Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2021/ДШМ/250

 

 

 

 

     2021           3             11                                        2021/ДШМ/250

 

Б.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Тулга,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Нт холбогдох 1806044151302 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Н нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бургасны овгийн Батчулууны Б.Ныг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Нт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ныг урьд цагдан хорьсон 133 хоногийг эдлэх ялд оруулан тооцсож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж хохирогч “Угтаал констракшн” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэмт хэргийн хор уршигаа бүрэн ухаарч, хохирогч болох өөрийн найз М.Чинзоригтой эвлэрлийн гэрээ байгуулан сар болгон тогтсон хугацаанд төлбөрөө нөхөн төлж байгаа.  Миний бие урьд нь ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ асран халамжилдаг байсан. Миний аав Ц.Батчулуун нь группт байдаг бөгөөд хэвтэрт орсон, ээж Н.Оюунцэцэг тэтгэвэрт, дүү Б.Наранзул өвчний улмаас группт орсон. Би ар гэрээ асран халамжлах үүрэгтэй, мөн хохирлын үлдэгдэл төлбөрөө барагдуулах бүрэн боломжтой. Иймд ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Нын өмгөөлөгч Т.Сайнбаяр давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсэгт: “...Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч түүнийг бодитой илэрхийлсэн гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.” гэжээ.

Шүүгдэгч Б.Н бусдад 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 13.500.000 төгрөгийг бэлнээр төлж үлдэх 33.832.307 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө 1.500.000 төгрөгийг гэрээнийхээ дагуу төлсөн. Гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ зөрчөөгүй, төлөлтийг шүүгдэгчийн ар гэрийхэн нь маш сайн төлж байгаа.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Хохирлыг гэрээний дагуу төлөхөө ч амладаг.

Хэдийгээр шүүгдэгч хохирлын төлбөрийг бүрэн барагдуулаагүй ч гэсэн гэрээ байгуулж төлөлт хийж байгаа нь бодит зүйл. Тийм ч учраас хохирогч талаас гомдол, санал байхгүй гэдгийг хохирогчийн өмгөөлөгч илэрхийлсэн.

Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын төлбөрөө гэрээний дагуу төлөхөө амлаж, төлөлтөө цаг тухай бүрт нь төлж байгаа зэргийг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох зургаан сарын хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Өмгөөлөгч С.Мөнхдаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөх давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “сар бүр 500.000 төгрөг төлж байгаа” гэж мэдүүлсэн байдаг. Зарим ганц нэг баримтыг анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө өгсөн байгаа. ...” гэв.

Прокурор Б.Тулга тус шүүх хуралдаанд дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанаар 1.500.000 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэхийг шинжлэн судлаад төлөгдсөн байна гэж үзээд өмнөх төлсөн 13.500.000 төгрөгийг нэмээд нийт 15.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байна гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нийт хохирол болох 47.332.307 төгрөгөөс төлсөн гэх 15.000.000 төгрөгийг хасаж тооцолгүй 46.000.000 төгрөг гээд дурдсан байсан. Төлөөгүй хохирол нь 32.332.307 төгрөг байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд нь тохирсон гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Н нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чинзоригийн “...Батчулууны Б.Н гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 12 дугаар сар гараад кассын мөнгөний хэлбэлзэл нь их болоод эхэлсэн. ...би 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Нын ажил дээр нь очиж тооцоо нийлж, акт үйлдсэн юм. ...Тооцоо нийлсэн акт үйлдэхэд тухайн үед 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. ...Надад хэлэхдээ би хямд машин авч цаашаа дамлаж зарах гээд кассын мөнгөнөөс авсан гэдгээ хэлсэн бөгөөд одоо байгаа 3 машинаа зараад тооцоогоо дуусгаж цэгцэлнэ гэж хэлсэн. ...Б.Н ажлаа хийж байгаад 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажлаа хаяад явсанаас хойш ирээгүй. ...Ингээд Б.Н манай компанид 71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна. ...Б.Н дээрх мөнгөн дүнг бүгдийг нь хүлээн зөвшөөрч, өөрөө гараараа бичиг хийж өгсөн. Тухайн бичигт аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй, хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн байсан. Мөн тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байгаа. ...” /1хх 22-25/,

шинжээч Ж.Бадамсүрэнгийн “...нийт актаар 45.088.215 төгрөг касснаас дутсан. Үүн дээр чанаргүй, муу зээл 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхитэй зээл 2.895.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.347.307 төгрөг байснаас бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад 44.347.307 төгрөг байсныг оруулсан, үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхитэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзнэ. Чанаргүй, муу зээл болох 7.245.000 төгрөгийг дутагдал гэж тооцоогүй. ...” /1хх 180-181/,

“Баян сагсай аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 01/11 дугаартай аудитын “...Б.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл ажилласан байх хугацаандаа: ...эдгээрийг нэгтгэн дүгнэвэл компанид нийт 71.023.215 /45.088.215+7.245.000+18.690.000/ төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоов. ...” гэх тайлан /1хх 35-37/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаартай шинжээчийн “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 минутанд мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байна. Тооцоо нийлсэн акт дээр 45.088.215 төгрөг гэж нийлсэн байна. Шинжээч программ дээр байгаа үлдэгдэл 44.477.307 төгрөгөөс 130.000 төгрөгийг хасаж, нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.347.307 төгрөг байна гэж тооцож байна.

Б.Нын өөрийнх нь олгосон барьцаа байхгүй идэвхитэй зээлүүд болох 2.895.000 төгрөг.

Хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа.

Нийт 44.347.307+15.705.000+2.985.000=63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзэж байна.

...“Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент софт” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний программ дээрх нягтлан бодох бүртгэл, “Хугацаа дуусч хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөрхи ажилтан Б.Нтай хийсэн “Тооцоо нийлсэн акт”-ын хүрээнд 63.037.307 төгрөгийн дутагдал байна гэж тооцож байна. ...” гэх дүгнэлт /1хх 131-134/,    

“Угтаал констракшн” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 14-15/, төлбөр барагдуулах гэрээ /1хх 59-60/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Ныг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Нын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Нын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, гэсэн, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүх, хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлж, түүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр хуульд заасан хугацаагаар Б.Нт хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцжээ.

Түүнээс гадна, эд хөрөнгөд учирсан хохирлыг хэмжээг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасны дагуу шүүх гэмт хэргийн улмаас хохирол, түүнийг нөхөн төлүүлэхийг хууль зүйн агуулгаар тодорхойлох ба өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тогтоодог учиртай.

Хөрөнгө завших хэрэгт үнэлгээний тайлан гаргасан шинжээчийн хувьд санхүүгийн шинжилгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэнийг нотолсон баримт байгаа эсэх, түүний гаргасан дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд нь санхүүгийн дүгнэлт гаргах шаардлагыг хангасан эсэх, үнэн зөв эсэхийг тогтоох шаардлагатай.

Хавтаст хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч, цагдаагий ахмад Ж.Бадарсүрэн “программ дээр байгаа үлдэгдэл 44.477.307 төгрөгөөс 130.000 төгрөгийг хасаж, нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.347.307 төгрөг байна гэж тооцож байна.

Б.Нын өөрийнх нь олгосон барьцаа байхгүй идэвхитэй зээлүүд болох 2.895.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, нийт 44.347.307+15.705.000+2.985.000=63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Харин прокурор “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолдоо “...тус дүгнэлтэд дурдагдаж буй 15.705.000 төгрөгийн хохирол нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж буй субьектив санаа зорилгоор хэрэгжсэн гэмт хэргийн шинжтэй хохирол гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Харин тухайн хохирол нь Б.Н нь “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллах явцдаа өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах тухай хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээж байгаа тогтсон харилцаанаас үүссэн хохирол хариуцах ажилтны эрсдэл болох нь тогтоогдож байна. “...Бургасны овогт Батчулууны Б.Ныг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай.” гэж нэмэлт, өөрчлөлт оруулсугай. ...” гэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 47.332.307 төгрөг гэж тооцох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, хохирлын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж заасан тоо, тооцоллын шинжтэй алдаа гаргажээ. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудын ач холбогдлыг бүхэлд нь алдагдуулах үр дагаварт хүргэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Эдгээр байдлуудаас үзвэл, хохирогч “Угтаал констракшн” ХХК-д гэмт хэргийн улмаас 47.332.307 төгрөгийн хохирол учирсан, үүнээс шүүгдэгч анхан шатны шүүх хуралдааны өмнө 15.000.000 төгрөгийг төлсөн байх тул Б.Наас 32.332.307 төгрөгийг гаргуулж “Угтаал констракшн” ХХК-д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 Дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.Нын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, гэсэн, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 сарын хорих ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 197.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж хохирогч “Угтаал констракшн” ХХК-д олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 32.332.307 төгрөг гаргуулж хохирогч “Угтаал констракшн” ХХК-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ