Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01044

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01044

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.А

 

Хариуцагч: Д.Б

 

зээлийн гэрээний үүрэгт нийт 3,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, Х.Б, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ХасБанктай ******* дугаар барьцаат зээлийн гэрээ, 50-733 дугаар баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж, 25,000,000 /Хорин таван сая/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 27.6 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

 

Зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1.            Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай, 40 м.кв талбайтай, Н.А өмчлөлийн хувийн сууц;

2.            Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай,  нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай, Н.А өмчлөлийн газар;

Зээлдэгч Д.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нарын хүсэлтээр 2015 оны 12-р сард гэрээний дуусах хугацааг 2018 оны 10-р сарын 10- нд дуусгавар болгохоор нөхцөл өөрчилж, зээлийн данс  болж өөрчлөгдсөн. Д.А, Д.Б нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч  дугаар зээлийн гэрээний төлбөрийг гэрээний нэмэлт өөрчлөлтөд орсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 10-нд төлөх болон түүнээс хойш төлөгдөх төлбөрийг төлөлгүй 666 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчиж байна. Зээлдэгч Д.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрлээ. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Д.А-ийн гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал:

Үндсэн төлбөр 9,196,268 төгрөг

Зээлийн хүү 5,814,473 төгрөг

Нэмэгдүүлсэн хүү 55,814 төгрөг

Нийт 15,066,555 төгрөг

Иймд ******* дугаар барьцаат зээлийн гэрээний 3.1.9, 5.1.1, 50-733 дугаар баталгаат ипотекийн гэрээний 4.1.2, 4.1.4, 4.1.7-д тус тус заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15,066,555 /Арван таван сая жаран зургаан мянга таван зуун тавин таван/ төгрөгийг зээлдэгч Д.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд дээр дурдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаат зээлийн гэрээ байгуулж 25 сая төгрөг авсан. Зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Гэрээний хугацааг хариуцагч нарын хүсэлтээр сунгаж байсан. Хуваарийн дагуу төлөлт хийдээгүй. Гэрээний үүрэг хугацаа хэтэрсэн. Үндсэн зээл хүү нэмэгдүүлсэн хүү нийт 15 066 555 төгрөг нэхсэн. Үүнээс 500 000 төгрөг төлсөн тул 14 566 555 болсон. Анх 25 саяаас төлөлт хийгдээд үндсэн зээлийн үлдэгдэл 12 449 671 болсон. Энд хуримтлагдсан хугацаа хэтэрсэн хүүгээ 3 241 597 нэмээд 15 691 268 төгрөгөөр шинээр зээлийн данс үүсгэж гэрээний хугацааг сунгасан гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Батдэлгэр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний ард дансны хуулга байгаа ба түүн дээр хуримтлагдсан хүүний талаар бичсэн байгаа. 3 сая нь өмнө нь бодогдсон байсан хүү юм. Зээлийг шимтгэл төлж байж олгодог гэв.

 

Хариуцагч Д.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус банкнаас зээл авч 2013 оны 11-р сарын 22-ны өдөр эргэлтийн хөрөнгөний зориулалтаар зээл авсан. 2015 оны 12-р сард гэрээний хугацааг сунгаж 2018 оны 10 дугаар сарын 10 өдөр зээлийн гэрээг дуусгавар болгохоор байгуулсан. Миний бие өөрийн нөхцөл байдлыг банканд гаргасан боловч хугацаанаас өмнө шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинээр гэрээгээ сунгах үед мөнгө нэмж үндсэн зээлд тооцсон байна. Банк нь 2015 оны 10-р сарын 13-нд гэрээг өөрчлөх үед 12,691,268 төгрөг төлөх байхад 15,691,268 төгрөг болгон нэмсэнээр тооцоод дахин зээл болгосон байна. Тооцооллын хувьд ойлгомжгүй, хүү хэт өндөр болсон, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа болоогүй байхад шүүхэд хандаж байгаад миний бие гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Д.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А миний бие тус банкнаас зээл авсан нь үнэн. Анх 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдор эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. 2015 оны 12 дугаар сард гэрээний хугацааг сунгаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болохоор байгуулсан. Миний бие өөрийн нөхцөл байдлын талаар банкинд хүсэлт гаргасан боловч банк хугацаанаас нь өмнө шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээ сунгах үед үндэслэлгүйгээр мөнгө нэмж үндсэн зээлд оруулан тооцсон. Банк 2015 оны 10 сарын 13-ны өдрийн гэрээний өөрчлөлтийн үед 12,691,268 төгрөг төлөх байсан гэтэл банк 15,691,268 төгрөг болгон хүүг нэмж тооцоод хүүнээс хүү тооцон дахин зээл олгож байгаа дүр үзүүлсэн. Тооцооллын хувьд ойлгомжгүй бөгөөд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр бодсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад шүүхэд хандаж байгаад Д.А миний бие гомдолтой байна.

25 сая төгрөг 2013 онд зээлсэн. Төлж байгаад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн. 12 449 671 төгрөгний үлдэгдэлтэй байгаад нөхцөл өөрчлөгдөхөд 15 691 000 төгрөг болцон. 2015 онд дуусах байсныг 2018 онд дуусахаар сунгасан. Нэхэмжлэлээс 12 449 671 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Салбар солигдоход 3 сая гаруй төгрөг үндэслэлгүйгээр нэмсэн тул үүнийг төлөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.З нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн тайлбар нь ойлгомжгүй байна. 2015 оны гэрээг зөвшөөрөхгүй. 12 саяын үлдэгдэлтэй байхад 15 сая төгрөг болгож сунгасан. Илүү 3 саяыг тооцохгүй. Нэмэгдүүлсэн хүүг яаж тооцоод байгаа нь тодорхойгүй. Нийт хүүний 20 хувиар бодоод байгаа юм уу, эсвэл хэтэрсэн тохиодол бүрт бодсон юм уу тодорхойгүй. Мөн 250 000 төгрөг дутуу өгсөн. Анз хэрэглэсэн нь хууль зөрчсөн. үндэслэлгүйгээр хүүнээс хүү тооцсон байгаа. 12 сая төгрөгний хэмжээнд зөвшөөрнө гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдааннаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,196,268 төгрөг, хүү 5,814,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,814 төгрөг, нийт 15,066,555 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.А, Д.Б нар нь зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгний зээл олгосон эсэх талаар маргаагүй боловч гэрээний хугацаа сунгахад үндэслэлгүйгээр 3,000,000 төгрөг нэмж бичигдсэн. Энэ үед дахин зээл олгоогүй тул 12,449,671 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* дугаар баталгаат зээлийн гэрээ, 50-733 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр хариуцагч нар нь 25,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар, 30 хоногийн 2,3 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон байна. Мөн зээлийн барьцаа болгож Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, ******* тоот хаягт байрлах 40 мкв, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, 700 мкв, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан байна. Энэхүү баталгаат ипотекийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр болжээ.

 

Улмаар зохигчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож зээлийн үлдэгдэл төлбөр 12,449,671.02 төгрөг дээр хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж 15,691,268 төгрөг гэж тооцон гэрээний хугацааг 2018 оны 10 дугаар сарын 10-ны хүртэл сунгасан байна. Эдгээр үйл баримтын талаар зохигчид хэн аль нь маргаагүй. Харин хариуцагч нар нь 12,449,671.02 төгрөгний үлдэгдэл төлбөрийг 15,691,268 төгрөг болгон бичсэн нь үндэслэлгүй, энэ үед дахин зээл олгоогүй, төлбөр нэмсэнээр хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл болгон тооцож үндэслэлгүйгээр төлбөрийг ихэсгэсэн гэж маргаж байна.

 

Мөн зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөг олгохоос шимтгэлийг хасаж 24,750,000 төгрөг олгосон гэж хариуцагч маргаж байх боловч хариуцагч нарын энэхүү тайлбар нь хариуцагч Д.Аийн Х дахь ******* дугаар дансны хуулгад 25,000,000 төгрөг гэсэн бичилт хийгдсэнээр үгүйсгэгдэж байна. /хэргийн 15 дугаар тал/ Энд зээлдэгч нь зээлийн гэрээний 1.5-д зааснаар зээлийн үйлчилгээний шимтгэлийг олгосон зээлээс тооцож төлсөн нь зээлийг дутуу олгосон гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн М/02 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн М/08 дугаар, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн М/15 дугаар, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шаардах хуудсаар тус тус тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч Х ХХК-д Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээнээс татгалзах буюу гэрээг цуцлах эрх үүссэн байна.

 

Зээлийн гэрээгээр зохигчид 30 хоногийн буюу сарын 2.3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул сард 575,000 /25,000,000*2.3%/ төгрөг, өдрийн 19,166.66 /575,000/30/ төгрөгний хүү тооцогдоно. Нэхэмжлэгч нь зээл олгосноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 50 сар, 14 хоногийн хугацаанд гэрээ хэрэгжсэн байна. Иймд хариуцагч нар нь 50 сард 28,750,000 /575,000*50/ төгрөг, 14 хоногт 268,333.64 /19,166.66*14/ төгрөг, нийт 29,018,33.24 төгрөгний хүү төлөх үүрэгтэй байна. Иймд үндсэн зээл 25,000,000 төгрөгийг нэмж тооцвол хариуцагч нар нь гэрээний хугацаанд нийт 54,018,333.24 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэмэгдүүлсэн хүүний хувьд зохигчид гэрээний 4.1-д төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байна. Гэвч нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүний хэдэн хуваариар хэрхэн тооцох талаар заагаагүй нь нэмэгдүүлсэн хүүний талаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй. Тодруулбал нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүний 20 хувиас хэтрэхгүйгээр гэдэг нь хуульд заасан нэмэгдүүлсэн хүүний дээд хязгаар бөгөөд нэмэгдүүлсэн хүүг ямар хэмжээгээр, яаж тооцох талаар заагаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоногтой хамааралгүйгээр шууд 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэгэнт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан, гэрээнд нэмэгдүүлсэн хүүний хувь, хэмжээний талаар заагаагүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Зохигч хэн аль нь зээлийг эргэн төлсөн талаарх санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Аийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн талаар 3 өөр төрлийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Эдгээр дансны хуулгаас үзэхэд 2013 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хуулгад үлдэгдэл 0.00 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх хуулгад үлдэгдэл 8,696,268 төгрөг гэсэн байна. Мөн гүйлгээ хийгдсэн дансны хуулгад зээлийн хүүг 5,814,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 55,814 төгрөг гэсэн боловч тооцоолол дээр хүүг 7,814,588.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 56,756,96 төгрөг гэж зөрүүтэй бичсэн байна. /хэргийн 47-48 дугаар тал/ Иймд дээрх дансны хуулгаар хариуцагч нарын зээлийн эргэн төлөлтийг тооцох боломжгүй болсон. Үүнийг нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлоогүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзнэ.

Гэвч хариуцагч бөгөөд хариуцагч Д.Бгийн төлөлөөгч Д.А нь зээлийн гэрээний үүрэгт 12,449,671 төгрөг төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ нь хүчин төгөлдөр байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.А, Д.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 12,449,671 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,616,884 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А, Д.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, ******* тоот хаягт байрлах 40 мкв, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, 700 мкв, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 284,345 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД