| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025 01 30 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ***
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор ***
Хохирогч: ***
Хохирогчийн өмгөөлөгч: ***
Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** гаргасан мэдүүлэгтээ:
18-ны өдөр байгаа хагас сайн өдөр маргааш нь бүтэн сайн өдөр гэж байсан. *** бид хоёр цагаан хаданд таараад хоёулаа өнөөдөр хагас сайн өдөр, маргааш бүтэн сайн өдөр юм чинь нэг буудал ороод таарсан дээрээ уулзъя гээд ***буудал гурвуулаа орсон юм. Тэгээд манай тэр *** хамт ирсэн дүү би маргааш ажилтай гээд явсан. Тэгээд бид хоёр үлдээд үлдсэн нэг ширхэг архиа уугаад дахиад *** картаа уншуулаад дахиад нэг ширхэг архи авсан, талыг нь уугаад бид хоёр унтаад өгсөн. Тэр үед аймаар халуун байсан жижигхэн өрөө байсан хаалга цонхыг нь онгойлгож дэлгэчхээд унтсан байгаа. Маргааш 12 гээд хоёулаа босоод би ч бас ажилтай байсан. Тэгээд унтаж байсан чинь өглөөгүүр нэг хүүхэн орж ирсэн. Би буруу хараад унтаж байсан чинь хүн амьсгаадаж би юу билээ гээд сэрсэн. Тэгээд юун хүн бэ гэсэн чинь цагдаагийн ахмад байна гэсэн. Тэгээд би гайхаад байж байсан чинь араас нь Отгонбаяр гээд залуу гараад ирсэн. Тэгээд манай найзыг аваад гарсан юм. Би огт танихгүй, бид 2 дээр хүн ирэх шаардлага байхгүй, гайхаад би араас нь гарч харсан буланд манай найзтай уулзаад зогсож байна. Эргээд буцаад өрөө рүүгээ орсон манай найз ч орж ирсэнгүй, Отгонбаяр эргэж орж ирсэн тэгээд л асуудал үүссэн. Тухайн үед би бол энэ залууг хараагүй, үзээгүй надаас залуу харахад барилддаг байхаар аягүй сүртэй залуу байсан. Тэр үедээ би бол айсан. Би 50 гарсан хөгшин хүн зодолдоод барахгүй. Тэгээд архи уугаад согтуу дэндүү байсан, хоёрт бас айсан, сэтгэл санаа цочирдсон юугаар цохисныг бол сайн мэдэхгүй байгаа. Ийм л зүйл болсон гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** гаргасан тайлбартаа:
Тухайн өдөр *** бид хоёр ээжийнх нь гэрээс буцаж явж байхдаа буудал нь энэ талдаа дэлгүүр нь байдаг, нарийн гудамтай. Тэгээд бид хоёр нарийн гудмаар явахад хаалга нь онгорхой байхаар *** хаалгыг хаагаад явахад энэ ах гарч ирээд яагаад байгаа юм та нар дээрэлхээд байна уу гэсэн ахаа би буудлын хүн байна гээд ** хэлээд өө тийм үү гээд тэгээд та нар янханууд гээд байж болох бүх муухай үгээр хараагаад, тэгээд би дүүгээ өмөөрөөд бид хоёр маргалдсан. Тэгсэн өрөөндөө байсан чихрийн тавгыг хагалаад миний нүүр рүү цохисон гарыг нь барих боломж байгаагүй, үгийн зөрүүгүй цохисон. Чихрийн тавгийн зургийг нь дараад цагдаа нар аваад явсан. Чихрийн таваг бол цагдаа нарт байх ёстой. Тэгээд би явж Ханбогд явж оёулаад эргээд цагаан хаданд очоод дэлгүүрийн гадаа зогсож байхад энэ ах нэг хүнтэй нэг шил архи барьчихсан энэ бацаан өөрөө өөрийгөө цохичхоод намайг цохисон гэж яриад байгаа юм гээд миний хажуугаар гарахдаа над руу тэгж хэлээд гарсан. Би тухайн үед өргөдөл, гомдол гаргаагүй байсан, тэгээд би өргөдөл гомдол гаргасан. Тэрний дараа над руу яриад ахын дүү хоёулаа тохиролцъё гээд тэгэхээр нь тэгье ах зөндөө удчихлаа гэсэн чинь ах нь улсын их хурлын гишүүний яадаг яадаг гэнэ вэ баахан юм яриад байсан. Би тэрийг нь сайн ойлгоогүй. Тэгээд чамд би 1 сая төгрөг өгвөл өгье өгөхгүй бол өгөхгүй ер нь бол чи ч буруутай гээд ярьсан тэгэхээр нь хоёулаа ярьж тохирохгүй юм байна шүүхээр явъя гэж хэлээд явсан. Өнөөдрийг хүртэл надад эмчилгээний зардал гэж өгсөн зүйл байхгүй, уучлалт гуйсан зүйл огт байхгүй. Анх бид хоёр цагдаагийн гадаа очоод уулзахад чиний буруу гээд над руу дайрч байсан, ахаа та яагаад ийм сонин хандлагатай юм бэ таны буруу шүү дээ та бид хоёр буруу зөвөө яриад яах вэ дээ гээд тухайн үедээ тэгж хэлж байсан. Одоо би оёогоо авхуулаад гоо сайхны эмнэлгээр нь үзүүлээд ирсэн дахиад оёж сорвигүй болгож болох уу гээд асуусан болохгүй эдгэснийх нь дараа дахиж хагалгаа хийдэг юм, эдгэснийх нь дараа болно гэсэн. Өнөөдөр хүртэл уучлалт гуйгаад хүний аймаар үл хүндэтгэсэн сонин байдалтай харьцсанд би гомдолтой байгаа. Хохиролд сэтгэл санааны хохирол, өдрийн 198.000 төгрөгийн цалинтай ба 8-9 сар ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны цалин хөлсийг гаргуулах, хацарт үүссэн сорви арилгах хагалгаа хийлгэх зардлыг нэхэмжилж байна гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч *** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өнөөдөр *** холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэж байна. *** нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Тэгэхээр 2024 оны 08 сарын 18-19-нд шилжих шөнө ***өгс Д*** нэртэй буудал Батдэлгэр гэх хүнтэй 0,75 граммын 2 шил архи ууж согтсон байдаг. Буудлын эзэн Согоожин буудалд орох үед нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй талаар тухайн үед анхааруулсан гэсэн мэдүүлэг байдаг. Гэтэл Д.***буудлын эзний энэ үгийг хүлээж аваагүй тэр шөнө 0.75 литрийн 2 шил архи ууж, их согтсон байдалтай байсан. Энэ үед буудлын эзэн гадна талын өрөөний хаалга онгорхой байхаар нь хаасан, үүний төлөө намайг дээрэлхээд байна гэж гарч ирж агсарч ямар нэгэн шилээр цохих энэ хүнийг гэмтэл учруулах шалтгаан нөхцөл тухайн үед үүсээгүй. Согоожин би байна гэхэд тайвшраад дуугүй болсноо муусайн янхнууд гээд дахиад үргэлжлүүлээд агсарч эхэлсэн энэ үед Ж.** та яагаад янхан гэж хэлж байгаа юм бэ гэж өмөөрч хэлсэн байгаа. Үүнийхээ төлөө энэ хүн биедээ гэмтэл авсан, магадгүй тархины гол судас таарсан бол энэ хүн өнөөдөр 11.6-аар шийтгүүлэх байсан уу, маш их ойрхон өнгөрсөн байсан, та азтай юм гэж анхны эмч үзэж оёдол тавьсан байдаг. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллага очиж үзлэг хийсэн гэж ярьдаг, шил авч явсан гэдэг, яагаад өнөөдөр хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаагүй юм. Энэ хүнийг гэмтээсэн шилээр гэдэг нь тодорхой, долоон сантиметр зүсээд найман сантиметр оёдол тавьсан байна. Эд мөрийн баримт хэрэгт зайлшгүй авагдсан байх ёстой, тухайн шилний зургийг нь аваад хэргийн газар үзлэг хийсэн гэж хохирогч өөрөө хэлж байгаа. Эд мөрийн баримтаар авч хавсаргаагүй ийм нөхцөл байдал дутуу хийгдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал харагдаж байна. Эд мөрийн баримтаар аваагүй гэтэл шилээр зүссэн гэдэг асуудлыг гэрч нар болон хохирогч ярьж байгаа. Д.Ц*** согтсон үедээ юу ч хийж магадгүй, ял шийтгэлийн байдлыг бид нар харах ёстой. Урьд нь өчнөөн удаа ял шийтгэгдэж байсан, хорих ял, торгуулийн ял авч байсан ийм хүн байна. Гэтэл өнөөдөр би энүүгээр цохиход би эргээд буруудна Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ гэдгийг мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэх ийм хүн байгаа. Архи ууж согтуурсан үедээ шилээр зүсчхээд дээрээс нь бас дахиад хүрэн шил бариад зогсож байсан тэрийг нь гэрч ***гараас нь булааж авч, хамгаалсан, тэр хүрэн шилээр цохих ийм нөхцөл байдал байсныг гэрч маш тодорхой хэлдэг. Согоожин, Болортуяа нарын мэдүүлэг маш үндэстэй мэдүүлэг гэтэл *** өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тийм учраас бараг л хохирогчид буруутгах мөн хохирол төлбөр төлөөгүй, өнөөдрийг хүртэл нэг удаа уучлалт гуйгаагүй, нэг удаа төлбөр төлөөгүй, би энэ шүүх хурал болохоос өмнө уулзаад чи хохирлоо төлбөл яасан юм бэ 1,500,000 төгрөгийн та хоёрын яриа байдаг юм тэрийгээ өгчхөөч гэсэн чинь надад мөнгө байхгүй төллөө гэхэд надад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өг гэж өөдөөс хэлж байгаа юм. Заавал тэр бичигтэй, бичиггүй та зүгээр хохирлоо л төлчих тэгээд шүүх хуралд оръё тэгээд би хохирол төлсөн төлбөрийг чинь ярьж өгье гэсэн би гараад хүнтэй яриадахъя гээд төдхөн орж ирсэн. Сарын 2,700,000 төгрөг 14 хоногтоо авдаг юм байна сардаа 5 сая гаруй төгрөг авдаг юм байна. Тэгэхээр энэ хүн хохирол төлөх бүрэн боломжтой, хохирол төлье гэсэн сэтгэл байхгүй байна. Гэм буруутай гэдэг нь тогтоогдож байна. Нөгөө талаар энэ хүний цаашид гарах эмчилгээний зардлыг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаж өгөөч. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон байгаа, энэ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хохирогчийн зүүн шанаанд найман сантиметр оёдол тавиулсан ийм гэмтэлтэй байгаа энэ бүгдийг харгалзаж үзээд 1299-өөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үржүүлж сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг шүүх тогтоож өгөөч гэсэн саналыг тавьж байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-*** Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаад хад суурьшлын бүсийн цагдаад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч**** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21, 23 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 440 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
-Эмчийн үзлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маяг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд ****өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
-Д.***иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48, 49, 50, 51, 52, 72-73, 74 дэх тал/,
-Багануур дүүргийн шүүхийн 2004.05.03-ны өдрийн 32 дугаартай, 2006.03.28-ны өдрийн 24 дугаартай, 2012.07.16-ны 55 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-82 дахь тал/,
-Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2**** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 98-103 дахь тал/,
-Д***сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 106-107 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Д**** нь 2024 оны 08 дугаар сарын 18-наас 2024 оны 08 дугаар сарын 19-нд шилжих Ө*****сум, Хайрхан 5 дугаар баг, “Ц*” суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.О үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас “тархи доргилт, зүүн хацар шанаанд шарх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.О ын өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө Ц бүсэд байдаг Дархан Сэлэнгэ нэртэй буудал ажиллуулдаг *** гэж дуудаад байдаг эмэгтэйн ээжийнх нь гэрт ирж унтаж амраад 2024 оны 08 дугаар сарын 18-ны үүрээр 05:00, 06:00 цагийн хооронд би Цагаанхад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг Дархан Сэлэнгэ буудалд бид хоёр хамт ирсэн юм. Тэгээд буудалд ирээд байж байхад Дархан Сэлэнгэ буудалд амарч байсан амарч байсан хүний онгорхой байсан хаалга хаахад буудлын өрөөнд байсан хоёр хүний сэрүүн унтаагүй байсан ах гарч ирээд та нар намайг дээрэлхээд байна уу? гээд хэлтэл Согоожин ахаа би буудлын хүн байна гээд хэлтэл тэр нэр усыг нь мэдэхгүй ах за гэж хэлээд тайвшраад зогсож байхад С буудлын хажуу талд байдаг өөрийн амрах өрөөний хаалга онгойлгоход тэр ах муу янхнууд гэж хэлээд тэрнээс болж яагаад янхан гэж байгаа юм бэ гээд би хэлж өмөөрөөд тэрнээс болж тэр ахтай маргалдаж хэрэлдээд байж байхад тэр ах өөрийн амарч байсан буудлын амрах өрөөнд ороод ширээн дээр байсан чихэр хийдэг шилэн таваг ширээн дээр цохиж хагалаад өөрийн амарч байсан өрөөний гадна үүдэн дээр миний зүүн талын шанаа, чамархай цохиж авсны дараа намайг цохисон тэр ах гар утсаа гаргаж ирээд хэн нэгэн хүн рүү залгаж гар утсаар ярьж байгаад намайг Цагаан хаданд алах гээд байна гээд орилоод эхэлсэн юм. Тэгээд би Х сумын Эрүүл мэндийн төв эмнэлэг дээр очиж үзүүлэхэд эмч үзэж 8 ширхэг оёдол тавьж өгсөн юм. Би тэр хүний биед халдсан зүйл байхгүй, биед нь огт хүрээгүй. Миний зүгээс гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.О-ын дахин өгсөн “...Манай найзын дүү Со тэр "Дархан Сэлэнгэ" гэдэг дэлгүүр буудлыг хариуцаж ажиллуулдаг. Тэгээд өрөөнийнх нь урдуур үүрээр гарахдаа хаалга нь онгорхой байсан болохоор Согоожин буудлын өрөөний хаалгыг хаасан. Тэгэхэд Цогтөгс гэх хүн гарч ирээд та нар дээрэлхээд байна уу? Яагаад байна гээд гараад ирсэн. Тэгэхэд Согоожин ахаа би хаасан гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө Цогтөгс гэх ах янхан, гичий зэргээр хараасан. Тэгээд би Согоожинг өмөөрөөд яагаад та ингэж байгаа юм гэх хэлэхэд хэрүүл үүссэн. Цаанаас нь дахиад нэг залуу гарч ирсэн тэр гарч ирсэн залуу элэхэд хэргээгүй хэрүүлд оролцоогүй. Тэгээд Ц гэдэг ирээд хүнтэй ирээд маргаан хийж байхад өрөө рүүгээ гүйж ороод чихрийн таваг хагалж гаргаж ирээд миний чамархай хэсэгт цохчихсон. Тэгээд цагдаа дуудсан. Тэрнээс биш тэдний өрөөнд орсон зүйл байхгүй. Тэгээд эмнэлэгт оёдол тавиулсан.. Удаж байгаа болохоор баримт алга болсон байна. Тэгээд эмчилгээ хийлгэж боолтоо солиулахдаа өөрийн зардлаар Ханбогд сумын Цагаан хад суурьшлын бүсээс Ханбогд сумын төв рүү 1 удаа 120 км орчим газар явсан. Улаанбаатар хотод очиж хувийн эмнэлэгт үзүүлж оёдлоо авхуулсан. Бүрэн эдгэсний дараа дахин хагалгаа хийж сорвигүй болгож өгнө гэсэн...Би сэтгэл санааны хохирлоо болон ажилгүй байсан үеийн цалин /тогтмол биш/ болохоор яг хэд гэж хэлэх боломжгүй. Тэгээд нүүрээ сорвигүй болгох хагалгаанд орох зардлыг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...Тухайн сэтгэцэд учирсан хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон мөрдөгчийн тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна...Би сэтгэлзүйн эмч, мэргэжилтэнд хандаагүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.С өгсөн “...би 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би Дархан Сэлэнгэ буудалд нэр усыг нь мэдэхгүй гурван хүн оруулж амраасан юм. Би буудалд авсан гурван хүнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй талаар хэлсэн юм. Тэгээд би ээжийн гэрт орж амарч хоноод 2024 оны 08 сарын 18-ны өглөө үүрээр буудал дээр ирэхэд буудлын өрөө авсан хүний өрөөний хаалга нээлттэй байхаар нь буудлын хаалга хаахад өрөөнд байсан хүн халзан толгойтой ах гарч ирээд та нар намайг дээрэлхээд байна уу гээд гараад ирэхээр нь би тэр ахад би байна гээд хэлэхэд тэр ах ахын дүү байсан юм уу гэж хэлээд дуугүй болсон юм. Тэгээд байж байтал /Цогтөгс/ хамт амарч байсан ах гарч ирээд байж байхад хамт хоносон нэр усыг нь мэдэхгүй ах гарч ирээд байж байхад тэр ах /Цогтөгс/ агсарч агсам тавьж эхлэхдээ та нар янхан гэж хэлэхэд хамт надтай явсан залуу Ж.Отгонбаяр өмөөрч та янхан гэж хэллээ гэж хэлээд би та нар өрөөнөөс гарч яв яагаад янхан гэж хэлж байгаа юм бэ? Гээд хэлтэл тэр ах буудлын өрөөнд ороод гарч ирэхдээ гартаа шил барьсан гарч ирсэн юм. Тэгээд би буудлын өрөөнд гараад ороод ирэх хооронд тэр ах Ж.Отгонбаярын нүүрэн тус газарт цохиж зүсэж ангайлгасан байсан юм. Тэгээд байж байтал тэр ах ахиад бор өнгийн шил барьж гарч ирээд буудлын буланд зогсож байхаар би гараас нь очиж сугалж авсан юм. Отгонбаярыг манай ахын найз гэдгээр нь мэднэ, харилцаа хамаарал байхгүй. Тэр
шөнө миний ээжийн хашаанд байдаг контейнер дотор унтаж амарсан юм. Тэгээд надтай хамт буудал дээр ирсэн юм. Ж.Отгонбаяр нь хүний биед халдаж зодсон зүйл байхгүй. Тэр хүний гарыг нь барьж ахаа боль гэж тайвшруулаад байсан юм. Тухайн хүн Отгонбаярыг цохихдоо гараа шилээр зүссэн байсан юм. Ж.Отгонбаярыг цохисон хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Б өгсөн “....Би 2024 оны 08 сарын 17-ны шөнө Дархан Сэлэнгэ буудлын хажуу талын Согоожин амардаг амрах өрөөнд амарч хоносон юм. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 05:00, 06:00 цагийн орчимд Согоожин би амарч байсан өрөөний хаалга цохихоор нь би онгойлгож өгөхөд гадаа хүмүүс маргалдаж нэр усыг нь мэдэхгүй нэг хүн чинь цохиж магадгүй гээд холдуулсан юм. Тэгээд тэр ахыг тайвшруулаад ингэж болохгүй гэж хэлээд байтал Оогий гэж бид нар дуудаад байдаг Ж.О руу дайрч байгаад тэр ах амарч байсан буудлын өрөөнд орж гарч ирэхдээ гартаа чихрийн шилэн хагарсан таваг барьж гарч ирээд Ж.О нүүрэн тус газарт нь зүссэн юм. Би эдгээр хүмүүсийг танихгүй. О Согоожин таньдаг гэдгээр нь мэддэг юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Б ийн өгсөн “...Би Цогтөгсийн хамт Энгүүн болор гэх нэртэй буудалд 2 ортой өрөө аваад хоёулаа нийлээд 2 шил архи уусан. Нэг шилийг нь уучхаад нэг шил архийг нь задлаад талд нь оруулсан байсан. тэгээд бид хоёр нэлээн согтчихсон байсан тэр чигтээ унтацгаасан, тэгээд шөнө манай өрөөнд нэг залуу ороод ирчихсэн байсан. Тэр залуу намайг татаж чангааж байгаад сэрээсэн. Тэгээд намайг буудлын гадна гаргаж ирээд нэг юм хэлээд байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор юу хэлснийг сайн санахгүй байна. Тэр залуу одоо ингээд яв гэж хэлсэн Тэгэхээр нь би буудлыг баруун талын сэндвичийн тэнд очоод унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө сэрээд ажил руугаа явсан. Тэгээд удалгүй Цогтөгс над руу яриад би өчигдөр хүнтэй муудсан байна. та хаана байгаа юм бэ? гэж ярьсан. Би ажил дээрээ байна одоо урагшаа орох гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 28 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б. ийн өгсөн “...Би тухайн өдөр жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж хоносон. Би сая хувиараа харсан чинь жижүүртэй хоносон байсан. Нэг эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн хоёр үүрээр орж ирсэн санагдаж байна. эрэгтэй хүн нь шилэнд зүсэгдэж, бусдад зодуулсан гэх яриа гаргаж байсан санагдаж байна. Тухайн хүмүүсийг Цагаан хадны цагдаа эмнэлэгт үзүүлж ир гэж явуулсан гэж хэлсэн санагдаж байна. Хацар дээрээ нэлээн зүсэгдсэн бусад газраа жижигхэн улаан зурагдсан шарх үүссэн байсан санагдаж байна. Тухайн хүний хацрын зүсэгдсэн хэсэгт оёо тавьсан /хэдэн оёо гэдгээ санахгүй байна/, тэгээд шархыг нь цэвэрлэж лент наасан байх. Тухайн хүний биеийн байдал хэвийн байсан. Асуудал байсан бол яаралтай хуудас нээж эмчилгээ хийх байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай “...1. Ж.О биед тархи доргилт, зүүн хацар шанаанд шарх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. З. Ж.Отгонбаярын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Отгонбаярын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Д.Ц нь хохирогч Ж.О эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ж.О биед “тархи доргилт, зүүн хацар шанаанд шарх, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ж.О хохирогчоор, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О нь “...Сэтгэцэд учирсан хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин, сорив арилгах хагалгааны зардал” зэргийг нэхэмжилсэн.
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-д зааснаар Ж.Отгонбаярыг “Хоёрдугаар зэрэглэл”-ийг тогтоосон, хохирогч хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч үүнд маргаагүй. /хавтас хэргийн 41-43 дахь тал/
Шүүх шүүгдэгчийн гэм буруугийн байдал, гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадварыг харгалзан 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлснээр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Отгонбаярт олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.О нь 8-9 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байгаа боловч тухайн гэмтлийн улмаас ажил хөдөлмөрөө хийх боломжгүй байсан эсэх, ажлаас хэдийн хугацаанд чөлөөтэй байсан болох нь тодорхойгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлээс “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь “зүүн талын хацар шанаа хэсэгт 7 см зүсэгдсэн шархнаас сорвитой болсон” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн картад бичигдсэн бичилтээр тогтоогдож байх боловч хохирогч нь тухайн сорвийг арилгахад гарах зардлыг нотлох баримтаар нотлоогүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “сорив арилгах хагалгааны зардлыг гаргуулах” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь зүүн талын хацар шанаанд зүсэгдсэн шархнаас үүссэн соривыг арилгуулахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Д.Ц нь хохирогч Ж.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц -д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг, Хохирогчийн өмгөөлөгч Б.Э нь “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтөгс-д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ сарын хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Ө*** сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, ***сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ сарын хугацаанд хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Цогтөгсөд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.О- олгохоор, хохирогчийн нэхэмжлэлээс “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс “сорив арилгах хагалгааны зардлыг гаргуулах” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь зүүн талын хацар шанаанд зүсэгдсэн шархнаас үүссэн соривыг арилгуулахад гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ***