Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/68

 

                 

 

 

 

                                   

 

 

  2025          02            11                                              2025/ШЦТ/68

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Хохирогчийн өмгөөлөгч И.Т /онлайнаар/,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М.М-д холбогдох эрүүгийн 00000000000  дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...................................................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Д.М нь Төв аймгийн 0000000000000000000000000 өдөр хохирогч М.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “нүдний дээд зовхины гадна буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.  

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч М.Г-н өгсөн: "Би эмээ, өвөө 2-тойгоо амьдардаг. 2024.12.24-ний өглөө өвөөгийн бие нь өвдөөд М ах, Б эгч 2 өвөөг эмнэлэгт үзүүлнэ гээд өвөөгийнд ирээд өвөөг эмнэлэг рүү авч явах гээд М ах, Б эгч, эмээ 3 явсан. Тэгээд өглөө М ах, Б эгч 2 орж ирээд гарахдаа шавхай тарьчихсан болохоор нь өвөөг аваад гараад явсных нь дараа би шавхайг нь цэвэрлэсэн юм. Тэгээд орой М ах өвөөг эмнэлэгт хэвтүүлсэн гээд өвөөгийн хувцсыг нь гэрт авчирч өгсөн. Тухайн үед гэрт орж ирэхдээ М ах гутлаа арчилгүй шууд гэрт орж ирэхээр нь хүүе та гутлаа арч гэсэн чинь М ах чи тэгүүл энэ куртикийг нь аваад цааш нь тавь гэхээр нь нөгөө өрөөний шкафт хийчхээд би эргэж хараад М ахад та хэд өглөө орж ирэхдээ шавхай тарьчихсан би тэрийг нь чинь цэвэрлэсэн гэхэд “би өглөө гэрт чинь орж ирээгүй” гэж хэлэхээр нь “битгий худлаа хэл та хэд өглөө 9 цагийн үед орж ирээд гараад явсан биз дээ гэж хэлсэн чинь М ах “би тэгүүл шавхай тариагүй” гэж хэлэхээр нь та  эхнэртэйгээ л орж ирсэн шүү дээ гэж хэлсэн чинь намайг шууд барьж аваад боож унагаасан. Тэгээд М ахыг өөрөөсөө түлхээд газар холдуулсан чинь ахиж барьж аваад тонгорч унагахаар нь би дөнгөж босоод зогсож байсан чинь М ахын эхнэр Б эгч хүүе чи яачихваа хурдлаачээ яасан удаан юм бэ гэж М ахад хэлэхэд М ах юу ч болоогүй юм шиг эхнэрээ хараад наад нүднээс чинь цус гараад байна. Наадхаа арч гэж хэлчхээд гараад явсан. М ах миний нүүр рүү 1 удаа цохисон. Эрэгтэй хүнтэй ноцолдож байгаа юм шиг надтай ноцолдсон. Миний хоолойг боогоод газар унагаасан. Гэрт шавхай чирлээ гэж хэлсэн чинь ийм асуудал болсон. Ер нь намайг байнга дээрэлхэдэг. Тухайн үед би уур хүрсэндээ М ахыг чи гэж хэлсэн. 2023 оны 8 сард намайг гудамжинд боож унагаагаад миний үснээс чирж байсан. М нь манай ээжийн төрсөн дүү байгаа юм. М ах эрүүл байсан. Архи үнэртээгүй. Бид хоёрыг ноцолдож байхад манай 13 настай дүү М байсан. Өөр хүн байгаагүй. Миний биед баруун талын хавирга хөндүүрлэж өвдөнө. Хоолой хөдөлгөх болон шүлс залгихад зовиуртай өвдөж байсан. Зүүн талын нүд хөндүүртэй байна. Сэтгэл санааны хувьд тогтворгүй айдас түгшүүртэй байна. Хоолой 2 удаа боож, 3 удаа газар тонгорч унагасан. Нүүр рүү 1 удаа цохисон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Надад маш их зовиуртай байна. Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Урьд нь намайг олон удаа дээрэлхэж зодож байсан болохоор би айдас түгшүүртэй байна. ...Би өөрийн өмгөөлөгч И.Т хамт мэдүүлэг өгнө. Тухайн үед М ахтай маргалдаж байгаад би "Чи" гээд хэлчихсэн М уурлаж над дээр ирээд "Чи намайг чи гэлээ" гээд 2 гараараа миний хүзүүг боосон. Боохоор нь М ахыг түлхээд гараа тавьсан бөгөөд би газарт унасан. Унасны дараа би босож иртэл нүүр рүү 1 удаа алгадсан, алгадсаны дараа М ах гэнэт баруун гарын алга хэсгээрээ миний зүүн нүд орчимд нэг удаа цохисон. Тэгээд бид 2 ноцолдсон бөгөөд ноцолдож байхад М намайг 2 удаа газарт унагасан. Тухайн гэмтлүүд нь М миний зүүн нүд хэсэгт гарынхаа алга хэсгээр 1 удаа цохисноос болж үүссэн гэмтлүүд бөгөөд би газар унахад ямар нэгэн гэмтэл үүсээгүй. Намайг унагачихаад гарах гэж байхад нь би хогийн шүүрний ишээр нуруу хэсэг рүү нэг удаа цохисон. Гэхдээ М зузаан куртиктэй байсан учраас нөлөөлөөөгүй байх. Өөр зүйлгүй. Надад хохирлын баримтууд байхгүй. Би гомдолтой байна. Эхнэр Б нь манай ээж, өвөө, эмээд “Гомдлоо тат, наадхаа алаач, ямар даварчихсан юм бэ, гэрээсээ явуул” гэх зэрэг зүйл хэлээд байгаа. Энэ нь миний сэтгэл санаанд үнэхээр хүнд байна. ...Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй тул сэтгэцийн хор уршгийн зэрэг тогтоолгохгүй. М ах бид хоёр эвлэрсэн тул надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Намайг дарамжталж, шахсан тийм зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 6-7, 9/,

Гэрч Ж.Б-н өгсөн: "2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө хадам аавыг эмнэлэгт үзүүлэх зорилгоор нөхөр бид 2 хадам аавыг гэрээс аваад Аймгийн Нэгдсэн эмнэлэг ороод эмчид нь үзүүлээд Мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэгээд орой хүүхдээ цэцэрлэгээс авчхаад нөхөр бид 2 хадам аавын хувцсыг гэрт оруулж тавих гээд хадам аавын гэрийн гадаа машинтайгаа очоод манай нөхөр хувцасыг нь оруулж өгчхөөд гараад ирье гээд хувцасыг нь аваад гэр рүү нь орсон. Тэгээд би 00 орчхоод нөхрийнхөө хойноос хадам аавын гэр рүү ортол Г манай нөхөртэй муудалцсан шинжтэй М нүүрийг ураад, хогийн шүүрээр цохиж байгаа харагдсан. Тэгээд нөхөртэйгөө би гарах гэтэл Гын зүүн нүдний дээд хэсэгт цус гоожсон байсан. Тэгээд би нөхрийгөө гарья гарья угаасаа ойлголцдоггүй юм чинь гээд нөхрийгөө аваад гарсан. Тэгээд би машин дотор ороод нөхрөөсөө юу болсон талаар асуусан чинь Г өглөө та 2 орж ирээд шавхай тарьлаа гэж олон юм ярихаар нь би өвөөгийн чинь бие муу байхад хоол цай хийгээд өгөхгүй гээд хэлсэн чинь өөдөөс самардахаар нь Г-ыг түлхээд унагаачихлаа гэж л ярьж байсан. Өөр зүйл болоогүй байх." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

Насанд хүрээгүй гэрч Ч.М-н өгсөн: "Би 2024 оны 12 дугаар сарын үед гэртээ Төв  аймгийн .................................. тоотод төрсөн эгч Гын хамт байсан. Тэгсэн 17 цагийн үед манай ээжийн дүү М өвөөгийн хувцасыг өгөх гэж гэрт орж ирсэн. Эгч Г хувцасыг нь аваад шкаф руу хийсэн. Г эгч М ахыг шавхай тарилаа гэж уурласан бөгөөд тэр 2 маргалдсан. Маргалдаж эхлэхээр нь би жижиг өрөөрүүгээ орсон. Тэгээд тэр 2 маргалдаж байгаад М ах гарч явахаар нь эгч дээрээ очтол нэг нүднээс нь цус гарчихсан байсан. Г эгч "М ах намайг цохисон" гэж байсан. Ямар ч байсан маргалдаж байсан. Зодоон цохион болж байхыг нь би хараагүй. М ах, Г эгч бид 3 л байсан. Өөр хүн байгаагүй. Өмнө нь М ах Г эгчийг зодож цохиж байхыг харж байгаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шүүгдэгч Д.М-н өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө аавынд ороод аавыг эмнэлэгт хэвтүүүлэх гээд эхнэр Билэгт, ээж О нарын хамт аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлчихээд орой 17 цагийн үед аавын хувцасыг гэрт нь оруулж тавих гээд аавын гэр рүү ортол эгчийн охин Г намайг чи шавар шавхай тарилаа гэхээр нь би өглөө орж ирэхдээ гутлаа тайлсан гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан юм. Тэгээд миний нүүрийг самардахаар нь би түлхсэн чинь Г газар унаад буцаад босож ирээд ахиад өдөөс дайрахаар нь би дахиад нөгөө тийш нь түлхээд унагасан. Тэгээд Г дахиж босож ирээд үүдэнд байсан хогийн шүүр аваад хогийн шүүрний ишээр миний нуруу руу 2-3 удаа цохисон. Тэгээд эхнэр гаднаас эхнэр орж ирээд намайг явъя гэж хэлэхээр нь би аавын гэрээс гараад явсан. Энэ байдал нь хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж бодож байна. Г-ыг 2 удаа түлхэж унагаасан. 2 удаа түлхэж унагаахдаа хоолойг нь боосон байж магадгүй. Түлхээд газар унагаахад миний куртикны цахилгааны товч нь Г-ын нүүр рүү нь харваад оносон байх гэж бодож байна. Тухайн үед Г-ийн дүү М байсан өөр хүн байгаагүй. Эхнэр сүүлд нь гаднаас орж ирсэн. Манай эхнэр энэ болсон асуудлын талаар мэдэхгүй байх. Эхнэр явъя гээд гаднаас орж ирэхэд Г бид 2 хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай л байсан. Намайг шавхай чирлээ гэдэг асуудлаас болсон байх ер нь бол би ороод өвөөгийн чинь бие нь өвдчихсөн байхад өвөөдөө хоол унд хийгээд өгсөнгүй гэж хэлж ярьсан л юм. Тэгээд намайг шавхай чирлээ гэхээр нь би чи дуугай бай гэр орондоо яаж орж ирэхээ би өөрөө мэднэ гэж л хэлсэн юм. Өөр зүйл бол болоогүй. Санаатайгаар болон өс хонзон санаж цохиж зодсон зүйл байхгүй. Миний өөдөөс дайрахаар нь 1 удаа мангасдаж унагаасан. Тухайн үед зузаан куртиктэй байсан. Миний биед бэртэл гэмтэл үүсгэхээр цохиогүй. Хоорондоо маргалдаж, ноцолдож нуруугаа цохиулсандаа гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ер нь бол ийм жижиг сажиг зүйл болон хувийн таарамжгүй харьцааны улмаас ийм асуудал гаргаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаад нь сэтгэл санааны хувьд гомдолтой байна. Өөр гомдол санал зүйл байхгүй. 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед аав Дашзэвэгийг эмнэлэгт хэвтүүлэх зорилгоор гэр нь буюу Төв аймгийн ........................ тоотод эхнэр Б-ийн хамт очсон. Очиход Аав, ээж болон манай төрсөн эгчийн 2 охин байсан ба ээж, Б бид аавыг аваад аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлчхээд ээжийг төвд буулгачхаад Билэгтийн хамт аавын хувцасыг гэрт аваачхаар 8-801 тоотод 17 цагийн үед ирсэн бөгөөд эхнэр Билэгт гадаа машинд үлдсэн. Намайг гэрт ороход эгчийн том охин Г болон дүү нь болох М нар байсан. Намайг дөнгөж ортол Г-д надад "шавхай тарьлаа чи" гэхээр нь би "за тэгвэл өвөөгийнхөө хувцасыг цааш нь тавьчих" гэсэн чинь Г хувцасыг нь аваад цааш нь тавьсан. Үүний дараа Г надад хандаж "өглөө баахан шавхай тарьсан байсан" гээд уурлаад байсан ба би "гутлаа тайлж явсан" гээд бид 2 маргалдсан. Маргалдаж байгаад намайг "чи" гэсэн уурандаа очтол Г намайг алгадаад мөн миний нүүрийг маажсан ба би Гын хоолойг 2 гараараа зөөлөн багалзуурдаад дараа нь цаашаа гээд цээж хэсэгрүү түлхэхэд газарт унасан. Тэгээд босож ирээд надруу шүүр бариад ишээр нь миний нуруулуу цохиод байхаар нь би Гын мөр хэсэг рүү нь түлхэж унагасан. Тэгээд босч ирээд дахин намайг шүүрээр цохиж байхад манай эхнэр Билэгт орж ирээд намайг аваад гарсан. Ийм зүйл болсон. Би болон Г, түүний дүү М нар байсан ба бүр сүүлд нь манай эхнэр Б орж ирсэн. Бүгд эрүүл байсан. Намайг Г угаасан шалан дээр гуталтайгаа явлаа гээд мөн надаас дүү юм байж намайг чи гэхээр нь бухимдаад маргалдсан. 2023 оны 8 дугаар сарын сүүлээр манай ах М ажил явдал дээр би эхнэр Билэгтийн хамт хүнсний зүйл цуглуулаад ирсэн 5 литрийн ургамлын тос авсан юм. Тэгсэн манай эгч М яасан их тос авдаг юм гээд манай эхнэрлүү ууралсан тэгсэн дундуур Г ороод манай жирэмсэн эхнэр Б гэдэсрүү нь өшиглөсөн. Тэгээд би хажуунаас нь ороод Г-ыг нэг удаа алгадаж байсан. Энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаагүй өнгөрсөн. Би Г-ыг түлхэж байхдаа гараараа цохисон байж магадгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 34/

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт: "1.М.Г биед зүүн нүдний дээд зовхины гадна буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх-ийн 21-22/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Д.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Д.М нь ............................ тоотод 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд “нүдний дээд зовхины гадна буланд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Д.М гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч М.Г нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 60 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000 эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Т.БАТЖАРГАЛ