| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/47 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/47
2025/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Тулга,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А, Ц.Б,
Шүүгдэгч С.Ч, Ж.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ж.А, А овогт С.Ч нарт холбогдох эрүүгийн 2412..... тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 1..... оны .... сарын .....-нд Х.. аймгийн Ж.. суманд төрсөн, 3... настай, ..., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг гэх, Х... аймгийн Ж... сумын Х... багт оршин суух хаягтай боловч одоо А.. аймгийн Т.. сумын Х...баг, Н... гэх газар оршин суудаг, урьд нь
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 01 сарын 05-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 08 сарын 11-ний өдрийн 1.... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, тус ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 сарын 28-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 20-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1-д заасны дагуу эдлэх ёстой ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 6 сараар тогтоосон, -Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хзргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 21-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2020 оны 04 сарын 21-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 29 хоногоор тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 19-ний өдрийн ..... дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ..... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 04-ний өдрийн ..... дугаартай тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтүүлж, тус ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлүүлж 8 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
А.... овогт Ж.... А.... /РД: ...../,
Хоёр. Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-нд Х.... аймгийн Ж.... суманд төрсөн, ...настай, ...., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, А... аймгийн Т.... сум, Х.... багийн Гу... ... тоотод суудаг, урьд нь Х... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн, Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
А... овгийн С.... Ч... /РД:....../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Ч, Ж.А нарыг бусдын олон тооныг малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Тулга яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно, хавтаст хэргийн 13-20-р талд байгаа шүүгдэгч нараас хууль зөрчиж гэрчээр авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцохгүй, хасуулах саналтай, шүүгдэгчийн хувийн байдлыг хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судална” гэсэн,
Шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Алтанчимэг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч С.Ч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн,
Шүүгдэгч Ж.А “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Хохирогч Э.Х шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхээр нь би маргааш нь М.... буюу А.....гэх залуутай утсаар залгаж “чи миний хоёр морийг аваад явсан байна ирж уулз даа” гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа ирээд надтай уулзсан ба тэр үедээ надад би таны морийг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд дахиад 4, 5 хоногийн дараа ирээд “За ах таны 2 морийг аваад явчихсан нэг морь нь амьд Жаргалант суманд байгаа нөгөө морийг нь нядалчихсан” гэж хэлэхээр нь за одоо яах вэ дээ чи миний хөгшин хүрэн морийг минь авчирч өг гэж хэлтэл 2024 оны 08 сарын 20-ны өдөр миний хүрэн морийг ачааны машинтай ачаад сумын төвийн Сумангийн гүүрэн дээр аваад ирсэн байсан. Тэгээд би хүрэн морио адуундаа аваачиж тавьсан бөгөөд шар хээр мориныхоо мөнгийг нь авахаар болж 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эрдэнэчимэгийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж миний өмчийг хулгайлсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэхээр цагдаагийн байгууллагад хандаж байна. Эмнэг шар хээр зүсмийн нас бие гүйцсэн зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай морь, өсгий цагаан сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй морьд байсан... Хөвсгөл аймгийн Жаргалант суманд аваачсан байгаа гэж хэлж байсан яг ямар газар байгаа гэдгээ надад хэлээгүй. Мориор хөтлөөд яваад өгсөн гэсэн. ...Тариат сумын Бөөрөлжүүт багийн Цагаан уул гэх газраар бэлчээрлэдэг. Нэхэмжлэх зүйлгүй. Тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/
-Гэрч Л.Р.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө нар тусаж байх үеэр нарийний эх газраар адуундаа явж байтал Хөвсгөл аймгийн харьяат Мул гэх залуутай таарсан юм. Мул гэх залуу хүрэн зүсмийн морь уначихсан, шар хээр зүсмийн морь хөтөлчихсөн явж байсан. ...би түүнээс хаа хүрчихээд ирэв гэж асуутал “холдсонгүй ээ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд Т.... сумын сургуулийн 100 жилээр буюу 07 сарын 29-ний орой наадмын талбай дээр болсон шоу арга хэмжээн дээр Бөөрөлжүүт багийн иргэн Хү.... гэх хүн мал сураад яваад байхаар нь би түүн дээр очоод “таны сураглаад байгаа 2 морь хойшоо гарсан байхаа” гэж хэлсэн чинь хэн аваад явсан бэ гэж асуухаар нь Мул аваад явсан гэж хэлсэн... Намайг нутгийнхан Арка гэж дууддаг. ...Мул ганцаараа явж байсан. ...2024 оны 08 дугаар сарын 19-ний орой Мул над дээр ирээд “хүнд нэг морь авчирч өгөх гэсэн юм чи машинаараа яваад өгөөч” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч түүнтэй хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төв рүү явсан. Шөнө 22 цагийн орчимд Жаргалантын төв дээр очсон ба сумын төвийнх нь урдхан талд хоосон айлын хашаанд бэлчээрт байсан 10 гаруй тооны адууг хашиж байгаад 2024 оны 07 сарын 13-ны өглөө Мул надтай таарахад унаж явсан сартай өсгий цагаан хүрэн морио барьж аваад миний машинд ачаад Тариат сум руу хөдөлсөн бөгөөд маргааш нь өглөө нь буюу 08 сарын 20-ны өглөө нар тусаж байх үеэр сумын төвийн доор байдаг Гичгэний гүүр гэх газарт ачиж авчирсан ба Хүрэлээ гэх ах өөрөө ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/
-О.Э... “Хаан банк”-ны 5142155082 дугаарын дансанд 2024 оны 08 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөгийн орлого орсон талаарх хуулга /хх-ийн 30 дугаар тал/,
-Хаан банкны дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 63-65 дугаар тал/,
-Хулгайлагдсан 2 адууны үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,
-Хохирогч Э.Х-ын дахин мэдүүлсэн “...Ж.А нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Жавзмаагаас” гэсэн утгатай 1.000.000 төгрөгийг манай эхнэр Эрдэнэчимэгийн Хаан банкны 5142155082 тоот данс руу шилжүүлж байсан. Би сартай хүрэн морио амьдаар нь буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,
- Яллагдагч С.Ч-ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Миний унаж явсан морь хээр зүсмийн хязаалан насны морь байсан ба хүнд мөнгөний өрөндөө суутгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар тал /,
- Яллагдагч Ж.А-ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Хү.... гэдэг хүн Арка гэх залуугаас мэдсэн байсан. Би нядалсан морины төлбөрийг барагдуулж нэг морийг нь Х.... аймгийн Ж....сумаас авчирч өгсөн. Би дансаар 1 сая төгрөг өгч үлдэгдэл 800.000 төгрөгт өөрийн адуунаасаа хязаалан насны охин гүү өгсөн. Х нь гомдол санал байхгүй гэж хэлээд бид хоёр салсан. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан учир би хулгай хийх сэдэл төрсөн. Миний унаж явсан улаан хээр зүсмийн нас бие гүйцсэн морь байсан ба энэ өвөл өөрийн хэрэгцээндээ идэхээр нядалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар тал/,
- Хохирол төлсөн дансны хуулга /хх-ийн 30 дугаар тал/,
- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-иийн 42 дугаар тал/,
- Хохирогчоос дахин авсан мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/,
- яллагдагчаар татсан тогтоол түүнтэй танилцсан болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 80-87 дугаар тал/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэцгээв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр: Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Иргэн Э.Х 2024 оны 07 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Тариат сумын “Бөөрөлжүүт” гэх газарт бэлчээрлэж байсан шар хээр зүсмийн нас бие гүйцсэн, зөв талын гуяндаа дөрвөлжин тамгатай нэг морь, өсгий цагаан, сартай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн тамгагүй нэг морь тус тус алдаж, түүнд 1,800,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Ч, Ж.А нар үйлдсэн болох нь:
хохирогч Э.Х-ын “...Тэгэхээр нь би маргааш нь Мул буюу ____ гэх залуутай утсаар залгаж “чи миний хоёр морийг аваад явсан байна ирж уулз даа” гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа ирээд надтай уулзсан ба тэр үедээ надад би таны морийг аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд дахиад 4, 5 хоногийн дараа ирээд “За ах таны 2 морийг аваад явчихсан нэг морь нь амьд Жаргалант суманд байгаа нөгөө морийг нь нядалчихсан” гэж хэлэхээр нь за одоо яах вэ дээ чи миний хөгшин хүрэн морийг минь авчирч өг гэж хэлтэл 2024 оны 08 сарын 20-ны өдөр миний хүрэн морийг ачааны машинтай ачаад сумын төвийн Сумангийн гүүрэн дээр аваад ирсэн байсан.....” гэх мэдүүлэг,
гэрч Л.Равдандоржийн “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өглөө нар тусаж байх үеэр нарийний эх газраар адуундаа явж байтал Хөвсгөл аймгийн харьяат Мул гэх залуутай таарсан юм. Мул гэх залуу хүрэн зүсмийн морь уначихсан, шар хээр зүсмийн морь хөтөлчихсөн явж байсан. ...би түүнээс хаа хүрчхээд ирэв гэж асуутал “холдсонгүй ээ” гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
яллагдагч С.Ч-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
яллагдагч Ж.А-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Шинжээч А.Бямбажавын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 58 дугаар үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Бусдын өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах” гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд хууль тогтоогчоос хийсэн аунтентик тайлбарт “...Энэ зүйлд заасан "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нар нь бусдын 2 тооны морь хулгайлсан нь тогтоогдож байх тул тэднийг олон тооны мал хулгайлсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан, шөнийн цагаар малын бэлчээр буюу эзэнгүй талд бусдын малыг хашаанд хашиж барьж авч явсан үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал дээрх шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдэж бүлэглэн, хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу “олон тооны мал, бүлэглэн хулгайлж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тэднээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүх үнэлээгүй, нотлох баримтаас хасуулах тухай өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнээс гаргасан хүсэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нараас хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.Ч, Ж.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Х 1,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Х алдсан гэх хоёр мориноос хүрэн зүсмийн морио буцаан авсан, шар хээр морины үнэ 1,000,000 төгрөгийг хохиролд хүлээн авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нарын хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзэх үндэстэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Тулгаас “Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч С.Чад 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Ат 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 морийг улсын орлого болгох” гэсэн,
Шүүгдэгч Ж.А-ийн өмгөөлөгч Б.Алтанчимэг “учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдал болон түүний ар гэрт саяхан гачигдал гарсан, 10 настай хүүхэдтэйгээ байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан хорих ялыг багасгаж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч С.Ч нь “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн,
Шүүгдэгч Ж.А нь “ааваасаа хойш ухаарч байна, хүүхэдтэйгээ байгаа, бага ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байдал болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Ж.Ат 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Ч-ад 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан шүүгдэгч нарын эзэмшлийн их насны морины үнэ болон хязаалан насны морины үнийг тус бүр шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгох саналтай гэх саналыг гаргасан ба шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын зүгээс эсэргүүцсэн тайлбар гаргаагүй байна.
Шүүгдэгч Ж.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн их насны морийг уналга болгон ашигласан, шүүгдэгч С.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн өмчлөлийн хязаалан насны морийг уналга болгон ашигласан нь тогтоогдсон, уг морьдыг шүүгдэгч нар хувийн хэрэглээндээ хэрэглэсэн байхгүй гэж мэдүүлсэн тул тэднээс уг морьдын үнийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.А-ийг хүүхдийн хамт амьдардаг, хүүхдэд асаргаа тогтоолгох шаардлагатай гэсэн тайлбарыг түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба энэ талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй тул асрамж тогтоох шаардаггүй” гэсэн тайлбарыг гаргасан. Шүүхээс хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг дүгнэн үзэхэд Ж.А нь ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймагт амьдардаг гэсэн тодорхойлолтыг хэрэгт өгсөн байх боловч тэрээр одоо хамт амьдардаггүй, Архангай аймгийн Тариат суманд амьдарч байгаа, хүүхэд нь Хөвсгөл аймагт тусдаа амьдарч байгаа нь тус тус тогтоогдож байх тул шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А, С.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А...овогт Ж.... А...., А..... овогт С.... Ч.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтуудад заасан “бүлэглэж, бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А... овогт Ж.... А.... 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А....овогт С... Ч... 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, С.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.А-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан их насны морины үнэ буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.А-аас, шүүгдэгч С.Ч-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан насны морины үнэ буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч С.Ч-аас тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Шүүгдэгч Ж.А, С.Ч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А, С.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР