Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/00749

 

 

 

 

2020 03 02

101/ШШ2020/00749

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Бхолбогдох

 

375,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 8 сарын 12-ны өдөр Б.Бын хүсэлтийн дагуу 250,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай алданги хоногт 0,5 хувиар тохирч хүүгүйгээр зээлдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд олон дахин шаардаж ажил дээр нь очиж дарга нягтлантай нь ярьсан боловч өдий хүртэл нэг ч төгрөг авч чадаагүй байна.

Иймд үндсэн зээл 250,000 төгрөг, алданги 125,000 төгрөг нийт 375,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 375,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа

 

шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй, хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн ирээгүй, өмгөөлөгч авах хүсэлт бичгээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигч талуудын хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Э.Э нь зээлдэгч Б.Бод 250,000 төгрөгийг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай зээлдүүлсэн байна.

Зээлийн гэрээгээр талууд хүү төлөхөөр тохироогүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Талууд гэрээнд хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

Иймээс хариуцагч нь үндсэн зээл, алданги төлөх үндэслэлтэй юм.

 

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул уг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд алдангийн тооцооллыг бодоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 125,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэж байна.

 

Зээлийн гэрээг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан боловч зээл төлж дуусах хугацааг талууд гэрээгээр 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буюу 3 жилээр тогтоосон тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар уг хугацаанаас хойш зээлийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн, мөн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэснээс хэтрээгүй байна.

Иймд хариуцагч Б.Боос зээл 250,000 төгрөг, алданги 125,000 төгрөг, нийт 375,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эод олгох үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.Боос зээл 250,000 төгрөг, алданги 125,000 төгрөг, нийт 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эод олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,900 /арван нэгэн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ