Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/188

 

 

                                                       Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “М”-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр,

иргэний хариуцагч “М”-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Байгальмаа, түүний өмгөөлөгч Б.Цэнгүүн,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлоор Э.Бд холбогдох эрүүгийн 1805000540054 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 19......... оны ...... дугаар сарын ............-ны өдөр ....... аймгийн ............... суманд төрсөн, ............ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “М”-ийн худалдааны төлөөлөгч ажилтай байсан, ам бүл 2, хүүхдийн хамт ......... дүүргийн ............ дугаар хороо, ......... дугаар гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө 157-3 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “М”-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж “М”-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “М”-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Батчулуунаар дамжуулан 2017 оны 10 дугаар сард 70 хайрцаг “Голден милко” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч, компаниас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Н.Маар дамжуулан “Голден милко” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч, 69.120.000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.Мд зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392.280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69.512.280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

Д.Оаар дамжуулан “Надад “Голден милко” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 1.200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Г.Нарантуяагаар дамжуулан “50 хайрцаг “Голден милко” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4.320.000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд 55-31 БОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “100 хайрцаг “Голден милко” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8.640.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12.960.000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Баянхонгор аймгийн Отгонбаяр гэх харилцагчид 200 боодол “Хаан” чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Гийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2.256.750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол “Хаан” чипсийг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр 51-58 БНХ улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1470 хайрцаг “Голден милко” нэртэй хуурай сүү, 180 боодол “Хаан” чипс зэрэг нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “М”-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “М”-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

“М”-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Пт “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Б.Пт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” худалдааны төвийн 10 дугаартай павилионд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Эад “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Д.Эад их хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2.000.000 төгрөг зээлээч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Гийг хуурч 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот

гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.Отгонбаярт “2 хувийн хөнгөлөлт хасаад “Хаан” чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70.000 төгрөгөөр авах уу, компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.Отгонбаярт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Баттогтоход түүний эхнэр Д.О-Эрдэнээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан” чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сард буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч, иргэн Б.Баттогтоход үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан, бусдад нийт 306.241.580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад заасан хөрөнгө завших гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бы цагдан хоригдсон 284 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 277.303.581 төгрөгийг гаргуулан “М”-д, 19.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Пт, 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Гт, 18.477.650 төгрөг гаргуулан хохирогч Ч.Отгонбаярт, 22.058.900 төгрөг гаргуулан хохирогч Б.Баттогтоход тус тус олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу иргэний хариуцагч “М”-аас 124.416.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эад олгож, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “М” нь гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.Баас 124.416.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Бы асрах хүнгүй үлдэж буй бага насны хүүхдэд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс “ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийг нь ажил олгогч өөрөө зөрчүүлсэн, өр үүсгэх боломж олгосон, бусдын мөнгийг өрөнд нь суутгаж авсан үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж чадаагүй, Д.Эын шилжүүлсэн мөнгөнөөс Э.Бы урьдын өрийг тооцсон, Д.Эын захиалгыг хүлээн авсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “М”-аас 124.416.000 төгрөг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтанд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хун, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж заасан. Иймд “М” нь шүүгдэгч Э.Бы эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирлыг хариуцах хууль ёсны буюу хуульд заасан үндэслэл бүхий үүрэг үүссэн нөхцөлд л иргэний хариуцагчаар энэ хэрэгт оролцох боломжтой юм. Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасныг үндэслэж “М”-ийг иргэний хариуцагчаар татаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдалд дүгнэлт хийсэнгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүссэн байхад дараах шаардлагыг хангасан байх ёстой. Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх, гүйцэтгэсэн, гэм буруутай үйлдэл нь ажил олгогчийн ажлын байранд заасан үүргээ гүйцэтгэхтэй шууд холбоотой байх. Хөдөлмөрийн тухай хуулийн 1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог...”, 6.2-т “Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Э.Б нь хохирогч Д.Эаас 124.416.000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдэхдээ “М”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ямар нэгэн ажил үүргийг гүйцэтгээгүй бөгөөд хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлээгүй аливаа үйлдэл гаргаагүй, тус үйлдлийн улмаас хохирогчид ямар нэгэн хохирол учраагүй. Иймд “М” нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар Э.Бы залилан мэхлэх гэмт хэргийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байдаг. Худалдах, худалдан авах, түрээслэх, эд хөрөнгө хөлслөх, бэлтгэн нийлүүлэх зэрэг гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг нь анхнаасаа хууль, гэрээнд заасан эд хөрөнгийг нийлүүлэхгүй, үнэ болон хөлсийг зохих журмаар төлөхгүй байх гэсэн субъектив санаа зорилгыг агуулж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Э.Б нь “...манай компанид ихээхэн хэмжээний бэлэн мөнгө хэрэгтэй байгаа. ...хямдралтай бараа нийлүүлнэ.” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Д.Эын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж, өөртөө ашиг олох зорилгоор 124.416.000 төгрөгийг шилжүүлэн авсан байдаг. Түүний энэ шилжүүлэн авсан 124.416.000 төгрөгийн төлбөрт ирэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэх боломжгүй, иргэн Д.Эын нэрээр ямар ч захиалга хийгдээгүй, хямдралтай бараа бүтээгдэхүүн байхгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Түүний хийсэн энэхүү хууль бус үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэгтэй нь огт холбоогүй, өөрийнхөө гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж, өөртөө давуу байдал олж ашиг олох зорилгоор хийсэн санаатай гэмт хэрэг бөгөөд хөдөлмөрлөх үүрэг, албан тушаалтай нь огт холбоотой зүйл биш юм. Шүүхээс зарлагын баримт болон НӨАТ падаан бичигдэж Д.Эад очсон гэж буруутгах боловч уг баримтыг Э.Б нь гэмт хэргээ үйлдэж дууссан буюу хохирогчийн мөнгийг бүрэн шилжүүлж авсны дараагаар бодит нөхцлийг төөрөгдүүлж, огт захиалга өгөөгүй “Клейр скай” ХХК-ийг нь бараа бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгсөн, захиалгын мөнгө нь миний дансанд орсон байгаа мэтээр компанийн санхүүгийн ажилтнуудыг төөрөгдүүлэн бичүүлж авсан болох нь нотлогдсон. Мөн тэрээр дээрх баримтыг гэмт хэрэг үйлдэхдээ огт ашиглаагүй, хохирогч Д.Эад итгэл төрүүлэх нөхцөл байдал үүсгэх зорилгоор гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн гэмт хэргээ үйлдэж дууссаны дараагаар хугацаа авах, итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор Д.Эад гаргаж өгсөн байдаг. Компанийн дансанд орсон гэх 66.650.000 төгрөгийг Д.Эын бараа захиалгын төлбөр гэж шилжүүлээгүй бөгөөд өмнөх барааны төлбөрт шилжүүлсэн болох нь аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан, үлдэгдэл мөнгийг өөрийнхөө хувийн өр, зээлээ төлөхөд зориулж шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авч захиран зарцуулах боломжтой болсноор дуусгавар болдог бөгөөд тухайн этгээд уг хөрөнгийг хэрхэн захиран зарцуулсан явдал нь иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл болохгүй. Шүүхээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг “...ажил олгогч хэнд итгэж, ямар шалгуураар гэрээ байгуулах, хэрхэн яаж хяналт тавих асуудлаар харилцагч болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээх явдал...” гэж тайлбарласан нь хууль тогтоомжинд заагдаагүй бодит бус үндэслэл болох бөгөөд хяналт шалгалт дутуу хийгдсэн төлбөрийг ажилтны дансаар авсан гэх үндэслэл нь уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, иргэний хариуцагч болох хуульд заасан үндэслэл болохгүй. Уг хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцлөө Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...өөрийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор...” гэдгээ, хохирогч Д.Эын захиалгыг баталгаажуулаагүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “М”-ийг иргэний хариуцагчаар татаж, 124.416.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Бы өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Э.Б нь “М”-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан. Иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. “М” нь хөдөлмөрийн гэрээний харилцаатай үүрэг гүйцэтгэгч байсан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй.” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Д.Э тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Д.Эын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1223 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шийтгэх тогтоолын 25 дугаар талд байгаа шүүхийн дүгнэлтийн нэг хэсгийг үндэслэл болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах гомдол гаргасан байна. Шийтгэх тогтоолын 24, 25, 26 дугаар талд шүүх дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, тэгш эрхтэй мэтгэлцээний үр дүнд тал бүрээс нь нягталж “М”-аас 124.416.000 төгрөг гаргуулан, хохирогч Д.Эад олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хууль, бусад хуулийг буруу хэрэглэсэн асуудал байхгүй. Шүүх оролцогчдын хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар захирамж гаргаж “М”-ийг иргэний хариуцагчаар татсан. Томилогдсон иргэний хариуцагчид эрх үүргийг танилцуулсан. Иргэний хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон. Мөн гомдолдоо хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гэм буруутай үйлдэл нь ажил олгогчийн ажлын байранд заасан үүрэгтэй шууд холбоотой байх гэсэн байна. Өөрсдөө ингэж бичсэн боловч хавтаст хэрэг, үйл баримтын хувьд холбоотой. Тухайлбал, Э.Б 2007 оноос хойш тус компанид ажиллаж байгаа. Хохирогч Д.Этай дээрх үнийн дүнтэй тэнцэх хэмжээний борлуулалтыг 7 удаа хийсэн. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Э.Б “М”-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 207 дугаар талд, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 208 дугаар талд, барьцааны гэрээ байгуулсан нь 2 дугаар хавтаст хэргийн 215 дугаар талд, ажлын байрны тодорхойлолт 2 дугаар хавтаст хэргийн 212 дугаар талд тус тус авагдсан. Эдгээр бүх баримтаас үзэхэд компанийн өмч болох “Нарантуул” захын павилионд компанийн бүтээгдэхүүнийг борлуулах борлуулагч буюу худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан нь тогтоогдож, “М” нь ажил олгогч байсан нь нотлогдон тогтоогдсон. Түүнчлэн Д.Э хэн нэгэн Э.Бд мөнгө өгөөгүй, “М”-ийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тус компанийн салбар болох “Нарантуул” захын борлуулагчид хандаж, төлбөрөө хийсэн. Өмнөх 6 удаагийн худалдан авалтад НӨАТ-ын баримтыг барааны хамт өгсөн байдаг. Э.Бы дансны хуулга болон аудитын дүгнэлтээс үзэхэд миний үйлчлүүлэгч 671.688.000 төгрөгийг Э.Бд шилжүүлсэн байдаг. Үүнээс 124.416.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг олгоогүй, бусад бүх барааг олгосон. Энэ барааг олгохдоо бүгдэд нь НӨАТ-ын баримт, зарлагын падан бичсэн. Дансны хуулгаас нь харахад Э.Б дээрх мөнгийг авахдаа нэг ч удаа Д.Эаас буюу “Клейр скай” ХХК-аас гэж шилжүүлээгүй, хувийнхаа дансаар авдаг. Мөн хэн нэгний хувийн дансаар нягтлангийн хэлснээр өгдөг. Гэтэл энэ бүх худалдан авалтад НӨАТ-ын баримтыг “Клейр скай” ХХК-ийн нэр дээр гаргаж өгсөн байдаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Мөн хохирогч Д.Э хамгийн сүүлийн 124.416.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Э.Быг 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээтэй, ажлын байрны тодорхойлолттой буюу ажлын байранд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж байна. Иймд хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үйлчилгээ гэж байгаа нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “М”-ийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж  заалдах гомдлыг дэмжиж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэгтэй санал нийлж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад улсын яллагч болон хэргийн оролцогчид тухайн зүйл заалтыг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт байгаа учир хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

Иргэний хариуцагч “М”-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Байгальмаа тус шүүх хуралдаанд “...хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Компанийн санхүүгийн үйл ажиллагааг борлуулагч нараас хийсэн. Борлуулалтын орлого, мөнгийг хувийн дансанд төвлөрүүлж, улмаар компанийн итгэмжлэгдсэн захирал гэх Цэцэгмаагийн дансаар авч байсан. Д.Эаас бараа бүтээгдэхүүн захиалахаар шилжүүлсэн мөнгийг Э.Б Цэцэгмаагийн хувийн дансанд шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл, “М”-ийн холбогдох албан тушаалтнуудаас Э.Бы өмнөх өр авлагын тооцоонд дур мэдэн суутган авч, өөрсдийн санхүүгийн эрсдэлээ хааж шийдвэрлэх замаар хэн гэдэг хариуцагчийн, ямар бараа бүтээгдэхүүн захиалсан мөнгө болохыг нягтлалгүйгээр зөвхөн худалдааны төлөөлөгчийн гаргасан өр авлагад суутган авсан нь санхүүгийн хяналт шалгалт хангалтгүй байсантай холбоотой. Хувь хүн, хуулийн этгээдийг хохироох гэмт этгээдийг үйлдлээ үргэлжлүүлэн хийх боломжийг давхар олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Үүнд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Өр авлагдаа суутгасан гэх үйл баримт “М”-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу эрх зүйн харилцаанууд үүсч, үргэлжилж явж байсан. Борлуулалтын орлогоо санхүүдээ авч байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “М”-ийг хохирогч Д.Эад Э.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Б нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө 157-3 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг “М”-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаанд компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж “М”-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “М”-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, мөн компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Батчулуунаар дамжуулан 2017 оны 10 дугаар сард 70 хайрцаг “Голден милко” хуурай сүү ачуулах шаардлагатай байна” гэж хуурч, компаниас 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 70 хайрцаг сүүг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байрлах автобусны буудлын хажууд автомашинд ачуулах замаар авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө болох 2.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Н.Маар дамжуулан “Голден милко” нэртэй хуурай сүүний захиалга ирлээ, над дээр дангаараа ийм их хэмжээний хуурай сүү компаниас гаргахгүй, та компаниас захиалчих, надтай олон жил харилцаж байгаа найдвартай хүн захиалаад байгаа юм” гэж хуурч, 69.120.000 төгрөгийн үнэ бүхий 800 хайрцаг сүүг, мөн 2017 оны 11 дүгээр сард компаниас Н.Мд зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 392.280 төгрөгийн барааг зээлээр авах нэрийдлээр хуурч аван нийт 69.512.280 төгрөгийн сүү, бараа бүтээгдэхүүнийг,

Д.Оаар дамжуулан “Надад “Голден милко” сүүний захиалга орж ирсэн, тооцоог нь би сарын сүүлээр хийе” гэж хуурч компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг, нийт 103.680.000 төгрөгийн үнэ бүхий 1.200 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоолд байрлуулсан 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Г.Нарантуяагаар дамжуулан “50 хайрцаг “Голден милко” сүүг машинд ачуулаад өгөөч, би энэ сарын дундуур мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 4.320.000 төгрөгийн үнэ бүхий 50 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гадна байрлах автомашины зогсоолд 55-31 БОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “100 хайрцаг “Голден милко” сүү хэрэгтэй байна, надад захиалга ирээд байна, яаралтай аваад ирээч, би сарын сүүлээр мөнгийг нь өгье” гэж хуурч компаниас 8.640.000 төгрөгийн үнэ бүхий 100 хайрцаг сүүг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн замын урд байрлах контейнерт буулгуулан авч, нийт 12.960.000 төгрөгийн үнэ бүхий 150 хайрцаг сүүг хуурч компаниас гаргуулан авч,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “Баянхонгор аймгийн Отгонбаяр гэх харилцагчид 200 боодол “Хаан” чипсийг автомашинд ачуулчих, тооцоог нь би орой юм уу, аль эсвэл маргааш өглөө хийе” гэж худалдааны төлөөлөгч Л.Гийг хуурч компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан 2.256.750 төгрөгийн үнэ бүхий 180 боодол “Хаан” чипсийг гаргуулан авч, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвийн гаднах автомашины зогсоол дээр 51-58 БНХ улсын дугаартай автомашинд ачуулан авч, нийт 1470 хайрцаг “Голден милко” нэртэй хуурай сүү, 180 боодол “Хаан” чипс зэрэг нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “М”-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн Э.Б нь “М”-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны төвд байрлах компанийн борлуулалтын цэг дээр худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан,

“М”-ийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Пт “Голден милко” сүүний захиалга орж ирээд байна, автомашинд ачуулчих” гэж хуурч 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр компаниас 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТЭЦ-4 цахилгаан станцын урд байрлах автомашины зогсоол дээр 80-75 УНХ улсын дугаартай ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Б.Пт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” худалдааны төвийн 10 дугаартай павилионд хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг иргэн Д.Эад “манай компани гадагш их хэмжээний мөнгө шилжүүлэх шаардлага гарсан юм байна, тэгээд мөнгөний хэрэг компанид гарсан учраас хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм, танд бол хуучин өгч байсан 6.480 төгрөгөөр сүү өгч болно гэж байна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, иргэн Д.Эад их хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр “компанид тушаах мөнгөнөөс дутчихлаа, 2.000.000 төгрөг зээлээч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан Л.Гийг хуурч 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот

гэрээсээ өөрийн харилцагч, Баянхонгор аймгийн иргэн Ч.Отгонбаярт “2 хувийн хөнгөлөлт хасаад “Хаан” чипс захиалах уу, элсэн чихэр 1 шуудайг нь 70.000 төгрөгөөр авах уу, компаниас урьдчилж захиалга авч байгаа юм, хэрэв элсэн чихэр захиалах бол 10 хоногийн дараа ирнэ, мөнгөө гялс шилжүүлчих” гэж, мөн бараа материалын захиалга авах нэрийдлээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.Отгонбаярт үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын 103 дугаар байрны 138 тоот гэрээсээ өөрийн харилцагч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Баттогтоход түүний эхнэр Д.О-Эрдэнээр дамжуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Хаан” чипсний захиалга авч байна, элсэн чихрийн захиалга авч байна, захиалгаа өгөөрэй, бараа 2017 оны 12 дугаар сард буухаар машинаа явуулаад ачуулж аваарай” гэх зэргээр хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч, иргэн Б.Баттогтоход үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан, бусдад нийт 306.241.580 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Э /1хх 61, 4хх 28-29, 5хх 115-116/, Л.Ганцэцэг /1хх 47-49, 5хх 122-123/, Б.Баттогтох /4хх 136-137, 146/, Ч.Отгонбаяр /1хх 63, 2хх 118-119/, хохирогч, иргэний нэхэмжлэгч “М”-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Марал-Эрдэнэ /1хх 51-52, 2хх 186-187, 3хх 48-49, 5хх 110-112, 145-146/, гэрч Б.Батчулуун /1хх 40-41, 5хх 126/, Н.М /1хх 20-21, 24-25, 5хх 124-125/, Д.О /1хх 9-10, 5хх 127-128/, Б.П /1хх 14-15, 5хх 118-119/, Д.Жамсранжав /1хх 49/, Г.Нарантуяа /1хх 34-36, 5хх 131-132/, Д.Гүрбазар /1хх 50/, Д.О-Эрдэнэ /4хх 174/, Ц.Чимэгсүрэн /1хх 55-56/ нарын мэдүүлгүүд, “М”-ийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 06/284 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус компанийн үйл ажиллагааны талаарх тодорхойлолт, хавсралтын хамт /5хх 150-151/, “М”-ийн борлуулалтын албаны худалдааны төлөөлөгчийн ажлын байрны /үндсэн ажил, үүргийн 11-рт: Өдөр тутмын орлогоо кассад тушаах болон банканд тушаах.../ тодорхойлолтын загвар /2хх 125-127/, “М”-ийн худалдааны төлөөлөгч /Нарантуул/ албан тушаалд ажиллахаар Э.Бы тус компанийн холбогдох албан тушаалтантай байгуулсан 12НRD-ХG-MLK-150 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 12-НRD-ЕD-150 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 12-МLК-ВG-150 дугаартай барьцааны гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2хх 203-214/, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөр Э.Бтай “М”-ийн нягтлан бодогч Ж.Ундармаагийн хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааны хуудас, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан /2хх 224-225/, “Амгалан ахуй аудит” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 06/18 дугаартай Аудитын нягтлах ажлын дүгнэлт /2хх 229-250, Зхх 1-10/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 051 дугаартай: “М”-ийн борлуулагчаар ажиллаж байсан Э.Б нь 156,014,551.6 төгрөгийн эргэн төлөлтийн үлдэгдэлтэй байна...” гэх дүгнэлт /3хх 59-61, 62-150/, хохирогч Л.Гийн Хаан банкны 5013091986 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 44/, Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын данс руу хохирогч Л.Гээс 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх 89/, хохирогч Д.Эаас шүүгдэгч Э.Бы Хаан банкны 5013055904 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1хх 62, 4хх 45-47/, шүүгдэгч Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын данс руу Д.Эаас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 124,416,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх 83/, хохирогч Б.Баттогтохоос өөрийн Хаан банкны 5914042732 дугаарын данснаас Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын данс руу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,941,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 19,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1,204,800 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх 86, 89, 91, 4хх 138-140/, хохирогч Ч.Отгонбаяраас Э.Бы Хаан банкны 5013055904 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /1хх 64/, шүүгдэгч Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын данс руу Ч.Отгонбаяраас 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,814,400 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 14,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3,415,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх 86, 89, 92/, Э.Бы эзэмшдэг Хаан банкны 5013055904 дугаарын данс руу Ц.Чимэгсүрэнгээс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 136,700,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /2хх 73/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Быг залилах гэмт хэргийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, хөрөнгө завших гэмт хэргийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Бы “М”-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа компаниас итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогоос бэлэн 156.014.551 төгрөгийг завшиж, “М”-д их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

мөн тус компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Батчулуун, Н.М, Д.О, Г.Нарантуяа, Л.Г нарыг хуурч, компаниас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн нийт 121.289.030 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг залилан авч “М”-д их хэмжээний хохирол учруулсан,

мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, тус компанийн худалдааны төлөөлөгч ажилтай Б.Пыг хуурч, 34.560.000 төгрөгийн үнэ бүхий 400 хайрцаг сүүг ачаа тээврийн хэрэгсэлд ачуулан авч, улмаар сүүний үлдэгдэл мөнгө 19.000.000 төгрөгийг бусдад төлөх өрөндөө өгөх замаар өөртөө шилжүүлэн авч, Б.Пт үлэмж хэмжээний хохирол учруулсан,

иргэн Д.Эыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 124.416.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан,

иргэн Л.Гийг хуурч, 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

иргэн Ч.Отгонбаярыг хуурч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.814.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14.000.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3.415.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авснаас 18.477.650 төгрөгийг өр зээлдээ тооцон өгөх замаар иргэн Ч.Отгонбаярт үлэмж хэмжээний хохирол учруулсан,

иргэн Б.Баттогтохыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.941.600 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 19.500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.204.000 төгрөгийг, нийт 22.058.900 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5013055904 дугаарын дансаар шилжүүлэн авч, иргэн Б.Баттогтоход үлэмж хэмжээний хохирол учруулсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүн “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “М”-ийг иргэний хариуцагчаар татаж, 124.416.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эад олгуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Б нь “М”-ийн худалдааны төлөөлөгч /Нарантуул/ албан тушаалд ажиллахаар тус компанийн холбогдох албан тушаалтантай байгуулсан 12НRD-ХG-MLK-150 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, 12-НRD-ЕD-150 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 12-МLК-ВG-150 дугаартай барьцааны гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2хх 203-214/ зэргээр тус компанийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан нь тогтоогддог.

Ажиллаж байх хугацаандаа буюу 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Д.Эаас бараа бүтээгдэхүүний захиалгын төлбөр гэж 124.416.000 төгрөгийг шилжүүлэн авахдаа өөрийн хувийн дансаар шилжүүлэн авсан бөгөөд бараа бүтээгдэхүүний захиалгатай холбоотой НӨАТ-ын баримтыг “М”-аас гаргуулан Д.Эад өгсөн байдаг.

Анхан шатны шүүх дээрх байдлыг дүгнэж “М”-ийг ажилтныхаа хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг нь ажил олгогч өөрөө зөрчүүлсэн, өр үүсгэх боломж бий болгосон, бусдын мөнгийг өрөнд нь суутгаж авсан, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж чадаагүй нөхцөл байдлуудыг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэн иргэний хариуцагч “М”-аас 124.416.000 төгрөгийг гаргуулахаар заасан нь үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “М”-ийн өмгөөлөгч Б.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                         ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ