| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/19 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ц |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/19
2025 02 04 2025/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч *** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э*
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А холбогдох эрүүгийн 2****1 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:
Яллагдагч Ж.А нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ***сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ***дэлгүүрийн гадаа А.Б-тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ:
Найзтайгаа хоорондоо зодолдсон. Гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүгдэгч А нь Б-тэй маргалдаж улмаар биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн шинжийг бүрэн хангаж байгаа учраас хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ шүүгдэгч нь хүлээн зөвшөөрөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гаргаж оногдуулах ял дээр харилцан тохиролцсон. 500.000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Тохиролцсоны дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
-А.Б-ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 7, 9 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.А-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
-Шүүгдэгч Ж.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34, 35, 36, 37, 38-39, 40, 41, 42, 43, 44 дахь тал/
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 032 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-53 дахь тал/,
-Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
-Хохирогч А.Б-ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасагт гаргасан тайлбар /хавтаст хэргийн 73-74 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ж.А нь 2024 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнөр ***сум, *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “*** дэлгүүр”-ийн гадаа А.-тэй үл ялих зүйлээр маргалдаж улмаар эрүүл мэндэд нь халдсаны улмаас “баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Б-ийн өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед гэртээ байхад миний таньдаг хүн А нь *** дугаарын гар утаснаас миний *** дугаарын гар утас руу залгаад “Би Цагаанхаданд байна хойшоо хот явах гэсэн юм намайг ирээд аваач” гэх үед би зөвшөөрөөд эхнэр болох Мө-тай хамт гэрээсээ гараад Цагаанхад руу явж байхад А нь дахин над руу залгаад “Би унаа олчихлоо намайг тосоод аваарай” гэхэд эхнэр бид 2 *** ХХК-н зүүн талд байрлах зогсоолд хүлээж байхад 00 цагийн үед А ирээд манай машинд суусан тухайн үед би А-ийн замын тооцоо болох 200.000 төгрөгийг Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн тэгээд эхнэр жолоо бариад А бид 2 хойд суудалд сууж байсан. Тэгээд А наашаа ирэх замдаа ууж байсан ногоон өнгийн шилтэй тал вискиг надтай хувааж уусан. Тэгээд ** сумын төвд ирээд А г нь дэлгүүр орно гээд** гэх дэлгүүрт очих үед Өлзий дэлгүүр хаалттай байсан тэгээд А бид 2 буцаад машин руугаа явж байх үед А нь миний толгой хэсэгт гараараа 5-6 удаа цохисон тухайн үед би газар унахад миний нүүр болон толгой хэсэгт хөлөөрөө дэвслэн зодсон. Тэгээд удалгүй манай эхнэр ирээд Алтанхуягийг надаас салгасан тухайн үед эхнэр намайг аваад А-ийг орхиод явсан. Бид 2 шууд гэртээ ирсэн...Ал-гийн гаргаж ирсэн 500 граммын хэмжээтэй ногоон шилтэй “Jagermeister” гэх нэртэй вискиг Ал-тай хувааж уусан...А нь миний толгойн баруун чамархай хэсэгт гараараа олон удаа цохисон, зүүн нүд болон болон зүүн хацар, шанаа хэсэгт мөн гараараа 3-4 удаа цохисон, хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон, мөн миний хоолойг багалзуурдсан...Баруун чамархай хэсэгт шалбарт язарсан, зүүн нүд болон нүүрний зүүн хэсэг бүхэлдээ хавдсан, хүзүү улайсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ба-ийн 2025.01.23-ны өдөр дахин өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Ж.А г нь миний эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний мөнгө болон замын зардлыг бүгдийн нөхөн төлж намайг хохиролгүй болгосон одоо надад Ж.А ас нэхэмжлэх зүйл байхгүй мөн надад гомдол санал байхгүй тул энэ хэргийг хялбаршуулах журмаар шийдвэрлэж өгнө үү. Ж.А нь миний хохирлын бүрэн дүүрэн барагдуулсан...Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шаардлага байхгүй ээ. Миний бие болон сэтгэл санаа хэвийн байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.М-гийн өгсөн “...Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед гэртээ байхад манай нөхөр Б “манай найз А Цагаанхадаас ирээд авчих гэж байна” гэхэд би зөвшөөрөөд хамт явсан боловч А нь Цагаанхадаас наашаа ирж байсан болохоор замаасаа тосоод авсан. Тэгээд би машин бариад манай нөхөр, А 2 машины хойд суудал дээр суугаад бид 3 сумын төв рүү явсан ойролцоогоор 00 цаг болж байсан. Тэгээд сумын төвд ирэх үед А нь дэлгүүр хаана байна дэлгүүр дээр зогс гэхэд би Өлзий дэлгүүрийн зогссон. Тухайн үед Алтанхуяг манай нөхөртэй хамт дэлгүүр орох гээд машинаас буусан. Тэгээд тэр хоёрын орсон дэлгүүр хаалттай байсан болохоор буцаад машиндаа ирж байгаа харагдсан. Тэгээд би нээх юм бодолгүй машиндаа хүлээгээд сууж байгаад тэр хоёрыг ирж байна уу? гээд харсан чинь Алтанхуяг манай нөхөр болох Баярмэндийн дээр гарчихсан зодож байсан тухайн үед би сандраад хурдан нөхөр дээрээ очиж нөхрөө А гаас салгаж аваад А ийг үлдээгээд шууд гэртээ харьсан. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 23-ны 11 цагийн үед Ханбогд сумын сум дундын эмнэлэгт нөхрөө үзүүлчхээд шууд цагдаагийн байгууллагад хандсан...Б нь манай нөхөр бид 2 ханилаад 14 жил болж байна...Би танихгүй ээ. А нь манай нөхрийн найз. Өмнө нь огт уулзаж байгаагүй... Манай нөхөр газар хэвтчихсэн ямар ч хариу үйлдэл байхгүй байхад А нь манай нөхрийн дээрээс гараараа толгой хэсэгт цохиж, хөлөөрөө толгой дээр нь дэвсэлж зодож байсан. Би очоод “Болиоч энэ хүн ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байхад яагаад зодоод байгаа юм бэ хүн аллаа ш дээ” гэхэд Алтанхуяг нь “ална би шоронгоор явж байсан” гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай “1.А.Б-ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.А.Б- биед учирсан гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.А нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
Шүүгдэгч Ж.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ж.А нь хохирогч А.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ж.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ж.А түүний өмгөөлөгч Н.Э нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч А.Б биед “баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний салстад цус хуралт, зүүн хөмсөг, зүүн чамархай, хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, хүзүү, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн А.Б хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 4, 5 дахь тал/
Хохирогч А.Б нь Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэст “Миний бие Алтанбаяр овогтой Баярмэнд нь 2024.12.23-нд Өлзий дэлгүүрийн зүүн урд шөнийн 01-02 цагийн орчимд Ж овогтой А зодуулж 2024.12.24-нд эмчилгээний зардал 760.000 төгрөг болсон. Энэ төгрөгийг манай эхнэр Мө данс болох Хаан банкны **** данс руу хийж 2024.12.25-нд Улаанбаатар хот явж 2024.12.26-ний өдрөөс эхлэн Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2024.12.31-нд өдөр эмнэлгээс гаран төлбөр тооцоо болох 1.250.000 төгрөгийг 2024.02.30-ны 21 цаг 14 минутад Ал овогтой Ба миний дансанд хийж төлбөр тооцоо хийж эмнэлгээс гарсан. Иймд миний бие гомдол саналгүй болсон тул өргөдлийг минь хүлээж авна уу” гэх хүсэлтийг гаргажээ.
Иймд шүүгдэгч Ж.А нь хохирогч А.Б хохиролд 2.010.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдаж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.А-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жа-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.А нь хохирогч А.Б эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2.010.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***