Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/187

 

                                                              Э.Зт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1025 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Зт холбогдох эрүүгийн 1909038130106 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

..................., 19......... оны ... дүгээр сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, .........., бүрэн дунд боловсролтой, “Демси трейд” ХХК-нд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 27 дугаар байрны 1006 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.4, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 14 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 42 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2 жил 4 сарын 24 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.Мыг “мөнгө нэхлээ, машинд суулгасангүй, хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ........................ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Зт Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 167 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.З нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.М нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Зыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хохирогч Н.Мыг надад болон миний эхнэрт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төрийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтанд оруулсан, зүй бус үйлдэл гаргасан зүйл тогтоогдсонгүй гэж үзсэн. Миний эхнэр Адъяасүрэн бид хоёр 0-14 насны дөрвөн хүүхэдтэй. Гэтэл эхнэрийг маань гудамжинд тааралдсан огт танихгүй залуучууд хэн ч аваад явж болох янхан хэмээн гутаан доромжилж, эхнэрээ аваад салж явах гэж оролдоход Энхтөртэй нийлж миний хоолойг боож, цохих зэргээр хүч хэрэглэн биед халдаж “...бид олуулаа явж байгаа, гурван найзыгаа баарнаас утсаар дуудаж байна. Гарч ирэхээр нь чамайг зодчихоод наад хамт явж байгаа хүүхнүүдийг чинь баар, зочид буудал руу авч явна” хэмээн хүч хэрэглэхээр заналхийлсэн. Мөн эхнэр Адъяасүрэнг машиндаа суухаас өмнө үг хэлээр доромжилж, өгзөгнөөс нь базах, татаж газарт унагаах зэрэг үйлдэл хийсэн байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн багийн 239 дугаартай дүгнэлтэд “Э.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна.” гэжээ. Миний бие хохирогч Н.Мод гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, шүүхийн тогтоолд хамааралгүй 30.000.000 төгрөгийг эмчилгээ болон бусад зардалд зориулж өгсөн. Мөн цаашид гарах зардлыг хариуцан эмчилгээ сувилгааг бүрэн хийлгэхээр болсон. Хохирогч Н.М ямар нэг хохирол нэхэмжлэхгүй, хохирол гомдол үгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзан үзэж, хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсоныг дахин хянаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шинжээчийн 239 дугаартай дүгнэлт нь зөвхөн шүүгдэгч Э.З болон түүний эхнэр гэрч Л.Адъяасүрэн нарын асуумжийн дагуух хариултыг үндэслэн гаргасан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн учраас хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй.” гэж дүгнэжээ. Энэхүү Шүүх сэтгэц эмгэг судлалын 239 тоот дүгнэлт нь шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байх ба хэргийн материал болон гэрчийн мэдүүлгийг үндэслэн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргасан байхад тогтоолд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэдэг нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15.1.2-т заасан шүүгдэгч Э.Зын мэдүүлгийг зөвхөн үндэслэн дүгнэлт гаргаагүй нь нотлогдож байх тул 239 тоот дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар тооцон Э.Зын үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Бодит байдал дээр нөхрийг нь байсаар байтал эхнэрийг нь авч явах гээд зүй бус үг, үйлдэл гаргаад байгаа үед Золбаярын сэтгэл санаа нь цочрон давчдахгүй байхын аргагүй үйл явдал өрнөснөөс уг гэмт хэрэг гарсан байдаг. Э.З нь шүүх хуралдаан дээр гэрч, хохирогч нарын хэлсэн үгийг бүр хэлж чадахгүй /тэр үгийг нь хэлэхэд үнэхээр хэцүү байна/ тийм хэцүү муухай үг хэллэг учраас ам маань эвлэж өгөхгүй байна гэж нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаад хүртэл хэлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар /камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл хх-127, болон гэрч З.Ижилбэлэг, Ю.Одгэрэл, Б.Ундрах, шинжээч О.Баатаржав нарын мэдүүлэг/, хохирогч, гэрчийн зүй бус үйлдэл /үйлдэл, үг хэлээр дайрч доромжлох/, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр Э.З болон түүний эхнэрийнх нь нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилж Э.Зын санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас болж гэмт хэрэг гарсан байх боломжтой байгаа. Шүүх гэм буруугийн талаар дүгнэх хэсэгт “...Энхтөрийг зүүн гараараа, хохирогч Н.Мыг баруун гараараа нэг, нэг удаа цохиж унагааж байгаа дүрс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэгт бичигдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт судлав.” гэсэн бөгөөд үүгээрээ хохирогчийн зүгээс Э.Зын зүг чиглэсэн үйлдэл байхгүй байна гэсэн. Гэхдээ тухайн камер нь бүдэгхэн, дүрс л харагдахаас үг яриа нь огт байхгүй байх ба хохирогч, гэрч нарын зүгээс Э.Зыг болоод түүний эхнэрийг гутаан доромжилж ёстой л нөгөө Э.Зын хэлж чадахгүй байгаа үг хэлээр доромжилж түүнийг төвчихийн аргагүй байлад оруулсан байх нөхцөл байдал байсныг үгүйсгэхгүй. Тэгээд гэрч Энхтөрийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүтэй байдаг. Энэ бүгдээс үзэхэд Э.Зын сэтгэл санааг цочрон давчдуулсан байдал үүссэн байжээ гэдгийг харуулж байна. Хэрэв Э.З нь өөрөө архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл саруул байсан хүн асуудлыг эв зүйгээр зохицуулахыг эрмэлзэж байснаа ч хэлж мэдүүлдэг ба үнэхээр уурлаж давчдаагүй бол Н.Мыг цохихгүй байсан. Харин энэ үйл баримтаас харахад Э.З нь өөрийн үйлдлийг ухамсарлаагүй хэргийн үйл баримтаас ухамсарлах боломжгүй /цочион давчидсан байсан/ байдал харагдаж байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №156 тоот тогтоолд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд засан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана гэсэн. Санаа сэтгэлийн энэ цочрон давчидал нь сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэмрэлтээр илэрдэг бөгөөд энэ нь хүний сэтгэцийг ердийн байдлаас гаргаж, ухамсарт оюун санааны үйл ажиллагааг сааруулж, зан үйлийн сэдээлт өдөөлтийн үед сонголт хийх боломжийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж, өөрийгөө хянах, өөрийн үйл ажиллагааг зөв үнэлэх зэргийг хүндрүүлж, өөрийн зан үйлийн үр дагаврыг цэгнэх боломжгүй болгодог. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарласан байна. Тиймээс Э.З нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн байх тул Э.Зын хувийн байдал болох ажил хөдөлмөр эрхэлж байсан, түүний эхнэр нь хүндрэлтэй төрсөн, 14 хоногтой нялх хүнд биетэй байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Э.Зын өмнөх эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн ялыг сэргээхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Мөн тогтоолд ...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Мод хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж, Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцдог. Иймд Э.Зын холбогдсон хэргийн зүйлчлэлд хорихоос өөр төрлийн ял буюу сонгох санкцтай тул Э.Зын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байсан, түүний эхнэр нь хүндрэлтэй төрсөн, одоо 14 хоногтой нялх биетэй, биеийн байдал нь хүнд байгаа, бага насны хүүхдүүдтэй зэрэг байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ял болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Зын холбогдсон хэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтаар Э.Зын санаатай үйлдэл тогтоогдсон. СД-бичлэг харанхуйд хийгдээгүй хэн нь хэн болох нь танигдаж тогтоогдож байгаа. Шүүгдэгчийн эхнэрийн өгсөн мэдүүлэг зөрүүтэй байсан учир анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлсэн. Ноцтой зөрүү үүсээгүй гэж үзсэн учир цааш нь арга хэмжээ аваагүй. Шинжээчийн 239 дугаартай дүгнэлтээр нотлох баримтыг үгүйсгэх гэж байгаа боловч улсын дээд шүүх хууль зүйн талаас нь тайлбар хийсэн. Түрхэн зуур хүндээр доромжлогдсон гэдгийг өмгөөлөгч анхаар харах хэрэгтэй. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс болон бусад оролцогчдын зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн эхнэр жирэмсэн, хэдийгээр тэнсэн харгалзсан хэдий ч хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа дүгнэлт хийсэн гэж харсан. Тийм учраас улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргаагүй. Өнөөдрийн байдлаар үйл баримтад эргэлзээтэй байгаа юм байна. Гомдолтой гэж хэлэх боломжгүй, гомдоод байх зүйл байхгүй. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа бол улсын дээд шүүх тайлбар хийсэн байгаа. Шинжээчийн 239 дугаартай дүгнэлтийг улсын яллагчийн зүгээс болон шүүхээс үнэлээгүй нь хэдийгээр хууль зөрчөөгүй нотлох баримтаар авагдсан боловч түүнийг үнэлэх эсэх нь тухайн талуудын асуудал. Үүнд ямар нэг дүгнэлт тайлбар хэлэх шаардлагагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд энэрэнгүй ёсны зарчмыг барьж гарсан. Өмнө санаатай гэмт хэрэг үйлдэж түүнээс 2 жил 4 сарын 24 хоногийн хорих ял үлдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой санал нэг байгаа учир дэмжиж оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.З нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чоко” баарны гадна хохирогч Н.Мыг “мөнгө нэхлээ, машинд суулгасангүй, хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя” гэж хэллээ гэж шалтаглан баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Мын “...“Чоко” баарнаас 04 цаг өнгөрч байхад Энхтөртэй хамт гарсан. Баарны гадаа цагаан цамцтай махлаг эрэгтэй Энхтөртэй муудалцаж байсан. Би “боль” гэсэн. Тэр 2 бие биеэ түлхэлцээд байсан. Би өөрийн утаснаасаа найз Бадрал руу залгасан. Утсаар ярьж байхад цагаан цамцтай залуу толгой руу цохисон. Би манараад түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Тэгээд хагалгаанд орсноос хойш санаж байна. ...” /1хх 37-38/,

гэрч Е.Энхтөрийн “...шууд эхлээд намайг цохисон, би саваад газарт унасан. Тэгсэн чинь нөгөө залуу Мөнх-Одыг шууд дахиж цохисон. Мөнх-Од газарт унасан ба би босоод Мөнх-Одыг босгох гэсэн чинь ухаангүй сэрэхгүй байсан. Бааранд бүжиглэсэн эмэгтэй машин дотроос “бид нар явлаа” гэхээр нь “баяртай” гээд машинаас бага зэрэг зайтай зогсож байгаад хэлсэн чинь тарган залуу ирээд нэг юм хэлэхээр нь “чи хол бай” гэсэн чинь шууд миний нүүр рүү цохихоор нь би урдаас нь эсэргүүцсэн чинь дахиад нүүр рүү гараараа цохиход би гараа тулаад хойшоо унасан. Мөнх-Од миний хажууд зогсож байхад тэр залуу Мөнх-Одын нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь Мөнх-Од хойшоо саваад газар унасан. Би босгох гэсэн чинь ухаан алдсан байсан. Тэр залуу Мөнх-Одын цээжин дээр нь дараад байсан боловч ухаан ороогүй. ...” /1хх 3-7/,

гэрч Ю.Одгэрэлийн “...Тухайн үед би эрүүл байсан. Золбаяр ч бас эрүүл байсан. Бид нар суугаад Золбаяр суух гэсэн чинь суулгахгүй 10.000 төгрөг өгөөч гэж байгаа сонсогдсон. Тэгснээ “хамт явъя” гэхээр нь Золбаяр “цаашаа, цаашаа” гэж байсан. Тэгтэл нэг залуу нь Золбаярын хоолойг боогоод машин руу шахаад байгаа харагдахаар нь “хүүе гарч салгая” гээд хаалгаа нээсэн чинь Золбаяр “та нар оролцоод яах вэ, би зохицуулъя” гэсэн. Бид нар ч “за за Золбаяр эрүүл юм чинь зохицуулчих байх” гэж бодоод бид нар буугаагүй. Удаагүй нэг залуу нь “манай найзыг унагаачихлаа, би прокурор найздаа хэлж та нарыг үгүй болгоно” гээд муухай орилоод байхаар нь бид нар буусан чинь нэг нь газар унасан, нөгөө нь орилоод найзыгаа сэгсрээд байсан. ...” /1хх 39/,

гэрч З.Ижилбилэгийн “...Тэгтэл Золбаяр намхан залуугийн өөдөөс нь гараараа 1 удаа цохисон чинь тэр залуу саваад газар унасан. Тэгээд Золбаяр өндөр залуугийн өөдөөс нь 1-2 удаа цохисон. ...” /1хх 40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12287 дугаартай “...Н.Мын биед гавлын орой, суурь ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, их тархины 2 тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, аалзан хальс доор цус харвалт, зулайн орой болон зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэвтэр гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /1хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12287 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Н.Мын биед гавлын орой ясны хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсны доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх учирсан гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн нүдний ухархайн дээд ханын далд хугарал, зулай, зүүн чамархай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх учирсан гэмтэл нь нүүрэн тус газраа цохиулж арагш унах үед үүсэх боломжтой. ...” /1хх 85/ гэх дүгнэлтүүд,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 127-128/, гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх /1хх 62-79/, сэргээн засах клиникт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1хх 138-146/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Зыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Зын иргэн Н.Мыг “мөнгө нэхлээ, машинд суулгасангүй, хамт явж байгаа хүүхнүүдийг чинь аваад явъя” гэж хэллээ гэж шалтаглан нүүрэн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.Зт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.З “...Хохирогч Н.М ямар нэг хохирол нэхэмжлэхгүй, хохирол гомдол үгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзан үзэж, хүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсоныг дахин хянаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд “...Санаа сэтгэлийн энэ цочирон давчидал нь сэтгэцийн өндөр зэрэглэлийн тэмрэлтээр илэрдэг бөгөөд энэ нь хүний сэтгэцийг ердийн байдлаас гаргаж, ухамсарт оюун санааны үйл ажиллагааг сааруулж, зан үйлийн сэдээлт өдөөлтийн үед сонголт хийх боломжийг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлаж, өөрийгөө хянах, өөрийн үйл ажиллагааг зөв үнэлэх зэргийг хүндрүүлж, өөрийн зан үйлийн үр дагаврыг цэгнэх боломжгүй болгодог. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ гэж тайлбарласан байна. Тиймээс Э.З нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжтой байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэсэн байх тул Э.Зын хувийн байдал болох ажил хөдөлмөр эрхэлж байсан, түүний эхнэр нь хүндрэлтэй төрсөн, 14 хоногтой нялх хүнд биетэй байгаа, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Э.Зын өмнөх эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 24 хоногийн ялыг сэргээхгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож, чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгодог нийгэмд ашигтай сэтгэл зүйн хандлага гэж үзэж, Эрүүгийн хуулиар ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлд тооцдог. Иймд Э.Зын холбогдсон хэргийн зүйлчлэлд хорихоос өөр төрлийн ял буюу сонгох санкцтай тул Э.Зын хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байсан, түүний эхнэр нь хүндрэлтэй төрсөн, одоо 14 хоногтой нялх биетэй, биеийн байдал нь хүнд байгаа, бага насны хүүхдүүдтэй зэрэг байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгох ял болгон өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч Э.Зын санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Эрүүгийн эрх зүйн “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэх ойлголтыг тодорхойлоход хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдлээс улбаалан гэмт хэрэг үйлдэж байгаа хүний сэтгэхүйд орж буй өөрчлөлт нь үйлдлийнхээ үр дагаварт хандах хандлагад хэрхэн нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

Хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч Э.З нь эхлээд гэрч Е.Энхтөрийг зүүн гараараа цохиж, дараа нь хохирогч Н.Мыг баруун гараараа нэг удаа цохин унагааж байгаа нь камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 127-128/-д тусгагдсан байх бөгөөд тухайн нөхцөл байдалд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах байдал үүсээгүй, шүүгдэгч Э.Зын үйлдлийг энэ ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь ёс суртахууны хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд нийцэхгүй үйлдэл гаргасан гэж дүгнэж болохоор байгаа хэдий ч энэ нь гадаад илрэл, агуулгын хувьд шүүгдэгчийг сэтгэл санааны цочролд оруулан хүндээр доромжилсон байдал тогтоогдохгүй байна.

            Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн байдлуудыг харгалзан тухайн хуульд зааснаас доогуур ял оногдуулсан байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1025 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/1025 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

  ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ