Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

      2025           02              18                                                       2025/ШЦТ/32

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Чимэддорж,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч **********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ************,

Шүүгдэгч ************ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ******** нь 2024 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө ******* тоот дахь гэртээ эхнэр ********г бусадтай хадсаны улмаас түүний бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодон тархи доргилт, дух, баруун зүүн сарвуунд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, дух, баруун зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч ********** нь 2024 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө **********тоот дахь гэртээ эхнэр *********г бусадтай хадсаны улмаас түүний бие эрх чөлөөнд нь халдан цохиж зодон тархи доргилт, дух, баруун зүүн сарвуунд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, дух, баруун зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

    1. Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08-р хуудас/,

Хохирогч *******: “Нөхөр ******* бид хоёр росторын амралттай ********суманд гэртээ байсан. Тухайн өдөр буюу 2024 оны 12 сарын 08-ны өдөр Манай ээж**********, том хүү ******** эгчийн хүү ********, манай нөхөр ***** нар хөдөө хүнсэнд яваад 19 цагийн орчимд ирээд нөхөр махаа янзалчхаад, би хүүхдүүддээ хоол хийж өгчхөөд би эрт унтаад өгсөн. Тэгээд намайг унтсан хойгуур манай нөхөр ******** миний гар утсыг авч шалгасан юм шиг байна лээ. Тэгэнгүүтээ манай найз руу залгасан юм шиг байна лээ. ****** та хоёрыг *******ХХК-нийн уурхайн ажилчдын амралтын байр***********ыг чинь харсан хүн байна. Одоо явалдаж суухаа болих болоогүй юу? гэхээр нь манай нөхөр та хоёрыг зөндөө хүн харсан байна. Чамайг ажилгүй болгоно, гэр бүл үймүүлсэн гээд ********** ХХК-нийн ёс зүйн хороонд өгнө гэж хэлэхэд нь манай найз **********ажилгүй болж, олон нийтийн өмнө нэр сүрээ бодсондоо тиймээ нэг удаа унтсан гээд хэлчихсэн юм байна лээ. Тэгээд би тухайн үед унтаж байхад гэнэт үснээс нэг хүн зулгаагаад хоёр талаас хацар руу хэд хэд алгадаад гайхаад босоод ирсэн чинь манай нөхөр ********* чи яахаараа хүнтэй явалддаг юм гээд хэрүүл эхэлсэн тухайн үед 2024 оны 12 сарын 08-наас 09-нийг шилжих шөнийн 00 цаг орчим болж байсан байх. Тэрнээс хойш хааяа хааяа ирж алгадаад яваад байсан. Тэгээд манай ********** нэг хашаанд амьдардаг учраас орж, гараад байсан. Тэгээд манай том хүү *********** орж ирээд гараад байсан намайг зодчих вий гэж санаа зовсон байх. Тэгээд намайг сэрснээс хойш нөхөр *********БНХАУ-н 2 шил 0,5 литр орчмын архи байсныг гаргаж ирж уугаад, бас 2 шил тал дарс байсныг бас уусан байсан. Хэрүүл хийгээд ирэхдээ нүүр рүү гараараа алгадаад л, толгойны орой хэсэгт гараараа зангидаж байгаад цохиод байсан тэгээд архиа уугаад л нааш цаашаа яваад л хүү, ээжийг гарахад харгалзах хүнгүй болонгуут ирж цохиод л байсан. Сүүлдээ манай том хүү эмээгийндээ ороод унтаад өгсөн. Тэгээд сүүлдээ ээжийг байгаад байсан ч зодоод болдоггүй. Тэгээд ээж цагдаа дуудъя гэхээр нь би байж бай гээд байлгаад байсан. Тэгээд хүйтэн ус толгой дээр хийгээд янхныг ариусгаж байна гээд цацаад байсан. Тэгээд бас зодоон үздэг гээд хоолой боох гэж оролдсон. Тэгээд ээж алагдах нь байна гээд цагдаа дуудсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн... Миний дух хөхөрч хавдсан, толгой орой хэсэгтэй хавдсан, миний хоёр шанаа хавдсан, хоёр гар, мөр шуу хөхөрч хавдсан. Хөл бас хөхөрсөн... Тухайн гэмтлүүдийг манай нөхөр ************ дан нүцгэн гараараа цохиж гэмтээсэн. Өөр юмаар зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17-р хуудас/,

Гэрч ***********: “,.Би 2024 оны 12 сарын 08-ны өдөр хүргэн ******* бид 3 хөдөө манай хүүхэд *********д очиж өвлийн идэш хүнсээ бэлдсэн. Тэгээд мах шөлөө янзлаад өөрийн амьдардаг гэртээ сургуулийн хүүхэд хардаг. Нэг хашаанд ***********х болон манайх цуг амьдардаг, би Монгол гэрт хөдөө байдаг хүүхдийн ачийг хараад байдаг. Харин ***********х хажууд байшинд амьдардаг. Тэгээд унтах санаатай нэлээн орой болсон байсан 23 цагийн үед байх тэгтэл дуу шуу болоод л ирсэн. Тэгээд нэг их юм бодоогүй байсан чинь хүргэн ******** над руу утсаар залгаад ороод ир гэж дуудсан. Тэгээд яваад ортол гэр бүлийн маргаан болсон аятай манай охин ******** нүдний дор хоёр шанаа хөхөрчихсөн, гар хөл нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би ******** хандан хоорондоо ярьж ярилцаж болдоггүй юм уу зодоод байхдаа яадаг юм гэж хэлсэн. Тэгээд намайг нэг их тоохгүй байсан *******гэртээ байсан архийг уучихсан шинжтэй байсан. Сүүлдээ ********* бүр согтоод эхэлсэн. Тэгээд намайг байхад ******** толгой руу гараараа цохиод байсан би татаад дийлэхгүй байсан. Намайг хүн байна гэж тоохгүй байсан. Тийм их согтуу биш байсан. Бүр сүүлдээ айгаад цагдаа дуудсан. Тэгээд би гараад явчихсан. Намайг гарсан хойно бас зодсон байна лээ. Бас ус цацсан гэсэн. Тэгээд цагдаа ирж авч яваад санаа амарсан. Тухайн шөнөжин л тийм л юм болсон. Би бараг өглөө 06 цаг болж байхад цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 12 сарын 16-ны өдрийн ********дугаартай: ******** биед тархи доргилт, дух, баруун зүүн сарвуунд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, дух, баруун зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ********** биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч ******** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч ******** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Нямдавааг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч ********** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч ************ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч ********** торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ********* овогт ***************** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч ********** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *********** бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Нямдаваагийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА