Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн  тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харъяат, 1992 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  авто механик засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  2 дугаар баг,  Үүдийн гудамж 2-1 тоотод оршин суух,  энэ хэрэгт татагдахдаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Батболдын  Борх-Уул /РД: НЦ92080712/

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн харъяат, 1991 оны 11 арын 04-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, 1 нас 10 сартайгаас 5 насны 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Үүдийн гудамж 2-1 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Бямбацогтын Оюунтунгалаг /РД: ТЕ91110409/ нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Б.Борх-Уул нь  Б.Оюунтунгалагийг хууль бусаар  Монгол Улсын хилээр  нэвтрүүлэх талаар урьдчилан  үгсэн тохиролцож, улмаар 2016 оны 11 сарын 14-ний өдөр  Дорноговь аймгийн  Замын-Үүд сумын авто замын шалган  нэвтрүүлэх боомтоор өөрийн жолоодож  явсан 95-69 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн  автомашинд нууж, хууль бусаар  Монгол Улсын  хилээр нэвтрүүлсэн,

шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь  хууль бусаар  Монгол Улсын хил нэвтрэх  талаар  шүүгдэгч  Борх-Уултай үгсэн тохиролцож, улмаар 2016 оны 11  сарын 14-ний өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор шүүгдэгч Борх-Уулын жолоодож  явсан 95-69 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн  автомашинд нуугдан  хууль бусаар  Монгол Улсын  хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Борх-Уулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Оюунтунгалаг паспортгүй болчихсон байсан юм. Тэгээд Монгол руу орж ирэх талаар хөөцөлдөж, консулын газар очсон, мөн цагдаа дээр нь очсон боловч өндөр торгууль төлөхөөр байсан. Ингээд би 2016 оны 11 сарын 13-нд Эрээн рүү ороод Оюунтунгалаг цаанаас ирсэн юм. Бид 2 Кэнтэй буудалд буугаад маргааш нь машины ар талд нууж орж ирэх талаар ярилцсан. Тэгээд маргааш нь Оюунтунгалагыг  хар цүнхэнд хийгээд машины ар талд суулгаад дээгүүр нь хөнжлөөр хучсан. Монголын хил дээр ирээд машинаасаа буулгаад хоолны газарт оруулж байлгаж байгаад машинаа шалгуулж дуусаад машиндаа суулгаад монголын хилээр гарч ирсэн. Тэгээд 4 сард тагнуулын хүмүүст баригдсан. Хилээр хууль бусаар нэвтэрч болохгүй гэдгийг мэдэж байсан.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ажил төрөл хийж ар гэрээ тэжээдэг, одоо Эрээн гарч ачаа, бараа зөөх боломжгүй хэцүү байна, хөнгөн шийтгэж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Оюунтунгалагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би хамгийн  сүүлд 2016 оны 04 сард Монголоос хил давж, паспортоо үрэгдүүлсэн юм. Тэгээп БНХАУ-д байж байгаад Борх-Уултай танилцсан. Ингээд 2016 оны 11 сарын 13-нд би цаанаас Эрээнд ирж Борх-Уултай уулзаж, буудалд хоноод маргааш нь машиных нь ард талд хар цүнхэнд сууж Монголын хилээр орж ирсэн. Борх-Уул намайг цайны газар орж бай гээд өөрөө машинаа шалгуулсан. Тэгээд л Монголын хилээр нэвтэрч орж ирсэн. Одоо би 7 сартай жирэмсэн, 9 сард төрнө, ялыг хөнгөрүүлж өгнө үү”  гэсэн мэдүүлэг,

Хил Хамгаалах Ерөнхий газрын хилийн 0108 дугаар ангиас гарган ирүүлсэн “ шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2016 оны 04 сарын 23-ны өдрийн 14:09 цагт 21-25 ДГО улсын дугаартай  тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр гарсан, түүнээс хойш орж ирээгүй талаарх,  шүүгдэгч  Б.Борх-Уул нь 2016 оны 11 сарын 14-ны өдрийн 14:42 минутанд 95-69 ДГА улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр орж ирсэн” талаарх хил нэвтэрсэн мэдээлэл /хх-ийн 15-20/

95-69 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2016 оны 11 сарын 1-нээс 2017 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 27/

Цэдэнгийн Дагиймаагийн өмчлөлд бүртгэгдсэн 95-69 ДГА  улсын дугаар бүхий УАЗ-31514 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 47/

Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн “95-69 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, эд хөрөнгийг бүрэн бүтэн байдлыг МЭ82070568 регистрийн дугаар бүхий Б.Энхцацралд хүлээлгэн өгсөн талаар тэмдэглэгдсэн /хх-ийн 85-87/

0012363 дугаартай өрөө явагч хэрэгслийн  албан  татвар, агаарын бохирдлын төлбөл төлөгчийн гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 92/

Иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралын мөрдөн байцаалтад өгсөн “ 95-69 ДГА улсын дугаартай автомашин нь Цэдэнгийн Дагиймаа гэдэг хүний нэр дээр байгаа машин юм.  Ц.Дагиймаа нь манай хадам ээж юм.  Энэ машиныг нөхөр бид  хоёр 2016 оны 05 сард 2 сая төгрөгөөр Зүүнбаянгаас Мөнхжаргал  гэдэг эмэгтэйгээс  худалдаж авсан.  Тухайн үед би Сэлэнгэ аймгийн  Зүүнхараад, нөхөр маань  Замын-Үүдэд байсан. Тэгээд энэ машины худалдаж авахдаа өөрсдөө хажууд нь байж чадаагүй болохоор хадам ээж  Ц.Дагиймаа ойр байсан учир хадам ээжийн нэр дээр шилжүүлсэн...машины гэрчилгээг хүүхдүүд маань энд тэнд хийчихсэн бололтой, олохгүй байна. 2016 оны 10 сарын 10-ны өдөр Борх-Уултай гэрээ байгуулж, 95-69 ДГА  улсын дугаартай тээврийн хэрэгслийг хугацаагүй түрээслүүлсэн. Борх-Уулыг 2016 оны 11 сарын 14-ны өдөр Замын-Үүд боомтоор 95-69 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  хүн нууж  хууль бусаар  улсын хил нэвтрүүлсэн талаар мэдэх зүйл алга, одоо сонсож байсан “гэсэн мэдүүлэг  /хх-ийн 97-98/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 05 сард  Дорноговь аймгийн Зүүнбаян сумаас 2 сая төгрөгөөр худалдан авсан.  Тэгээд машиныг зарсан хүн маань 95-69 ДГА улсын дугаартай  машиныг Сайншанд суманд авчирсан, эхнэр бид 2  очиж чадаагүй  болохоор мөнгийг  нь шилжүүлээд  ээж Дагиймаагийн  нэр дээр  шилжүүлсэн юм. Эхнэр бид 2-ын өмч байгаа юм. Борх-Уулыг танихгүй, эхнэр  машинаа Эрээн рүү нэг гарахад 100 юаниар түрээслүүлсэн гэж байсан “ гэсэн мэдүүлэг  /хх-ийн 99/

Гэрч Б.Баярхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “ ...дүү маань одоо 3 хүүхэдтэй, жолооны багш хийдэг байгаад больсон, бие муутай, үе үе  гэнэт унадаг,  өвчнийх нь нэршлийг хэлж мэдэхгүй байна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 101/

Гэрч Ц.Дагиймаагийн мөрдөн байцаалтад өгсөн “ тухайн үед манай хүү Лхагвасүрэн хот хооронд ачаа зөөгөөд  явж  байсан. Тэгээд УАЗ маркийн саарал өнгийн  автомашиныг худалдаж авахаар  болоод өрөө  орон нутгаас хол явж байсан болохоор намайг  нэр дээрээ шилжүүлээд авчих  гэсэн юм.  Тэгээд л   машин зарсан хүнтэй уулзаад хүү маань дансаараа мөнгийг нь явуулаад би нэр дээрээ бүртгүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104-105/

95-69 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг 800,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 67 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108/

Шүүгдэгч Б.Борх-уул, Б.Оюунтунгалаг нар нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 124, 137/

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар /хх-ийн 70/, 

Б.Оюунтунгалаг нь 2015 оны 08 сарын 16-ны өдөр 3,950 кг 53 см хүү төрүүлсэн гэсэн ЭХЭМҮТөвийн статистик мэдэлээлийн албаны тодорхойлолт, 006148 тоот нярайн түүх зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Борх-Уул нь шүүгдэгч Б.Оюунтунгалагийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр үгсэн тохиролцож, 2016 оны 11 сарын 14-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 95-69 ДГО улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэг буюу зорчигчийн ачаа тээвэрлэх хэсэгт шүүгдэгч Б.Оюунтунгалагийг хар цүнхэнд хийж, дээгүүр нь хөнжлөөр бүтээж, Монгол Улсын хилээр хууль бусаар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор нэвтрүүлсэн,

шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь өөрийн гадаад паспортыг гээгдүүлж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй байхдаа шүүгдэгч Б.Борх-Уултай Монгол Улсын  хилээр тээврийн хэрэгсэлд нуугдаж нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 11 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор шүүгдэгч Б.Борх-Уулын жолоодон явсан 95-69 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийн багаж хэсэг буюу зорчигчийн ачаа тээвэрлэх хэсэгт хар цүнхэнд орж хэвтэж, дээгүүрээ хөнжлөөр бүтээлгэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул тэднийг 2016 оны 11 сарын 14-ний өдөр урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Борх-Уул, Б.Оюунтунгалаг нарын  тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралын мэдүүлэг, Хил Хамгаалах Ерөнхий газрын хилийн 0108 дугаар ангиас гарган ирүүлсэн “ шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь 2016 оны 04 сарын 23-ны өдрийн 14:09 цагт 21-25 ДГО улсын дугаартай  тээврийн хэрэгслээр Монгол Улсын хилээр гарсан, түүнээс хойш орж ирээгүй талаарх,  шүүгдэгч  Б.Борх-Уул нь 2016 оны 11 сарын 14-ны өдрийн 14:42 минутанд 95-69 ДГА улсын дугаартай  тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын хилээр орж ирсэн” талаарх хил нэвтэрсэн мэдээлэл /хх-ийн 15-20/, 95-96 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2016 оны 11 сарын 1-нээс 2017 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тэдний үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрэх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, урьд ял шийтгэлгүй /хх-ийн 98/ болох нь хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Борх-Уул, Б.Оюунтунгалаг нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Оюунтунгалаг нь одоо 7 сартай жирэмсэн, 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картын хуулбар /хх-ийн 70/, Б.Оюунтунгалаг нь 2015 оны 08 сарын 16-ны өдөр 3,950 кг 53 см хүү төрүүлсэн гэсэн ЭХЭМҮТөвийн статистик мэдэлээлийн албаны тодорхойлолт, 006148 тоот нярайн түүх зэргээр хэрэгт тогтоогдсон байх тул түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ 95-69 ДГА  улсын дугаар бүхий УАЗ-31514 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн нь хэрэгт тогтоогддог болно. Уг тээврийн хэрэгсэл нь Ц.Дагиймаагийн өмчлөлд бүртгэлтэй боловч иргэний нэхэмжлэгч Б.Энхцацрал, гэрч Б.Лхагвасүрэн нар нь түүний үнэд 2,000,000 төгрөг төлж худалдан авсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Энхцацрал, гэрч Б.Лхагвасүрэн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул 95-69 ДГА  улсын дугаар бүхий УАЗ-31514 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 95-69 ДГА  улсын дугаар бүхий УАЗ-31514 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 800,000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

95-69 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 67 тоот шинжээчийн дүгнэлтээр 800,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 108/

Нэгэнт  95-69 ДГА улсын дугаартай УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралд буцаан олгохоор шийдвэрлэсэн тул мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэх боловч хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 05 сарын 23-ны өдрийн  “Б.Оюунтунгалаг, Б.Борх-Уул нарын улсын хилээр  гарах эрхийг түдгэлзүүлсэн талаар хариу ирүүлнэ үү” гэсэн 5/305 тоотыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч хошууч генерал Ц.Сэргэлэнд хүргүүлсэн боловч Хил хамгаалах Ерөнхий газраас шүүгдэгч нарын хилээр гарах эрхийг түдгэлзүүлсэн талаар шийдвэр гарсан эсэх нь хэрэгт тодорхойгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батболдын Борх-Уул, Боржигон овогт Бямбацогтын Оюунтунгалаг нарыг урьдчилан үгсэн тохиролцож, хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүгдэгч  Бямбацогтын Оюунтунгалагийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүгдэгч Батболдын Борх-Уулыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Борх-Уулд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Б.Оюунтунгалагт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Оюунтунгалаг, Б.Борх-Уул нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 0012363 дугаартай өрөө явагч хэрэгслийн  албан татвар, агаарын бохирдлын төлбөл төлөгчийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралд буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Борх-Уул, Б.Оюунтунгалаг нараас 95-69 ДГА  улсын дугаар бүхий УАЗ-31514 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 800,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгосугай.  

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 136 дугаар зүйлийн 136.10-т зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 24-ний өдрийн 95-69 ДГА улсын дугаартай, УАЗ-31514 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Энхцацралд буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Борх-Уулд  оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч Б.Оюунтунгалагт 1 жилийн хорих ял оногдуулсан  шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшуулсугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Борх-Уул, Б.Оюунтунгалаг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД