| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0550/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/681 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2410 00000 1121 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** оны 09 дүгээр сарын ***-ны өдөр Дархан-Уул аймгийн ****** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “*************” ББСБ-д ажилладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ****** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******,*,******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2410 000001121 дугаартай хэргээс:
Улсын яллагч: хохирогч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108, 110 дахь тал), яллагдагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал), Түүний 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...миний зүгээс буруу зүйл хийсэндээ гэмшиж ***** ХХК-ийн хохирол болох 9,505,050 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 147 дахь тал),****** “****” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет, ******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23/25 дугаартай “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээн нууц хадгалах гэрээ зэрэг бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14, 130-138 дахь тал), ***** эзэмшлийн ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 15-31 дэх тал),***** эзэмшлийн Голомт банкны ******5 тоот дансны хуулга дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 56-74 дэх тал), ****** эзэмшлийн Хаан банкны **** тоот дансны хуулга дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 75-103 дахь тал), “******” ХХК-ийн захирлын туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 131-138 дахь тал), дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 52-54 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2410 00000 1121 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ***** нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Мандал хотхоны ***** байрны **** тоотод үйл ажиллагаа явуулах “*****” ХХК-нд 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд борлуулалтын менежерээр ажиллахдаа, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг худалдан борлуулсан барааны мөнгө болох 13,977,050 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч бусдад 13,977,050 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ******* “…2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мандал хотхоны **2 дугаар байрны **тоотод байрлах “*****” ХХК-ийн ажлын байранд тооллого хийхэд 9,505,000 төгрөгийн бараа дутсан байсан. Тэгэхээр нь бид ажилчдаа шалгасан. Тэгсэн манай борлуулалтын менежер болох Т****** Хаан банкны **** Голомт банкны *******дугаартай данс руу төлбөр тооцоо болох мөнгө орсон байсан. Борлуулалтын менежер ****** нь өмнө нь 2024 оны 04 сард бас ийм мөнгө завшсан асуудал гараад манай байгууллагаас удирдлагууд сануулга өгч цалингаас нь бага багаар мөнгийг төлүүлэх шийдвэр гарсан юм байна лээ. Тэрний үлдэгдэл мөнгөтэй нийт 13,977,050 төгрөгийн бараа хувьдаа завшсан байна. …манай байгууллагын ажилчид өөрийн дансаар ямар нэгэн барааны мөнгө авах эрх байхгүй энэ талаар ажилд орсноос хойш бүх ажилтандаа тогтмол хэлдэг…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),
Түүний 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “...***** нь “****** ХХК-аас 2024 оны 04 дүгээр сараас эхлэн барааны захиалга аваад “*****” ХХК-аас байгууллагын данс руу хийх ёстой мөнгийг хувийнхаа данс руу авч байсан. ...****** нь манай “*******” ХХК-аас 4,472,050 төгрөг завшсан асуудал гараад байгууллагын зүгээс ******* сануулга өгч цалингаас нь бага багаар тус мөнгийг төлүүлж дуусгасан юм. Тэгтэл ****** нь 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн тооллогоор дахин 9,505,000 төгрөгийн бараа дутаасан байхаар нь гайхаад ******* дансыг шүүж үзэхэд хувийнхаа дансаар 9,505,000 төгрөг авсан байсан...” гэсэн дахин мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),
яллагдагч ******* “...би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би “******” ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг байсан. Энэ хугацаанд орж ирсэн борлуулалтын мөнгийг хувийнхаа Хаан банкны ***** тоот дансаар болон Голомт банкны *******тоот дансаараа авч хувийнхаа хэрэгцээнд зарцуулчихсан юм. Би тус компанид ажиласан цалингаасаа хохирлоо төлөөд одоо 4 сая төгрөгийг төлчихсөн байгаа. Одоо үлдэгдэл 9,500,000 төгрөг хавьцаа үлдээд байгаа. Би энэ мөнгийг төлж барагдуулна. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж харамсаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал),
Түүний 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “...миний зүгээс буруу зүйл хийсэндээ гэмшиж ******* ХХК-ийн хохирол болох 9,505,050 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 147 дахь тал),
****** “******” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет, ******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23/25 дугаартай “Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай” тушаал хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээн нууц хадгалах гэрээ зэрэг бичмэл нотлох баримтыг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14, 130-138 дахь тал),
****** эзэмшлийн 1***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 15-31 дэх тал),
******* эзэмшлийн Голомт банкны ****** тоот дансны хуулга дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 56-74 дэх тал),
******* эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансны хуулга дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 75-103 дахь тал),
“*******” ХХК-ийн захирлын туршилтын хугацаагаар ажилд томилох тухай тушаал (хавтаст хэргийн 131-138 дахь тал),
дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 52-54 дэх тал),
гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Завших гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж, хэрэгждэг онцлогтой.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьектэд хамаарах ба тухайн этгээдэд эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг итгэмжлэн хариуцах гэж үзнэ.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч **** нь ******” ХХК-ийн охин компани болох “******” ХХК-ын борлуулалтын менежрээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг худалдан борлуулсан барааны мөнгө 13,977,050 төгрөгийг өөрийн Хаан банк болон Голомт банкны дансаар тус тус шилжүүлэн авч хувьдаа зарцуулан завшсаны улмаас тус компанид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн 2410 00000 1121 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон “*******” ХХК-нд 13,977,050 төгрөгийн хохирол учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр (хавтаст хэргийн 110 дахь тал) тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2750 (хоёр мянга долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,750,000 (хоёр сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ