Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01642

 

 

 

 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/01642

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б холбогдох,

 

Даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 201,420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Б болон М ХХК нар нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1400010162 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч Б.Б нь 265,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 63,580 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 201,420 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй. Манай компанийн зүгээс даатгуулагч Б.Бтай удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн.

Иймд Б.Бгаас Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 201,420 төгрөгийг М ХХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие М ХХК-д 32-50 УНК улсын дугаартай тоёота марк-2 автомашинд даатгалын гэрээг 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Гэрээ нь 1 жилийн хугацаатай бөгөөд сард 20,300 төгрөг тушаадаг. Анх гэрээ байгуулахад 20,300 төгрөг өгсөн. Дараагийн сарын мөнгийг Хаан банкиар шилжүүлсэн. Машинаа сольсоноор гэрээгээ цуцлах шаардлагатай болсон тул миний бие М ХХК-ийн төв байранд очиж гэрээ байгуулсан хүнтэйгээ уулзаж гэрээ байгуулсан өдрөөс цуцлах хүртэл хугацааны мөнгийг бодуулж, үлдсэн төлбөрийг хийж гэрээгээр цуцалсан. Уг даатгалыг 3 сарын хугацаанд ашигласан ба төлбөр болох 63,000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 201,420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

МХХК нь Б.Бтай 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр №1400010162 дугаартай Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээний дагуу төлөгдөх даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна.

 

Гэрээний нэг тал болох МХХК нь оноосон нэрээ М ХХК болгон өөрчилсөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг болон 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон улсын бүртгэлийн 9017001021 дугаарт бүртгэлтэй №000136728 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу Б.Бгийн өмчлөлийн тоёота марк-2 маркийн УНК 32-50 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг М ХХК хариуцахаар, Б.Б нь даатгалын хураамжийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, тус гэрээнд дурьдсан нөхцлөөр байгуулсантай зохигчид хэн алин нь маргаагүй байна.

 

Энэхүү гэрээ нь агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар зохигчдын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Даатгуулагч Б.Б нь дээрх гэрээний дагуу 265,000 төгрөгийн даатгалын хураамж төлөх үүрэг хүлээснээс 63,580 төгрөгийг төлж, 201,420 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй байх эрхийг хуулиар зохицуулсан байх ба энэ нь даатгуулагчийг даатгалын хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгагч, даатгуулагч гэрээнээс татгалзсан, эсхүл даатгалын гэрээ цуцлагдсан, дуусгавар болсноос бусад тохиолдолд даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын хураамжийг төлөх үүрэгтэй байна.

 

Мөн Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг даатгуулагч хүлээжээ.

 

Хариуцагч Б.Б нь ... машинаа сольсоноор гэрээгээ цуцлах шаардлагатай болсон тул миний бие М компанийн төв байранд очиж гэрээ байгуулсан хүнтэйгээ уулзаж гэрээ байгуулсан өдрөөс цуцлах хүртэл хугацааны мөнгийг бодуулж, үлдсэн төлбөрийг хийж гэрээгээ цуцалсан ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, татгалзаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч Б.Бгаас даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 201,420 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Б.Бд шүүх хуралдааны товыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 16:54 цагт түүний 86269699 дугаарын утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаан товлосон цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргаж байх тул хариуцагчийн өмнө шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-т зааснаар шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүйгээр хийсэн болно.

 

Түүнчлэн өмнөх шүүх хуралдаануудад хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 201,420 /хоёр зуун нэгэн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 6,692.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 6,692.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ