| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/407 |
| Огноо | 2025-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/407
2025 02 06 2025/ШЦТ/407
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ********* овогт Э-гийн Ат холбогдох эрүүгийн 2403006060921 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ****** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Г ХХК-д авто машин угаагчаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ******** тоотод оршин суух,
Урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,
******* овогт Э-гийн А /регистрийн дугаар: *********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Гачуурт Монгол шилтгээн орох замд Соната-6 маркийн ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Аыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2403006060921 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэрэг учрал болсон буюу Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Гачуурт ****** шилтгээн орох, Нархан миний маркет дэлгүүрийн зүүн хойд замд зам тээврийн осол болж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р хуудас/,
****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жолооч Э.А нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Арын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
Гэрч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-30-р хуудас/,
Шинжээч эмч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10577 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66-р хуудас/,
Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 278 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-61-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1706 дугаартай магадлагаа /хх-ийн 129-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-47, 74-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2303006060921 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “... Э.А нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Гачуурт ***** шилтгээн орох замд Соната-6 маркийн ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Дашдорж шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “... Өмгөөлөгчийн хувьд холбогдсон гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас ажилласан. Учир нь Э.А нь бичиг үсэг мэдэхгүй тул ажиллах нөхцөл байдал үүссэн бөгөөд анхны мэдүүлгээс эхлээд өмгөөлөгчөөр орсон. Хэргийн үйл баримт зам хөндлөн хүүхэд гарсан, хэргийн нөхцөл байдалтай уялдаа холбоо байна уу? Э.А нь зогсоох арга хэмжээ авсан эсэх нөхцөл байдал дээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудад өмгөөлөгчийн хувьд дүн шинжилгээ хийсэн. Гэнэт гарч ирсэн нөхцөл байдлаас болж зогсоох арга хэмжээ авсан бол цагаатгах талын буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тухайн зам дээр зогсоох арга хэмжээ авсан нөхцөл тогтоогдохгүй байна гэж хоёр шинжээч дүгнэсэн. Хохирогч замыг туулж байгаа нөхцөл байдал, баруун талаас гарч ирж байгаа, зүүн талаас гарч ирж байгаа, замыг туулж байгаа эсэх нөхцөл байдлыг хараад энэ зүйлчлэлтэй маргах зүйлгүй, мөрдөгчийн гаргасан магадлагаа үндэслэлтэй гэж үзсэн. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд тодорхой нөхцөл байдал нөлөөлсөн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Явган зорчигчийн хувьд 3.5-тай холбоотой зорчигч 10 нас хүртэлх хүүхдийг зам хөндлөн харгалзан явахдаа 5.4-т заасан нөхцөл байдлаар авч явах нөхцөл байдал байсан, хохирогч бага насны хүүхэд байсан, замаар гүйсэн зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг гарснаас хойш хохирогчид бөөнд нь биш ч гэсэн 1.000.000, 300.000, 200.000 төгрөгийг төлж цувуулсаар нийт 10.380.000 төгрөг төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид эмчилгээ үзүүлсэн 6.000.0000 төгрөг орчмыг төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч гаргасан баримт буюу 6.674.573 төгрөг гарч байх бөгөөд энэ баримтуудын хүрээнд шүүгдэгчээс тодорхой мөнгөнүүдийг шилжүүлсэн, мөн хохирогч талаас эмчилгээ, сувилгаа хийгдсэн холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Мөн дансны хуулгатай гаргаж хэргийг хялбаршуулсан шийдвэрлүүлэх саналыг прокурорын шатанд гаргаж өгсөн. Сэтгэцэд учирсан хохиролд 5-р зэрэг дээр “хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц, уршиг гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэг, мэргэжлийн хөдөлмөрийн чадвар алдалттай холбоотой” эсхүл 4-р зэрэглэл “хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай” гэх хоёр үзүүлэлтээр сэтгэцийн хохирлын асуудал тогтоогддог. Эмнэлэгтэй холбоотой баримтууд, эдгэрэлтийн явц зэрэг холбоотой баримтууд, сэтгэцэд учирсан хохирол шийдэгдэх байх. Хөдөлмөрийн чадвар алдалт бол бага насны хүүхэд дээр яригдахгүй нөхцөл үүссэн буюу 4-р зэрэглэлээр сэтгэцийн хор уршгийг гаргах нь зүйтэй байх. Шүүх өөрийн дотоод итгэлээр 15-30, 23-49 эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх. Хэрэгт өмгөөлөгчийн хувьд маргахгүй байх бөгөөд хохирогч бага насны хүүхэд байгаатай холбогдуулж энэ асуудалд хандсан...” гэв.
Шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Э.А нь 2024 оны 08 дугаар сарын 08-ны 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Гачуурт ******* шилтгээн орох замд Соната-6 маркийн ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэрэг учрал болсон буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Гачуурт ****** шилтгээн орох, Нархан миний маркет дэлгүүрийн зүүн хойд замд зам тээврийн осол болж, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жолооч Э.А нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Арын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед манай эхнэр З.С 3 охины хамт “Төр наран” хүнсний дэлгүүр орох гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд би гэртээ хоол хийх гээд сонгино хэрчээд сууж байхад манай 2 том охин гаднаас гэрт орж ирээд аав дүүг сая нэг машин мөргөчихлөө гээд орилоод ороод ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад гүйж очиход манай бага охин замын хажуу талын гэрлийн шонгийн хажууд газар ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би яасан бэ юу болсон бэ гээд жолооч нь хаана байна гэхэд жолооч нилээн цаана гар утсаар хүнтэй яриад утасны цаана байгаа хүнтэйгээ би чамайг битгий ярь гэсэн шүү дээ яах гэж ярьсан юм бэ би хүн дайрчихлаа, хүүхэд дайрчихлаа гээд уйлаад яриад байсан. Тэгээд охин луугаа хараад эхнэр лүү харсан чинь манай эхнэр охинынхоо хажууд суусан дээгүүр өмсөж байсан хувцасаа тайлаад охинынхоо толгой доор хийсэн байсан. Тэгээд би жолооч руу дайраад чи миний охиныг дайраад миний охин өнгөрсөн байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр охин амьсгаатай байна түргэн тусламж дууд гэж хэлсэн. Тэгээд би жолооч руу хараад орилоод чи түргэн дуудаачээ гэж орилох үед нөгөө жолооч утсаар ярьсаар байсан. Тэгээд би түргэн дуудаад түргэн 30-40 минутын дараа ирсэн... тухайн зам тээврийн осол болсон газар зорчих хэсгийн зүүн хэсэгт явган хүний зам буюу хөвөө байхгүй байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч З.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай гэр бүлийнхэн гэртээ шорлог хийж идэх гээд би 3 охиныг дагуулж замын хойд талын хүнсний дэлгүүр орж мод аваад буцаад гэрлүүгээ бид алхаад зорчих хэсгийн хойд тал буюу замын хажуу талын явган хүний замаар явж байсан. Би 3 охиныг хамт явж байсан том охин 11 настай, дунд охин 9 настай, бага охин 7 настай бид 4 явж байгаад бид 4 гэрийнхээ хойд талын уулзвар дээр ирээд зорчих хэсэг гарах гээд замын хойд талд замын хажууд зогсож байсан. Тэгээд би хэд зам гарах гэсэн чинь тэр үед олон машин зам дээр явж байсан. Тэгээд бид хэд замын хажууд хэсэг хугацаанд хүлээж зогсож байгаад за одоо бүгдээрээ зам гаръя гэж би хэлсэн. Тэгсэн чинь манай бага охин түрүүлж зам хөндлөн алхсан тэр үед нэг автомашин ертөнцийн зүгээр баруун зүгээс гэнэт гараад ирсэн. Тэгээд тэр автомашин манай охиныг ирж мөргөсөн, мөргөх үед манай охин агаар дээр нэг эргэж байгаад замын хажуу талд газар унасан. Тухайн тээврийн хэрэгсэлд мөргүүлээд газар унах үедээ манай охин маш хүчтэй газар шидэгдсэн. Тэгээд би бага охин дээрээ гүйж очих үед манай охин доош харсан байрлалтай газар хэвтэж байсан. Тэгээд охиноо эргүүлж харуулаад хэвтүүлсэн тэр үед манай охины духны гол хэсэгт маш том язралтай байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10577 дугаартай “... А.Мгийн биед их тархины шулуун синус, тенториум, гүүр, дунд тархины зүүн хажуугийн аалзан хальсан доорх цус харвалт, хоёр уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, элэгний няцрал, баруун бөөрний гадна ханын цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, баруун умдаг ясны дээд салаа ацетабулын урд багана дайрсан, симфиз үений хэсгээр хоёрлосон, зүүн умдаг яс, суудал ясны хугарал, духанд шарх, зулгаралт, цээж, хэвлий, баруун тохой, шуунд зулгаралт” бүхий амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад М.Бат-Эрдэнийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1706 дугаартай “... “Hyundai Sanato-6” маркийн ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон...” гэх магадлагаа зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр /болгоомжгүйгээр/ халддаг, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.3 “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлж, жолоочийн лавлагаа мэдээлэлээр Э.А нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр №1083341 дугаартай үнэмлэхээр жолоодох эрхтэй болсон байх ба тэрээр ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь түүнийг жолооч гэж үзнэ.
Жолооч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих; мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Мөрдөгчийн магадалгаа гаргасан Моломжамц овогтой Бат-Эрдэнэ нь Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Авто инженер” хөтөлбөрийн модулын “С” зэрэглэлийн 40 цагийн сургалтад хамрагдаж, замын хөдөлгөөний зохион байгуулалт, автомашины хөдөлгөөний онол зэргийг эзэмшиж Сертификат авчээ.
Тэрээр зам тээврийн осол гаргасан Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасантай нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Жолооч Э.А 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Гачууртын зам ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг биелүүлээгүйн улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч А.Мг мөргөж, зам тээврийн осол гарган түүний биед амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Э.А ****УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч А.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрэм, журам дагаж мөрдөөгүй, анхаарал болгоомжгүй оролцсоноос гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ар “...цаашид гарах эмчилгээний мөнгө төгрөгөө бүрэн төлүүлмээр байна. Маш гомдолтой байна...” гэж мэдүүлсэн /хх-ийн 17-р талд/, “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 5 дугаар зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн...” /хх-ийн 73-р талд/, гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Мгийн эрүүл мэндэд эмчилгээ хийлгэсэн талаарх 7,023,373 төгрөгийн баримтыг /хх-ийн 160-181-р талд/ гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А нь Хаан банкны **********тоот дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, тэрээр 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хойш насанд хүрээгүй хохирогчийн эх болох З.Сийн эзэмшлийн ********** тоот дансаар дамжуулан төлбөр төлсөн байгаа нь хавтаст хэрэгт гаргасан 7,023,373 төгрөгийн эмчилгээний төлбөрийг төлсөн байна гэж үзлээ.
Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд: 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын 3.6 “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих... гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг /Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл/-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэж аргачлалыг баталж, дагаж мөрдсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралт 1 “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1 “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр... тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж,
Мөн журамын 2.2 “Энэ журамын... 2.1.5-д заасан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ.” гэж тус тус заасан.
Эдгээр эрх зүйн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцуулж гаргуулах эрхтэй байна.
Насанд хүрээгүй Арын М нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, тэрээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд 7 нас 2 сартай байсан болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 19/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 18/ зэрэг баримтаар нотлогдсон.
Тэрээр эрүүл мэндийн шалтгаан болон нас, биеийн онцлогоос шалтгаалж, өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд зааснаар төрсөн эцэг Ц.Арыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 4, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч Ц.Арын сэтгэцэд учирсан хор уршгийн 5 дугаар зэрэглэлээр тогтоосон нь насанд хүрээгүй хохирогч А.Мгийн нь энэ хэргийн улмаас үүссэн хор уршигтай шалтгаант холбоотой, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт буюу хүснэгтийн 5 дугаар зэрэглэлийг хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.
Хохирогч А.Мд гэмт хэргийн улмаас шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь “их тархины шулуун синус, тенториум, гүүр, дунд тархины зүүн хажуугийн аалзан хальсан доорх цус харвалт, хоёр уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, элэгний няцрал, баруун бөөрний гадна ханын цус хуралт, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, баруун умдаг ясны дээд салаа ацетабулын урд багана дайрсан, симфиз үений хэсгээр хоёрлосон, зүүн умдаг яс, суудал ясны хугарал, духанд шарх, зулгаралт, цээж, хэвлий, баруун тохой, шуунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Хохирогч А.Мд гэмтлээс үүдэлтэй үлдэц, өвдөлт, шаналал, учирсан сөрөг үр дагавар, танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох байдал, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, түүний гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын Дөрөв нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн Тавдугаар зэрэглэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон хохирогчид олгов.
Тодруулах нь, Хөдөлмөр, Нийгмийн Түншлэлийн Гурван Талт Үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Хохирогч А.Мд сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 33,000,000 төгрөгөөр тооцлоо.
Харин хохирогч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ар нар нь гэмт хэргийн улмаас А.Мгийн энэ хэрэгт хавсаргаснаас бусад эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэх хохирлоо гэм буруутай этгээдээс буюу Э.Ааас холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул мөн зүйл, хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Э.А “...Хөнгөн ял оноож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Б.Дашдорж шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн хувьд ялын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлтэй холбоотой асуудлыг ярьж болох ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзвал зорчих эрхийг хязгаарлах ял зохимжтой байх. Миний үйлчлүүлэгч Баянзүрх дүүрэгт оршин суудаг, хохирогчид төлж байгаа хохирол төлбөрийг машин угаалгын газар ажиллаж төлдөг бөгөөд нийтдээ 10 гаруй жил тогтвортой ажилласан байдаг. Цаашид энэ газартаа ажиллах тул нутаг дэвсгэрийн хувьд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр гэж тогтоож өгнө үү. Хугацааны хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хэргийн газраас зугтсан зүйлгүй, цагдаа, эмнэлэг дуудсан байдаг. Гэмт хэрэг гарсан 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хохирогчид эмчилгээний мөнгө зэргийг төлж байгаа нь энэ хүний хувийн байдлыг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасах саналыг оруулж байна. Мөн 1 жилээр зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Тухайн зорчих эрхийг хязгаарлах ял нь тодорхой хариуцлага хүлээлгэдэг учир ажил хөдөлмөрөө чөлөөтэй хийхийн хувьд мөн хохирогчид төлөх боломжит хугацаа үүгээр тооцогдоно. Иймд нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид тодорхой хувь хэмжээгээр эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлж байсан, хохирол төлөхөө ирэлхийлж буй байдал, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирохын зэрэгцээ хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд нийцнэ гэж дүгнэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага болох хорих ялыг оногдуулж, нийгмээс тусгаарлахгүйгээр тодорхой хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, ажил хөдөлмөр эрхэлж, орлого олон насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэх, тусламж үзүүлэхэд ач холбогдолтой гэж үзсэн болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.А нь Эрүүл мэндийн даатгалын санд 6,703,720 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт Э-ны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Аыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ааас 33,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ар нарт олгосугай.
7. Хохирогч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ар нар нь гэмт хэргийн улмаас А.Мгийн энэ хэрэгт хавсаргаснаас бусад эмчилгээ хийлгэсэн болон цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу Э.Ааас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.А нь Эрүүл мэндийн даатгалын санд 6,703,720 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОТГОНБААТАР