| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/01790/И |
| Дугаар | 101/ШШ2018/01669 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2018/01669
| 2018 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2018/01669 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МТҮ-ний Парк, 427 тоот, Элпи ХЗХ /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 81а байр, 45 тоот хаягт оршин суух, Илжигэн овогт Цэрэндоржийн Чингүнбаяр, /регистрийн дугаар: /-т холбогдох,
2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Элпи ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч******* нь тус хоршоотой зээлийн гэрээ байгуул, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан. Түүний зээлийн гэрээний хугацаа дуусаад удсан, авсан зээлээс ямар ч төлбөр, зээлийн хүү төлөгдөөгүй. Энэ хэмжээгээр хоршоонд хохирол үүссэн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн.
Ц.Чингүнбаяраас үндсэн зээл 1,500,000 төгрөг, 15 сарын хүү 1,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 200,000 төгрөг, бүгд 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн №420355 дугаартай 0,7 га газрыг барьцаалан, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Элпи ХЗХ-ноос 1,500,000 төгрөгийг зээлсэн.
Тухайн үед Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажиллаж байхдаа зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй болж ээжийн маань бие харвалтаас болж огцом муудаж ажлаасаа 1 жилийн чөлөө авч асрах болсон. 2017 онд аав Цэрэндорж нь элэгний хорт хавдраар одоог хүртэл хэвтрийн байдалтай гэрээр эмчлүүлж байна. Иймд зээлийн эргэн төлөлтийг *******той байгуулсан гэрээний дагуу зээлийг гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар хариу тайлбар гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Элпи ХЗХ нь хариуцагч*******т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай тайлбар гаргажээ.
Хариуцагч******* нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, төлөх тухай 34 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 0004420355 дугаартай, 700 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийг зээлийн барьцаанд тавьж, Элпи ХЗХ-ноос 1,500,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлэхэд 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
Үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгох, төлөх тухай 34 дугаартай зээлийн гэрээний огноог 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэсэн байх боловч зээлийн гэрээг 2016 оны өдөр 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, мөн өдөр зээл 1,500,000 төгрөгийг олгосон, зээлдэгч******* уг зээлийг авснаас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдов.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..,
453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Хадгаламж зээлийн хоршоо нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар, энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгох зохицуулалттай.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч*******ыг тус хоршооны гишүүн мөн эсэхийг шүүхэд нотлоогүй тул Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлүүдэд тухайлан зааснаар зээлийн үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй.
Харин талууд харилцан тохиролцож, хүү, хугацаа тогтоож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 болон зээлийн гэрээний Нэгдүгээр зүйлийн 1, 3-т тухайлан зааснаар үндсэн зээл, түүний хүүг хариуцагч******* төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч*******аас зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээл 1,500,000 төгрөг, 5 сарын хугацааны хүү, 5 хувиар тооцож 375,000 төгрөг, нийт 1,875,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Элпи ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүү болон илүү хугацаагаар тооцсон хүүнд холбогдох 925,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д заасныг баримтлан хариуцагч*******аас 1,875,000 төгрөгийг гаргуулж, Элпи ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 925,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,000 төгрөгийн 59,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 250 төгрөгийг Банязүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ц.Чингүнбаяраас 44,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Элпи ХЗХ-нд тус тус олгосугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА