Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

 

  2025          01              20 

 2025/ШЦТ/38

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2430003330277 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар сумын 3 дугаар баг “*******” гэх газар нутаглах, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн,

******* овогт ******* (РД:*******)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 2430003330277 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “…Би 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Аймгийн нэгдсэн эмнэлгийн баруун талд байдаг найз Сүхээгийн гэрт нь архи ууснаа санаж байна. Тэгээд тэднийхээс гараад “Номин” агуулах дэлгүүр рүү орсон байсан. Тухайн үед “Номин” агуулах дэлгүүрт ороод лангуун дээрээс нь том архи авч байснаа санаж байна. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна. Миний бие 410,000 төгрөгний үнэтэй “Beluga” нэртэй 1.5 литрийн архи хулгайлсан байсан. Одоо би тухайн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45-р хуудас)

“...Тэгэхээр нь би босоод “зүгээр бай” гээд Болормаагийн зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд дараа нь Болормаа цагдаа дуудна гээд байсан. Тэгэхээр нь би яваад өгсөн өөр зүйл болоогүй...Хэрэв Болормаа нь надаас эмчилгээний зардалтай холбоотой төлбөр нэхэмжилбэл би төлнө...Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89-р хуудас),

- Хохирогч ******* өгсөн “... Миний бие 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн үед найз Идэрбат, Борхүү гэх 2 залуутай гэртээ Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 16-19 тоотод архи уугаад сууж байсан. Тэр үед гаднаас танил Сүхбаатар сумын Баярцогт гэх хүн согтуу орж ирсэн. Тухайн үед бид бүгдээрээ Сүхбаатар сумынх болохоор хоорондоо юм яриад сууж байсан. Тэгээд юм яриад сууж байхдаа Баярцогтын өмнө нь намайг чулуугаар цохиж байсан нь миний санаанд ороод  би Баярцогтод “чи яахаараа намайг чулуугаар цохидог юм” гэж хэлтэл гэнэт Баярцогт миний зүүн нүд руу цохисон. Тухайн үед Баярцогтыг миний нүүр рүү цохино гэж би бодоогүй гэнэт л цохичихсон. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн... Тухайн үед би болон Баярцогт аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгэхдээ тухайн үед бид нар цай унд уугаад, инээж хөхрөөд сууцгааж байсан. Биеэ хянах чадвар бол байсан...Тухайн үед Баярцогт миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Өөр гэмтэл бэртэл учруулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаартай “...1. П.Болормаагийн биед зүүн нүдний дээд доод зовхи болон салстад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-76-р хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* өгсөн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар аймаг дахь Номин агуулах худалдаанд борлуулалтын менежерээр 2020 оны 04 сараас эхлэн ажиллаж байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бараагаа тоолсон юм. Гэтэл манай лангуунаас 1 ширхэг “Beluga” нэртэй 1,5 литрийн архи дутаад байсан юм. Тухайн архи нь 450,000 төгрөгөөр зарагддаг архи юм. Тэгээд юу болсныг нь мэдэх гээд хяналтын камерын бичлэгийг шүүж үзтэл 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай архины тасгаас үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн тухайн алга болсон гэх архийг хулгайлж байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Манай дэлгүүр зарим бараандаа таг /чип/-тэй байдаг. Тухайн чип нь дэлгүүрээс эд зүйл хулгайлж байгаа тохиолдолд үүдний хаалганы хэсэгт дугардаг юм. Харин хулгайд алдсан гэх архи нь ямар нэгэн таг /чип/-гүй байсан... Надад болон манай ажлын газрын хүмүүс тухайн хяналтын камерын бичлэг дээр бичигдсэн хүнийг авсан гэж бодож байгаа. Би тухайн камерын бичлэг болон тухайн камерын бичлэгийн зураг, архины зургийг мөрдөгчид сайн дураараа гаргаж өгөх гээд авч ирсэн. Баярцогт нь манай байгууллагаас хулгайлсан “Beluga” нэртэй архиныхаа төлбөр болох 410,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулж манай байгууллагыг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 19-р хуудас),

- 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” (хавтаст хэргийн 7-8-р хуудас),

- 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 10-р хуудас),

- “Болор үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2402242 дугаартай “...Архи “Beluga” нэртэй 1.5 литр” нь 409,980 буюу бүхэлчилвэл 410,000 төгрөг байна гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-28-р хуудас),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 93-96-р хуудас),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 97-100-р хуудас),

- Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас)

- Шүүгдэгч *******ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, (хэргийн 105-107 дугаар хуудас) зэрэг болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч *******ыг согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлааст”-ын 16-19 тоотод Т.Болормаатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  7 дугаар багт  үйл  ажиллагаа явуулдаг  “Номин” агуулах худалдааны салбар”-аас “Beluga” нэртэй 1.5 литрийн савлагаатай 1 ширхэг архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг “Хайлааст”-ын 16-19 тоотод Т.Болормаатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Мөн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Номин агуулах худалдааны салбар”-с “Beluga” нэртэй 1.5 литрийн савлагаатай 1 ширхэг архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 410,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан байна. Иймд ******* нь өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдсан үйлдэл, мөн хохирогчийн эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл зэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн гэмт хэрэг болон хулгайлах гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй болно” гэх санал, дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

1.2.3 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр далд, нууц аргаар авахыг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь “ Номин агуулах худалдааны салбар”-с “Beluga” нэртэй 1.5 литрийн савлагаатай 1 ширхгийг бусдад мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

2.2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч Т.Болормаатай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд доод зовхи болон салстад цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

3.1. Шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.2. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талууд эрүүгийн хариуцлагын талаар дараах саналыг гаргав.

3.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих тус тус ял оногдуулах саналтай.Оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх мөн саналтай, оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэх саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй болно. Мөн хохирогч сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх санал, дүгнэлтийг,

3.2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гэмт хэргүүд нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Түүнчлэн улсын яллагч сая хэлсэнчлэн хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг нь харгалзан үзнэ гэж дүгнэлтдээ дурдлаа. Энийг давхцуулахгүйгээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгчид 450,000 төгрөгөөр торгох ялаар, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Уг ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж өгнө үү гэж өмгөөллийн дүгнэлтээ гаргаж байна. Учир нь гэвэл үйлчлүүлэгч маань  гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, өөртөө дүгнэлт хийж байгаа нөхцөл байдлыг нь харгалзан үзнэ үү? бас эхнэр нь сая хийсвэрээр төрсөн энэ хүнтэй уулзаж чадаагүй нялх нойтон хүүхэдтэй болсон мөн 11 хоногийн хугацаанд өөртөө дүгнэлт хийж өөртэйгөө аашилж ухаарсан байдал нь бас харагдаж байна. Дээрх зүйл ангиудад ялын сонголтууд байгаа учраас ялыг нь тусад нь эдлүүлээд ийм нөхцөл байдлаар нь бас хангаж өгнө үү” гэх санал дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3.3. Шүүхээс шүүгдэгч *******  нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны эх үүсвэр тодорхойгүй зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

3.3.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 сарын хугацаагаар тогтоолоо.

3.3.2. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, “Бор өндөр” гэх газарт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгогдсон “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-гаар тогтоогдож байна.

3.3.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1761 дүгээр зүйлийн 1761.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******од оногдуулсан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг нутаг дэвсгэрийн харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

4. Хохирол, хор уршгийн талаар:

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд Т.Болормаа нь мөрдөн байцаалтын шатанд: “Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд ямар нэгэн хохирол, гэм гор учраагүй тул миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батбаярт 410,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол нөхөн төлөгдсөн болно.

Хохирогч ******* өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 11 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн DVD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалах, шүүхийн шатанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүгдэгч *******  хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь “Номин агуулах худалдааны салбар”-ын 410,000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн CD-R дискийг хэрэгт хавсаргаж хадгалсугай.

9. Хохирогч Т.Болормаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ