Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Б.Батбаяр

Хохирогч Т.Бямбаням нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1983 оны 10 сарын 07-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,  5 дугаар хороолол, 9-59 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Олхонууд овогт Цээсэдийн Хангайд /РД:  УВ83100711/ холбогдох эрүүгийн 201710010147 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Хангай нь 2017 оны 06 сарын 11-ний шөнө 22 цагийн үед архи ууж, согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Өртөөний 1-5 тоотод Т.Бямбанямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар  Т.Бямбанямын  бие махбодид  хөнгөн зэргийг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Хангайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Бямбанямын гэрт очсон бөгөөд юм ярилцаад сууж байхдаа 750 граммын 2 шил архи уусан. Тэгээд 21 цагийн үед караокедорж нэг цаг дуулчихаад буцаад Бямбанямын гэрт ирсэн. Ингээд Бямбанямын эхнэр, Сарантуяа 2 унтахаар хэвтсэн. Бид 2 багийн нөхөрлөлөө ярьж, үлдсэн архиа уусан. Тэр үедээ үг сөрж байгаад бие биенээ жаахан үгээр идээд маргалдаж, барилцаж аваад нэг, нэгнээ толгойгоороо мөргөсөн. Энэ үед Бямбаням намайг газарт дарж унасан ба  миний хажууд асаагууртай жижиг хутга байхаар нь нуруунд нь хатгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн шийтгэж өгнө үү. Хохирогчтойгоо эвлэрсэн” гэсэн мэдүүлэг

Хохирогч Т.Бямбаням шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 06 арын 11-ны  орой  Хангай найз хүүхэн Сарантуяатайгаа 17 цагийн үед манай гэрт ирсэн юм. Бид их олон жил уулзаагүй байсан учраас юм ярьж хоноё гэж бодсон. Ингээд 750 граммын 2 шил архи худалдан авч манайд уусан бөгөөд сүүлийн нэг архийг ууж дуусгалгүй караокед орсон. Тэнд 1 цаг дуулчихаад манайд буцаж ирсэн.  Манай эхнэр, Сарантуяа 2 унтсан. Бид 2 үлдсэн архиа уусан юм. Тэр үед сэтгэл санаа хөдлөөд хөөрлийн байдалтай болсон байсан. Ингээд бид 2 юм ярьж байгаад сагс тоглож чаддаг байсан, чаддаггүй байсан гэх зэргээр маргасан санаад байгаа юм. Бидэнд өөр маргах шалтгаан байхгүй. Тэгээд барилцаж аваад би Хангайг дарж унасан, тэр өдөр нь үзүүлж байсан асаагууртай хутгаар хатгасан. Хангай намайг өөрөөсөө холдуулах гэж байсан байх. Тэр хутга нь сувейнерний хутга байсан.  Бид хэн хэндээ гомдол санал байхгүй, Хангайгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Бид энэ явдлын дараа ч муудсан асуудал байхгүй, тэр үед л ийм зүйл болчихлоо” гэсэн мэдүүлэг

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 7-10/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2017 оны 06 сарын 14-ний өдрийн “ 1.Т.Бямбанямын  биед цээжний баруун ар талд 7-8 дугаар хавирганы түвшинд суганы арын шугамаар зүсэгдсэн  шарх гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээх  үүснэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар  гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 194 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 21/

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо,  5 дугаар хороолол, 9-59 тоотод оршин суудаг гэсэн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/

Шүүгдэгч Ц.Хангай нь урд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Хангай нь архи ууж, согтуурсан үед 2017 оны 06 сарын 11-ны шөнө 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Өртөөны 1-5 тоотод байрлах хохирогч Т.Бямбанямын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие биенээ толгойн хэсгээрээ мөргөж, барилцаж байх үедээ хохирогч Т.Бямбанямын нуруун тус газарт хутгалж, бие махбодид цээжний баруун ар талд 7-8 дугаар хавирганы түвшинд суганы арын шугамаар зүсэгдсэн  шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2017 оны 06 сарын 11-ний шөнө бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Хангайгийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч хохирогч Т.Бямбанямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 14-ны өдрийн 194 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Хангай нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Т.Бямбаням нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо шүүхэд мэдүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч Т.Бямбаням нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Ц.Хангайд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Хангай нь цагдан хоригдсон хоноггүйтүүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Т.Бямбанямд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Олхонууд овогт Цээсэдийн Хангайг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цээсэдийн Хангайд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгосугай.

3. Ц.Хангай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Т.Бямбанямд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Хангайд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ц.Хангай, хохирогч Т.Бямбаням нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД