| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01167/И |
| Дугаар | 101/ШШ2017/01319 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/01319
| 2017 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01319 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Х-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.454.871,63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Б. Х нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банктай дугаартай зээлийн гэрээг байгуулж 7.000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалинг барьцаалан зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дууссан боловч зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Нэхэмжлэл гаргах үед буюу 2017 оны 01 дүгээр сарын байдлаар зээлийн үндсэн төлбөр 1.224.915,33, зээлийн хүү 118.175,60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23.635,12 төгрөг нийт 1.366.726,05 төгрөгийн зээлийн төлбөр төлөхөөр байсан боловч 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 1.224.915,33 төгрөг, зээлийн хүү 191.630,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.326,05 төгрөг нийт 1.454.871,63 төгрөгийн өр төлбөр хуримтлагдсан байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Зээлийн хүүнд 73.454,65, нэмэгдүүлсэн хүүнд 14.690,93, нийт 88.145,58 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа тул хариуцагчаас нийт 1.454.871,63 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Б. Хнь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөг авч, төлөөд 2016 оны 06 дугаар сард 1.200.000 төгрөг үлдсэн байснаас 400.000 төгрөг төлж, 800.000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Голомт банкны нэхэмжилсэн 1.366726 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Үлдэгдэл 800.000 төгрөг төлнө. 800.000 төгрөгт алданги төлнө. Гэрээ сунгагдаагүй тохиолдолд хүү яригдахгүй. Гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 1.454.871 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч Б. Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.454.871,63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б. Х нь зээлийн үлдэгдэл 800.000 төгрөг, түүнд тооцогдох алдангийг хүлээн зөвшөөрнө, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү бодогдохгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г б ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-9/.
Нэхэмжлэгч Г б ХХК, хариуцагч Б. Хнар 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь 7.000.000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хариуцагчид зээлдүүлэхээр харилцан тохиролцсон /хх-4-5/ ба зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар, мөн түүний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд маргаагүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 1.224.915,33 төгрөг, зээлийн хүү 191.630,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38.326,05 төгрөг, нийт 1.454.871,63 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөг төлөх үед зээлийн үлдэгдэл 1.200.000 төгрөг байсан, дээрх 400.000 төгрөгийг төлөөд 800.000 төгрөг болсон, зээлийн гэрээний хугацаа дууссан учир хүү төлөхгүй, 800.000 төгрөгт алданги төлнө гэж татгалзаж байна.
Хэрэгт авагдсан зээлийн төлбөрийн хуваариас үзэхэд хариуцагч сард 174.842,92 төгрөгийн тэнцүү төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх /хх-5/ ба зээлийн гэрээний хугацаанд 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сүүлийн төлөлт хийснээр зээлийн үлдэгдэл 1.349.222,59 төгрөг болсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байх тул хариуцагчийн дээрх татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй /хх-7/.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлөгдсөн 400.000 төгрөгийн 124.307,26 төгрөгийг зээлд, үлдэх хэсгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон байх ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байжээ.
Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан байх тул хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 400.000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан бол түүний хүүг төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгалмж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна.
Зээлийн гэрээний 2.5 дахь хэсэгт зээлдэгч графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй бол үндсэн хүүгийн 20%-тэй тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхийг шаардах эрхтэй байх тул дор дурдсанаар тооцох нь зүйтэй.
2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөг төлөгдөхийн өмнөх ба хойнох хугацаагаар зааглаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор байна.
- Зээлийн дансны хуулгаар сүүлийн төлөлт хийсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлбөл зохих дүн 1.359.303,07 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлбөл зохих дүн 1.624.915,33 төгрөг байсан ба эдгээр хоёр үнийн дүнгийн зөрүүгээр уг хугацаанд хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох боломжтой буюу 265.612,26 төгрөг /1.624.915,33-1.359.303,07/ байна.
- 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 400.000 төгрөг төлөгдсөнөөр зээлийн үлдэгдэл 949.223 төгрөг /1.349.223-400.000/ болсон тул энэ хугацаанаас эхлэн нэхэмжлэл гаргасан /нэмэгдүүлсэн/ 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хугацаагаар тооцож үзвэл 262 хоног бөгөөд уг хугацаанд зээлийн хүү 124.450 төгрөг /19.2%/365*262/ тооцогдох ба үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүнд 24.890 төгрөг тооцох үндэслэлтэй.
Дээрх тооцоогоор хариуцагч Б. Хгоос зээл 949.223 төгрөг, зээлийн хүү 390.062 төгрөг /265.612+124.450/, нэмэгдүүлсэн хүү 24.890 төгрөг, нийт 1.364.175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г б ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б. Хгоос 1.364.175 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90.696,63 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б. Х-гоос 36.777 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.368 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА