| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 315/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/37 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/37
| 2025 01 20 | 2025/ШЦТ/37 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн 2430003460353 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг “*******” гэх газарт нутаглах, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн,
******* овогт ******* (РД:*******)
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):
Шүүгдэгч ******* нь “Бусдын малыг хулгайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 2430003460353 дугаартай хэргээс:
Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний үйлдсэн хэргийг нотлох баримтуудаар нотолсон байна. Би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ...Манайх 2023 оны өвөл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн нутаг ******* гэх газар өвөлжиж байсан. Би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2023 оны оны өвөл зөв талын гэр гуяндаа дөлтэй давхар саран тамгатай бор саарал зүсмийн морин соёолон морь манайхны нутаглаж байсан газраар айлын адуутай ижилсээд яваад байсан юм. Тэгээд хавар нь буюу 2024 оны 04 дүгээр сард миний хэдэн морьдтой ижилсээд хамт яваад байсан юм. Тухайн морины эзэн нь огт гарч ирэхгүй байсан. Тэгээд би тухайн бор саарал морийг 2024 оны 06 дугаар сарын дундуур аймгийн харьяат Ү.Мөнхзул гэх хүнд 650,000 төгрөгөөр худалдаж зараад Ү.Мөнхзулд ачиж өгөөд явуулсан. Би Ү.Мөнхзул гэх хүнээс 650,000 төгрөг бэлнээр авсан. ...Тэгсэн удаагүй бор саарал морины эзэн Н.Ганбаяр гэх залуу над руу утсаар яриад "та миний морийг хүнд зарсан байна, би морио авчихлаа, та миний морийг зарсан хүндээ мөнгийг нь өгөөрэй" гэж ярьсан. Тэгээд би Ү.Мөнхзулд морины өртөг болох 650,000 төгрөгийг буцааж өгсөн.
...Надад тухайн үед мөнгөний хэрэг байсан болохоор би манай адуунд нийлсэн байсан зөв талын гэр гуяндаа дөлтэй давхар саран тамгатай бор саарал зүсмийн морийг Ү.Мөнхзул гэх хүнд худалдаж зарсан. Ү.Мөнхзул гэх хүн тухайн үед хөдөөгүүр машинтай мал аваад явж байсан тэгэхээр нь Ү.Мөнхзул гэх хүнтэй уулзаад "нэг тооны адуу заръя" гээд манай адуунд нийлсэн байсан Н.Ганбаяр гэх хүний бор зүсмийн морийг 650,000 төгрөгөөр зараад ачаад явуулсан. Би Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг “Ханийн гол” гэдэг газраас бор морийг Ү.Мөнхзулд ачиж өгөөд явуулсан. Би бор морийг хүний морь гэдгийг мэдэж байсан. Баригдахгүй байх гэж өөртөө хөнгөмсгөөр найдаж хийсэн буруутай үйлдэлдээ би маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-80-р хуудас),
“...2023 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрийн үед эхлээд дөлтэй нар саран тамгатай ягаан морь, дөлтэй нар саран тамгатай цоохор үрээ хоёрыг алдсан юм. Дараа нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дөлтэй давхар саран тамгатай, баруун чих цуулбар имтэй бор морь, зүүн гуяндаа давхар нар саран тамгатай хонгор зүсмийн хязаалан үрээ, баруун болон зүүн гуяндаа нар саран тамгатай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээ 3 тооны адууг хамт алдсан юм. Нийлээд 5 тооны адуу алдсан юм. Миний өмнө нь мэдүүлэгт өгсөн бор морьтой хамт алдсан зүүн гуяндаа давхар нар саран тамгатай хонгор зүсмийн хязаалан үрээ, баруун болон зүүн гуяндаа нар саран тамгатай хүрэн халзан зүсмийн шүдлэн үрээгээ 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр олсон. Дөлтэй нар саран тамгатай ягаан морь, дөлтэй нар саран тамгатай цоохор үрээ энэ хоёр адуу 2024 оны 01 дүгээр сард адууны эрэлд явж байгаад Эрдэнэцагаан сумын хойд талд Хурангийн баруун талын жалганд үхсэн байхыг нь олсон. Тийм болохоор би ганцхан бойнд оруулах гэж байсан дөлтэй давхар саран тамгатай баруун чих цуулбар имтэй бор морь морин дээрээ гомдол гаргана. Би дөлтэй давхар саран тамгатай, баруун чих цуулбар имтэй бор морио Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Харгилтайн гол гэдэг газраас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр алдаад 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Мөнхийн гэрэлт жим” ХХК-ны бойнд оруулах гэж байхад нь олж авсан.
“...Би дээрх гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гаргах гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 12-13, 16-17, 20-21-р хуудас),
- Гэрч *******: “...Би хувиараа мал мах худалдаж авдаг юм. 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аймгаас гараад Эрдэнэцагаан сумын баруун талаар адуу худалдан авах зорилгоор яваад Хулстайн голд адуу авч бөөгнүүлчхээд 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урагшаагаа яваад “Ханын гол” гэдэг газар руу Амаа гэх хүнээс адуу авахаар очиход хажуу талынх нь айлын Гандий гэдэг залуу би ч гэсэн танд нэг адуу өгье гэж хэлээд адуугаа хөөж ирээд бор зүсмийн соёолон насны морь надад худалдсан. Би Гандий гэдэг хүнийг сайн танихгүй өмнө нь зүс харж байсан. Гандийг ******* гэдэг юм байна лээ Садан төрлийн холбоо байхгүй. Миний Гандийгаас авсан бор зүсмийн дэлийг нь зассан зүүн гуяндаа дөлтэй давхар саран тамгатай соёолон насны баруун чих цуулбар имтэй адуу байсан. Би худалдаж авсан бор морийг аймгийн төвд “Мөнхийн гэрэлт жим” нэртэй бойнд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр оруулахаар хашаанд нь хашсан байхад 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бор морины эзэн гэх Н.Ганбаяр гэдэг хүн над руу утсаар холбогдоод бойны хашаанд байгаа бор зүсмийн морь миний алдсан морь байна морио авъя гэж ярихаар нь би надад морь зарсан Гандий гэдэг хүний утсыг өгсөн. Гэтэл удалгүй Гандийтай ярьчихлаа морио авлаа гэхээр нь аваад явж бай гэж хэлээд би өөрөө Гандийтай чи надад хулгайн морь зарсан байна гэж ярихад би хүний адуу уях гэж авчирсан юм та өгөөд явуулчихаа би дараа нь таны мөнгийг төлж өгнө гэж ярьсан. Би Гандийгаас бор морийг 650.000 төгрөгөөр худалдаж авч мөнгийг нь бэлнээр тоолж өгсөн. Гандийгаас адуу худалдаж авсан мөнгөө буцааж аваагүй мөнгөө авъя гэж хэлэхээр өгнө гэж хэлээд одоо болтол өгөхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34-р хуудас),
- Гэрч *******: “...Би Мөнхийн гэрэлт жим ХХК-д менежер албан тушаалд ажилладаг. Ү.Мөнхзул гэдэг хүн манай бойнд 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10 гаран /яг сайн санахгүй байна/ тооны адуу өгсөн. Зүс им, тамга нь манай бүртгэл дээр байгаа. Манай бойнд орох гэж байгаа адуунуудыг хүмүүс ирж үздэг юм түүний адил нэг хүн ирж үзээд энэ адуун дотор манай алдсан бор зүсмийн морь байна хаанаас хэн авчирч өгсөн бэ гэж асуухаар нь би бүртгэл дээрээс харж байгаад Ү.Мөнхзул гэдэг хүний утсыг авч өгсөн. Гэтэл Ү.Мөнхзул гэдэг хүн над руу утсаар холбогдоод бор морийг өгөөд явуулчих надад хулгайн морь зарсан байна эгч нь цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж хэлсэн. Би яг өгч явуулахад нь байгаагүй ажиллаж байгаа хүмүүстээ эзэнд өгөөд явуулаарай гэж хэлсэн эзэн нь ачаад явсан байна лээ. Бор зүсмийн дэлийг нь зассан зүүн гуяндаа дөлтэй давхар саран тамгатай, соёолон насны баруун чих цуулбар имтэй адуу байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42-р хуудас),
- Гэрч : “...Би Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Муруй цайдам гэдэг газар мал маллаж амьдардаг. ******* бид хоёр нэг алын базууд байгаа юм. Гандийгийн нэрийг ******* гэдэг энэ зун наадмын өмнө манай гадаа ирж буусан ******* манайх хоёр 1 сар хамт айл байсан тэгээд наадмын дараа ******* гэдэг газар луу аавынх руугаа явсан. Намайг адуунд явж байхад Ү.Мөнхзул нь Баян хүрэн гэдэг газар надтай таараад ******* /Гандий/-г асуугаад тэндээс адуу авна гээд явсан би малаа харчхаад буцаад гэртээ очиход ******* /Гандий/-гаас адуу аваад Ү.Мөнхзул явчихсан байсан. Тухайн үед ******* манайх хоёр Зүрхийн хавцал гэдэг газар нутаглаж байсан ******* /Гандий/ Ү.Мөнхзулд адуу барьж өгөхөд би хажууд нь байгаагүй намайг гэр лүгээ очиж байхад Ү.Мөнхзул надтай зөрөхөд машин дээрээ бор зүсмийн адуу ачаад явж байсан. Сүүлд Ү.Мөнхзул манайхаар ирэхдээ ******* (Гандий)-гаас авсан засмал дэлтэй бор морь хүний адууг надад зарсан байна лээ гэж ярьж байсан. ******* /Гандий/-гийн адуунд засмал дэлтэй бор морь байсан чухам Гандийгийн өөрийнх нь юм уу хүний адуу байсан юм уу гэдгийг би сайн мэдэхгүй адуунд нь байсан болохоор өөрийнх нь байх гэж бодсон ******* (Гандий) надад бор морийг хүний гэж надад хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2402248 дугаартай “...Соёолон үрээний зах зээлийн үнэ цэнэ нь 1,120,000.00 ( нэг сая нэг зуун хорин мянган) төгрөг байна гэж дүгнэж байна.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 56-61-р хуудас),
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хуудас),
Дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч *******ийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 04 дүгээр багийн нутаг “Харгилтайн гол” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн зөв талын гэр гуяндаа дөлтэй давхар саран тамгатай адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Н.Ганбаярт 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 04 дүгээр багийн нутаг “Харгилтайн гол” гэх газраас амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор иргэн ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн зөв талын гэр гуяндаа дөлтэй давхар саран тамгатай адууг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Н.Ганбаярт 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, зориуд хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг гэмт хэрэг юм. ******* нь хохирогч ******* эзэмшлийн 1 тооны бор зүсмийн зөв талын гэр гуяндаа дөлтэй давхар саран тамгатай адууг хулгайлан авч, хулгайн малыг захиран зарцуулах боломжийг өөртөө бүрдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаан байхгүй байна. 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ганбаярын эзэмшлийн нэг тооны адууг хулгайлсан нь нотлох баримтууд хангалттай байгаа учраас гэм буруугийн тал дээр маргаан байхгүй байна. Ганбаярын хавтаст хэргийн 12-14 хуудас, 16-17 дугаар хуудсанд шүүгдэгч *******ээс морио хүлээж авсан гэдэг мэдүүлгээ өгсөн. Сэтгэл санаа болон бусад хохирол байхгүй гэдгээ мэдүүлгээрээ хохирогч маань мэдүүлэг өгсөн байдаг. Мөн тухайн хулгайлсан морио бойнд аваачиж өгч Мөнхзул гэдэг хүнд 650,000 төгрөгийн хохирлын асуудал яригддаг. Энэ хохирлыг мөрдөн байцаалтын шатанд байхдаа 650,000 төгрөгийг төлсөн гэдэг нь өөрийнх нь өгсөн яллагдагчийн мэдүүлэг Мөнхзулын 650,000 төгрөгийг өгсөн мэдүүлэг, шүүхийн шатанд биечилж очиж уулзаж бичиг авчруулсан гэдэг байдлаа бас илэрхийлж байна. Тийм учраас шүүгдэгч Гансүхийн хувьд бусдад төлөх төлбөргүй байна гэдэг нотлох баримтууд харагдаж байна. Өөр санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,
1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрх зүйн дүгнэлт:
2.1. Мал хулгайлах гэмт хэрэг гэдэгт: бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор ******* эзэмшлийн 1 тооны адуу буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлснаар гэмт хэрэг төгссөн байна.
2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
2.3. Прокуророос шүүгдэгч *******ийг “Бусдын малыг хулгайлсан” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “ Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Шүүхээс шүүгдэгч *******ийг “Мал хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх” нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.2 Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ” ял шийтгэхээр хуульчилжээ.
Улсын яллагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:
3.2.1. Улсын яллагч: “Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь хохирогч Н.Ганбаярт 1,120,000 төгрөгийн хохирол учруулсан ба хохирогч нь яллагдагчаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байна. Иргэний нэхэмжлэгч Ү.Мөнхзулд 650,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаанд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоолгож, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хохирогдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг,
3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн ялын саналыг сонслоо. Улсын яллагчийн зүгээс *******эд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэх ялын саналаа тавьж байна. Өмгөөлөгчийн зүгээс хүндрүүлж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэсэн саналыг шүүхэд тавьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэг бол өөрөө 6 сараас 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай мөн энэ хугацаагаар хорих ял оногдуулах ийм зохицуулалттай гэмт хэрэг байгаа. *******ийн хувьд ам бүл 5 уулаа амьдардаг. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Харгилтайн гол” гэдэг газар мал маллаж амьдардаг залуу байгаа. Албан ёсоор гэр бүл болоогүй хамтран амьдрагч 2 хүүхэд нь Дарьганга суманд байдаг. Өндөр настай аав ээжтэйгээ Эрдэнэцагаан суманд мал маллаж амьдардаг ийм залуу байгаа. Яагаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэж байгаа юм бэ гэхээр зорчих эрх хязгаарлах ял маань суман дээрээ тогтоодог учраас хөдөө мал маллах боломж байхгүй байгаа учраас энэ боломжийг олгож хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. *******ийн аав ээжийн хувьд өндөр настай 70-80 настай өвгөн хөгшин хоёр байдаг. Мөрдөн байцаах болон прокурор шүүхийн шатанд тодорхой албан тушаалтнаасаа чөлөө авч мал руугаа явдаг. Өвгөн хөгшин хоёр хоёулхнаа байдаг учраас мал руугаа явахгүй бол болохгүй нь дуудсан цагт чинь ирнэ гэдэг байдлаар цагдаа, прокурорын шатанд явж байсан. Өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэдий ч ард нь үр хүүхдээ тэжээх аав ээжээ асрах тэжээх нь хэдэн мал нь гэж ойлгож байгаа. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн.
3.3 Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Н.Ганбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг үндэслэвэл, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, энэ тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
4. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид 1,120,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
5. Бусад асуудлаар
5.1. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримтыг хавсаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг “Мал хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******эд дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ганбаярт учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ