| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 151/2018/01312/И |
| Дугаар | 223/МА2019/0007 |
| Огноо | 2019-03-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 223/МА2019/0007
| 2019 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 223/МА2019/00007 |
Б.Б-н нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч Төв аймаг ТХэлтэстхолбогдох,
“2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2019 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батбаяр, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.Амгалан, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хэлтэст жолоочоор ажиллаж байгаад З.Амгалан дарга ажилд томилогдож ирээд 2018 оны 5 сараас жижүүрээр ажиллуулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хэлтсийн дарга З.Амгалан жижүүр хийж байхад 17.30 цагийн үед чамайг чөлөөлж байна гээд дараагийн жижүүрийг дуудан ажил авсан. Миний хувьд алдаа дутагдал гаргаж сахилгын зөрчил авагдаж байгаагүй учраас яагаад халагдах болсон шалтгааныг нь ч ойлголгүй ажлаа өгсөн. Маш их гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээг анх жолоочоор ажилд орохдоо байгуулсан, жижүүрээр шилжүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тушаалыг нь ч танилцуулаагүй. Хууль бусаар үндэслэлгүй ажлаасаа халагдсанд гомдолтой байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өнгө үү.” гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2015 онд анх Төв аймгийн Татварын хэлтсийн даргаар ирсэн. Ажиллаж байх хугацаандаа жолооч ажлуулж байгаагүй. Яагаад гэвэл жолооч өдөр бүр хөдөө орон нутагт явдаггүй. Нэгэнт жолоочийн хэрэг байхгүй тул 8 цаг юу хийх вэ. Тийм учраас жолоочийн орон тоон дээр татварын мөнгө хураагч ажлуулж байсан. Энэ талаараа даргын зөвлөлийн хурлаар оруулж байсан. Ингээд Б.Б-г жолоочоор бус жижүүрээр 3 сарын хугацаагаар томилсон. Энэ нь төсвийн хөрөнгийг үр дүнтэй хэмнэх үүднээс ийм шийдвэр гаргасан гэж бодож байна. Ингээд Б.Б-н хувийн амьдралын байдлыг харгалзаад улмаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр түүнийг жижүүрээр ажлуулсан. Ингээд Б.Б нь жижүүрээр ажиллаж байх хугацаандаа ажилдаа ирсэн хүнийг ирээгүй гэх, ирээгүй хүнийг ирсэн гэх байдлаар ажилдаа хайнга хариуцлагагүй ажиллаж байсан. Энэ хүнд энэ талаар удаа дараа хэлж байсан. Миний бие ажлын байрандаа гэнэтийн шалгалт хийхэд тухайн өдөр Б.Б гэх хүн ажлын байрандаа байгаагүй. Бүтэн 1 цагийн хугацаатай алга болсон. Үүнийг утсанд бичлэг хийх байдлаар баталгаажуулсан. Ийм учраас түүнийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Б-г Төв аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 1.514.030 /нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймаг ТХэлтэст даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.Амгалан гаргасан давж заалдах гомдолдоо: ... анхан шатны шүүхийн ... шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Тус хэлтэст Б.Б нь 2016 оны 12 сарын 15-ны өдрөөс жолоочоор ажиллаж байсан бөгөөд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр түүнтэй 2018 оны 05 сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу жижүүрийн ажлын байранд ажиллах болсон. Ийнхүү жижүүрээр ажиллуулсантай холбогдуулан тэрээр өөр ажилд буруу шилжүүлсэн гэх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор харьяалах газарт нь хандаж шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд гэнэт ажиллуулсан мэтээр шүүхэд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Б нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жижүүрийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан бөгөөд тэрээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ ажлын байраа эзэнгүй орхиж явсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон юм. Б.Б тухайн өдөр жижүүрийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа ажлын бэйр буюу тус хэлтсийн байрыг эзэнгүй орхиж явсан болох нь түүний өөрийнх нь тайлбар, гар утсан дээр хийгдсэн бичлэг, уг бичлэгт хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч А.Цолмон, Д.Энхбаатар нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа. Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлд "Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцлах", 3.6-д "Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан нь эргүүл шалгалтаар илэрсэн" бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар нэрлэн зааж тохиролцсон. Б Батбаярын ажлын цагийг хөдөлмөрийн гэрээнд " ердийн ажлын өдрийн үргэлжлэл 24 цаг ердийн ажлын өдөр 9 цагт эхэлж дараа өдрийн 9 цагт дуусна. Долоо хоногийн ажлын өдөр 2 хоног 48 цаг байна." гэж заасан байх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр нь Б.Б-н 24 цагаар ажиллах ажлын өдөр байсан. Б Батбаяр нь жижүүрээр ажиллаж ажлын өдрөө буюу 24 цагаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээний 2.17-д "Ажлын цагаар ажлын байрыг сул орхин явахгүй байх" гэсэн үүргээ биелүүлээгүй байгууллагын эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах, элдэв халдлагаас сэргийлэх үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ажлын байрыг орхиж явсан нь түүнийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болсон.
Анхан шатны шүүх Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. 40.1.4, 40.1.5-д заасныг баримтлан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь "эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн хуульд нийцсэн байх ёстой" гэжээ. Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд түүний зөрчлийг нэрлэн заагаагүй боловч ажлын байраа орхиж явсан ажилтны гаргасан сахилгын зөрчил нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. Хэдийгээр ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд түүний гаргасан зөрчлийг шүүхийн шийдвэрт тусгасанчлан "ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж, чанар, үр дагаврыг зайлшгүй бичих шаардлагатай" гэх байдлыг тусгаагүй ч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар тусгасан сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдож байгаа тул энэ нь Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
2. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговор нэхэмжилсэн шаардлагынхаа эрх зүйн үндэслэлийг тодруулаагүй, тодруулбал хэдийгээс хэдий хүртэлх хугацааны олговор нэхэмжилсэн нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачилгаар Б.Б-н цалин хөлсийг тодорхойлсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжих учиртай. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрөө нотлох баримтаар нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгчийн тодруулаагүй шаардлагыг шүүх санаачилгаараа шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар ногдуулсан үүргийг түүний өмнөөс хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх үндэслэлээр ...анхан шатны шүүхийн ... шийдвэрийг хүчингүй болгож, Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглээ болон нэхэмжлэлийн зарим шаардлага үндэслэлд буруу дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ажил олгогчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалын зөвхөн хэлбэр, агуулга талаас нь дүгнэлт өгсөн нь хангалтгүй байх бөгөөд уг тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийг ажилтан гаргасан эсэх, зөрчлийн шинж байдал, зөрчил нотлогдсон эсэх зэрэг маргааны гол үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна.
Нэхэмжлэгч Б.Б нь Төв аймгийн татварын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хэлтсийн жижүүрээр томилогдсон, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалаар хэлтсийн жижүүрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Ажил олгогч дээрхи тушаалаар ажилтан Б.Батбаяртай 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг /хх-22 тал/, ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5 дахь заалтуудыг үндэслэн тушаалаа гаргасан байна.
Хариуцагч тал тушаалын үндэслэлд тусгагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-т заасан зохицуулалтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.
Харин ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон гол үндэслэл нь ажилтан Б.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “... хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил” болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4-д заасан ” Байгууллагын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажлын байраа эзэнгүй орхиж явсан нь эргүүлийн шалгалтаар илэрсэн” гэх зөрчил гаргасан гэж ажил олгогч мэтгэлцэж байгаа боловч ажилтанг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор гэрээнд тухайлан заасан “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Үйл баримтын хувьд 2018 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр /бямба гариг/ 16 цаг 30 минутын орчим хэлтсийн дарга З.Амгаланг ажил дээрээ ирэхэд хэлтсийн жижүүр Б.Б нь ажлын байранд байгаагүй талаар талууд хэн аль нь маргаагүй байна.
Тухайн өдөр болсон нөхцөл байдлуудыг дүрсжүүлсэн СД бичлэг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-43-44/, гэрч А.Цолмонгийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар Төв аймгийн Татварын хэлтсийн дарга З.Амгалан нь хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсгийн хамт Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сумдад ажиллан, томилолтын ажлаа дуусгаад 2018 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр буюу Бямба гаригт 16 цаг 30 минутын орчим хэлтсийн байранд ирснийг “эргүүл шалгалт“-аар хэлтсийн байранд ирсэн гэж үзэх учир дутагдалтай байна.
Нөгөөтэйгүүр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Б.Б-н хувьд ажлын байраа орхиж явсан цаг хугацаа, орхих болсон шалтгаан нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой буюу байгууллагын өндөр настнуудын ногоо савлах ажилд тусалсан байх ба энэхүү зөрчлийн улмаас байгууллагад ямар нэгэн хор хохирол учирсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон нь баримтаар тогтоогдоогүй байна.
Дээрхи байдлуудаас дүгнэн үзвэл жижүүр Б.Б-н ажлын байранд байгаагүй нь ялимгүй хэлбэрийн төдий зөрчил байх бөгөөд энэхүү зөрчил нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4-д заасан заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох “ноцтой зөрчил” гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Нэхэмжлэгч шүүхэд хандсан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргасан, уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний үр дагаврыг арилгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...олгоно” гэсэн зохицуулалтыг баримталж шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сарын ажлын өдрийн дундаж тоог 21.5 хоногоор тооцох ёстой байтал 22 хоногоор тооцсон нь буруу боловч нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын үүднээс хөндөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Иймд хариуцагчийн “...нэхэмжлэгч ... ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговор нэхэмжилсэн шаардлагынхаа эрх зүйн үндэслэлийг тодруулаагүй, ... хэдийгээс хэдий хүртэлх хугацааны олговор нэхэмжилсэн нь тодорхойгүй байхад шүүх өөрийн санаачилгаар Б.Б-н цалин хөлсийг тодорхойлсон гэж үзэж байна. “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага биш харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2019/00069 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1дэх заалтын “ ...нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай “гэснийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудыг нэгтгэж, “ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-г Төв аймгийн Татварын хэлтсийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсээс ажилгүй байсан хугацааны олговорт 1 514 030/ нэг сая таван зуун арван дөрвөн мянга гучин” төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай” гэж , тогтоох хэсгийн “3,4, 5,6,7”-гэснийг “ 2, 3, 4, 5, 6” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн татварын хэлтсийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
Т.ЭНХМАА