2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/441

 

 

 

 

 

2025          02          11                                       2025/ШЦТ/441

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Ганбаатар,

Улсын яллагч: Б.Энхбаяр,

Шүүгдэгч/хохирогч ***,

Шүүгдэгч/хохирогч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408046360028 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын *** сургуулийн гадна хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой руу 1-2 удаа цохиж, баруун хөмсгийг шүдээрээ хазах зэргээр биед нь халдаж зодсоны улмаас баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын *** сургуулийн гадна хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгааж татах, зүүн гарын чигчий хурууг хазах зэргээр биед нь халдаж зодсоны улмаас биед нь зүүн гарын 5-р хуруунд няцарсан шарх, зүүн шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...мэдүүлэг өгөхгүй, хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч/хохирогч *** шүүх хуралдаанд: “...мэдүүлэг өгөхгүй, хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой 17 цаг 30 минутын орчим би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Ерөнхий боловсролын *** сургуулиас хүүхдээ ...авах гээд очтол автомашины зогсоол олдохгүй байхаар нь сургуулийн авто зогсоол руу ороод зогстол Говь-Алтай аймгийн Алтай суманд 10 жилийн сургуульд хамт сурдаг байсан Атарцэцэг гэх эмэгтэй гэнэт миний машины хаалгыг онгойлгоод чи гэр бүл үймүүлсэн, чи бол янхан гэж орилж чарлаад миний машинд суух гээд байхаар нь би “чи яах гээд байгаа юм, би буугаадахъя тэгээд ярилцъя гэж хэлчхээд би машинаасаа буутал намайг заамдаад авсан. Тухайн үед миний хүзүүнд зүүсэн байсан гинж тасрах гээд байхаар нь Атарцэцэг рүү гинжээ таслуулахгүй гээд ойртол миний хөмсгийг хазчихсан юм. ...миний толгой руу 1-2 удаа цохиж, баруун хөмсөг шүдээрээ хазсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр болох 2024 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 17 цаг 30 минутын орчим би Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Ерөнхий боловсролын *** сургуулиас хүүхдээ сургуулиас нь авах гээд очтол Говь-Алтай аймгийн Алтай суманд 10 жилийн сургуульд хамт сурдаг байсан Буянаа гэх миний нөхөр ***тай гэр бүлээс гадуурх харилцаатай байдаг эмэгтэй машинтай зогсож байхаар нь хоёулаа уулзаадахъя гэж хэлтэл чам шиг янхныг машиндаа суулгахгүй гээд машинаасаа бууж ирээд миний толгойны үснээс зулгааж хойш нь татахаар нь би заамдаад зуураад толгойгоороо түлхэж байтал миний зүүн гарын чигчий хурууг хазчихаар нь би зөрүүлээд баруун талын хөмсөг хэсэгт нь хазчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Шинжээчийн 15292 тоот дүгнэлтэд: “...***гийн биед баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 27-28/,

Шинжээчийн 15294 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн гарын 5-р хуруунд няцарсан шарх, зүүн шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэжээ /хх-н 21-22/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, шүүгдэгч/хохирогч ***гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31, 38, 40-41, 43-50, 52-60/, шүүгдэгч/хохирогч ***ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-36, 61, 63-77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын *** сургуулийн гадна хохирогч ***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний толгой руу 1-2 удаа цохиж, баруун хөмсгийг шүдээрээ хазах зэргээр биед нь халдаж зодсоны улмаас баруун хөмсөгт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч *** нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Ерөнхий боловсролын *** сургуулийн гадна хохирогч ***тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс зулгааж татах, зүүн гарын чигчий хурууг хазах зэргээр биед нь халдаж зодсоны улмаас биед нь зүүн гарын 5-р хуруунд няцарсан шарх, зүүн шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл  журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***, *** нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан зодолдон, хэн хэнийхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***, *** нарын үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***, ***  нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

***, *** нар нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***, *** нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР