Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Хохирогч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сум, Зүүнбаян 5 дугаар багийн харъяат, 1976 оны 04 сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-9 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Боржигон овогт Зоригийн Энхжаргалд /РД: ЕП76042804/ холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Энхжаргал нь 2017 оны 06 сарын 13-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд багийн нутаг дэвсгэр “Улаан худаг”-ийн хажуу талаас 53-18 ДГО улсын дугаартай  Приус 20 маркийн  автомашинд сууж, зорчиж явахдаа уг машины жолооч  Б.Болормаагийн цүнхэнд байсан  түрүүвчтэй 2,600 юань, 180,000 төгрөгийг  хулгайлан авч бусдад  бага бус хэмжээний  хохирол учрулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Энхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ажлынхаа Энхтуяагийнд очиж цай ууна гэж бид гурав явсан юм. Тэгээд гадаа халуун байсан болохоор нь таксинд суусан юм. Таксины ар талын суудал дээр нэг цүнх байсан. Би таксинд суусан хүн орхиод явсан юм болов уу гэж бодсон. Тэгээд  цүнхнээс түрүүвчийг авч яваад ажил дээрээ очиж түрүүвчийг үзэхэд их мөнгө байхаар нь айгаад  дүүгийндээ очиж түрүүвчийг орхисон. Тэр үед хүүхэд 5000 төгрөг гуйгаад байхаар нь өгсөн. Ингээд сургуульд дээр 10,000 төгрөгөөр нь ундаа энэ тэр аваад байж байхад Б.Болормаа цагдаа дагуулаад ирсэн. Цагдаа дээр ирээд загнаад байхаар нь санаа зовоод хэлээгүй юм. Тэгээд хамт явж байсан 2 хүндээ энэ хүний мөнгийг авсанаа хэлсэн. Хохирлыг мөнгийг 2,600 юанийг бүгдийг нь 150,000 төгрөгтэй тэр дор нь буцааж өгсөн, өчигдөр прокуророос хэрэг шүүхэд шилжихэд 38,000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай нөхөр сохор, би өөрөө ажилгүй болохоор торгуулийн мөнгийг төлөх боломж байхгүй тул өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч  Б.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би тэр өдрийн өглөө Эрээнээс ирж,  машинаа Э-Транс дээр очиж тавьчихаад дараа нь вокзал дээр ирж хоол идчихээд, үсчин орж үсээ будуулсан юм. Тэгээд гараад ирэхэд машины дугуй хагарсан байсан болохоор нь машиныхаа дугуйг сольчихоод гэрлүүгээ явж байтал өндөр улаан худгийн хажууд 3 хүн гар өргөхөөр нь суулгаад 3 дугаар сургууль руу хүргэж өгсөн юм. Би байнга таксинд явдаггүй юм. Би хааяа гэрлүүгээ явахдаа хүн авч яваад хүргэж өгдөг юм. Ингээд гэртээ очиж цай уучихаад цүнхээ үзэхэд түрүүвч байхгүй байсан. Тэгээд сандраад цагдаад мэдэгдэж, эрүүгийн төлөөлөгчтэй хамт 3 дугаар сургууль дээр очсон.Би тэр 3 хүүхнээс миний мөнгийг гаргаад өгчихөөчээ гэж зөндөө гуйсан, нөгөө 2 хүүхэн нь болохоор энэ хүүхнийг авсан байх гээд байсан юм. Ингээд би машиныхнаа ачаа барааг буулгачихаад орой 20 цагийн үед уулзахад нөгөө 2 хүүхэн нь бүгдээрээ ажил төрөлгүй болох нь, авсан бол хэлчих гэж байгаад миний мөнгийг авсаныг хэлүүлсэн байсан. Би уг нь тэр дор нь гаргаад өгсөн бол гомдолгүй гэх байсан, тэгэхэд энэ хүн надаас уучлалт гуйгаагүй, тэр өдрийн миний цаг, завыг гарздаад, дээр нь намайг цүнхээ тэнд тавиад байхдаа яадаг юм, тийм их мөнгө байсан гэж би мэдээгүй гээд бараг л би хулгай гэсэн юм шиг авирлаад байгаа юм. Хохирлыг буюу 2,600 юань, 188,000 төгрөгийг бүгдийг авч хохиролгүй болсон. Нэхэмжлэх зүйлгүй, эвлэрэх боломжгүй, хулгай хийдэг хүмүүсийг уучилвал ахиад л хулгай хийнэ шүү дээ” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч З.Энхжаргалаас 2,600 юань, 150,000 төгрөгийг хурааж, хохирогч Б.Болормаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хх-ийн 11-12/

БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юань 2017 оны 06 саын 13-ны өдөр 348,96 гэсэн ханштай байсан гэсэн  Монгол банкнаас  зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 17/

Шүүгдэгч З.Энхжаргал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-9 тоотод оршин суудаг гэсэн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25/

Шүүгдэгч З.Энхжаргалын урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч З.Энхжаргал нь 2017 оны 06 сарын 13-ны өдөр  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  Сүлд багийн нутаг дэвсгэр “Улаан худаг”-ийн хажуу талаас 53-18 ДГО улсын дугаартай  Приус 20 маркийн  автомашинд  сууж, зорчиж явахдаа уг машины жолооч  Б.Болормаагийн цүнхэнд байсан  түрүүвчтэй 2,600 юань буюу 907,296 төгрөг, бэлэн 180,000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Болормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч З.Энхжаргалаас 2,600 юань, 150,000 төгрөгийг хурааж, хохирогч Б.Болормаад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд  /хх-ийн 11-12/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирч байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хохирогч Б.Болормаад нийт 1,087,296 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр хэрэг бүртгэлт, прокурорын шатанд хохирлоо сайн дураар нөхөн төлсөн байна.

Хохирогчоос алдагдагсан 2,600 юаныг 2017 оны 06 саын 13-ны өдрийн  Монгол банкнаас  зарласан ханшийн лавлагааг буюу БНХАУ-ын мөнгөн тэмдэгт болох юань 348,96 гэсэн ханштай байсан гэсэн лавлагааг үндэслэж монгол төгрөгт хөрвүүлж, хохирлыг тооцсон болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөх төлсөн буюу гэм хорыг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригийн Энхжаргалыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Зоригийн Энхжаргалыг  150 /нэг зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч З.Энхжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч З.Энхжаргал нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба З.Энхжаргалд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг З.Энхжаргал, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД