Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2019/0008

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 223/МА2019/0008

 

 

Төв ТХ-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00208 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Төв ТХ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д-У”ХХК-д холбогдох,

“Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 140643 тоот актаар ногдуулсан нийт 71 939 900 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг 2019 оны 02 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох, прокурор Д.Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч Л.Болдбаатар, өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

                    

Нэхэмжлэгч Төв ТХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Жаргалант суманд үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо тариалалт, таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 2032023 регистрийн дугаартай “Д-У”ХХК нь 2012 оны 140643 тоот хяналт шалгалтын актын өр 63,837,300.00 төгрөг, 2015-2018 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 192,000.00 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 232,000.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль, алданги 7,678,600.00 төгрөг нийт 71,939,900.00 төгрөгийг төлөхгүй Татварын хэлтсийн улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажилд хүндрэл учруулж байна. “Д-У”ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтаар орж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 42,355,000.00 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 250,700.00 төгрөг, хүү, торгууль. алдангийн 21,482,300.00 төгрөг нийт 64,088,000.00 төрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байна. “Д-У”ХХК нь уг шийдвэрт ТЕГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй болно.

Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн “Д-У”ХХК-н захирал Л.Болдбаатарт мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн авдаггүй, авахгүй талаар тайлбар бичиж өгдөггүй, татварын албанаас дуудахад ирдэггүй тул 2017 оны 11 сарын 15-ны өдөр DNP171113004002 дугаартай мэдэгдэх хуудас, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр DNP180906003803 дугаартай "мэдэгдэх хуудас"-ыг тус тус шуудангийн хаягаар хүргүүлж, 2017.12.05-ны өдөр DBNP171123000957 дугаартай мэдэгдэх хуудсыг ХАА-н банкны Зуунмод тооцооны төв, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад тус аж ахуйн нэгжийн өмчлөлд Төв аймгийн Жаргалант сумын нутагт зоорь, 2 давхар үйлчилгээний барилга, энгийн услалтын байгууламж тус тус бүртгэгдсэн мэдээлэл ирсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр татварын хэлтсийн даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллан хөрөнгө барьцаалах ажиллагаа явуулах гэсэн боловч захирал Д.Болдбаатар барьцааны гэрээ байгуулахаас татгалзсан тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасны дагуу 2 давхар үйлчилгээний барилгыг битүүмжлэх ажиллагаа хийсэн болно. Татварын албанаас Татварын өрөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр барагдуулахгүй байгаа тул “Д-У”ХХК -аас дараах татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын нөхөн татвар-42,355,000.00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль-21,252,800.00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 102,500 00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан хүү 127,000.00 төгрөг,

2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль 5,223,500.00 төгрөг,2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 2,455,100.00 төгрөг,

2015-2018 онуудын Үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдол 192,000.00 төгрөг.

2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 232,000.00 төгрөг, нийт 71,939,900.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

   Хариуцагч “Д-У”ХХК-ийн төлөөлөгч Л.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д-У”ХХК нь 1994 онд Төв аймгийн Жаргалант суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр байгуулагдсан сумын анхны хувийн хэвшлийн компани бөгөөд 24 дэх жилдээ газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй эрхэлж Төв аймгийн болон Улсын тэргүүний тариаланч, сум аймагтаа хурааж авсан төмс хүнсний ногооны ургацаараа сүүлийн 5 жилд 3-4 удаа тэргүүлж, аймгийн шилдэг бренд бүтээгдэхүүний шагналыг 2 удаа хүртсэн, Хүнс ХААЯ-ны төмсний үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 дахь удаагаа эзэмшиж байгаа Төв аймаг дахь төмсний үр үржүүлгийн мэргэшсэн анхны үрийн аж ахуй юм. Тус компанийн 2008-2011 онуудын санхүүгийн баримтанд Төв аймгийн Татварын хэлтсээс хянан шалгалт хийхдээ 2012 оны 12-р сарын 19-ны өдрийн 140643 тоот актаар тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэж64.088.000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2012 оны 12 сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 5 жил 11 сар 23 хоногийн хугацаанд дараах хууль эрх зүйн үндэслэл, нөхцөл шалтгаануудын улмаас төлөхөөс татгалзан актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ илэрхийлж актанд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй, Татварын ерөнхий хуулийн 17 зүйлийн 1.7-д зааснаар улсын байцаагчийн актыг зөвшөөрөөгүй, энэ тухай гомдлоо Төв ТХ-н дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан болно.

Төв аймгийн татварын хэлтсээс тус шүүхэд 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 05/444 тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Дээрхи нэхэмжлэлд дурдагдсан нөхөн төлбөр, торгууль, хүү, алдангийн тоо хэмжээ нь 2018 оны 01 сарын 22-ны 05/37 тоот нэхэмжлэлийн үнийн дүн, үзүүлэлтүүдээс өөрчлөгдөн зөрсөн байхыг огт ойлгохгүй байна. Энэхүү нэхэмжлэлд тооцогдсон 2015-2018 оны Үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдол 192.000 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 232.000 төгрөг, бүгд 424.000 төгрөгийн татварыг төлөхийг зөвшөөрч, төлөөгүй хугацаа хоцроож, татварын албаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулсандаа уучлал хүсч, ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Нэхэмжлэлд дурьдсан бусад төлбөр торгууль, хүү алданги гэх 2012 оны 12-р сарын 19-ны 140643 тоот акт буюу 2008-2011 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү алданги тооцсон актыг дараах хуулийн үндэслэлүүд, хууль эрх зүйн заалт, шийдвэрүүдийг үндэслэн төлөхөөс татгалзаж байгаагаа 2012 оны 12-р сарын 19-нөөс хойш өнөөдрийг хүртлэх 5 жил 11 сар 23 хоногийн хугацаанд 9 дахь удаагаа гаргаж байна. Үүнд: 1. Баримтлах хуулийн заалтууд

1.1. ”Д-У”ХХК-ийн үндсэн үйлдвэрлэл нь газар тариалан, тэргүүлэх чиглэл нь төмс, хүнсний ногоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээний жагсаалтанд газар тариалан эрхлэх ажил хамаарагдаагүй.

1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.15 дахь хэсэгт газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо. жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан.

Энэхүү хуулийн заалт нь 2011 оноос хэрэгжсэн бөгөөд Дэлгэр-Уянга ХХК-д НӨАТ-ын нөхөн төлбөрийн актыг 2012 оны 12 сарын 19-ны өдөр буюу хууль хэрэгжиж эхэлсний дараа тавьсан.

1.3. Мөн хуулийн 6-р зүйл Албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн 6.3-д энэ хуульд заасан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан.

1.4. Иргэний хуулийн ерөнхий ангийн 3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан Монгол улсын үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулиар, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байсан.

Төв аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч, Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөл нь дээрхи хуулийн заалтуудыг үл ойшоон зөвхөн борлуулалтын орлого нь 10 000 000 төгрөгөөс давсан иргэн, ААН бүхэн НӨАТ төлөх ёстой гэж хэт нэг талыг баримтлан давуу байдлаа ашиглан хариуцлагагүй хандсан.

1.5. 2009 оны 02 сараас Монгол улсын засгийн газар, Монгол оронд Атрын З дахь аян тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас тариаланд шаардагдах импортын бүтээгдэхүүнийг чөлөөлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг заасан.

1.6. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрт ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорнод, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг тариалан бүхий аймгуудын татварын байгууллагууд тариаланчдаа дэмжиж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хуулиар чөлөөлөөд байхад Төв аймгийн татварын хэлтэс үйл ажиллагааны чиглэлийг үл хамааран хавтгайруулан явцуурч зөвхөн орлого нь 10 000 000 төгрөгт хүрсэн л бол хууль хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй гэж хэт нэг талыг баримтлан өдийг хүргэж байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль Монгол улсын газар тариалангийн салбарт болон дотоодын зах зээлд хэрэгжээгүй ба хэрэгжих боломжгүй байгаа үндсэн нөхцөл шалтгаанууд.

2.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.11 дахь хэсэгт заасан ... энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2.2. Мөн хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан татварын хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.

2.3. Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 232-р тоот тушаалаар батлагдсан нэмэгдэн өртгийн албан татварын хууль хэрэгжүүлэх журам зэрэг хууль эрх зүйн тодорхой заалтуудыг татварын алба, түүний байцаагчид өөрсдөө биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, хариуцлага султай ажилласнаар НӨАТ-ын хууль бүрэн утгаараа хэрэгжих нөхцөлгүй болгосон.

2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААН-үүд Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардагдах орчин, хэрэглэгдэх нөхцлүүд нь 2008-2011 онуудад битгий хэл 2018 оны өдийг хүртэл бүрдээгүй учир хэрэгжих бодит нөхцөл, боломж байгаагүй буюу бүрдээгүй.

Иймээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг 2011 оноос нэмэгдсэн өртгийн албан татвараас дахин чөлөөлсөн. НӨАТ-ын хууль Монгол Улсын газар тариалангийн салбар болон дотоодын зах зээлд хэрэгжих боломж, нөхцөл бүрдээгүйг дараах үндэслэлүүдээр нотолно.

1. Монгол улсад төмс, хүнсний ногоо тарьж, борлуулдаг ААН, иргэдийн хураасан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд борлуулахын тулд худалдан авдаг төвлөрсөн агуулах, дэлгүүр, улсын нөөцийн агуулах зэрэг борлуулалтын систем тогтолцоо өнөөг хүртэл байхгүй. Иймд тариаланчид орлого олж амьдралаа залгуулахын тулд арга буюу одоог хүртэл хар Захын наймаачид, ченжүүдэд тэдний авах хямд үнээр бүтээгдэхүүнээ бөөндөн борлуулж, үйлдвэрлэлд шаардагдах бүх орц, материал, сэлбэг, тоног төхөөрөмжөө мөн л хар Захаас худалдан авдаг. Ийнхүү худалдах, худалдан авах үйл ажиллагаанд НӨАТ-ын падаан байдаггүй. Тус захын наймаачид ийм баримтыг өгөх нь бүү хэл бараг мэдэх ч үгүй. Тэд биднийг хүсвэл зах дээр дэвтэр дэвтрээрээ зарагддаг хуурамч тамгатай зарлагын падаан дээр аливаа бараа материалыг ямар үнээр хэдэн ширхгииг авсныг л харах зориулалттай энгийн баримт бичиг өгдөг.

2. Дотоодын Зах зээлийн эмх замбараагүй дураараа авирласан, төрийн зохицуулалт бодлогогүй үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэхэд заагдсан орчин нөхцөлүүд нь бүрдээгүй, зах зээлийн харилцааг хянах, зохицуулах, шаардлагын дагуу явуулах тогтолцоо, систем бүрдээгүй зэрэг нь хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан нь бодит үнэн баримт үндэслэл, үндсэн нотолгоо болно.

3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.15-р зүйлд заасан дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий мөн хуулийн 4.1.13-д заасан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан буюу цахим баримт гэгдэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдгээр мөн хуулийн 4.1.14-д заасан худалдсан бүтээгдэхүүн, худалдан авсан бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтаар нотлон гэрчилж тооцоог хийх заалт, мөн хуулийн 4.1.16- н бүртгэлийн хэрэгсэл, 4.1.17-н бүртгэлийн машин, 4.1.18-н бүртгэлийн систем, 4.1.20-н нэгдсэн систем, 4.1.21-н хэрэглэгчийн систем зэрэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх орчин, нөхцөл нь 2007-2011 онуудад болон одоог ч хүртэл Монгол улсын дотоодын захууд, дэлгүүрүүд, наймаачин ченжүүд болон аль ч аймаг, сумдын тариаланч иргэд, ААН-үүдэд байгаагүй, хуулийн дагуу биелэгдэн хэрэгжээгүй, татварын албанаас хуулийн дагуу биелүүлэн хэрэгжүүлээгүй, үйлдвэрлэгч, борлуулагч аль ч талын этгээдүүд дээрхи падаан, төлбөрийн баримтыг бараг мэдэхгүй, ихэнхи нь олж ч үзээгүй. Энэ бол бодит үнэн, хууль хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүйн үнэн нотолгоо баримт нь болно.

3 “Д-У”ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн үү? Хариуцлага хүлээх, хүлээлгэх хууль эрх зүйн үндэслэл бий юу?

3.1 Дэлгэр-Уянга" ХХК нь 2008-2011 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй, татварын албанаас бүртгээгүй, гэрчилгээ олгоогүй байтлаа 2012 оны 12-р сард 2008-2010 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн тавьсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.19 дэх заалтыг зөрчин, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэснийг нотлох баримт байхгүй байхад албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж хүчээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх актыг хэрэгжүүлэхийг тулгасан нь төлбөрийг хариуцах, зөвшөөрөх үндэслэл байхгүйг нотолно. Энд л энэхүү 5 жил 11 сар үргэлжилж байгаа маргааны үндсэн нөхцөл, зангилаа нь байгаа юм.

3.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт...Энэхүү хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 10 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана.

Мөн хуулийг 6-р зүйлийн 6.2-т харъяалах татварын алба нь энэ хуулийн 7-р зүйл болон, 13-р зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно. Мөн хуулийн 6.3 хэсэгт...Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй. Мөн хуулийн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1 дэх хэсэгт... Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцохоор тус тус заасан байна. Монгол улсад өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэхүү хуулийн 6.2, 6.3-р хэсгийн заалтын дагуу “Д-У”ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл, шаардлагагүй байсан учир бүртгүүлээгүй бөгөөд татварын албанд “Д-У”ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, бүртгэсэн, гэрчилгээ авсныг нотлох баримт байхгүй болно.

3.3 “Д-У”ХХК нь 2008-2012 онуудад жилд 4 удаа, бүгд 16 удаа үүнээс жилийн эцэст татварын тайлангийн А маягтаар 1 удаа, нийт 4 удаа жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргаж, татварын албанд өгч байсан.Татварын алба дээрхи тайлангуудыг шалган гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан хүлээн авч байсан.Энэ 4 жилийн хугацаанд Жаргалант сумын болон Төв ТХ-н татварын улсын байцаагч нар нэг ч удаа НӨАТ-төлөгчөөр бүртгүүл, НӨАТ төлөгчийн гэрчилгээ ав, тухайн жилийн орлогоос НӨАТ тооцоогүйг илчилж, тухайн жилийн орлогод оногдох нэмэгдсэн өртгийн албан татвар, хүү торгууль, алданги тооцож, зааж зөвлөж, биелүүлээгүй тохиолдолд шахан шаардах зэрэг арга хэмжээ аваагүй ба 2008-2012 онуудад зөвхөн тухайн жилийн ашгийн болон тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөр зэрэг татваруудыг тооцож авч төлүүлж байсан. Үүний баримт болгон 2010 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг хавсаргав.

3.4 2012 оны 12-р сарын 19-нөөс өнөөдрийг хүртэлх бараг 6 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр гэх 70 гаруй сая төгрөгний өрөнд орж хэлмэгдэж байх хугацаандаа гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа залгуулдаг үйлдвэрлэлээ, ирээдүйгээ аврах зорилгоор холбогдох хууль, хэрэгжүүлэх журам тогтоолуудыг уншиж судласны үндсэн дээр Төв аймгийн татварын хэлтэс, түүний улсын байцаагч нар, Маргаан таслах зөвлөлийн гишүүд зэрэг төрийн албан тушаалтангууд нь Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 232-р тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртөгийн албан татварын хууль хэрэгжүүлэх журмын тодорхой заалтууд болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох дээрхи заалтууд болон татварын ерөнхий хуулийн татвар төлөгчид үйлчлэх 15-р зүйлийн 15.1 болон 15.1.1-ээс 15.1.5 дахь заалтуудыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 17-р зүйлийн 17.1 дэх хэсгийн татвар төлөгчийн эрхийн 17.1.1-ээс 17.1.7 дахь заалтуудыг мөн хуулийн 25-р зүйлийн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах 25.1 дэх заалт, мөн хуулийн 14-р зүйлийн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хэсгийн 14.1, 14.2, 14.3 дахь заалтуудыг тус тус татварын улсын байцаагч, холбогдох албан тушаалтангууд өөрсдөө зөрчсөн болохыг олж мэдсэн.

Татварын улсын байцаагч нар хуулиар хүлээсэн бүрэн эрхээ эдлэхийн зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргүүдээ тухайн цаг хугацаанд нь биелүүлсэн, хэрэгжүүлсэн, ажилдаа хариуцлагатай хандсан бол татвар төлөгч миний бие нь 4 жилийн дараа буюу 2012 оны эцэст ийм их хэмжээний өр төлбөрт орж, сэтгэл санаа нэр хүндээрээ хохирч хэлмэгдэхгүй байсан.

4. "Дэлгэр-Уянга " ХХК-ийн үйл ажиллагаанд учруулсан хүндрэл бэрхшээлүүд.

Төв аймгийн Жаргалант сумын татварын улсын байцаагч Хишигжаргал, Төв ТХ-н улсын байцаагч С.Батзаяа нар нь "Дэлгэр-Уянга " ХХК-д нөхөн тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөрийг төлүүлэх асуудлаар 2012 оноос хойш өдийг хүртэл хандахдаа асуудалд хуулиар хүлээсэн эрх үүргийн дагуу хандахын оронд байнга хувийн өш хонзонгийн үүднээс хандаж асуудлыг улам хүндрүүлж байсныг дараах хууль ёсны баримт, үндэслэлүүдээр нотлоно.

Дээрхи 2 байцаагч нартай миний хувьд хувийн өш хонзон байхгүй, тухайн уулзсан цаг хугацаанд асуудалд бодитой шударгаар хандахыг хэлдэг, шаарддаг байснаас өөр харилцаа байхгүй болно. Төв аймгийн татварын хэлтсээс "Дэлгэр-Уянга " ХХК-ийг 2014 оны 01-р сард нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэх 72.551.588 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг тухайн үед Жаргалант сумыг хамаарч байсан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сум дундын 21-р шүүхэд гаргасны дагуу 2014 оны 06-р сарын 25-ны өдрийн 14 цагт шүүх хуралдаан зарлахад нэхэмжлэгчийн төлөөлөгч С. Батзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй тул 21 дүгээр шүүхийн 2014 оны 06-р сарын 25-ны өдрийн 620 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Үүнээс хойш 2015 оны 03-р сарын 31-нийг хүртэл буюу 9 сар гаруйн хугацаанд шүүх болон, Төв аймгийн Татварын хэлтсээс ямарч хэл чимээгүй байсан. 2015 оны 03-р сарын 31-нд намайг Төв аймгийн Татварын хэлтэст өөр ажилтай явж байхад татварын орлогын тасгийн дарга Наранцэцэг тааралдаад Нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрийг барагдуулах 14/18 тоот мэдэгдэх хуудас өгсөн.Би хариуд нь өнгөрсөн 2014 оны 06-р сард шүүх хурал болоход танай Батзаяа очоогүйгээс нэхэмжлэл буцсан, одоо хүртэл эцсийн шийдвэр гараагүйг хэлж тайлбар бичиж өгсөн. Наранцэцэг дарга энэ тухай огт мэдээгүй байсан. Улсын байцаагч Хишигжаргал нь энэхүү нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрийн маргаан 2012 оны 12-р сараас өдийг хүртэл 5 жил гаруй үргэлжлэхэд намайг нэг ч удаа өрөөндөө дуудан албан ёсоор ярилцдаггүй мөртлөө гадаа гудамжинд олон хүний дунд тааралдахдаа чанга дуугаар - Татварын өр төлбөрөө яаралтай төл, ажил ч хийлгэхгүй юм. Яагаад өрөө төлөхгүй зугтаад байгаа юм бэ? Шүүхийн шийдвэр байдаг юм бол надад авчирч үзүүл гэх мэтээр сүржигнэн олон түмний дунд миний нэр хүндийг унагаж, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг. Энэ бүдүүлэг, ёс зүйгүй, ажил хэрэгч бус үйлдэл нь Татварын хуулийн 29-р зүйлийн Татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн 29.1.7, 29.1.8, 29.1.9 дэх заалтуудыг зөрчсөн болохыг нотолно. С. Батзаяа нь 2015 оны 5-р сарын 29нд сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 663 тоот Улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай захирамж гаргуулан 2015 оны 06-р сарын 24нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 207 тоот хуудас гаргуулж 64.088.000 төгрөг төлүүлэх тухай Улсын байцаагчийн 140643 тоот актыг хүчээр баталгаажуулж, энэхүү шийдвэрийг хуульд заагдсан хугацаанд биелүүлэхийг надад мэдэгдсэн гэж ШШГАлбанд худал мэдүүлж миний компанийн үйл ажиллагаанд нууц хуйвалдаанаар хүчээр халдаж, албадан гүйцэтгэл хийлгэх гэж дарамталсан. Гэтэл надад шүүхийн шүүгчийн 663 тоот захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 207 тоот хуудас 2015 онд ирээгүйг Төв аймгийн Жаргалант сум дахь "Монгол шуудан" компанийн шууданч С.Түмэнжаргалын 2015 оны 10-р сарын 15-ны нотолгоо баримтуудаар нотлогдон гэрчлэгдэнэ. Миний бие дээрхи 663 тоот захирамж 207 тоот хуудсыг 2015 оны 10-р сарын 16-нд Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Батцацралаас хувилуулан авсан болно.Баримтуудыг хавсаргасан. Энэхүү хууль бус үйлдлүүдээр нь дээрхи 2 татварын улсын байцаагчийн "Дэлгэр-Уянга " ХХК-ийн маргаантай асуудалд төрийн албан хаагчийн эрх, үүргээр биш өөрсдийн алдаатай үйл ажиллагаа, ажил хэрэгч бус үйл ажлаа хаацайлах зорилгоор албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсныг илчлэнэ. Үүний дараагийн бодит илэрхийлэл, үндэслэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн ерөнхий шүүгчид 2015 оны 10-р сарын 15-ны өдөр миний гаргасан хүсэлтийн дагуу 21 дүгээр шүүхийн 663 тоот захирамжийг дахин нягтлан хянаж үзээд дээрхи захирамж нь төлбөрийн маргаантай хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад актыг баталгаажуулсан нь илт үндэслэл муутай болсон гэж нотлоод 2015 оны 10 дугаар сарын 23-нд Мандал сум дахь сум дундын шүүхийн 1240 тоот захирамжаар хүчингүй болгож Төв ТХ-н гаргасан эсэргүүцэл, хүсэлтийг дахин хянан шалгаад 2015 оны 11-р сарын 16-нд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 06 тоот тогтоолоор дээрхи 1240 тоот захирамж нь үндэслэлтэй байх тул уг захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай хэмээн тогтоогоод энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурьдсан хуулийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрийг гаргасан болно.

5. Татварын маргаантай асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрүүд.

"Дэлгэр-Уянга " ХХК-д Төв аймгийн татварын хэлтсээс 2012 оны 12-р сарын 19-нд тавигдсан нэмэгдсэн өртөгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алдангийг нөхөн төлүүлж 140643 тоот улсын байцаагчийн актын дагуу 2 байгууллагын хооронд үүссэн маргаан, үл ойлголцлын асуудлыг 2014-2015 онуудад хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүрэг хүлээсэн тухайн үеийн шүүхийн зохион байгуулалтаар тойргийн шүүх буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 21 дүгээр шүүхээс 2015 оны 10-р сарын 23-ны 1240 тоот шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2015оны 11-р сарын 16-ны Обтоот шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Төв ТХ-н төлөөлөгч С.Батзаяагийн гомдлыг хангахгүй орхих тухай шүүхийн эцсийн шийдвэр гарснаар дээрхи маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Төв аймгийн шүүхэд 2018 оны 02-р сарын 10-ны өдөр Мандал сумын сум дундын шүүхийн 2014 оны 06 сарын 25-ны 620 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 05 сарын 29-ны 663 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 06 сарын 24-ны 207 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас,мөн шүүхийн 2015 оны 10 сарын 23-ны 1240 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 11 сарын 16-ны 06 тоот шүүхийн тогтоол зэргийг нотариатаар батлуулан баримтуудыг бүрэн өгсөн болно. Төв аймгийн татварын хэлтэс нь дээрхи шүүхийн шийдвэрүүдийг эсэргүүцэн 2018оны 01 сарын 22-нд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 151/Ш32018/01174 тоот шүүгчийн захирамжаар "Дэлгэр-Уянга " ХХК-д холбогдох татварын өр 71659900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Энэхүү захирамжийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 30-ны өдөр авч хэлэлцээд шүүхийн 151/ШТ2018/00030 тоот тогтоолоор 2018 оны 04 сарын 10-ны 151/ШТ2018/01171 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих шийдвэр гаргасан.

6. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах хүсэлтүүдийг гаргаж байна.

1. Төв аймгийн татварын хэлтсээс “Д-У”ХХК-д гаргасан нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг 2018 оны 02-р сарын 19-ны өдөр тус шүүхэд нотариатаар батлуулан бүрэн өгсөн тул дээрхи нотлох баримтуудыг тус шүүхийн архиваас эргүүлэн татаж судлахыг хүсье.

2. Төв аймгийн татварын хэлтсээс “Д-У”ХХК-д 2012 оны 12-р сарын 19-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү, торгууль төлүүлэхээр тавьсан 140643 тоот акт нь анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.13, 6.2, 6.3-р заалтуудыг тус тус зөрчсөн тул дээрхи актыг зөвшөөрөх, актаар тавигдсан нөхөн төлбөр, хүү, торгуулийг төлөх, хариуцах хууль эрх зүйн үндэслэлгүй тул төлөхөөс татгалзаж байна.

3. “Д-У”ХХК-д Төв ТХ-н татварын улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү, торгууль төлүүлэх 140643 тоот актын хөөн хэлэлцэх хугацаа татварын Ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дах заалтуудыг үндэслэн 2017 оны 12-р сарын 19-ны өдрөөр тасалбар болж 5 жилийн дараа дуусгавар болсон ба хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 358 хоног өнгөрсөн тул дээрхи 140643 тоот актыг хэрэгсэхгүй, хүчингүй болгохыг хүсье. 140643 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль, эрх зүйн үндэслэлтэй тул татварын ерөнхий хуулийн 11.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, мөрдөх үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн татвар төлөх үүрэг дуусгавар болох заалтын 10.1.1 -д заасны дагуу газар тариалан эрхлэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татвар оногдуулах хууль 2011 онд хүчингүй болсон мөн хуулийн 10.1.3-д заасны дагуу татвар төлөгч газар тариалан эрхлэгчид нь нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдсөн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг үндэслэн “Д-У”ХХК-нь татварын хэлтсийн 2012 оны 12-р сарын 19-ны 140643 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэлтэй тул нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна.

5. Төв ТХ-н 2018оны 10-р сарын 29-ны 05/444 тоот нэхэмжлэлийн 71.939.900.00 төгрөгнөөс 2015-2018 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 192.000 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 232.000 төгрөг, бүгд 424.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Үлдэх 71.515.900 төгрөг буюу 140643 тоот актын нөхөн төлбөр, хүү, торгуулийг холбогдох хуулийн дээрхи заалт, үндэслэлүүдээр төлөхөөс татгалзаж байна.

Иймд тус компанид Төв аймгийн татварын хэлтсээс 2018оны 10-р сарын 29-ны өдрийн 05/444 тоот нэхэмжлэлээр нэхэмжилсэн нэмэгдсэн өртөгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэх 71.515.900.00 төгрөгийг нөхөн төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

  Анхан шатны шүүх: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Дэлгэр уянга ХХК-д холбогдох Төв ТХ-н нэхэмжилсэн 71 939 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ. 

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амгалан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00208 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна.

  Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "Татварын алба нь татвар төлөгчийг мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй, улмаар 2011 оны 02 сарын 12-ны өдрийн хуулиар “Д-У”ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байтал улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 140463 тоот актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй" гэжээ.

Хариуцагч “Д-У”ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 12,355,000.00 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 250,700.00 төгрөг, хүү, торгууль, алданги 21,482,300.00 төгрөг нийт 64,088.000.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар татвар төлөгч нь татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй гэж заасан байдаг.

Тус компани уг шийдвэрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй.

Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар "татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль" нь татварын өрөнд хамаарна. Хариуцагч компани нь татварын улсын байцаагчийн акттай маргах эрхээ нэгэнт алдсан байхад шүүхээс мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, гэрчилгээ олгоогүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үйл баримтыг үнэлж татварын албыг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Татварын албанаас татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын ажиллагааг хийсэн байхад мэдээллээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь буруу юм. Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д "Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд ... хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна" гэж заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар орсон нэмэлт заалтыг үндэслэн актын агуулгад хууль зүйн үнэлэлт өгсөн нь хууль хэрэглээний хувьд алдаа гэж үзэж байна. Учир нь татвар төлөгчийн 2008-2010 онд үйлдсэн зөрчилд тухайн үед үйлчилж байсан хуулийг үндэслэн хариуцлага хүлээлгэж акт үйлдсэн байхад сүүлд буюу 2011 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг үндэслэн нөхөн татвараас чөлөөлж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-д заасан нөхөн татварт ногдуулсан алданги, торгууль, хүү, хугацаанд нь төлөөгүй тооцсон алданги, торгуулийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т "Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж тус тус заасан.

Шүүх өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслэн нөхөн татварт ногдуулсан алданги, торгууль, хүү, хугацаанд нь төлөөгүй тооцсон алданги, торгуулийг өршөөлийн хуулийн хамруулах ёстой байтал хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгосон. Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00208 дугаар шийдвэрийг хянаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй,  тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн татварын хэлтэс нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19”ний өдрийн 140643 дугаар акт /хх-ийн 15-16/ -д заасан татварын өр 64 088 000 төгрөг, уг актаас хойш үүссэн буюу  2013 онд татварын өрийг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан торгууль, алданги, 2015-2018 онд үл хөдлөх эд хөрөнгө болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан албан татварын өр  7 678 600 төгрөг, нийт 71 939 900 төгрөгийг хариуцагч “ Дэлгэр-Уянга” ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь 2015-2017 оны татварын өр 424 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна.

 

Маргааны зүйл болж буй 71 939 900 төгрөг нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн болон бусад татварын өр байна.

 

            Татварын алба нь Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.дэх хэсэгт зааснаар татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах, мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон бол биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

           

            Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлийн зохицуулалтаас үзвэл хугацаанд нь төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулна. Татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол данснаас төлөх шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна. Татварын улсын байцаагчийн мэдэгдэх хуудсыг тухайн татварын албаны дарга баталж, банкинд хүргүүлэх бөгөөд уг мэдэгдэх хуудсанд татварын өр гаргуулах үндэслэл, түүний хэмжээ, зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоох хугацааны  тухай заана.

 

            Нэхэмжлэгч нь Татварын Ерөнхий хуулийн 63,64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж нэхэмжлэлдээ дурдан шүүхэд ХААН болон Голомт банкинд мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн баримт /хх-ийн 7-8-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн акт болон тэмдэглэл /хх-ийн 11-14-р тал/, татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгөөс гаргуулах ажиллагаа хийх ажлын хэсэг байгуулах тухай Татварын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/23 дугаар тушаал,татварын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тэмдэглэл, татвар төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл, зөрчлийн жагсаалт гэх  2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн баримт, зөрчлийн талаарх 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо /хх-ийн 5,6,10,17-17-р тал/ Төв ТХ-н дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтыг гаргаж ирүүлжээ./хх-ийн 21-24-р тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүхэд шаардлага, үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн  дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмаар хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг үнэлэх хуульд журмыг огт хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болсон  гэж үзэх боломжгүй байна.

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан “ Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.”, 118 дугаар зүйлийн 118.4. дэх хэсгийн “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.” гэсэн заалтыг зөрчжээ.

 Нэхэмжлэгч татварын актаар тогтоосон татварын өрөөс бусад татварын өр буюу уг актаас хойшхи хугацааны татварын өртэй холбоотой, нэхэмжлэлийн 7 600 000 төгрөгийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг  шүүхэд гаргаж өгөөгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

 

            Анхан шатны шүүх Татварын Ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, НӨАТ-аас чөлөөлөх тухай 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулийг өмнө үүссэн  харилцаанд хэрэглэж, хууль буцаан хэрэглэх журмыг зөрчсөн, хэргийн бодит нөхцөл байдал болон маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна.

           

            Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7. дахь хэсэгт “ Хууль мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна.

 

            Хариуцагч шүүхэд  уг татварын өртэй холбоотой шүүхээс гарсан шийдвэрүүд байгаа талаар тайлбар гаргаж мэтгэлцэн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй “Д-У”ХХК-д холбогдох нотлох баримтуудыг шүүхийн архиваас авахуулах хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа бичжээ. /хх-ийн 44-р тал/  Шүүх нотлох баримт гаргуулах тухай  хариуцагчийн хүсэлтийг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй орхигдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна.    

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 151/ШШ2019/00208 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Нэхэмжлэгч  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Т.ЭНХМАА   

           

                  ШҮҮГЧИД                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР