| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/ШШ2022/01539/И |
| Дугаар | 101/ШШ2022/01734 |
| Огноо | 2022-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/01734
2022 04 15 101/ШШ2022/01734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17,802,683.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,
Хариуцагч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч Э.Э нь:
1. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Г-тай ЗГ1205142738 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,400,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
2. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г-тай ЗГ/305892873 дугаартай кредит картын гэрээ байгуулж 500,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй тус тус авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч нь дээрх ЗГ1205142738 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 1049 хоног, ЗГ/305892873 тоот кредит картаа гэрээний дагуу сар бүл төлөлт хийгээгүй 34 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн гэрээнийн үүргийн гүйцэтгэлд:
1. ЗГ1205142738 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,684,981.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 6,443,225.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 237,216.05 төгрөг, нийт төлөх дүн 16,365,423.37 төгрөг нэхэмжилж байна.
Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 715,018.23 төгрөг, хүүд 941,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 521 төгрөг, нийт 1,657,427.54 төгрөг төлсөн бөгөөд гэрээний үүрэг нь нийт 18,022,850.91 төгрөг болсноос түүний төлсөн 1,657,427.51 төгрөгийг хасч тооцоход 16,365,423.37 төгрөг болсон.
2020 онд Э.Э-т холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүнийг нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болохыг хорооны Засаг дарга тодорхойлсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон
Ингээд түүнийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон. Зээлдэгч нь зээл төлөх талаар санаачилга гаргаагүй, эргэн төлөх талаар банктай уулзаж байгаагүй. Мөн өнгөрсөн цаг хугацаанд Ковид гарсантай холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг бага хэмжээгээр тооцсон, дэлхий нийтээр цар тахалтай үед шүүх нэхэмжлэлийг авахгүй байсан зэрэгтэй холбоотой оршин суух хаягийг тогтоосон даруйд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм.
Зээлдэгчийн зээл эргүүлэн төлөх эх үүсвэрийг цалин хөлс байхаар тохирсон боловч тэрээр ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэдгийг банкны салбарт мэдэгдсэн байх гэж үзэж байна. Түүнийг зээлээ төлөхийг утсаар нь шаардсан талаарх баримтыг хэрэгт өгөөгүй боловч тэрээр төлнө, удахгүй төлнө гэдэг хариу өгч байсан.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2019.04.05-ны өдрөөс хойш зөрчигдсөн, энэ өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй бөгөөд түүнээс зээлээ төлөхийг шаардаж байсан бөгөөд гэрээний 3.3.5-т зааснаар хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлага гаргаж байна.
2. ЗГ/305892873 тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт хугацаа хэтрэлт 34 сар, зээлийн үндсэн төлбөр бэлэн гүйлгээнд 328,517.38 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 195,450 төгрөг, зээлийн үндсэн хүүнд бэлэн гүйлгээний 391,627.87 төгрөг, бэлэн бус хүүд 132,089.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 195,292.18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 194,282.74 төгрөг, нийт 1,437,259.83 төгрөг нэхэмжилж байна.
Кредит картын зээл нь хэрэглээнээс буцаагаад төлдөг явдаг бөгөөд 2019.05.01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй.
Иймд ЗГ1205142738 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,684,981.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 6,443,225.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 237,216.05 төгрөг, нийт 16,365,423.37 төгрөг,
ЗГ/305892873 тоот кредит картын зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр бэлэн гүйлгээнд 328,517.38 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 195,450 төгрөг, зээлийн үндсэн хүүнд бэлэн гүйлгээний 391,627.87 төгрөг, бэлэн бус хүүд 132,089.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 195,292.18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 194,282.74 төгрөг, нийт 1,437,259.83 төгрөг, нийт 2 гэрээний үүрэгт 17,802,683.20 төгрөгийг Э.Э-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Э.Э нь “Е” ХХК-д худалдагч хийж байхдаа Г-наас 2018.10.22-ны өдөр цалингаа барьцаалж 10,400,000 төгрөгийн зээл авсан боловч 2019.01.03-ны өдөр ажлын байр татан буугдсан.
Цалингийн зээлэнд 1,657,427.54 төгрөг төлсөн, үүнээс өөрөөр төлөлт хийж чадаагүй, кредит картны эхний төлбөрийг төлсөн, дараагийн удаа төлж чадаагүй.
Ингээд ажилгүй, цалингүй болсон учир хувиараа бизнес эрхлэх явцдаа нуруу нугасны архаг өвчнөө сэдрээж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, үүнээс болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн.
Энэ хугацаанд Г-ны эдийн засагчид байнга учир байдлаа хэлж байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сард намайг оршин суух хаягтаа байдаггүй тул Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна гээд миний 33 жил амьдарсан, одоо ч амьдарсаар байгаа Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, 65а тоотод шүүхийн шийдвэрийг цагдаа надад танилцуулаад гарын үсэг зуруулсан.
Тэгэхэд цагдаагийн ажилтан нь таныг 13,800,000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж хэлсэн боловч намайг хаанаас ч дуудаагүй байж байгаад 2022.03.20-ны өдөр шүүхээс дуудаж, 17,802,683.02 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардуулж өгсөн.
Цагдаагийн байгууллага 2020.10 сард миний оршин суух хаягийг тогтоосон байхад нэхэмжлэгч нь тэр даруй нэхэмжлэлээ гаргахгүй байж байгаад 2022.02 сард буюу 14 сарын дараа, 420 хоногийн дараа нэхэмжлэл гаргаж, их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Банкнаас нэхэмжилсэн 17,802,683.02 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өнөөдрийн байдлаар бага насны 3 хүүхэдтэй, зөвхөн нөхрийн цалин хөлсөөр амьжиргаагаа залгуулж байна. Банкнаас авсан зээлээ төлөх нь үнэн, зээлийн гэрээний тухайд маргах зүйлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн зээлэнд 12,900,000 төгрөг, кредит картны зээлэнд 900,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Г” ХХК-иас Б.Б-д олгосон итгэмжлэл, Г-ны гүйцэтгэх захирлын 2021.08.04-ний өдрийн 434 дугаар “Эрх олгох тухай” тушаалын хуулбар, “Г” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.10.22-ны өдрийн ЗГ1205142738 дугаартай зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018.12.31-ний өдрийн ЗГ/305892873 дугаартай кредит картын гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, зээлийн картны тооцооллын хүснэгт, Баянзүрхх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020.10.06-ны өдрийн 27з3-3/6235 дугаартай албан бичиг /хх-ийн 3-16/ зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 30-31/ зэрэг баримтыг тус тус шүүхэд ирүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК нь Э.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,802,683.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нь 13,800,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ1205142738 дугаартай зээл болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 9,684,981.77 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 6,443,225.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 237,216.05 төгрөг, нийт 16,365,423.37 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зээлдүүлэгч “Г” ХХК, зээлдэгч Э.Э нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр №ЗГ1205142738 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч нь 10,400,000 төгрөгийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.1-т зээлдэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар цалингийн орлого болон картын ба бусад дансны орлогыг барьцаалжээ. /хх-ийн 7-9, 13/
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар тус тус тохиролцсон нь /1995 оны/ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.
Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.
Хариуцагч Э.Э нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 715,018.23 төгрөг, хүүд 941,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 521 төгрөг, нийт 1,657,427.54 төгрөг төлсөн, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, энэ талаар зохигч маргаагүй болно.
Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан хаягт оршин сууж байсан, эрэн сурвалжлах шаардлага байгаагүй, хэрэв 2020.10.06-ны өдөр цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж оршин суух хаяг тогтоосон бол энэ үеэс үүрэг шаардах боломжтой байсан, гэтэл үүнээс хойш даруй 14 сарын дараа буюу 420 хоногийн дараа шүүхэд хандсан нь хүүгийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн тул 12,900,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, гэрээний хугацааг 48 сар, тодруулбал 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т: “Дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй. Үүнд: Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, ...” бол гэж заажээ.
Үүнээс үзэхэд зээлдүүлэгч “Г” ХХК нь зээлдэгч Э.Э-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээл, зээлийн хүү төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах, учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзнэ.
“Г” ХХК нь зээлдэгч Э.Э-т холбогдох нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх ба Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр түүний оршин суух хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж олж тогтоосон байх ба үүнээс хойших хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, түүнчлэн зээлдэгчид үүргээ гүйцэтгэхийг шаардсан мэдэгдэл, шаардлага өгсөн гэх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 3 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд түүний оршин суух хаягийг Цагдаагийн байгууллагаас тогтоосон гэх 2020.10.06-ны өдрөөс хойш даруй 14 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцээгүй байна.
Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний 3-т заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү нэмэгдэхэд нөлөөлсөн гэж хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байх тул 2020.10.06-ны өдрөөс 2021.10.06-ны өдөр хүртэлх 420 хоногийн хугацааны хүүг зээлийн хүүгээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
/6,443,225.55төгрөг:1214хоног=5307төгрөгх420хоног=2,228,940төгрөг/
Иймд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Э-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 9,684,981.77 төгрөг, хүүд 4,214,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 237,216.06 төгрөг, нийт 14,136,483 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,228,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 1,437,259.83 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Зохигч талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдүүлэгч “Г” ХХК нь карт эзэмшигчид төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,
Зээлдэгч Э.Э нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, сар бүрийн 15-ны өдрөөс өмнө зарцуулсан зээлийг зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүү, зээлийн үндсэн төлбөр төлөх зориулалттай ЗГ/305892873 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 10-12/
Дээрх гэрээний 2.1-т: “зээлийн эрхийн хэмжээ 500,000 төгрөг, картын хугацаа 2 жил, бэлэн бус зээлийн сарын хүү 2 хувь, бэлэн зээлийн сарын хүү 3,5 хувь, нэг жилийн хураамж 35,000 төгрөг, эргэн төлөх доод хэмжээ 10 хувь, зээлийн эрхээс бэлэн мөнгө авах боломжит хувь 75 хувь, зээлийн мөнгөний зарлагын гүйлгээний шимтгэл тус банкны АТМ, салбараас 100 төгрөг, кредит карт нөхөн авах шимтгэл 10,000 төгрөг, зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар түр хаагдах хугацаа 1 сар, картанд хүү бодогдох өдөр сар бүрийн 1-ний өдөр, зээлийн эрхийн хэмжээнээс хэтрүүлж зээл авсан тохиолдолд хэтэрсэн хэсэгт бодогдох зээлийн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 1 хувь” байхаар тохиролцжээ.
Гэрээний оролцогч нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.
Талууд гэрээний 3.5, 3.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байгаа боловч нэхэмжлэгч нь зээлийн эрхийн хэмжээ хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувиар, төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувиар тооцогдоно хэмээн эрх хэтрүүлсний төлбөр нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэхгүй тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийг гэрээгээр тохиролцсон хэмээн төлбөр шаардсан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байтал их хэмжээний хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 900,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 24 сарын хугацаатай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон, гэрээний дагуу эргэн төлөлтийн хуваарь 2019 оны 02 сараас зөрчигдсөн, энэ хугацаанаас хойш зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4-т зээлийн эрхийг хаах, хэмжээг өөрчлөх заалтыг тусгасан, 4.2-т: Зээлийн хэмжээг доорх тохиолдолд бууруулж болно, 4.2.2-т: “Банк нь карт эзэмшигчийн зээлжих чадвар буурсан тухай мэдээлэл авсан тохиолдолд”, 4.2.3-т: “Зээлдэгчийн санхүүгийн чадвартай холбоотой бусад нөхцөл байдал бий болсон тохиолдолд”,
6-т банкны эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 6.1.2-т: “Банк нь 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зээлийн эрхийн хэмжээг багасгах, зарлагын гүйлгээ гарах эрхийг түр хаах, кредит картыг бүр хаах эрхтэй”, 6.1.3-т: “Шаардлагатай тохиолдолд кредит картын төлбөрийг карт эзэмшигчийн Г дахь данснаас суутгах болон ирээдүйд карт эзэмшигчийн нэр дээр нээгдэх данснаас үл маргах журмаар суутгах авах эрхтэй” гэж,
6.2-т карт эзэмшигчийн эрх, үүрэгтэй холбоотой заалтыг тусгасан, 6.2.1-т: “Карт эзэмшигч кредит картанд үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картны ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй”, 6.2.2-т: “...карт эзэмшигч утасны дугаар, и-мэйл хаяг өөрчлөгдөх, өөр ажилд шилжих тухай бүр энэ талаар банкинд мэдээлэх үүрэгтэй” гэж,
6.2.6-т: “Карт эзэмшигч нь картаар хийгдсэн гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ тухайгаа гүйлгээ хийгдсэнээс хойш 14 хоногийн дотор банкинд хүсэлт гарган хандах эрхтэй”, 5.2.9-т: “Карт эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан гэрээний заалтаас үзэхэд “Г” ХХК нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээл, зээлийн хүүг хугацаанаас нь өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зээлдэгчээс шаардах, учирсан хохирлыг шаардах, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгчид төлбөрийн хэмжээ, хуулгын талаар мэдэгдэх, кредит картны зээлийн эрхийн хэмжээг багасгах, зарлагын гүйлгээ гарах эрхийг түр хаах, бүр хаах,
Хариуцагч Э.Э нь өөрийн картны хуулгыг тогтмол шалган, хяналт тавих, гүйлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд банкинд хүсэлт гаргах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг банкнаас шаардах, картанд үүссэн өрийг төлөх зэрэг гэрээнд заасан эрх, үүргээ хэн хэн нь хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна.
Зохигч нь гэрээгээр тохиролцсон дээрх эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ нь тэднийг гэрээний 4,6-т тус тус заасан эрх, үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан байдлаас үзэхэд “Г” ХХК нь гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч нэхэмжлэгч гэрээнд заасан арга хэмжээ аваагүйгээс хүүгийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.
Зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн биелэлтэд доголдол гарсан нөхцөлд банк гэрээний 4-т заасан арга хэмжээг аваагүй байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 25-ний өдөр нэхэмжлэл гарган, үндсэн төлбөрийн үлдэгдэл, бэлэн ба бэлэн бус гүйлгээний хүү, хугацаа хэтрүүлсний хүү, эрх хэтрүүлсний хүү, шимтгэлд нийт 1,437,259.83 төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцсэнгүй.
Зохигч талууд нь гэрээгээр тохиролцсон эрх, үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй нь тэднийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э.Э-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 523,967.38 төгрөг, зээлийн үндсэн хүү 523,717.53 төгрөг, нийт 1,047,684.9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсний хүү 195,292.18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 194,282.74 төгрөг, нийт 389,574.92 төгрөгийг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцээгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.
Дээр дурдсан талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт Э.Э-ээс 14,136,483 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,047,684.91 төгрөг, нийт 15,184,167.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,618,516 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Э-ээс 2018.10.22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 14,136,483 төгрөг, 2018.12.31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 1,047,684.91 төгрөг, нийт 15,184,167.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,618,516 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 233,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,964 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ