Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/42

 

 

 2025          01              21                                           2025/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Д.Дашням,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2430003380002 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, Урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

Сүхбаатар аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 49 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 256 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгэгдэж байсан,

******* овогт ******* (РД:*******)

 

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд дурдсанаар):

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 14-02 тоотод, мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 14-1413 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “*******, Мөнхтулга, Баяраа энэ 3 над дээр энэ төв эмийн сангийн плита нааж тавьж надтай цуг ажиллаж байсан. Тэгээд нэг орой бид нар ажлаас буучхаад үдээс хойш ажиллаагүй Мөнхтулгынд очиж бид  хэд архи уусан  уугаад байж байтал орой эхнэр ирэх болохоор нь би “харьж унтлаа” гэж хэлээд гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Гэрт байхад нэг сэрсэн чинь “Энхтөрөө хөөе босоод ир” гээд сэгсэрч байсан. Тэгээд босоод ирсэн чинь эхнэр ирчихсэн байсан. “Хөөе Энхтөрөө мөнгөө авъя мөнгөө авъя л даа” гээд намайг сэгсрээд шанаа руу нудраад байсан. Тэр үед бид нар дөнгөж ажил эхлээд удаагүй байсан учраас ямар ч мөнгө төгрөг аваагүй байсан. Тэгээд “юун мөнгө яриад байгаа юм чи ямар ч мөнгөгүй байхад чи үхсэндээ мөнгө нэхээд байгаа юм бэ” гэсэн чинь “мөнгөө авъя л даа” гээд шанаа руу нудраад байхад нь би тэр үед огцом уурласандаа гараараа савчихсан чинь уруулыг нь цохичихсон амнаас нь цус гараад, тэгээд эхнэр “чи одоо агсан тавих гэж ирсэн юм уу” гэж хэлээд хажууд нь цуг явж байсан Сугарааг “наадхаа аваад гар бөөн юм боллоо” гээд тэгээд аваад тэр хоёр гарсан. Тэгээд өглөө нь боссон чинь Ирэнбаатарын эхнэр нь манайх руу орж ирсэн “чи Ирэнбаатарын шүд ам уруулыг нь цохичихсон байна яаж байгаа юм бэ чи 1,000,000 төгрөг өг 1,000,000 төгрөг өгөхгүй бол чамайг шууд цагдаад өгнө” гэж хэлсэн. Би “юун 1,000,000 төгрөг вэ би өргүй юун мөнгө төгрөг яриад байгаа юм бэ” гэж хэлээд явуулсан. Тэгээд Мөнхтулгынд ажлаа хийх гээд өглөө 9 өнгөрч очсон чинь Мөнхтулга, Баяраа хоёр нэг шил архи дуусчхаад уугаад сууж байсан, надтай цуг ажилладаг болохоор нь цуг сууж байсан чинь гаднаас Ирэнбаатар ахиад нэг хүнтэй орж ирсэн. “Яасан юм уруул ам чинь зүгээр үү эхнэр чинь сая орж ирлээ” гэсэн чинь уруул нь хавдчихсан байсан. “Эхнэр чинь юун 1,000,000 төгрөг нэхээд байгаа юм бэ яасан юм зүгээр үү гэсэн чинь зүгээрээ эхнэр маяглаж л байхгүй юу?” гээд хэлэхээр нь бид хэд тэр өдөр Мөнхтулгынд ажилдаа яваагүй ууцгаасан юм. Тэгээд нэлээн их архи уусан яг сүүлд бол би яаснаа санахгүй байгаа нэг мэдэхэд эхнэр ирчихсэн намайг явъя гээд авч гарсан. Нэг мэдэхэд тэр хэдийн ярьж байгаагаар гэрийн гадаа унтаж байсан гэсэн. Эхнэрээс асуусан “чи тасраад гэрийнх нь гадаа унтаж байсан” гэж хэлсэн өөр юу болсноо санахгүй байна” гэв.

Эрүүгийн 2430003380002 дугаартай хэргээс:

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр надтай тухайн үед хамт ажилладаг байсан Б.Эрдэнэбаяр, Мөнхтулга, Ирэнбаатар бид нар Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэй 14-1413 тоотод Мөнхтулгын гэрт хамт архи ууцгаасан. Тэгээд цаг орой байхаар нь би явлаа гэж хэлээд ганцаараа гэр рүүгээ явсан. Тэгээд очоод унтаж байхад Ирэнбаатар, Сугар хоёр араас ирээд намайг татаж, чангаагаад, миний хацарт хүрээд байхаар нь би уурлаад ******* руу гараараа нэг удаа саваад цохисон. Тэгсэн чинь *******ын амнаас нь цус гараад эхэлсэн. Тэгээд манай эхнэр Шүхэрцэцэг уурлаад Ирэнбаатар, Сугар хоёрыг гэрээсээ хөөж гаргасан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явах гээд гэртээ сууж байхад *******ын эхнэр Саруул-Адъяа нь манай гэрт орж ирээд чи Ирэнбаатарын шүдийг цохисон байна. Чи нэг сая төгрөг өгөхгүй бол чамайг цагдаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би Саруул-Адъяатай маргалдаж байгаад ажилдаа явах замаараа Мөнхтулгын гэрээр дамжиж орсон. Намайг очиход Мөнхтулга, Б.Эрдэнэбаяр, Ирэнбаатар, шил Тунгаа нар архи уугаад сууж байхаар нь би тухайн хүмүүстэй хамт 3 шил архи хувааж уусан.Тэгээд би уусан архиндаа нэлээд согтсон байсан. Цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Нэг мэдэхэд манай эхнэр Шүхэрцэцэг намайг гэрт хүргэж өгсөн байсан. ******* миний биед халдаж зодоогүй. ...” гэх мэдүүлэг (хэргийн 113-114-р хуудас),

- Хохирогч *******ын “… Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажлынхаа газрын Энхтөр ахтай хамт архи уусан. Тэгээд би Энхтөр ахын гэрийн гадаа зогсож байтал манай ажлын ах Сугараа ирсэн. Энхтөр ах, Сугараа ах бид гурав хамт 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би Энхтөр ахаас “ажил хийсэн мөнгөө авъя" гэж хэлсэн чинь миний нүүр рүү гараараа цохиод миний уруул амнаас цус гараад шүд хөдөлсөн. Маргааш өдөр нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа явахдаа ажлын хүмүүсийнхээ гэрээр ороод цуг явъя гэж бодоод гараад явж байтал Тунгаа ахтай таараад бид хоёр хамт Тулгаа ахын гэрт очтол тэнд Тулгаа ах, Баяраа, Төрөө нар архи уугаад байж байсан. ... Тэгээд байж байтал Магнай ах Төрөө ах хоёр хоорондоо муудаад маргалдаад гэрээс гарсан. Магнай ах буцаж орж ирэхээр нь би "Төрөө ах хаана байгаа юм бэ" гээд асуусан чинь гадаа хэвтэж байгаа гэхээр нь би Төрөө ахад санаа зовоод зүгээр байгаа юм болов уу гээд гараад очсон. Намайг гараад очиход Төрөө ах гэрийн гадаа зүүн урд талд газар хэвтэж байсан. Би Төрөө ах дээр очоод та одоо босоо гэртээ харь гэсэн чинь над руу уурлаад " Битгий шаа, ална шүү гөлөг минь” гээд салаавч гаргаад байхаар нь би газраас босгох гээд гараас нь татсан чинь намайг түлхээд шууд миний нүүр рүү хоёр өшиглөөд авсан. Төрөө ахад өшиглүүлснээс болоод миний хамраас цус гараад, шүд унасан. ...Энхтөрд зодуулсан гэх асуудал 2024 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед гараараа цохиж маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Тулгаа ахын гэрийн гадаа миний нүүр, толгой руу өшиглөсөн. ..Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа би нэхэмжилнэ. ..Би гомдолтой байна. Миний шүд унасан, толгой өвдөөд барьсан тавьсан аа санахгүй байна. Намайг зодсон хүнээс эм эмчилгээний гарсан зардлаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.”

2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “…Тухайн үед намайг ахын гэрт сууж байхад Магнай ах ******* хоёр хоорондоо ам зөрөлдөж маргалдаад байсан. Тэгээд Магнай ах Энхтөрийг гэрээс чирч гаргасан. Тэгээд Магнай ах удалгүй орж ирээд намайг ******* яаж байна харчих гэхээр нь гэрээс гарч харахад ******* нь гэрийн гадна зүүн урд талд газарт хэвтэж байсан ******* нь тухайн үед нэлээд согтсон байсан. Тэгээд би *******ийг газраас босгох гэж өмсөж байсан хувцасных нь энгэрээс татахад ******* намайг түлхээд, миний нүүр рүү шууд өшиглөөд авсан. Тэгэхэд миний хамраас цус гараад, дээд талын үүдэн нэг шүд унасан. Тэгэхээр нь би буцаж ахын гэр рүү орж байснаа санаж байна. Тэгээд гэрт хэр зэрэг удсан талаараа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд гэр рүүгээ явж байснаа санаж байна. ..Би тухайн үед гэрийн гадна талд *******д өшиглүүлснээс болж миний үүдэн, дээд талын нэг шүд унасан. Тэрнээс өөр хүнтэй маргалдаж муудалцсан асуудал тухайн үед болоогүй. Намайг *******д шүдээ өшиглүүлчхээд буцаад ахын гэр рүү ороход Шил Тунгаа, Магнай нар байсан. Харин ахын ээж Оюунбилэг эгч бид нарыг анх очих үед байсан боловч *******, Шил Тунгаа, Магнай бид нарыг гэрт нь архи ууж байхад байхгүй байсан. ... Би гомдолтой байна. Миний үүдэн нэг шүд унасан болохоор хиймэл шүд хийлгэх зардлыг *******өөс гаргуулан авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг (хэргийн 14-16, 19-20-р хуудас),

- Гэрч “...2024 оны 09 дүгээр сарын 14-ны орой 19 цаг өнгөрөөгөөд би Энхтөрийн гэрт ирэхэд гэрийнх нь гадаа Ирэнбаатар зогсож байсан. Тэгээд Бид хоёр гэрт ороход Энхтөр орон дээрээ нэлээн согтуу хэвтэж байсан. Тэгээд Ирэнбаатар, Энхтөрийг татаж чангаагаад "ажил хийсэн мөнгөө авъя, мөнгө авъя" гээд татаад хацар руу нь гараараа хоёр гурван удаа нудраад авсан чинь Энхтөр "Мөнгийг чинь өгнө, ажлаа хийж дуусгаагүй байж мөнгөө авъя гэлээ, би өөрөө ч мөнгө аваагүй байна" гэж хэлээд Ирэнбаатарыг гараараа саваад Ирэнбаатарын нүүр хэсэгт цохиод ам хамраас нь жавжны хоёр талаар нь цус гарч байсан. Тэгээд Энхтөрийн эхнэр нь намайг "наад Ирэнбаатарыгаа аваад гараач" гэхээр нь би Ирэнбаатарыг дагуулж гараад бид хоёр гэр гэртээ харьсан. Өөр болсон асуудал байхгүй. Тухайн асуудал нь 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн үед Энхтөрийн гэрт болсон. Ирэнбаатарын амнаас нь завжны хоёр талаар нь цус гарч байсан. Ирэнбаатар эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Ирэнбаатар  бид хоёр Энхтөрийн гэрээс гараад шууд гэр гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг (хэргийн 24-р хуудас),

- Гэрч “… 2024 оны 09 дүгээр сарын 14-ны орой 20 цагийн үед Ирэнбаатар, Сугараа хоёр нэг шил архи бариад манай гэрт орж ирсэн. Манай нөхөр Энхтөр, Ирэнбаатар, Сугараа гурав тухайн өдөр нь ажил дээрээ байхдаа хамт архи уучихсан юм шиг байсан. Би ажлаа тараад гэртээ орж ирэхэд манай нөхөр архи уучихсан орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд Ирэнбаатар манай нөхрийг татаж чангаагаад ажил хийсэн мөнгөө авъя, мөнгө авъя гээд татаад хацар руу нь гараараа хоёр гурван удаа хүрээд авсан чинь манай нөхөр Энхтөр "Мөнгийг чинь өгнө, ажлаа хийж дуусгаагүй байж мөнгөө авъя гэлээ" гэж хэлээд Ирэнбаатарыг гараараа савсан чинь Ирэнбаатарын нүүр хэсэгт цохигдож таараад уруулаас нь цус гарсан. Тэгээд би хамт явж байсан Сугарааг нь наад Ирэнбаатарыгаа аваад гар, агсан тавих гэж орж ирсэн юм уу гээд гэрээс хөөж гаргаад манай нөхөр унтаад өгсөн. Тэгээд маргааш нь 15-ны өдөр 14 цагийн үед манай нөхөр мөн ажлын газрын хүмүүстэйгээ архи ууж байна гэхээр нь би нөхөр өө авах гээд Тулгаагийн гэр рүү очсон. Тэнд манай нөхөр Энхтөр, Тулгаа, Ирэнбаатар, нэрийн мэдэхгүй нэг хүн орон дээр нь унтаж байсан. Тэд нар бүгдээрээ архи уучихсан согтуу байсан. Тэгээд би нөхрийгөө "архи уулаа ажлаа хийсэнгүй, ингэж архи ууж ажиллана гэж юу байдаг юм" гэж хэлээд нөхөр өө дагуулаад Тулгаагийн гэрээс гарч гэртээ аваачиж унтуулсан. ... Ирэнбаатарын амнаас нь цус гарсан байсан. Маргааш өдөр нь би Тулгаагийн гэрт очиход Ирэнбаатар хар маск зүүчихсэн уруул нь хавдчихсан, жоохон урагдчихсан харагдсан. Тэгээд би Ирэнбаатарыг "алив шүд чинь унасан юм уу, яасан юм, би харъя" гэсэн чинь Ирэнбаатар надад харуулахгүй байсан. Тэгээд Ирэнбаатар "зүгээр, зүгээр уруул жоохон урагдсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хэргийн 28-р хуудас),

- Гэрч 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “…Тулгаагийн гэр нь манай хашаанаас зүүн тийш 4-5 айлын цаана байдаг. Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед өөрийн нөхөр Энхтөрийг авах гэж Тулгаагийн гэр рүү очсон. Намайг очих үед гэрт нь Тулгаа гэрийнхээ хойморт, Ирэнбаатар гэрийнх нь зүүн орон дээр нэлээд согтуу, маск зүүчихсэн сууж байсан. Мөн Тулгаагийн баруун орон дээр танихгүй залуу унтаж байсан. Харин манай нөхөр Энхтөр нь Тулгаагийн хажуу талд сууж байсан. Намайг очих үед Ирэнбаатар нь надтай үг дуугараагүй. Тэгээд Ирэнбаатарын уруул нь хавдчихсан байхаар нь шүд чинь уначихсан юм уу?, юу болсон юм? гэхэд надад юу ч хэлэхгүй дуугүй суугаад байсан. ...” гэх дахин мэдүүлэг (хэргийн 33-р хуудас),

- Гэрч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “… Би тухайн хүнийг сайн танихгүй.Би дараа нь *******өөс асуухад урьд өмнө хамт ажилладаг байсан Бүлтэнгийн Эрдэнэбаяр гэх хүн байсан гэж хэлсэн. Намайг Мөнхтулгын гэрт очих үед тухайн айлд Ирэнбаатар зүүн орон дээр нь сууж байсан. Тухайн үед Ирэнбаатарын доод уруулынх нь доод хэсэгт хавдсан байдалтай харагдахаар нь би уруул чинь яасан юм гэхэд надтай нэг ч үг дуугараагүй. Тэгээд би *******ийг аваад гараад явсан. Би Мөнхтулгын гэр рүү тухайн өдрийн 14 цагийн үед такситай очсон болохоор удаагүй *******ийг аваад гарсан. Намайг Мөнхтулгын очоод *******ийг аваад гарах үед цаг 14 цаг өнгөрч байсан. ...” гэх дахин мэдүүлэг (хэргийн 36-37-р хуудас),

- Гэрч “…Манай нөхөр Ирэнбаатар 2024 оны 09 дүгээр сарын 14-ны орой 21 цагийн үед гэртээ архи уучихсан хүнд зодуулчихсан хамар амнаас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгээд би хэнд зодуулчихсан юм, яагаад чамайг зодсон гэсэн чинь Ирэнбаатар " манай хамт ажилладаг Төрөө намайг зодчихлоо, би ажил хийсэн мөнгөө авъя гэсэн юм" гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр юм хэлэхгүй байхаар нь би нэг удаа яах вэ гээд цагдаад хэлээгүй өнгөрөөсөн юм. Тэгсэн маргааш нь буюу 15-ны өглөө манай нөхөр ажилдаа явлаа гээд гарсан чинь өдөр 16 цагийн үед Ирэнбаатар архи уучихсан, амнаас нь цус гарчихсан, дээд талын нэг шүд нь уначихсан гэртээ орж ирсэн. Бас дахиад хэнд зодуулчихсан юм гэсэн чинь манай нөхөр "ажлын газрын Төрөө намайг өшиглөөд шүд унагаачихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хүнийг яахаараа хоёр удаа зоддог юм, цагдаад өг гээд би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг (хэргийн 45-р хуудас),

- Гэрч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “…Манай нөхөр Ирэнбаатар нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд гэртээ нэлээд согтууралтай, уруул нь хавдсан, амнаас нь цус гарсан байдалтай орж ирээд Энхтөр зодоод миний шүдийг унагаачихлаа гэж хэлж байсан.Тухайн үед Ирэнбаатарын өмсөж байсан хувцас нь шороо, тоос болчихсон, газарт унасан шинжтэй байсан. Тэгээд өөрөө Энхтөрд зодуулсан талаараа хэлээд байсан. Тэгэхээр нь би цагдаад гомдол гаргасан юм. ...” гэх дахин мэдүүлэг (хэргийн 40-41-р хуудас),

- Гэрч “...2024 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө 09 цагийн үед "Эрдэнэ-Ус" дэлгүүр орох гээд явж байтал Төрөө тэр дэлгүүрт байсан. Тэгээд би Төрөөд "та хэд ажилдаа гараагүй юм уу" гэсэн чинь Төрөө "Өнөөдөр ажилдаа явах боломжгүй болсон, Мөнхтулгын гэр рүү явж байна, хамт явах уу" гэсэн тэгээд би хамт явсан. Тэгээд Мөнхтулга ахын гэрт очиход тэнд Мөнхтулга, Ирэнбаатар, нэрийн мэдэхгүй нэг хүн байсан. Бид хэд нийлээд 0,75 литрийн хараа нэртэй архи нэгийг хувааж уусан. Тэгээд гэрт нь байж байтал Мөнхтулга ах гаднаас дахин 1 шил архи авч ирсэн. Тэгээд би гэр рүүгээ харих гээд гарсан чинь Энхтөр миний араас гарч ирээд явуулахгүй байсан. Энхтөр нь нэлээн согтсон биеэ хянах чадваргүй, хөл дээрээ тогтож чадахгүй газарт унаж өгөөд байсан. Тэгэхээр нь би гэрт нь оруулах санаатай одоо бос оо, гэртээ ор, жоохон амарчхаад харь гээд хэд хэд угзчаад татсан чинь Энхтөр босох шинжгүй байхаар нь гэр дотор байсан хамгийн наана сууж байсан Ирэнбаатарыг Энхтөрийг авчихаа энэ хөл дээрээ тогтож чадахгүй байна гэж хэлсэн чинь Ирэнбаатар гарч ирсэн. Тэгээд би шууд гэртээ харьсан. Өөр болсон асуудлын талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хэргийн 49-р хуудас),

- Гэрч “...Тухайн өдөр би Энхтөр, Тулгаа нартай хамт эмнэлгийн хажуу талын барилга дээр ажиллаж байгаад үдийн цайны цагаараа Тулга ахын гэрт цай уухаар болоод явсан. Тэгээд бид гурав 1 шил архи хувааж уугаад сууж байтал гаднаас Ирэнбаатар, шар Тунгаа хоёр орж ирсэн. Тэгээд бас нэг нэрийг нь мэдэхгүй хүн байсан хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар архиа уугаад сууж байтал Тулга ахын таньдаг хүн нь "ирээд юм зөөгөөд өгчих гээд" би Тулгаа ахтай хамт гарсан. Гэрт Энхтөр, Ирэнбаатар, Тунгаа, нэрийн мэдэхгүй нэг хүн үлдсэн. Тэгээд Тулга ах бид хоёр найзынх нь ачааг зөөж өгчхөөд  30 орчим минут болоод буцаад Тулга ахын гэр рүү очсон. Тэгсэн Энхтөр ах гэрийн баруун орон дээр Тунгаа гэрийн хойно бэлэн хоол идэх гээд сууж байсан. Тулгаа ах тэр хоёроос Ирэнбаатар хаачсан юм гэсэн чинь Энхтөр ах "нөгөө Ирэнээ чинь адилхан бүгд цалингаа аваагүй байж ажил хийсэн мөнгөө нэхээд байхаар нь би цохичихсон тэгээд яваад өгсөн" гэж хэлсэн. Тэгээд би тэнд удаагүй гэр рүүгээ харьсан. Өөр болсон асуудлын талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хэргийн 54-р хуудас),

- Гэрч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Мөнхтулгын гэрт Шил Тунгаа, Магнай, Ирэнбаатар нартай 1 шил архи хувааж уусан юм. Би тухайн үед Мөнхтулгын гэрт очихоосоо өмнө гэртээ ганцаараа 0,33 граммын архи уусан байсан. Тэгээд Мөнхтулгатай хамт хүнд юм зөөх ажлаар яваад 3 цаг гаран болоод буцаж Мөнхтулгын гэрт ирсэн. Мөнхтулга бид хоёрыг ирэхэд гэрт нь Шил Тунгаа, Энхтөр, Ирэнбаатар, Магнай нар байсан. Энхтөр, Ирэнбаатар хоёр нь мөнгө төгрөгийн асуудлаас болж хоорондоо маргалдаад сууж байсан. Тэгэхэд Ирэнбаатар нь тухайн айлын зүүн орон дээр амаа дараад доошоо тонгойгоод сууж байсан. Тэгээд би Ирэнбаатараас яасан юм? гэж асуухад Энхтөр намайг цохиод шүд унагаасан гэж хэлээд унасан шүдээ гартаа бариад сууж байсан. Тэгээд удалгүй Энхтөрийн эхнэр Шүхэрцэцэг ирээд үүдэнд нь хэсэг зогсож байгаад удалгүй Энхтөрийг аваад явсан. ...”гэх дахин мэдүүлэг (хэргийн 58-59-р хуудас),

- Гэрч “…Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байхад танил хүмүүс болох Эрдэнэбаяр, Энхтөр, Сугар нар манайд ирсэн. Хойноос нь удалгүй Ирэнбаатар, Тунгаа нар орж ирсэн. Тэгээд бид нар 2-3 шил архи хувааж ууцгааж байхад над руу миний танил хүн болох Заяа над руу утсаар холбогдоод юм өргөөд өг гэхээр нь би Эрдэнэбаярыг дагуулаад явсан. Манай гэрт Энхтөр, Сугар, Ирэнбаатар, Тунгаа нар үлдсэн. Тэгээд Эрдэнэбаяр бид хоёр яваад 3-4 цаг орчим болоод ажлаа дусгаад гудамжинд явж байх үедээ 1 шил архи хувааж уучхаад буцаад гэртээ ирэхэд Ирэнбаатар, Энхтөр, Тунгаа, Сугар нар байцгааж байсан. Тэгээд намайг ирсний дараа Энхтөрийн эхнэр Шүхэрцэцэг ирээд Энхтөрийг дагуулаад явсан. Тэгээд манайд байсан Ирэнбаатар, Сугар, Тунгаа нар нь явцгаасан. ..” гэх мэдүүлэг (хэргийн 63-р хуудас),

- Гэрч “… Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай хашааны урд талын эгнээнд байдаг Тулгаагийн гэр рүү усны картыг нь гуйхаар явж байхад хашааных нь гадна талд миний танил Ирэнбаатар тааралдсан. Тэгээд бид хоёр Тулгаагийн гэр рүү орсон юм. Тэгэхэд гэрт нь Тулгаа, Сугараа, Энхтөр гэх хүмүүс архи ууж байсан. Тэгээд Ирэнбаатар бид хоёр тухайн хүмүүстэй архийг нь хувааж уусан. Тэгэхэд Тулгаа хүний ачаа зөөнө гэж хэлээд явсан. Тухайн үед би нэлээд согтуу байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (хэргийн 67-р хуудас),

-Гэрч “…Ирэнбаатар, Энхтөр, Тунгалагбаатар, Баярмагнай гэх хүмүүс нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай гэрт ирж хүү тай архи хувааж ууцгааж байсныг санаж байна. Тухайн үед нь би гэрт бараг орж ирээгүй, гадуур аргал түлээ янзалж байгаад төв рүү ажил хөөцөлдөхөөр гарсан. Намайг гэртээ байх үед хүү , найз нь болох Б.Эрдэнэбаяр хоёрыг хүн юм хийгээд өг гэж гуйгаад хашааны гадна талд ирээд машинтайгаа аваад явж байсан. Тэгэхэд гэрт Тунгалагбаатар, Баярмагнай, Ирэнбаатар, Энхтөр гэх хүмүүс үлдсэн байсан. Энхтөр, Ирэнбаатар хоёр нь манай гэрт анх орж ирсэн цагаасаа хоорондоо мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдаад байсан. Тэгээд нэг харахад Энхтөр нь гэрийн гадна талд газарт хэвтэж байсан. Тэгээд би гадуур ажил хөөцөлдөхөөр гараад явсан юм. Тэгээд би төв рүү яваад нэлээд удаж байгаад эргээд гэртээ ирэхэд хүү ирээгүй байсан. Харин Энхтөр, Баярмагнай, Тунгалагбаатар, Ирэнбаатар нар гэрт байцгааж байсан. Тэгээд Энхтөрийн эхнэр нь намайг гэрийн гадна талд аргал түлээ хийж байхад нөхрөө аваад явж байсан. ...” гэх мэдүүлэг (хэргийн 70-71-р хуудас),

-  Дүрслэл оношилгооны хариу (хэргийн 76-р хуудас),

- Яаралтай тусламжийн хуудас (хэргийн 77-78-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 342 дугаартай “...1. *******ын биед дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт (хэргийн 79-80-р хуудас),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтас хэргийн 5-р хуудас),

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 23/189 дугаартай “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 35,396 төгрөгийн зардал гарсан...” гэх албан бичиг (хэргийн 9-10-р хуудас),

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хэргийн 83-85-р хуудас),

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 118-119-р хуудас),

- Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хавтас хэргийн 122, 139-140-р хуудас),

  • Шүүгдэгч ******* нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч *******ийг 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-02 тоотод,

мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-1413 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагч: “Шүүгдэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-02 тоотод, мөн 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 14-1413 тоотод ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.    Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.  Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 35,396 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон, шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг нөхөн төлсөн  байна гэв.” гэх дүгнэлтийг гаргасан.

1.2.2 Шүүгдэгч ******* хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2. Эрх зүйн дүгнэлт:

2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч ******* тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь “дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” гэмтэл бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

2.2. Шүүгдэгч ******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь ““дух ясны өмнөд хананы зөрүүгүй хугарал, духанд зулгаралт, няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.3. Прокуророос шүүгдэгч *******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.1. Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

3.1.1. Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгч *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө ял шийтгэгдэж байсан, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогч *******ын зүгээс шүүгдэгчээс хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй ба гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Хэрэгт хохирогч ******* нь өөрийн биед учирсан дээрх гэмтлийг үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд түүний биед учирсан гэмтлийг эмчлэн эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлсний төлбөр 35,396 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна. Хохирогч *******ын Сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон тул шүүгдэгч *******өөс гаргуулах. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх” гэх дүгнэлтийг гаргасан.

3.2. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

4. Хохирол, хор уршгийн талаар

4.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны хохирол нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийг төлсөн болно.

Хохирогч *******ын өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

4.2. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүхийн шинжилгээний тухай/ шинэчилсэн найруулга/ хуулийн 80 дугаар зүйлийн 80.6. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...гэж заажээ. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах (Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйл), Хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл), Залилах (17.3 дугаар зүйл), Мал хулгайлах, (Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл), Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ....” гэжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон бөгөөд энэ хэрэгт мөрдөгчөөс дээрх журмыг үндэслэн хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоож, танилцуулсан, хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Дээрх хүснэгтийн “Хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

Шүүх хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, тухайн бие махбодын гэмтлээс шалтгаалсан сөрөг үр дагавар тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл байдал зэргийг харгалзан хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон байна.

Иймд Иргэний хуулийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******өөс хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 660х5=3,300,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

5. Бусад асуудлаар:

5.1 Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 (найм зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 () төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 19-07 тоотод оршин суух Буян овогт Эрдэнэбилэгийн Ирэнбаатар (РД:ЛЮ83040119)-т олгосугай.

7. Хохирогч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ