Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/01799

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        04          19                                     101/ШШ2022/01799         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,435,428.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Ж.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Ж.Б нь “О ББСБ” ХХК-тай ЗГ20/256 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээг байгуулж 2020.09.14-ний өдөр 5,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувь, сарын 1,9 хувь, 538 хоногийн хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 260,732.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 68,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 554.93 төгрөг, нийт 330,000 төгрөг төлсөн.  

Эргэн төлөх хуваарь 2020.10.23-ны өдрөөс хойш зөрчигдсөн, дээрх төлбөрөөс өөрөөр төлөлт хийгээгүй, зээлийн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна.

Түүнд зээлийн төлбөрөө төлөхийг түүний гар утсаар, мессежээр, и-мэйл хаягаар тус тус мэдэгдэж байсан, үүргийн гүйцэтгэлийг шаардахад тэрээр Багануур дүүрэг дэх иргэний үнэмлэхийн хаягт оршин суудаггүй байсан учир эрэн сурвалжлуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг эрэн сурвалжилж Баянзүрх дүүрэг дэх хаягт оршин сууж байгаа болохыг тогтоож өгсөн.

Цагдаагийн байгууллагын тогтоож өгсөн утасны дугаараар Ж.Б-тэй холбогдож зээлийн үүрэг шаардахад төлнө гэсэн боловч дахиад холбоо барихгүй болсон учир шүүхэд хандсан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу эргэн төлөх хуваарь 2020.10.23-ны өдрөөс зөрчигдсөн, үүргээ биелүүлэхийг шаардсан боловч биелүүлэхгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.1-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага гаргаж байна.   

Иймд зээлдэгч Ж.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,739,267.26 төгрөг, зээлийн хүү 1,604,355.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,805.86 төгрөг, нийт 6,435,428.54 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, “О ББСБ” ХХК-иас Ж.А-д олгосон итгэмжлэл, 2020.09.14-ний өдрийн ЗГ20/256 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний хуулбар, зээлийн олголт, эргэн төлөх хуваарь, бэлэн бус зарлагын баримтын хуулбар, Ж.Б-ийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс “О ББСБ” ХХК-д ирүүлсэн албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 181/ШШ2021/02199 дугаар шийдвэрийн хуулбар, зээл хүссэн өргөдөл /хх-ийн 3-17/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,435,428.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Тус шүүх хариуцагч Ж.Б-д холбогдох, 6,435,428.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн 101/ШЗ2022/05613 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Ж.Б-д 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгчээ. /хх-ийн 18, 24-27/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Ж.Б-д 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан байх ба тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 25, 32-34, 35-37/

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болон түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т: “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Ж.Б нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 260,732.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 68,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 554.93 төгрөг, нийт 330,000 төгрөг төлсөн, 2020.10.23-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй, зээлээ эргүүлэн төлөхийг шаардсан боловч төлөөгүй, гэрээний 6.4.1-т заасны дагуу гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,739,267.26 төгрөг, зээлийн хүү 1,604,355.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,805.86 төгрөг, нийт 6,435,428.54 төгрөг шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

 

“О ББСБ” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №ЗГ20/256 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ”-г Ж.Б-тэй байгуулсан байх ба гэрээгээр 5,000,000 төгрөгийг, сарын 1,9 хувийн хүүтэй, 538 хоног буюу 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай, хэрэглээний зориулалттай, цалингийн орлого барьцаалан олгох,

зээлдэгч нь зээл болон хүүг тогтоосон хугацаанд эргүүлэн төлөх, хэрэв зээл, түүний хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон болох нь зээлийн гэрээ, зээлийн олголт, эргэн төлөх хуваарь, бэлэн бус зарлагын баримт, зээл, хүү тооцоолол, зээл хүссэн өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 9-13, 16-17/

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, гэрээний оролцогч харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, зээл олгох хэлбэр зэргийг тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т: Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасантай нийцсэн байна. /хх-ийн 12/

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Зохигч талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 538 хоног, тодруулбал 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно. 

 

Хариуцагч Ж.Б нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.4-т зээлдүүлэгчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон, 6.4.1-т ”Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол” гэжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөх хуваарьт тусгагдсаны дагуу 2020 оны 10 дугаар  сарын 23-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 260,732.74 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 68,712.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 554.93 төгрөг, нийт 330,000 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр  зээлийн төлбөр төлөгдөөгүй, мөн өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 13/

 

Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-т заасан хавсралт 1-ээр баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зөрчсөн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.17-ны өдрийн 181/ШШ2021/02199 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилсан, шүүхийн шийдвэрийн дагуу Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022.01.26-ны өдрийн 26м/292 дугаартай албан бичгээр түүний оршин суух хаягийг тогтоосон байх ба тэрээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөөггүй зэргээс үзэхэд зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ. /хх-ийн 14-15/

 

Үүнээс үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх тул зээлдүүлэгч нь гэрээний 6.4 дүгээр зүйлийн 6.4.1-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна. 

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тооцон цуцалж, гэрээ цуцлах хүртэлх хугацааны гэрээний үүрэгт хариуцагч Ж.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,739,267.26 төгрөг, зээлийн хүү 1,604,355.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,805.86 төгрөг, нийт 6,435,428.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 6,435,428.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 117,916.86 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,916.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ