Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/248

 

 

 

 

 

 

   2021           3              11                                       2021/ДШМ/248                                                

 

                                   Б.Ад холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Д.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,   

шүүгдэгч Б.А өмгөөлөгч Б.Баасандорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Мөнхтөр, шүүгдэгч Б.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ад холбогдох эрүүгийн 2005000001416 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лайнхан овгийн Будын Б.А, 1965 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 18б байрны 28 тоотод оршин суух,

Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйл, мөн хуулийн 109-дүгээр зүйлийн Б-д зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар нутаг зааж суулгах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-гээр оногдуулсан 4 жилийн хорих ялд нь багтаасан, 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 563 дугаар захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтаны эдлээгүй үлдсэн 11 жил 6 сар 0 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан, /РД: УК65110511/;

Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/б байрны 3 давхарт иргэн Д.Мөнхтөрийг таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүнд “цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Будын Алтантулгыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Алтантулгыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аас 6.969.460 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхтөрд олгож, хохирогч Д.Мөнхтөр нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүргийн шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байсаар байтал аль алиныг нь хэрэглээгүй. Үүнд:

Анхан шатны мэдүүлгээс шүүх хурал дуустал өгсөн мэдүүлэг өөрчлөгдөөгүй, үнэн зөвөөр өгсөн тул өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрснийг үнэлэн үзэж нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгөхийг хүсэж хаалттайг бууруулж өгнө үү.

Миний бие 2019-2020 оны хооронд эхнэр, хүүхдийн хамт Чех улсад ажиллаж, амьдарч байсан. Эрүүл мэндийн улмаас Монгол улсдаа эргэж ирж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байсан. Хохирогчид учирсан бодит хохирлыг төлөх бүрэн боломжтой байсан боловч хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдлаас болж төлж амжаагүй тул хэргийн мөн чанар, шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьж шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна.

Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, хохирлоо барагдуулах, бусад эрх зүйн байдлыг дээрдүүлэх шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. ...” гэжээ.

Хохирогч Д.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш миний бие, сэтгэл санаа болон биеийн эрүүл мэнд маш хүнд хэцүү цохилтод орж, мөнгө санхүүгээр хохирч, бодит байдал дээр манай гэр бүл маш хүнд хэцүүг давж байна. Шүүхээс нэхэмжилсэн хохирлыг минь шийдэж өгөөгүй тул маш их гомдолтой байгаа. Эмчилгээний зардал мөн өмгөөлөгчийн зардлаа хүн амьтнаас зээлж, хуруу хумсаа хугалан барин олсон тул эргээд миний биед маш их дарамт болж байна. Энэ асуудлаа шийдэх чадваргүй тул хохирлын мөнгийг минь барагдуулж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Д.Мөнхтөрийн өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан 3 зүйлтэй санал нийлэхгүй байна. Нэгдүгээрт, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримталсан боловч заримыг нь дутуу орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасан заалтыг орхигдуулсан. Мөн Иргэний хуулийн 228, 229 дүгээр зүйлд заасныг тус тус орхигдуулсан. Тэгэхээр Иргэний хуульд гэмт хорыг арилгах, гэм хорыг арилгуулах эрх, гэм хорыг арилгах хэмжээг зохицуулаад зааж өгсөн учраас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтад нь шийдвэрлэх зохицуулалт байдаг. Мөн хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн зардал нэхэмжилсэн. Шийтгэх тогтоолд дүгнэхдээ өмгөөлөгчийн хөлс гэж үзсэн. Гэтэл өмгөөлөгчийн хөлс, өмгөөлөгчийн зардал гэдэг нь хоёр өөр, тусдаа ойлголт юм. Үүнийг анхан шатны шүүх буруу тайлбарласан. Хоёрдугаарт, зээлийн гэрээний төлбөр гэж нэхэмжилсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар хор уршигт тооцогдож, хор уршгийг барагдуулахаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Гуравдугаарт, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Хэдийгээр манай улсын хууль тогтоомжид сэтгэл санааны хохирлыг барагдуулах тогтолцоо байхгүй ч гэсэн олон улсын жишгээр тогтоочихсон зүйлүүд байдаг. Манай орны судалгаа ч байдаг. Бодох аргачлал нь ч бий. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж ярьж байсан. Монгол хүний эдийн засгийн үнэ цэнэ 150.000.000-300.000.000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүх хохирлыг бүхэлд нь шийдвэрлэх боломжтой байсан. Заавал иргэний хэргийн шүүхээр жич шийдвэрлүүлэх гэж заах нь хохирсон иргэний хохирлыг барагдуулахаас илүү хүндрэл учруулж байгаа асуудал давхар үүсч байна. Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аас “...хохирогчоос нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнөөр нэхэмжлэлийн шаардлага хангагддаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм хорыг арилгах талаар шүүгдэгчийн зүгээс авч буй арга хэмжээ дутагдалтай байна гэж үзсэн. Шүүгдэгчийн өмчлөлд газар байдаг талаар дурдаж байсан. Энэ газрыг нь битүүмжлээд, үнэлүүлээд хохирол төлбөр төлүүлэх арга хэмжээ авах боломжтой талаар хэлэхэд энэ талаар арга хэмжээ аваагүй, дурдаагүй орхисон. Бодит байдал дээр хохирогч төлбөр мөнгөө авч чадаагүй, шүүгдэгч хоригдоод байж байна. Хоригдож байгаа хүнээс юу авах вэ. Хохирогч эмчлүүлэх шаардлагатай, амьдрал ахуй нь хэцүү байдалд байдаг. Энэ бүх нөхцөл байдлыг Иргэний хуулиар зохицуулчихсан байхад хэрэгжүүлэхгүй байгаад гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Б.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.А эхнэр, охин хоёр нь Чех улсад байдаг. Хүү нь Солонгос улсад ажиллаж, амьдардаг. Б.А нь ганцаараа Монгол улсад амьдарч байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон. Б.А хохирлыг барагдуулна гэж хэлдэг. Хүү нь Солонгос улсад ажил хийгээд хохирлыг төлнө гэж байсан боловч Корона вариусээс болоод ажил хийж чадаагүй бөгөөд өөрөө ч хүнд байдалд орсон байдаг. Үүний улмаас хохирлыг төлж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанаас өмнө хохирлыг төлөх гэсэн боловч хөл хорио удаа дараа тавигдсанаас болоод боломжгүй болсон. Б.А хохирлоо төлөөд, засарч хүмүүжээд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдах хүсэлтэй байгаа. Тэгэхээр хохирлоо төлснөөр эрх зүйн байдал нь дээрдэнэ. Энэ бололцоог нь хангаж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ад оногдуулсан ял шийтгэл түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдалд зэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.А нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18/б байрны 3 давхарт иргэн Д.Мөнхтөрийг таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүнд “цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/, хэргийн газрын схем зураг /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14-15/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Д.Мөнхтөрийн биед цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. ...” гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 10818 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 38-41/,

хохирогч Д.Мөнхтөрийн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн найз Төрөөгийн хамт 18б байрны машин гардаг хэсгийн хажууд байрладаг улаан өнгийн манаачийн пүткэнд лаазтай пиво уугаад сууж байсан юм. Тэгтэл пүткэнд гаднаас Б.А согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай орж ирэхээр нь би мэнд мэдээд найзынхаа хамт сууж байсан орны доод хэсэгт хаалганд талд суусан юм. Тэгээд би Б.Ад хандаж “та өдий насалчихаад жаахан охидууд гэрээрээ оруулж, гаргаад болиоч” гэж тоглоомоор хэлтэл “чамд ямар хамаатай юм бэ банди минь” гэж хэлээд над руу дайрч эхлээд босоод ирсэн. Тэгтэл манай найз Төрөө шууд Алтантулгыг түлхээд пүткинээс гаргачихсан юм. Пүтикний хаалга онгорхой байхад Б.А “би чамайг хутгалж ална, чам шиг банди нарыг олон үзэж байсан” гэх утгатай зүйлс яриад эхэлсэн. Тэгэхээр нь би “эндээс зайл” гэж хэлтэл Б.А яваад өгсөн. ...гэртээ орох гээд орцныхоо 3 давхарт гараад ирэхэд Б.А манай гэрийн үүдэн дээр намайг хүлээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би Б.Ад хандаж “хоёулаа нэг байрны хүмүүс учир маргалдаад хэрэггүй байх” гэж хэлээд гар барих гээд урдаас нь яваад очиход, миний гарыг түлхээд “чамайг заавал ална” гэж орилохоор нь би урдаас нь хэрэлдээд эхлэхэд манай эхнэр бид хоёрын дундуур орж ирээд “болиоч” гэж хэлээд хоёр тийш нь түлхсэн юм. Тэгээд миний хувьд Б.Аас зайгаа аваад байж байтал миний эхнэрийг хана руу саваад түлхчихсэн юм. Тэгэхээр нь би урдаас нь 1 алхахад шууд гүйж ирээд миний суган доогуур ороод цээж болон хэвлий хэсгийн газрууд руу цохих шиг болсон. Тэгэхээр нь би Алтантулгыг цааш нь түлхэхэд манай эхнэр ардаас нь татсан юм. Тэгтэл Б.А шууд хойшоо ухарч намайг харж байснаа шатаар буугаад гүйчихсэн. Тэгэхээр нь би ардаас нь өөрийн халаасанд байсан лаазтай пивоо шидчихээд гэртээ ортол гэнэт нойтон оргиод, халуу дүйгээд байхаар нь подволкаа сөхөөд хартал намайг хутгалчихсан байсан юм. ...” /хх 16-22/,

гэрч У.Мөнхцэцэгийн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 18б байрны гадаа ирэхэд манай нөхөр гадаа пиво уугаад сууж байхаар нь би гэр рүүгээ дагуулж орохоор 3 давхарт гарч ирэхэд 28 тоотын ах үүдэндээ түлхүүрээрээ түлхүүрдээд зогсож байгаад шууд бид хоёрыг хараад “банди минь би чамайг хутгална, ална” гээд байсан. Тэгээд хүрээд ирэхээр нь би нөхрөө “яах гээд байгаа юм бэ. Настай хүнтэй битгий муудалц” гээд цааш гэр рүүгээ алхахад араас “хөөш” гээд намайг татахад манай нөхөр Мөнхтөр тэр ахыг бариад авсан. Тэгээд тэр ах доогуураа баруун гараараа элэгдээд байх шиг байсан. Тэгээд би салгаад нөхөртэйгөө гэртээ орж ирэхэд манай нөхөр “намайг хутгалчихсан юм шиг байна” гээд гэдэснийхээ зүүн хэсэгт гараа тавиад хувцасаа тайлахад зүүн хавирганы доод хэсэгт 1 ширхэг, зүүн хавирганы дээд хэсэгт 1 ширхэг, баруун гуяны хойд, дотор хэсэгт 2 ширхэг хутганы мөртэй байсан. Тэгэхээр тэр ах 4 удаа манай нөхрийг хутгалсан байгаа юм. ...” /хх 23-24, 25-27/,

гэрч Н.Батбаярын “...гэр рүүгээ орох гэж байхдаа нэг эрэгтэй хүнтэй маргалдаад, нөгөө эрэгтэй нь Алтантулгыг хоолойноос нь боохоор нь биедээ авч явсан тонгорог хутгаар гуяанд нь 2 удаа хутгалсан гэж надад хэлсэн. ...” /хх 30-31/,

гэрч Г.Төр-Оршихын “...Би 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18б байрны 24 тоот болох Мөнхтөрийн гэрт нь орж гурваас дөрвөн ширхэг 0.5 литрийн лаазтай пиво хувааж ууж байгаад эхнэр нь ирчихээр нь “эхнэр гэрт ирчихсэн юм чинь гарч ууя” гэж хэлэхээр нь гэрээс гараад байрны доор байдаг пүтик рүү ороод, харин Мөнхтөр дэлгүүр явж хүн тус бүрийн 2 ширхэг лаазтай пиво авч ирээд түүнийг нь уугаад сууж байтал зүс таних манай байранд амьдардаг эрэгтэй хүн пүткэн дотор орж ирээд сууж байсан юм. ...Тэр хүн болон Мөнхтөр нар нь гэнэт маргалдаад эхлэхээр нь би шууд тэр хоёрыг салгаад, зүс таних хүнийг пүтикнээс гаргаад хаалгаа хаасан. Тэгээд пиво ууж дуусгачихаад Мөнхтөр дэлгүүр орохоор яваад харин би гэртээ ороод шууд амарсан юм. ...” /хх 32-33/,

яллагдагч Б.А “...гэрээсээ гараад хаалгаа түгжиж байтал хохирогч нэг эмэгтэйн хамт шатаар гурван давхарт гарч ирж таараад гэрийнхээ хаалгыг чиглэж алхаж байснаа эргэж над руу хараад холбоотой нэлээд олон түлхүүр над руу шидэхээр нь би бултсан. Тэгээд над руу хүрч ирээд миний өмсөж явсан хүрэмний захаар хоолой боож, толгойг маань доош нь дарж байгаад толгойны арын хэсэг рүү гараараа дөрөв, таван удаа цохихоор нь би гэрээсээ гарахдаа халаасандаа хийсэн байсан хутгаа халааснаасаа баруун гараараа аваад гурав, дөрвөн удаа хохирогчийн бие рүү чичсэн. ...би урьд өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр ярьсан учраас нэмж ярих зүйл огт байхгүй. Би батлан даалтанд гарч хохирлоо барагдуулмаар байна. Миний ярьсан зүйл үнэн. ...” /хх 59-61, 95-97/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Алтантулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.А “...анхан шатны шүүх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Иймд хорих ялын дэглэмийг өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно. ...” гэж хуульчилсан.

Б.А гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын тухайд: Б.А нь Д.Мөнхтөрийг таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, түүнд “цээжний зүүн талд хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн нойр булчирхайн сүүл хэсэг, бүдүүн гэдэсний уруудах хөндлөн гэдэсний зааг хэсгийг нэвт гэмтээсэн шарх, гэдэсний агуулагдахуун гадагшлалт, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл /хутга/ хэрэглэж үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон,

түүнчлэн Б.А хувийн байдлын тухайд: Барилгын цэргийн тусгай шүүхийн 1984 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 203 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-гээр оногдуулсан 4 жилийн хорих ялд нь багтаасан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 563 дугаар захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтаны эдлээгүй үлдсэн 11 жил 6 сар 0 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдаж байсан.

Хэдийгээр урьд ял шийтгэгдэж байсан эсэх нь тодорхой хууль зүйн үр дагавар үүсгэхгүй хэдий ч тухайн хүний хувийн байдлыг илтгэх нэгэн үндэслэл болох тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн хохирогч Д.Мөнхтөр “...анхан шатны шүүх хуралдаанд 20.000.000 нэхэмжлэсэн боловч хохирлыг бүрэн гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна. ...” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс “...хохирогч Д.Мөнхтөр нь эмчилгээний зардал, эм тарианы төлбөр, машины бензины зардал, эмнэлэгт байх хугацааны хоол хүнсны зардал, хувь хүнээс авсан 3 ширхэг уурагны төлбөр, эхнэр У.Мөнхцэцэгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх сахиур хийж байх хугацаанд цалингүй чөлөө авсан тул түүний 3 сарын цалин, өмгөөлөгчийн зардал, банкны зээлийн төлбөр, хагалгааны дараах уут зэрэгт 10.309.460 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9.690.540 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Үүнээс өмгөөлөгчийн хөлсөнд 1.500.000 төгрөг, барьцаат зээлийн гэрээг үндэслэж барьцааны зээлийн гэрээний төлбөр болох 1.840.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 9.690.540 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. ...” гэсэн нь гэм хорын асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэсэн дүгнэлтэд хүрэв.  

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” гэж хуульчилсан.

Анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эдгээр зардал нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш тул гэмт хэргийн хохиролд тооцох үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, хохирогч Д.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/1051 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, хохирогч Д.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ