| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/00488/И |
| Дугаар | 101/ШШ2017/00900 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2017/00900
| 2017 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/00900 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Бн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Бд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,100,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 14,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Б нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг 24 хоногийн хугацаатай, 0.5 хувийн алданги тооцохоор зээлж авсан. Мөн 2015 оны 6 дугаар сарын 28, 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд нийт 2,100,000 төгрөгийг Голомт банкны дансаар дамжуулан Б.Б нь Д.Бс авсан бөгөөд 500,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Зээлийн гэрээнд Б.Э гарын үсэг зурсан боловч уг зээлийг Б.Б авч, захиран зарцуулсан тул Б.Эс мөнгө нэхэмжлэхгүй.
Иймд Б.Боос 10,100,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 14,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 2,100,000 төгрөгийн зээлээс хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасч, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, нийт 13,600,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Бс 8,000,000 төгрөгийг хувийн журмаар хүүгүй зээлсэн нь үнэн. Энэ мөнгөний хувьд миний хувьд одоогоор эрхэлсэн ажилгүй, орлогогүй байгаа тул өгч чадахгүй өдий хүрсэн бөгөөд мөнгөний боломж гарсан эхний тохиолдолд өгөх чин хүсэлтэй байгаа нь үнэн болно. Миний хувьд Д.Бд мөнгө өгч байсан боловч баримтаар 500,000 төгрөг төлсөн баримт нь байна. Зээлсэн мөнгийг өгөхгүй гэж хэлээгүй. Авсан мөнгөө төлөхийг хүсч байна. Хүү тохироогүй, алдангийг багасгаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 10,100,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 14,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасч, 13,600,000 төгрөг нэхэмжлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Хариуцагч нь үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, алдангийг тодорхой хэмжээнд багасгуулахаар маргаж байна.
Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.Б иргэн Б.Э нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 8,000,000 төгрөгийг 24 хоногийн хугацаатай, хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус харилцан тохирч гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Уг гэрээний дагуу Д.Б нь 8,000,000 төгрөгийг Б.Бод хүлээлгэн өгч, иргэн Б.Эт хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, маргаагүй бөгөөд Б.Б нь Д.Бд зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийг нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бод хүлээлгэн өгсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зохигчид нь алдангийн талаар гэрээндээ тохиролцсон бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 535 хоногийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,000,000 төгрөгөөс тооцоход 1 өдрийн алданги нь 40,000 төгрөг болж байх бөгөөд энэхүү хугацаанд Б.Б нь алдангид 21,400,000 төгрөгийг төлөхөөр байна.
Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 4,000,000 төгрөгийг алдангид нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Бын хүсэлтийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 2,100,000 төгрөгийг шилжүүлэн зээлсэн болох нь зохигчдын тайлбар, Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй юм.
Энэхүү 2,100,000 төгрөгөөс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг Б.Б нь Д.Бд төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Хариуцагч нь алдангийг багасгуулах хүсэлттэй байна гэж тайлбарлаж байгаа боловч хууль болон гэрээнд зааснаар алдангийг багасгах үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч нь 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хойшлуулсан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох боломжтой гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Боос үндсэн зээл 9,600,000 /8,000,000+1,600,000/ төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 13,600,000 /арван гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 225,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ