| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2017/04639/И |
| Дугаар | 101/ШШ2018/00204 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2018/00204
| 2018 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/00204 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Х
Хариуцагч: Д.А
Хариуцагч: Ч.Б
өөрийн өмчлөлийн дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээ, дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Х, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Х миний бие 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бэр эгч Д.Х гийн дүү Д.А өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрын хамт барьцаалуулах итгэмжлэл олгосон. Д.А нь тухайн хувийн сууц, газрын хамт Ч.Б******* гэгчид барьцаалан 6,000,000 төгрөгийн зээл авсан гэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгаа юм. Гэтэл уг гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ байна. Д.А нь Ч.Б*******гээс 6,000,000 төгрөг зээлж аваагүй бөгөөд эгч Д.Хгийн хэлсэнээр Ч.Б*******тэй гэрээ байгуулсан байна. Ч.Б******* нь Д.Аоос зээлийн гэрээний дагуу 9,240,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдсэн байна. Уг шүүхийн шийдвэрээр Д.Аоос 9,240,000 төгрөг гаргуулах нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг хэргийн тайлбар дээр Д.А нь Ч.Б*******гээс мөнгө зээлээгүй болох нь тогтоогдож байна. Гэтэл Д.А нь өнөөдрийг хүртэл миний хувийн өмчлөлийн дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээ, дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг өгөхгүй байгаа бөгөөд гэрчилгээгээ авах гэхэд надад байхгүй Ч.Б*******д өгсөн гэж тайлбар хэлсээр өдийг хүрч байна. Иймд О.Х миний өөрийн өмчлөлийн хувийн сууц, газрын гэрчилгээ болох дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээ, дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээнүүд нь Ч.Б*******, Д.А нарын хэнд нь байгаа нь тогтоогдохгүй байх тул Ч.Б*******, Д.А нарын хууль бус эзэмшлээс О.Х миний өөрийн өмчлөлийн дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээ, дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус албадан гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.А сарын хугацаатай итгэмжлэл олгосон бөгөөд Ч.Б******* нь зээл олгоогүй байгаа тул Ч.Б*******гээс гэрчилгээнүүдийг гаргуулж өгнө үү. Д.А-оос ямар нэг зүйл шаардахгүй гэв.
Хариуцагч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А нь О.Хгийн өмчлөлийн газар, хувийн сууцыг эгч Д.Хгийн хэлсэнээр Ч.Б*******тэй гэрээ байгуулж, 6 сая төгрөгийн барьцаанд Ч.Б*******д шилжүүлж өгсөн. Анхан шатны шүүхээр Ч.Б*******тэй байгуулсан гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ байна гэж үзэж хүчингүй болгосон. Миний хувьд өөрийн нагац эгч Д.Хг төлөөлж дээрх бүх үйлдэлийг хийсэн бөгөөд О.Хгийн өмчлөлийн гэрчилгээнүүдийг Ч.Б*******д шилжүүлж өгсөн юм. Мөн би нагац эгч Д.Хд яаралтай Ч.Б*******д тохиролцсон 6 сая төгрөг өгч барагдуулан О.Хгийн өмчлөлийн гэрчилгээг авч өгөхийг олон удаа шаардаж байгаа. Эгч Д.Х нь ойрын хугацаанд төлж барагдуулахаа хэлсэн. Миний хувьд О.Хг чирэгдүүлж байгаадаа харамсаж байна.
Манай эгч өөрийн барьцааг чөлөөлүүлэхээр төрлийн хүний эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар эгчийнхээ бичиг баримтыг аваад нэхэмжлэгчийн бичиг баримтыг Б*******д өгсөн. Энэ талаар эгч Д.Х уруу ярьж хэлсэн. Бичиг баримтыг нь авч өгөх талаар. Урагшаа явж ирээд авч өгнө гэж хэлсэн. Ирээд мөнгийг нь төлөөд бичиг баримтыг авч өгнө гэсэн. Эгч Д.Х нь Б*******д 6 сая төгрөгний барьцаанд барьцаалсан. Шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь өөрийн өмчлөлийн дугаартай, улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээ, дугаартай, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д.А нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан гэх өөрийн эгч Д.Хгийн бичиг баримтыг авах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч О.Хгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг бусдад өгсөн. Д.Х нь авсан зээлээ төлөөд гэрчилгээнүүдийг авч өгнө гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэж тайлбар гаргаж байна.
Харин хариуцагч Ч.Б*******д шүүх нэхэмжлэлийн хувийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй байна. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Х нь 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4-р хороо, ******* ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 306 мкв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 40 мкв хувийн сууцыг бусдад барьцаалах, барьцаанд тавих, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхтэйгээр хариуцагч Д.Аод итгэмжлэл олгосон байнна. /хэргийн 11, 13 дугаар тал/ Улмаар хариуцагч Д.А нь итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу хариуцагч Ч.Б*******тэй 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна. /хэргийн 8, 9 дүгээр тал/ Энэхүү барьцааны гэрээний дагуу 40 мкв хувийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад барьцааны бүртгэл хийгдээгүй боловч 306 мкв газарт 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Б******* гэж барьцаа бүртгэгдсэн болох нь 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хэргийн 06 дугаар тал/ Ийнхүү бүртгэгдэхдээ зээлийн болон барьцааны гэрээний нэг тал болох хариуцагч Ч.Б*******гийн нэрээр бүртгэгджээ.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад гэрээний үүрэгт барьцаалах, барьцааны гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрх олгосон талаар маргаагүй, улмаар энэ итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд бусдын хууль бус эзэмшилд байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн хэрэгт байгаа тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06620 дугаар шийдвэрээр энэ хэргийн маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 4-р хороо, ******* ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 306 мкв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 40 мкв хувийн сууцны барьцааны талаарх маргааныг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрх гэдэг нь тухайн өмчлөгчийн эрх зөрчигдсөн байхаас гадна энэхүү зөрчсөн гэх үйлдэл нь хууль бус байхтай холбоотой юм. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд барьцаалах эрхийг бусдад олгож үүний дагуу барьцааны гэрээ байгуулагдсан болох нь дээрх үндэслэлээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ байгуулагдсан байх тул барьцааны гэрээ байгуулсан үйлдэлийг хууль бус гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь өөрөө уг үйл явдлыг хүсэж итгэмжлэл олгосон байх тул түүний эрхийг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг хууль бусаар барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би хариуцагч Д.Аод итгэмжлэл олгосноор миний өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч Ч.Б*******д барьцааны гэрээний дагуу өгсөн. Иймд хариуцагч Д.Аоос ямар нэг зүйл шаардахгүй, харин хариуцагч Ч.Б*******д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэсэн. Иймд хариуцагч Д.Аод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч.Б*******, Д.А нарт холбогдох Хан-Уул дүүргийн 4-р хороо, ******* ******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 306 мкв газар, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн 40 мкв хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч О.Х-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД