Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/40

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогч
Иргэний нэхэмжлэгч *******, ******* 
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн.... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 
-Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:............./.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 45 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 3 дугаар километрийн 6 дугаар зуутын гарамд “Toyota prius-20” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1-д заасан “...Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлнэ” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ТЭМ2-1240 дугаартай сэлгээний илчит тэргийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр таксинд явж байсан юм. Би тухайн үед галт тэрэг явж байсныг анзаараагүй ба нэг мэдэхэд мөргөчихсөн байсан. Би тэр замаар олон удаа явж байсан. Гэхдээ вагон явж байхыг нэг ч удаа харж байгаагүй гэв.

Хохирогч шүүх хуралдаадн гаргасан тайлбартаа: 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой би ажлаасаа ирээд амарч байсан. Тэр үед цагаан сар болох гэж байсан учраас найз маань ширээгээ ав гэж дуудахаар нь би ширээ авахаар явахдаа такси барьсан. Жолоочийн яг ард талд манай эхнэр би өөрөө жолоочийн эсрэг талд сууж явсан. Тухайн үед ******* хөгжмөө чанга тавьсан нь үнэн. Би бүр ийм том дэлгэцтэй байдаг юм уу гэж асуусан. Тэгэхэд сольчихдог юм аа гэж хариулж байсан. Тэр дэлгэцээр нь дүрс гараад хөгжим явж байсан. Тэгээд л юу юугүй осол болоод л өнгөрсөн. Би мөргүүлснээс ч мэдээгүй. Эхнэр маань хэвтчихсэн орилоод байж байсан ба би эхнэрээ татаж гаргасан. Цааш нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүгдэгч *******ас хохирол төлбөрт 2,655,000 төгрөг авсан. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ******* ДОУ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машиныг худалдан авах зориулалтаар манай дээр барьцаалж авсан. Энэ машин нь жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай байсан. Сар бүрийн 05-ны өдөр зээлээ төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 581,900 төгрөг төлөөд 02 дугаар сарынхаа яг зээл төлдөг өдрөө уг осолд ороод энэ өдрөөс хойш төлөлт хийхгүй байж байгаад 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөлт хийсэн. Одоогийн байдлаар 366 хоног хоцорсон бөгөөд зээлийн үлдэгдэл нь 14,888,460 төгрөг болсон байна гэв.

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд эмчилгээний зардалд 8,620,150 төгрөгийг зарцуулсан байна. ... хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс биед учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /1-р хх-ийн 134-136 тал/, 
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр болсон ослын улмаас манай байгууллагын өмч болох ТЭМ2-1240 илчит тэрэгний урагш талын авто угсрааны татуурга гинж тасарсан. Авто угсрааны гар далийсан. Мал хамагч төмөр хонхойж будаг нь халцарсан. Концы каран далийж сийгэлт үүссэн гэмтэл учирсан байсан. ...Үүнийг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлсэн үнэлгээний дагуу нэхэмжлэх болно...” гэжээ. /1-р хх-ийн  155 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасагт туслах машинчаар 2023 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Ингээд машинч Батхуяг ахын хамт 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянтүмэн өртөөн дээрээс “Дорнод гурил” ХХК чиглэл рүү 19 цаг 40 хөдлөөд 3 дугаар км-н 6 дугаар зуут гэх гарам буюу Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн зүүн талын гарам руу орсон чинь ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. ...зогсоох арга хэмжээ авч яаралтай тоормос, дуут дохио өгсөн...” гэжээ.  /1-р хх-ийн 165 тал/, 
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг гарам нь 1969, 1970 оны үед л Дорнод аймгийн цахилгаан станц, аймгийн мах комбинат байгуулагдсантай холбогдуулж барьсан төмөр замын 4 дүгээр зэрэглэлийн гарам юм. ...4 зэрэглэлийн гарам нь гэрлэн дохио, хаалт, хамгаалалт байхгүй, анхааруулах самбар л байдаг. Уг гармын 2 талд төмөр замын гармын анхааруулах самбар, зогс тэмдгийг байрлуулсан байдаг...” гэжээ. /1-р хх-ийн 187-188 тал/, 
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 108 дугаартай дүгнэлтэд “...*******ийн биед зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхинд шарх, дух, баруун чамархай, баруун, зүүн хацар, хамар, зүүн сарвуунд зулгаралт, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. ... Дээрх зүүн 8-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 228-229 тал/, 
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Өнөрборгилын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай дүгнэлтэд “... биед хоёр уушигны няцрал, хоёр талын цээжний хөндийн цус хуралдалт, баруун талын цээжний хөндийн хий хуралдалт, баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн далны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...хоёр уушигны няцрал, хоёр талын цээжний хөндийн цус хуралдалт, баруун талын цээжний хөндийн хий хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ... баруун 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирганы хугарал, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн далны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэжээ. /1-р хх-ийн 213-216 тал/, 
Зам тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналт хариуцсан шинжээч, Улсын ахлах байцаагч Д.Батхүүгийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 24/012/01 дугаартай “...Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт “Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 13.1-д “Сэлгээний ажил нь өртөөний ажлын технологи ба төлөвлөгөөний дагуу хийгдэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. 13.1.2.ачааны ажиллагаанд вагоныг цаг тухайд нь тавьж өгөх, татаж авах”, 13.25-т “Өртөө болон салбар замд сэлгээг дор дурдсанаас ихгүй хурдтай гүйцэтгэнэ: 13:25.1.вагон чирсэн зүтгүүр чөлөөтэй замаар явахад 40 км/цаг, 13.75-д “Сэлгээ хийх үед зүтгүүрийн бригадын үүрэг: 13.75.7.зогсоох дохио гэнэт өгөгдөх буюу саад гэнэт тохиолдох үед Төмөр замын техник ашиглалтын журмын 14.3.7-д заасны дагуу яаралтай тоормослох бүх арга хэрэгслийг ашиглан сэлгээний бүрэлдэхүүнийг тухайн газарт тогтоосон тоормосны замаас илүүгүй зайд зогсооно” гэж заасны дагуу ТЭМ2-1240 дугаартай сэлгээний илчит тэрэгний машинч нь салбар зам дээр 27 км/цаг хурдтай сэлгээний ажил хийж, төмөр замын гарам дээр хурд бууруулж, авто тээврийн хэрэгсэл гармын хэсэгт орж ирэхэд яаралтай тоормос хийж зогссон буюу төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй байна. 
-ТЭМ2-1240 дугаартай элчит тэрэгний туслах машинч нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчөөгүй байна. 
-ТЭМ2-1240 дугаартай сэлгээний зүтгүүрийн гадна, дотор хяналтын камер нь дуу хоолой бичих техникийн боломжгүй байна. “Дотор камер” дүрс бичлэгт ТЭМ2-1240 дугаартай сэлгээний зүтгүүрийн туслах машинч нь үйлдвэрийн салбар замын 3 дугаар километрийн гарамд ойртон ирэхэд дуут дохио өгөөгүй байна. “Дотор камер” дүрс бичлэгт ТЭМ2-1240 дугаартай сэлгээний зүтгүүрийн машинч нь үйлдвэрийн салбар гүйх замд аялахдаа 19:49:48-19:50:44 хугацаанд баруун гарын дуут дохионы дэргэд байрлуулж, 3 дугаар км-ийн гарамд ойртон ирэхэд 19:50:35-19:50:44 хугацаанд дуут дохио өгч, 19:50:48-19:50:50 хугацаанд их гэрлийг анивчуулж дохих үйлдэл хийж анхааруулсан байна. 
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Баянтүмэн өртөөнөөс салбарласан үйлдвэрийн гүйх замын 3 дугаар километр 6 дугаар зуутад байрлах гарам нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын гарам ашиглах журам”-ын 4.7-д “Энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу хоногт 16 ба түүнээс цөөн галт тэрэг, сэлгээний хөдөлгөөнтэй гол шугам, нийтийн баг дагнасан хэрэглээний замууд дахь хоногт 200 ба түүнээс цөөн тээврийн хэрэгсэл өнгөрдөг IY зэрэглэлийн гармыг дохиоллын төхөөрөмжөөр тоноглохгүй байж болно. Тийм гармыг зохицуулалтгүй гармын ангилалд хамааруулна” гэж заасны дагуу 4 дүгээр зэрэглэлийн дохиололгүй гарам байна. Гарам нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын Төмөр замын гарам ашиглах журмын хоёрдугаар хавсралт “төмөр замын гармыг гармын дохиоллын төхөөрөмжөөр тоноглох үндсэн шаардлага”-д заасан “төмөр замын хаалтгүй гарам”, “зогсохгүй явах хориотой” замын тэмдэгтэй байна. 
2343 ДОА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/153 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Төмөр замын гарам ашиглах журмын”-ын 3.8-д “Авто тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч дараах үүргийг хүлээнэ: 3.8.4.Төмөр замын гарманд ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа сааруулан, гармын өмнө зогсолт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж болзошгүй түгжрэл, саадтай үед гарам руу нэвтрэхгүй байх, 3.8.5.төмөр замын гармаар нэвтрэхдээ галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж, сонсгол болон харааны эрхтнийг хязгаарласан, анхаарал сарниулсан эд зүйл /гар утас, чихэвч гэх мэт/ хэрэглэхээс түр татгалзан, өөрийн аюулгүй байдлыг хангах” гэж заасныг зөрчсөн байна...” гэжээ. /2-р хх-ийн 11-13 тал/, 
Техникийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 07/118 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота Приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1 заалт “...Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлнэ” гэснийг зөрчсөн байна...” 
-Тоёота Приус-20 маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болжээ...” гэжээ. /2-р хх-ийн 27-29 тал/,  
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 26-27 тал/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-36 тал/
-  Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 34-39, 44-50 талууд/
- яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг 45 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 3 дугаар километрийн 6 дугаар зуутын гарамд “Toyota prius-20” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 17.1-д заасан “...Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг /зүтгүүр/-ийг урьдчилан өнгөрүүлнэ” гэснийг зөрчсөн үйлдлийн улмаас Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн ТЭМ2-1240 дугаартай сэлгээний илчит тэргийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч *******, гэрч нарын нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 
Шүүхээс шүүгдэгч г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч , иргэний нэмэмжлэгч ******* нарт учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд, иргэний нэхэмжлэгч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч 3,786,707 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болно.
    Иргэний нэхэмжлэгч шүүхийн мэдэгдэх хуудсанд галт тэргэнд учирсан хохиролд 43,500 төгрөгийг нэхэмжилнэ гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлжээ. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэцэд учирсан гэм хорын хохирол зэргийг нэхэмжилж байна гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас нийт 6,643,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг тоотод оршин суух /РД: ......../-д, 43,500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух /РД: ......./-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээ, иргэний нэхэмжлэгч ******* нь хохирлын талаарх холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******ас жич нэхэмжлэх эрхтэй болно. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 8,620,150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулвал зохино.  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэг, илчит тэргэний тууз 1 ширхэг зэргийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч .......2 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* Алтанбаганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ас нийт 6,643,500 төгрөгийг гаргуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тооцож нийт 6,600,000 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг тоотод оршин суух /РД: ...../-д, 43,500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг Талын шилтгээн хотхоны тоотод оршин суух /РД:......../-д тус тус олгосугай. 
7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч ******* нар нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдусгай. 
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 8,620,150 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэг, илчит тэргэний тууз 1 ширхэг зэргийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ....... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ