дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ…” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч О.Түын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагуудаас торгох ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч О.Түт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “... учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Тү, П.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Тү, П.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт О-рын Түт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***** овогт П-ын Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ***** овогт О-рын Түыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч О.Түт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600,000 төгрөгөөр торгохоор ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Түт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг нэг мянга таван зуун нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Түт оногдуулсан торгох ялыг гурав (3) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тү нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Тү, П.Т нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.Тү бусдад төлөх төлбөргүй, О.Тү нь хохирогчоор хохирол нэхэмжлээгүй болохыг, мөн П.Тын баримтаар нэхэмжилсэн 105,500 төгрөгийг, Б.Б, П.Т нарын Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан 399,444 төгрөгийг тус санд шүүгдэгч О.Тү нь төлснийг тус тус дурдсугай.

8. Хохирогч Б.Б, П.Т нар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон энэ гэмт хэргийн улмаас цаашид хийлгэх эмчилгээний баримт, сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа тус тус бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд О.Түаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тү, П.Т нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР